Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Лондоны металын бирж коксжих нүүрс, төмрийн хүдэр арилжина

Эрдсийн түүхий эд, бүтээгдэхүүн худалдаалдаг 130 гаруй жилийн түүхтэй, хамрах хүрээгээр хамгийн томд тооцогддог Лондоны металын биржийг Хонконгийн бирж 2.2 тэрбум ам.доллараар худалдаж авахаар болоод байгаа билээ.  Уг худалдааны хэлцэл эцсийн шатандаа амжилттай хэрэгжиж буй талаар Хонконгийн хөрөнгийн биржийн Гүйцэтгэх захирал Чарльз Ли мэдэгджээ. Ийнхүү Лондоны металын бирж энэ сарын сүүл гэхэд Хонконгийн биржийн эзэмшилд шилжих нь тодорхой болоод байна. Түүнчлэн уг худалдааны хэлцэл дуусмагц Лондоны металын биржийн худалдаалдаг бүтээгдэхүүний хүрээг өргөжүүлж төмрийн хүдэр, коксжих нүүрсний арилжааг нэвтрүүлэх төлөвлөгөөтэй байгаа тухай Чарльз мөн мэдэгджээ.

Одоогийн байдлаар төмрийн хүдэр, коксжих нүүрс нь биржийн бус эрдэс бүтээгдэхүүнд тооцогдож буй. Учир нь эдгээр хоёр эрдсийн дэлхийн зах зээл дэх үнэлгээ гол гол нийлүүлэгч, худалдан авагч улсуудын эргийн боомтууд дээрх үнээр тогтдог. Мөн томоохон нийлүүлэгч, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компаниудын хоорондын гэрээт үнэд үндэслэн тогтдог зарчим одоогоор үйлчилж буй юм. Хонконгийн биржийн төлөвлөгөөнд мөн Лондоны биржийн эрдсийн агуулахыг Хятадад байгуулах зорилт багтжээ. Чарльз уг зорилтоо яг хэдийд биелэх тухайд нарийн тайлбар өгөөгүй боловч хэрэгжих үе төдийлөн хол биш болов уу гэдгийг дурджээ. Түүний тайлбарлаж буйгаар энэ зорилт нь юанийн олон улс дахь хэрэглээг илүү тэлж өгөх ажээ.

Б.Төгс