Newera Resources компани Төв аймагт
хэрэгжүүлж буй “Шанаган” төслийнхөө хайгуулын талбайд нүүрсний хоёр
судал илрүүлснээ мэдэгджээ. Эдгээр судал нь 9-13 метрийн зузаантай,
зарим хэсэгтээ 25.4-48.5 метр зузаантай байгааг тогтоожээ.
Тус
компанийн Шанаган төслийн талбай нь нэг хайгуулын лиценз бүхий 2223 га
газрыг хамардаг бөгөөд Улаанбаатар хотоос зүүн урагш 140 км-т оршдог
байна. Үүнээс үзэхэд Төв аймаг эрчим хүчний нүүрсний үлэмж нөөц
баялагтай нь харагдаж буй юм. Учир нь Төв аймагт Төгрөг нуурын хэсэгт
нүүрсний ихээхэн нөөц буйг хэдийнэ тогтоогоод буй билээ.
Тус
компанийн өрөмдлөгийн дээжийн шинжилгээний урьдчилсан дүнгээр уг хэсэгт
8263 ккал илчлэгтэй, үнслэг багатай хагас антрацит нүүрс буй гэж гарчээ.
Антрацит нь илүү илчлэгтэй тул эрчим хүч гаргахад жирийн нүүрсийг
бодвол хавьгүй үр ашигтай байдаг ажээ. Уг төслийн хэсэг нь төмөр замын
төв сүлжээнээс Багануурын уурхай руу холбогддог төмөр замаас 50 км-ийн
алсад оршдог бөгөөд тус компани төслийг уг төмөр замтай холбох боломжийг
эрэлхийлж буй ажээ.