Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Байгаль орчин

Говь Гурвансайханаар аялсан тэмдэглэл

Анхныхаа томилолтоор Өмнөговь аймгийг зорихоор боллоо. Хаашаа л харна хараа бэлчээх зайгүй шамбааралдсан байшингууд дундаас ингэж нэг гарах нь тэр. Анх үзэх гэж буй хүний хувьд говийн талаарх төсөөлөл минь элсэн манхан, халуун уур амьсгал, шороон шуурга, тэмээгээр сэтгэгдэнэ. Гэвч талаар нэг ногоон, ягаан, цагаан өнгийн гайхалтай хослол төсөөллийг минь эвдсэн юм. Зах нь үл харагдах талыг цагаан ягаан өнгийн хивсээр өнгө хоршуулан чимсэн мэт цэцэгс нэгэн жигд ургажээ. Говийн малын мах амттай гэдэг. Амттай байх шалтгаан нь идэж буй ургамал юм. Их талыг чимж буй энэ л цэцэгс нь малын гол тэжээл болдог таана, хөмүүл ажээ. Үнэр нь ханхийгээд нэг л өөр. Тал дүүртэл ургасан нь зуншлага сайхан байсны гэрч юм. Хотод зунжин орсон их бороо говийг ч бас тойроогүй бололтой.

Таана бол цагаан өнгөтэй нь, судас нарийс­гадаг гэх тул тэр бүр хүнсэнд хэрэг­лэдэггүй аж. Харин ягаан өнгөтэй нь хөмүүл. Үүнийг хүмүүс хоол ундандаа амтлагч маягаар хэрэглэх нь элбэг бөгөөд сонгины төрлийн ургамал юм. Тиймдээ ч ургамлаас харшил хөдлөөд хамар битүү шахуу байсан надад хүртэл хурц үнэртэж байлаа.
Цаг агаар харин төсөөлснөөс зөрсөнгүй. Намар ойртож, нийслэлд өглөө оройдоо сэрүүсэх болсон үеэр энд харин бөгчим халуун.

Сохорсон биш завшив гэгчээр төв замаасаа бага зэрэг хазайсан нь арай товч зам байжээ. Тэр замаараа жирийлгэсээр Өмнөговь аймгийн төв Даланзадгад хотоос зүүн хойно орших Ханхонгор суманд ирсэн юм. Ханхонгор сум 1924 онд Хан-Уулын Сүүлтолгой гэдэг газар Хан-Уул нэртэйгээр анх байгуулагджээ. 1947 оноос Хэрэмийн дэнж хэмээх одоогийн байгаа газраа суурьшсан аж. Уул нуруу, говь тал хосолсон үзэсгэлэнт сайхан газар нутагтай. 1965 онд дархлагдсан Их говийн дархан цаазат газар нь Ёлын ам, Зүүн болон Дунд сайхан уул зэрэг үзэсгэлэнт уулсаар хүрээлэгдсэн хангай говь хосолсон гэмээр газар юм.

Төвөөс ирдэг цахилгаан тасарсан бололтой нэг ч гэрэл харагдсангүй. Хүн амьтан ч явж үзэгдсэнгүй. Хальт дайраад өнгөрвөл орхигдсон нутаг гэмээр сэтгэгдэл төрөхөөр санагдав.
Говийнхны зам заах нь тун ч асуудалтай. Энүүхэн энд, замаа дагаад яв, зам чинь өөрөө хөтлөөд очно гэх мэт үг л хэрэглэнэ. Хэрэг дээрээ хөдөөний зам мэддэггүй бидний хувьд ингэж заалгавал замаа олно гэдэг бүрхэг. Аминдаа заасны дагуу явж байгаа нь тэр боловч сав л хийвэл төөрчих гэнэ. Хөтлөөд аваачиж байгаа нь энэ үү гээд уур ч хүрэх шиг, инээд ч хүрэх шиг. Харуй бүрий дөнгөж болох гэж байхад Ханхонгор сумаас гарсан бид шөнө болтол будилсаар яваад 60 гаруй километр төөрсөн байлаа. Говийн замд зам дагаж бус чиглэлээ барьж явах хэрэгтэй гэдэг үгийн учир энэ ажээ.

Алтайн нурууны үргэлжлэл хэсэг болох Говь Гурвансайхан уул бол Өмнөговь аймгийн байгалийн хамгийн үзэсгэлэнт газруудын нэг. Тэр дундаа энэхүү уулын Ёлын амыг жуулчид очиж үзэх дуртай. Ёл шувуу ихтэй учраас ийн нэрлэжээ. Энэ хэсэгхэн газар говь гэхээргүй уул толгод, өвс ургамал нь жигдэрсэн сайхан газар байлаа. Харамсалтай нь  Ёлын аманд нэг ч ёл олж харсангүйдээ сэтгэл жаахан дундуур хоцорсон юм. Хамгийн сонирхолтой нь ёл  биш, үхэр оготноор баян юмуу даа гэсэн бодол төрлөө. Хаашаа л харна амаараа дүүрэн өвс зуусан үхэр оготнууд гүйлдэнэ. Жуулчид их явдаг болохоор хүнээс айхаа ч больжээ. Дархан цаазат газар учир тэдэнд хор хөнөөл болох зүйл бараг үгүй.

Ёлын амны нэг үзүүштэй нь мөсөн тог­тоц. Гэхдээ мөс нь долдугаар сарын дунд үе хүртэл байдаг. Харин бид наймдугаар са­рын сүүлээр очсон учир мөс нь хэдийнэ хайл­­чихсан байлаа. Ингээд ёл ч үгүй, мөс ч үгүй байхад нь бага зэрэг сэтгэлээр унасан хэдий ч өөр үзэж харах зүйл ихтэй сайхан газар юм. Ёлын аманд чулуу, модоор сийлбэр хийгээд зарж буй хүмүүстэй цөөнгүй таарна. Тэрхүү чулууг баргилт гэх бөгөөд зөөлөн учир сийлбэр хийхэд  тохиромжтой байдаг аж. Төв хэсгээрээ 200 орчим цавчим элгэн ханан хадтай, дээвэргүй хонгил гэмээр сонирхолтой тогтоц бүхий газар юм. Хамгийн хавчигдмал хэсэгтээ хоёроос илүү хүн зэрэг багтахааргүй нарийхан. Машин цааш явах боломжгүй хэсгээс яг тэрхүү хавцалтай хэсэг хүртэл 2 км хэр  зайтай. Алхахыг хүсэхгүй бол мориор явж болно. Энд морь хөлслүүлдэг бизнес “хөлөө олжээ”. Нэг удаа  8000 төгрөгийн үнэтэй байх аж. Под гээд л явчих мөнгө.

Өмнөговь аймгийн Булган сумын нутагт орших Баянзаг, Улаан-Эрэг хэмээх газрууд бидний дараагийн буудал. Улаан-Эрэг бол дэлхийн хамгийн анхны үлэг гүрвэлийн өндөг олдсон гэдгээрээ алдартай газар. Дагтаршиж хатуурсан улаан элсэн тогтоц нь сүрлэг бөгөөд гайхалтай харагдана. Харин заган ойг дэлхийд Монголын говийг анх сонсгосон газар гэлцдэг. Мөн дэлхийн гайхамшигт нэр дэвшээд байгаа билээ. Заг бол дэлхийд ховордсон ургамал. Тиймдээ ч 40-өөд ам.километр заган ой хүний сонирхлыг татахгүй байхын аргагүй. Явган явахад ч бэрх их шигүү ажээ. Эртний аварга биет   амьдарч байсан   үеийн байдал тэр чигээрээ хадгалагдан үлдсэн гэмээр санагдлаа.

Дэлхийд алдартай Хонгорын элс нэрэндээ тохирсон үнэхээр л торгомсог зөөлөн, нарийн ширхэгтэй. Хангай гэмээр уулс, цэцэгт талын дунд 130 гаруй километр сунаж тогтсон элсэн манхан үнэхээр үзэсгэлэнтэй. Элсний нарийн ширхэг, шаргалтсан тослог өнгө, өндөр өндөр манхнууд нь “говийн манхан гаталж гаршгүй давалгаа нь билээ” хэмээн  шүлэглэсэн байдгийг эрхгүй санагдуулна.

Хонгорын элсний хамгийн өндөр хэсгийг Дуут манхан гэх бөгөөд есөн давхар байшингаас ч өндөр аж. Энэ их элсэн манхан дунд бэлчих тэмээдийг харахад говийн жинхэнэ дүр төрх гэж энэ л болов уу гэлтэй. Цэмцгэр алхаа, ихэмсэг төрх нь “бид эзэд нь байна” гэх шиг. Энд нар мандах үнэхээр гайхалтай харагдах юм. Өглөөний нарны туяа элсний өнгийг улам тодруулан гялтгануулна. Салхиар зурагдсан элсэн хээ уран зургийг санагдуулах шиг. Энэ л гайхалтай байгалийн уран дүрслэлийг харах гэсэндээ хүн амьтан хошуурдаг биз. Хонгорын элсний ойр байрлах жуулчны баазуудад   хөл тасарна гэж үгүй. Байнга л дүүрэн шахам хүнтэй байх аж.   Энэ их жуулчдын   хамгийн түрүүнд хийдэг зүйл нь тэмээ унах. Дэлхийд ховордсон хоёр бөхт тэмээг харна гэдэг том завшаан. Унаж үзэх нь бүр ч сонирхолтой байх нь мэдээж.

Аймгийн төв рүү буцах замд бас нэг сонирхолтой газар байсан нь Дүнгэнээ юм. Мөн л ус боргилсон, сүрлэг эгц цавчим хадны гайхалтай тогтоц бүхий газар. Магад­гүй салхинд дүнгэнэж дуугардаг байх.
Ёлын амнаас ялгагдах нэг онцлог нь машинтай явж болох аж. Баруун үзүүртээ энэхүү байгалийн үзэсгэлэнт газар руу орох хаалга нь гэхээр нарийн хонгилтой. Жижиг машин бол торох юмгүй орох боловч жийп арайхийн багтаж, машинаа эгээтэй л зурчихалгүй орж чадлаа. Бяцхан горхины чимээнээс өөр дуу чимээ үгүй тун ч аниргүй газар юм. Ёстой л кино зураг авалт хиймээр газар юм даа хэмээн байгалийн сайхныг бишрэнгээ бид хөөрөлдөж явлаа.

“Тавантолгой”, “Энержи ресурс” гэх мэт Монголын томоохон уурхайнууд оршдог Цогтцэций сум бидний сүүлчийн саатах газар болсон юм. Ардын хувьсгалын 91 жилийн ойн баяр наадмын соёолонгийн уралдаанд энэ сумын хүлэг түрүүлжээ. Тиймээс хурдан буяндаа хүндэтгэл үзүүлж, наадам хийж байхтай таарлаа. Том том уурхайнууд нээгдэж, нутгийн иргэд бизнес хийх таатай нөхцөл бүрдээд байгаа газар бол яах аргагүй Өмнөговь аймаг. Уугуул иргэдийн амьдрал тэр чинээгээрээ сайжирсан болов уу гэмээр харагдаж байлаа. Наадам үзэхээр ирсэн хүмүүсийн машинууд дунд жижиг машин тоотой хэд л үзэгдэнэ. Ихэнх нь жийп хөлөглөсөн байх аж. Зөвхөн уул уурхай ч гэлтгүй аялал жуулчлал болон бусад салбар нь хөгжих нөхцөл харьцангуй сайн бүрджээ. Өдөр бүр Улаанбаатараас Даланзадгад, Тавантолгой, Оюутолгойн чиглэлд нислэг үйлдэж байна. Аялал жуулчлалын улирал бараг дуусч байгаа ч гэсэн бидний буудалласан жуулчны баазад гадаадынхны  хөл тасрахгүй  нь өмнөговьчуудад асар их бололцоо нээлттэй байгааг харуулна.

Наадам дууссаны дараа  бид нийслэл хот руу буцах зам­даа яаравчлан гарсан юм. Өнөөх үзэсгэлэнт цэцэгт хөндийгөөр давхих 10 гаруй цагийн аялал биднийг хүлээж байлаа.
  • bogi (202.55.191.35)
    yneheer goviin nutag goe shv
    2013 оны 05 сарын 18 | Хариулах