Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Зах зээл

Эрдсийн захын уналт төсөв, экспортыг бууруулж байна

Нүүрсний үнэ хямралын түвшинд ойртож байна

Одоогийн байдлаар Хятад болон Австралийн боомтууд дээр нэг тонн коксжих нүүрсний үнэ 140 гаруй ам.доллартай байна. Хэдийгээр өнгөрсөн сарын эхээр Хятадын Засгийн газар дэд бүтцийн 60 төсөлд зориулж нийтдээ 1 их наяд буюу 150 гаруй тэрбум ам.доллар зарцуулахаар шийдвэрлэснээ мэдэгдсэний дараа дэлхийн эрдсийн зах зээл харьцангуй сэргэх хандлагатай болж ирсэн. Үүний дараа зэс, төмрийн хүдрийн үнэ харьцангуй өссөн боловч коксжих нүүрсний үнэ мөн адил хэмжээгээр өсөөгүй юм. Хятадын Засгийн газрын шийдвэр гарсны дараа буюу өнгөрсөн сарын эхээр болон мөн сарын сүүлээр коксжих нүүрсний үнэ мөн л 140 гаруй ам.доллар/тонн хэвээр байсан юм. Өнгөрсөн 2008-2009 оны хооронд болсон дэлхийн санхүүгийн хямралын үеэр коксжих нүүрсний үнэ дэлхийн зах зээлд дунджаар 110-120 ам.доллар/тонн болж байсан билээ. Гэхдээ одоогийн зах зээл дэх үнэ хямралын үнэ байж болох бас нэгэн шалтгаан нь сүүлийн үед коксжих нүүрсний гол нийлүүлэгч болох Австралийн уул уурхайн үйл ажиллагааны зардал нэмэгдэж буй явдал юм. Тус улсад үйл ажиллагаа явуулж буй Рио Тинто, Экстрата, BHP Billiton, Англо Американ зэрэг томоохон компаниуд аль хэдийн олборлолтоо танаж, ажилчдынхаа тоог цөөлөхөө мэдэгдээд байна.Үүнээс гадна нүүрсний томоохон нийлүүлэгч, ган үйлдвэрлэгчдийн хооронд хийгддэг гэрээт үнэ энэ улиралд 170 ам.доллар/тонн болоод байгаа нь өнгөрсөн улиралд 225 ам.доллар/тонн-ын үнэ мөрдөгдөж байсантай харьцуулахад огцом буурчээ.

Монголын тухайд коксжих нүүрсний үнэлгээ янз бүр байдаг. Гэхдээ манай улсын коксжих нүүрсний экспортын гол сувгуудын нэг болсон Сэхээ боомт дээр сүүлийн гурван сарын хугацаанд манай улсын коксжих нүүрс 500 юань/тонн буюу 80 орчим ам.доллар/тонн-ын үнэтэйгээр худалдаалагдаж байна. Энэ жилийн эхний хагаст нүүрсний үнэ уг боомт дээр 600 юань/тонн байсантай одоогийн үнэлгээг харьцуулахад нэлээд буурсан үзүүлэлт харагдаж байна. Манай улсын тухайд 2010 оноос эхлэн коксжих нүүрс нь зэсийн баяжмалыг ардаа орхиж экспортын гол түүхий эд болсныг бид бүгд мэдэж байгаа. Цаашид нүүрсний үнэ энэ байдлаараа бууралттай хэвээр байвал улсын төсөвт багагүй хэмжээний алдагдал учирч мэдэх юм. Сангийн яам энэ жил Тогтворжуулалтын санд 332 тэрбум төгрөг оруулахаар болоод төлөвлөөд байсан бол эрдсийн үнийн энэхүү бууралтын дүнд уг дүнгээ 101 тэрбум төгрөг болгож бууруулаад байна. Мөн Үндэсний статистикийн газрын мэдээлж буйгаар, өмнөх есдүгээр сарын байдлаар улсын экспорт 3.23 тэрбум ам.доллар гарсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 208.8 сая ам.доллар буюу 6.1 хувиар буурчээ. Үүнд экспортын дийлэнх хувийг эзэлж буй эрдэс бүтээгдэхүүний үнийн бууралт голлон нөлөөлснийг тус байгууллага онцолжээ.

Зэс, төмрийн хүдрийн зах зээлд огцом өсөлт гарахгүй

Дэлхийн эрдсийн зах зээл сэргэх хандлагатай болж, зэсийн үнэ ч сүүлийн саруудынхаас харьцангуй өсч эхэлсэн. Өнгөрсөн долоо хоногийн байдлаар зэсийн үнэ 8130 гаруй ам.доллар/тонн байв. Гэхдээ зэсийн үнэ өмнөх хоногуудынхаасаа бага зэрэг буурсан дүнтэй байна. Учир нь өнгөрсөн сарын дундуур болон энэ сарын эхний долоо хоногийн байдлаар зэсийн үнэ 8400 ам.доллар/тонн-оос ялимгүй доогуур түвшинд хэлбэлзэж байсан юм. Түүнчлэн зэсийн үнэ харьцангуй өсөлттэй байна гэж олон улсын шинжээчид тайлбарлаж буй ч 8400 ам.доллар/тонн гэсэн үнэ нь оны эхэн үеийнхээс доогуур дүн юм. Оны эхэн үеэр нэг тонн зэсийн үнэ 8500 ам.доллараас дээгүүр түвшинд хэлбэлзэж байв. Зэсийн үнэ сүүлийн сард өсч эхэлсэн ч урт хугацаанд зэсийн үнэ төдийлөн өсөхгүй байх таамгийг шинжээчид дэвшүүлжээ. Учир нь Дэлхийн банк саяхан дэлхийн зэсийн нийт эрэлтийн  дөч гаруй хувийг дангаараа бүрдүүлдэг Хятадын эдийн засгийн энэ жилийн өсөлтийг 0.5 хувиар бууруулж 7.7 хувь болгож тооцоолж буйгаа мэдэгдсэн юм. Мөн Олон улсын валютын сан энэ жил дэлхийн эдийн засгийн өсөлтийг 0.2 хувиар бууруулж, 3.3 хувь болгож буйгаа мэдээлсэн.


Дэлхийн аж үйлдвэрийн гол түүхий эдүүдийн нэг болсон төмрийн хүдрийн үнэ харьцангуй өсөх хандлагатай болоод байна. Одоогийн байдлаар Хятадын боомтууд дээр нэг тонн 62 хувийн агуулга бүхий төмрийн хүдрийн үнэ дунджаар 110 ам.доллартай байна. Өнгөрсөн сарын байдлаар уг түүхий эдийн үнэ 90 ам.доллар/тонн-оос ч доогуур хэмжээнд хүрээд байсан юм. Гэхдээ цаашид урт хугацаандаа төмрийн хүдрийн үнэ өнгөрсөн жилийнх шиг өндөр хэмжээнд хүрч өсөхгүй гэдгийг олон улсын шинжээчид тэмдэглэж байна. Урт хугацаандаа төмрийн хүдрийн үнэ одоогийн үнэ буюу 110 ам.доллар/тоннд хэлбэлзэх магадлалтай байна. Харин өнгөрсөн жилийн эхээр төмрийн хүдрийн үнэ дэлхийн зах зээлд 180 ам.доллар/тонн-д хүрч байсан нь хамгийн өндөр үнэд тооцогддог. Гэхдээ одоогийн үнэ нь тийм ч доогуур үнэ биш бөгөөд хэрэв төмрийн хүдрийн үнэ цаашид буурахгүй бол коксжих нүүрсний үнэ ч эргээд өсөх нөхцөл бүрдэхээр байна.

Б.Төгс