Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр манай улс энэ оны есдүгээр сарын эхний 15 хоногийн байдлаар 968 мянган тонн нүүрс экспортлож, 69.6 сая ам.долларын орлого олсон байна. Энэ үзүүлэлтийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад экспортолсон нүүрсний биет хэмжээ төдийлөн буураагүй боловч орлого бараг хоёр дахин буурчээ. Тодруулбал Монгол улсын хэмжээнд өнгөрсөн оны есдүгээр сарын эхний 15 хоногт 993 мянган тонн нүүрс экспортлож 118 сая ам.долларын орлого олсон бөгөөд нэг тонн нүүрсний дундаж үнэ 119 ам.доллар байсан юм. Харин энэ оны есдүгээр сард нэг тонн нүүрсний дундаж үнэ 72 ам.доллар болтлоо буураад байна. Мөн зэсийн баяжмалын үнэ өмнөх онтой харьцуулахад ойролцоогоор 8 хувь буурсан. Ийн экспортын орлого эрс багасч байгаа нь төсвийн орлого хүндрэхийн дохио болж байна.
О.Хос