Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Бодлого

“Үндэсний төмөр замын суурь бүтэц” хаачсан бэ?

Засгийн газрын бямба гаригийн хуралдаанаар “Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төв” улсын төсөвт үйлдвэрийн газар байгуулахаар болжээ. Хөдөлгөөн зохицуулалтын төв нь Монгол орны нутаг дэвсгэр дээр хийгдэж буй бүхий л төрлийн тээвэрлэлтийн график сүлжээг удирдана гэсэн үг.

 Хятадын төмөр замын сүлжээний график жил гаруйн өмнөөс нарийн төлөвлөгдөж, тэрхүү хуваарьт багтаж чадаагүй ачаа бизнесийн эрсдэлд ордогтой яг ижил зохион байгуулалтыг Монгол улс төмөр замын тээврийн салбартаа хэрэгжүүлэх гэж байна. Төмөр замын тээврийн ерөнхий операторыг төр ингэж гүйцэтгэхээс гадна төмөр замын суурь бүтцийн 51-ээс доошгүй хувийг мэдэлдээ байлгах чиглэлийг өмнөх Засгийн газар гаргасан удаатай.

 С. Батболдын танхимын үед “Үндэсний төмөр замын суурь бүтэц” нэртэй нэгж байгуулах шийдвэр гарч байсан. Тэр бол стратегийн чухал шийдвэр юм. Өдгөө уг нэгжийг Н. Алтанхуяг хэрхэн бэхжүүлэх нь тодорхойгүй байна. Суурь бүтцийн ийм зохицуулалтад шинээр баригдах төмөр замын бүх шугам хамаарагдах учиртай. Харин ОХУ-ын Төмөр замуудын нэгдэл 50 хувийг нь эзэмшдэг Сүхбаатар-Замын- Үүд чиглэлийн босоо шугам Засгийн газрын дээрх зохицуулалтад хамааралгүй, Хувь нийлүүлсэн нийгэмлэгийн 1949 оны хэлэлцээрийн хүрээнд ажилласан хэвээр байгаа юм. Тиймээс Н. Алтанхуягийн танхимын хамгийн түрүүнд шийдвэрлэх ёстой гол асуудал нь босоо чиглэлийн үндсэн шугам дээрээ төр өөрийн зохицуулалтыг хэрхэн хийхийг илүү тодорхой болгох явдал юм.

 Шинээр байгуулагдах хөдөлгөөн зохицуулалтын төвийн хувьд “....Төмөр замын тээврийн салбарын суурь бүтцүүдийн хэмжээнд галт тэрэгний хөдөлгөөнийг харилцан уялдуулан зохион байгуулж, өмчийн хэлбэр харгалзахгүйгээр нэгдсэн удирдлагаар хангах үүрэгтэй. Ингэснээр нийт сүлжээний хэмжээнд тээвэрлэлтийг зохион байгуулах ажлыг хөнгөвчлөх, тээвэрлэлтийн үр ашгийг дээшлүүлэн, улсын эдийн засаг, нийгмийн тогтвортой хөгжлийг төмөр замын тээврээр дэмжихэд чухал нөлөө үзүүлнэ...” гэж Засгийн газрын хуралдааны мэдээлэлд дурдсан байна.

 Монгол улс ийнхүү төмөр замын хөдлөх бүрэлдэхүүн хариуцдаг; төмөр замын хөдөлгөөний сүлжээний оператор; мөн суурь бүтэц эзэмшдэг гэхчлэн төмөр замын салбартаа олон агентлаг, удирдах нэгжтэй болоод байна. Эдгээр нь Монголын төмөр замын шинэ чиглэлүүдийн хөдөлгөөнд илүү хамаатай бөгөөд одоогийн босоо чиглэлийн “Транс Монголын” төмөр замын гол магистралд хамааралтай ямар нэг шийдвэр гаргахын тулд ОХУ-ын талтай зайлшгүй зөвшилцөх шаардлагатай хэвээр байна.

Л. Болормаа