Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Бодлого

Ураны салбар дахь ойлгомжгүй байдал

Э.Оджаргал

Дэлхий дахинд. Өнөөдөр дэлхийн 31 оронд нийт 450 АЦС ажиллаж байгаа бөгөөд цөмийн 60 реактор шинээр ажиллахаар бэлтгэгдэж буй. Эдгээр нь дэлхийн нийт эрчим хүчний 16 хувийг хангаж байгаа юм.  Франц улс нь дэлхийн цөмийн энергийн зах зээлийн 78.1 хувийг дангаар эзэлдэг ч үйлдвэрлэлийн хүчин чадлаараа АНУ тэргүүлж байна.

Гэхдээ америкчууд цөмийн реактор шинээр нэмж барихгүй байгаа нэг шалтгаан нь ураны экспортлогч орнууд 2013 оноос түүхий эдийн хомсдолд орж эхэлнэ гэсэн шинжээчдийн таамаглалтай холбоотой аж. Фүкүшма Дайичи АЦС-д гарсан ослын дараа Бельги, Швейцарь хамгийн түрүүнд цөмийн эрчим хүчнээс татгалзах болсноо мэдэгдэв. Герман улс нь баригдаж дуусаагүй болоод ажиллаж байсан АЦС-уудаа хаах шийдвэрт хүрч, Итали, Их Британи нь ч мөн үүнд нэгдсэн юм.

Германчууд 30 гаруй жил ажилласан АЦС-уудаа хааж, одоогоор цөмийн найман реакторыг үлдээгээд байна. Тус улс нь эрчим хүчний хомсдолоо хөрш орнуудаасаа хангахад хүрч, үүнд 1.7 тэрбум еврог зарцуулж байгаа нь ихээхэн хүнд тусч байгаа аж. Тиймээс 2013 онд салхинаас эрчим хүч үүсгэх 120 ширхэг генератор барьж байгуулахаар төлөвлөжээ.

Харин Францын хувьд дэлхийн цөмийн эрчим хүчний томоохон үйлдвэрлэгч буюу энэ салбар дахь арилжааны голлон “тоглогч” гэж хэлж болно. Гэтэл Фүкүшимагийн ослын дараа тус улсын эрх баригчид АЦС-ууддаа шалгалт хийснээр таагүй үр дүнг үзүүлсэн байна. Үүний улмаас Франц нь цөмийн реакторуудаа шинэчлэхэд их хэмжээний хөрөнгө зарцуулах уу, аль эсвэл бүрмөсөн хаах уу гэсэн асуудалтай тулгараад буй. Технологийн өндөр хөгжилтэй Япон улс 2030 он гэхэд цөмийн эрчим хүчний үйлдвэрүүдээ бүрэн зогсоох шийдвэрт саяхан хүрлээ. 

Харин олон улсад цөмийн эрчмийг энхийн зорилгоор хамгийн идэвхтэй бөгөөд хурдацтай хөгжүүлж байгаа орнууд бол манай хоёр хөрш улс юм. Хятадын сайд нарын танхим энэ оны зургадугаар сарын 04-нд “Цөмийн энергийн салбарыг хөгжүүлэх 2012-2020 оны стратегийн бодлого” боловсруулан баталсан. Энэхүү бодлогыг хэрхэн, ямар байдлаар хэрэгжүүлэх эцсийн шийдвэр ирэх арваннэгдүгээр сарын 8-нд болох Бүх Хятадын Коммунист намын XVIII Их хурлаар тодорхой болох юм. Одоогоор тус улсад цөмийн 16 реактор ажиллаж, 26 реактор барилгын шатандаа явж байгаа бөгөөд ирээдүйд 51 реакторыг шинээр барихаар төлөвлөж байна. Оросын хувьд арван АЦС ажиллаж байна.

Тус улсын “Росатом” компани нь 2011 оны байдлаар гадаад зах зээлд Энэтхэг, Турк, Вьетнам, Хятад, Болгар, Бангладеш, Беларус зэрэг улстай цөмийн эрчим хүчний салбарт хамтарч ажиллах 21 гэрээ хэлэлцээрийг байгуулжээ. Дэлхийн цөмийн салбарт Оросын технологи илүү найдвартай болохыг энэ дүн харуулна гэж тус улсын мэргэжилтнүүд үзэж байна. Өөрөөр хэлбэл Фүкүшимагийн ослоос хойш нэг жилийн хугацаанд ОХУ-ын цөмийн салбарт хийгдсэн гэрээ хэлэлцээр хоёр дахин нэмэгджээ.  

Монгол улс цөмийн энергийн салбараа олон улсын түвшинд хөгжүүлэх зорилгоор өнгөрсөн зургаан жилийн хугацаанд ОХУ, Франц, Япон, Энэтхэг, Хятад зэрэг улстай хамтын ажиллагааны Санамж бичиг үзэглэсэн. ОУАЭА-ийн Ерөнхий захирал Юкиа Амано 2011 оны хавар манай улсад айлчилж байлаа. Ийнхүү үйл явдал идэвхтэй өрнөж байсан тус салбар цөмийн хог хаягдал булшлах тухай ба хариуцсан агентлагийн удирдлагуудын халаа сэлгээний шуугианд дарагдаж, өдгөө тун тодорхойгүй нам гүмхэн болжээ. Хийсэн ажил ч үгүй дарга нарын халаа сэлгээтэй цөмийн салбар өнөөдөр “эзэнгүй айл” шиг  байна. 

Монгол улсын хуулиар олгосон бүрэн эрхийн хүрээнд цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийг ашиглах, цөмийн технологийн нэвтрүүлэх, цөмийн судалгааг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлогыг хэрэгжүүлэх, цөмийн болон цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлыг хангах, мэргэжлийн хяналт тавих чиг үүрэгтэйгээр 2008 онд Цөмийн энергийн газрыг байгуулсан байдаг. Анх байгуулагдахад нь даргаар томилогдсон С.Энхбатыг энэ оны нэгдүгээр сард албан үүргээс нь чөлөөлснөөс хойш тус газрын удирдлага хоёр ч удаа солигдлоо.

ЦЭГ-ын даргын үүргийг түр орлогчоор тус газрын Цөмийн технологийн газрын дарга Г.Манлайжавыг эхлээд томилов. Түүнийг үүрэг гүйцэтгэх хугацаанд сэтгүүлчдэд зориулан “Цөмийн технологийн хэрэглээ өнөө ба ирээдүй” гэсэн сургалтыг зохион байгуулсан юм. Сургалтын хувьд шинэлэг зүйл төдийлөн үгүй, цөмийн аюул, хор хөнөөлийн тухай огт хөндөөгүй ч Монгол улсад цөмийн энергийг ашиглаж буй салбаруудын үйл ажиллагаатай газар дээр нь танилцах боломжийг олгосон. Нөгөө талаас Г.Манлайжав даргыг томилогдсоноос хойш даруй хагас жилийн дараа түүний “баг” болох ЦЭГ-ийн шинэ бүрэлдэхүүн сэтгүүлчидтэй танилцсан нь энэ.

Үүнээс хойш ердөө хоёр сарын дараа буюу есдүгээр сарын 23-нд ЦЭГ-ын даргын түр орлон гүйцэтгэчээр Н.Тэгшбаярыг шинээр томилох үед “Арева Монгол” компани  “Урантай танилцья” сургалтыг зохион байгуулав. Сургалт гэхээсээ илүүтэй өөрсдийн үйл ажиллагааг нээлттэй танилцуулахыг зорьжээ. Өнөөдөр Монгол улсын цөмийн энергийн салбарт идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа компани бол Францын төрийн өмчит Арева групп юм. “Кожеговь” компанийн талаар монголчууд эерэг гэхээсээ илүүтэй сөрөг ойлголттой байдаг нь нууц биш.

Өнгөрсөн 15 жилийн хугацаанд олон нийтэд төдийлөн нээлттэй байгаагүй тус компани нь сургалтын үеэр манай улсад цөмийн хог хаягдал булшлахаас авахуулаад АЦС барих, ураны баяжмал, шар нунтгийн экспорт болон цөмийн энергийн хор уршиг, аюул заналхийлэл гээд монголчуудын мэддэг хэрнээ мэддэггүй ураны тухай бүхий л сэдвээр нээлттэй ярилцав. Дорноговь, Сүхбаатар аймгуудад хайгуулын 28 тусгай зөвшөөрөл эзэмшдэг “Кожеговь” нь Дулаан Уулын орд 6250 тн ураны нөөцтэй болохыг тогтоож, туршилтын анхны олборлолтоо хийснээр 1500 кг уран гарган аваад байгаа. \

Цөмийн энергийн хуулийн дагуу тус компани нь Монголын төрийн өмчит “Мон-Атом” компанитай хамтран цаашид төслийн үйл ажиллагаагаа үргэлжлүүлнэ. Уг төсөлд Японы “Мицубиши” корпораци гуравдагч орны ажиглагчаар оролцож байгаа бөгөөд Кожеговийн 34 хувийг эзэмшдэг байна. Монголын хуулийн дагуу хайгуулыг төр өөрийн хөрөнгөөр хийж, нөөцийг тогтоосон бол 51 хувийг эзэмших ёстой. Харин хувийн компани хайгуул хийж, нөөц тогтоосон бол 34 хүртэлх хувийг эзэмших заалттай. Тэгэхээр Монголын Засгийн газар “Кожеговь”-ийн 34 хувийг эзэмших бололтой.

Гэхдээ энэ бүхэн одоогоор яриа хэлэлцээрийн шатанд явж байгаа бөгөөд Францын компани олборлолтын тусгай зөвшөөрөл авахаар Засгийн газрын шийдвэрийг хүлээж байгаа. Ямартай ч “Арева” групп нь дэлхийн зах зээл дэх томоохон тоглогчийн хувьд хаана ч ашигтай арилжаа наймааг эрэлхийлэх нь тодорхой. Тодруулбал Европын зах зээл хумигдаж, экспортлогч орнуудын түүхий эд хомсдож эхлэх энэ үе Азийн орнуудын огт ашиглагдаагүй, асар их түүхий эдийн нөөц шинэ боломжийг бий болгож байгаа юм. Аливаа бизнесийн салбарт ашиг орлого чухал ч улс орны хувьд эрх ашиг, аюулгүйн байдал нэн тэргүүнд тавигдах билээ.

ЦЭГ-ийн удирдлага хоёр удаа солигдох хугацаанд Канадын “Хан Ресурс” компани олон улсын арбитрын шүүхийн шийдвэрийн дагуу Монголын Засгийн газраас 200 сая ам.долларын нэхэмжлэлээ авахаар болж, Дорнод аймгийн Мардайн орд газрын орчимд цацраг идэвхт туяаны тархалт хэвийн хэмжээнээс хэтэрсэн тухай шуугиан дэгдэв.  ЦЭГ-ын зүгээс тус орд газрын орчим хэмжилт хийн аюулгүй гэсэн дүгнэлтийг Японы судлаачдыг урьж авчран хэмжилт хийлгэсэн “Anti-Nuclear Movenment Mongolia” бүлгийнхэн эсэргүүцэж байгаа юм. Гэтэл цөмийн эрчим хүчний үйлдвэрийг байгуулах ТЭЗҮ-ийг боловсруулах болоод үйлдвэрийн технологийг сонгох асуудлуудыг Ерөнхий сайдын эрхлэх асуудалд тусгасан тухай асуудал өрнөөд буй. Ураны орд газруудын эзэмшил, ашиглалтыг тодорхой болголгүйгээр шууд олборлох үйлдвэрлэл байгуулах асуудлыг төлөвлөсөн нь Цөмийн энергийн хууль болон Үндэсний Аюулгүй байдлын үзэл баримтлалтай зөрчилдөж байна хэмээн УИХ-ын гурван гишүүн эсэргүүцсэн байгаа.

Хайрхан, Хараат орд нь Гурвансайхан, Вестернпроспектор компанийн эзэмшилд байсан Гурванбулагийн орд нь Хятадын CNNC, Дулаан-Уулын орд Францын “Арева” зэрэг компани тус тус эзэмшиж байна. Цөмийн энергийн хуулинд зааснаар ураны орд газрууд нь нөөцийн хэмжээнээс үл хамааран стратегийн ач холбогдол бүхий ордод тооцогдоно. Өнөөдөр Монгол улсад уран олборлох, АЦС барих гээд цөмийн технологийг ашиглах нь аюултай хэмээн эсэргүүцэх төрийн бус байгуулага, хувь хүмүүс олон. Ураныг олборлох тусгай зөвшөөрлийг олгосон нь эргээд цөмийн хог хаягдлыг булшлах суурь тавигдаж байгаа гэж үзэж, хойч ирээдүйд авчирах аймшигт хор хөнөөлийг эсэргүүцэх тэднийг буруутгах аргагүй.

Монгол улс нь байгалийн эрдэс баялгийн асар нөөцтэй орон. Нүүрс, алт, зэс, хүдэр, төмрийн дэлхийд томоохонд тооцогдох ордуудыг нээн илрүүлж, эдийн засгийн эргэлтэд оруулахаар зэхэж байна. Эрчим хүчний эх үүсвэрийн хувьд 175 тэрбум тонн нүүрсний таамаг нөөцөөс эхлээд газрын тос, шатдаг занар болон нар, салхи зэрэг сэргээгдэх эрчим хүчний нөөцөө ашиглах бүрэн боломжтой.

Цөмийн технологийн хувьд ашиглахад хамгийн наад зах нь их хэмжээний хөрөнгө, нарийн техник технологи шаардагдахаас гадна тэдгээрийг зөв горимоор ажиллуулах өндөр сахилга бат хэрэгтэй. Цөмийн аюулгүйн баталгааг өнөөдөр ямар ч туршлагатай улс, өндөр мэдлэгтэй эрдэмтэн өгч чадахгүй. Уран олборлож, АЦС бариагүйдээ Монгол улс дэлхийн хөгжлөөс хоцрохгүй нь лавтай. Тиймээс гадаад улс орнуудын туршлагаас судалж, нарийн техник технологи эзэмшсэн боловсон хүчинтэй болсон тэр цагт цөмийн салбараа хөгжүүлэн, уран олборлоход оройтохгүй болов уу.  
  • Зочин (183.177.97.21)
    яг үнэн эрс эсэргүүцэхэд та нэгдсэнээрээ мянган үедээ гавъяа байгуулж байгаа юм
    2014 оны 05 сарын 26 | Хариулах