Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын
санаачилгын /ОҮИТС/ дарга Клейр Шорт манай улсад хийж буй айлчлалынхаа
хүрээнд өнөөдөр Монголын нээлттэй нийгэм форум дээр төрийн бус
байгууллагын төлөөллөгчидтэй санал бодлоо солилцсон юм. Төрийн бус
байгууллагууд энэ чиглэлээр хэрхэн ажиллаж, гарч буй ахиц дэвшлийн
талаар танилцуулахаас гадна бэрхшээлтэй асуудлуудынхаа талаар ч зөвлөгөө
авч байв. Уулзалтад Монголын ОҮИТБС-ын Ажлын албаны зохицуулагч Ш.
Цолмон болон Нээлттэй нийгэм хүрээлэнгийн ахлах шинжээч, Монголын талын
Зохицуулагч Н. Дорждарь нар мөн оролцов. Хатагтай Клейр байгалийн
баялгаас орох орлогоос хараат бус эдийн засагтай улс орнууд ил тод,
хариуцлагатай байдлыг хэрхэн хөхиүлэн дэмжиж байгаа туршлагаас жишээ
аван тайлбарлалаа.
Эрдэс баялгийн нөөц ихтэй, түүндээ түшиглэн
энэ салбараа эдийн засгийн хөгжлийн тулгуур болгоод буй Монгол улсад
ОҮИТБС-ын ажил томоохон үүрэгтэйг тэрбээр цохон тэмдэглэсэн юм. Өөрөөр
хэлбэл ОҮИТБС-ын үр дүнтэй үйл ажиллагаа нь уул уурхайгаас бий болох
орлогыг ил тод болгох, түүнийгээ үр дүнтэй, нийгэмд ашигтай байдлаар
зарцуулах бололцоог улам сайжруулахаас гадна орлогын буруу зарцуулалтын
эрсдэлийг багасгахад чиглэдэг.
Монгол улс нь 2006 онд ОҮИТБС-д
нэгдэн орсон. Хатагтай Клейрийн энэхүү айлчлалын зорилго нь Монгол улсад
хэрэгжүүлж байгаа ОҮИТС-ыг шинэ шатан гаргах, санаачилгын үр өгөөжийг
олон нийт, ялангуяа орон нутгийн иргэдэд түлхүү хүргэх, хууль эрх зүйн
орчныг нь боловсронгуй болгоход арга зүйн зөвлөгөөг өгөх юм. Мөн
Шинэчлэлийн Засгийн газрын 2012-2016 онд хэрэгжүүлэх хөтөлбөрт
тусгагдсан ОҮИТБС-ын зарчим стандартыг үргэлжүүлэн хэрэгжүүлж,
хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх, алтны үйлдвэрлэл, хадгалалт
борлуулалт болон тусгай зөвшөөрлийн арилжаанд ил тод байдлыг бүрдүүлэх,
эрдэс баялгийн экспортод “нэг цонх”-ны бодлого нэвтүүлэхээр заасан
зорилтуудыг хэрэгжүүлэхэд тус айлчлал чухал түлхэц болно хэмээн төрийн
бус байгууллагууд үзэж байна.
ОҮИТБС нь Их Британийн Ерөнхий
сайд асан Тони Блейрийн санаачилгаар 2003 онд анх байгуулагдсөн бөгөөд
өдгөө 35 орныг эгнээндээ нэгтгэсэн байна. Хатагтай Клейр Шорт нь
1997-2003 онд Тони Блейрийн Засгийн газрын гишүүн, Олон улсын хөгжлийн
сайдын албыг хашиж байжээ.
Хатагтай Клейр Уул уурхайн сайд Д.
Ганхуягтай уулзсан ба өнөөдөр үдээс хойш Монголын ОҮИТБС-ын Үндэсний
зөвлөлийн хуралд оролцжээ.
Э. Оджаргал