Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Зах зээл

Зэсийн үнэ “дараалан” унав

Дэлхийн аж үйлдвэрийн гол түүхий эдийн нэг болсон зэсийн зах зээл сүүлийн хоёр өдрийн турш нэлээд уналттай байна. Өчигдрийн байдлаар Лондоны металын бирж дээр зэсийн үнэ нэг тонн нь 7980 гаруй ам.доллар байсан нь сүүлийн зургаан долоо хоногийн хугацаан дахь хамгийн доод үнэд тооцогдоод байсан юм. Харин өнөөдрийн байдлаар зэсийн үнэ нэмж бууран 7860 ам.доллар болжээ. Ийнхүү зэсийн үнэ хоёр өдөр дараалан унахдаа ердөө хоёрхон өдрийн дотор 260 орчим ам.доллараар буураад байна. Зэсийн үнэ өнгөрсөн сарын дунд үеэс эхлэн багагүй өсч, 8400 ам.доллар/тонн-д хүрээд байсан билээ.

Сүүлийн хэдэн долоо хоногийн турш дунджаар 8200 ам.доллар/тонн-ын үнэтэй байв. Харин энэхүү хоёр өдрийн үнийн огцом уналтын өмнө зэсийн үнэ Лондоны металын бирж дээр 8120 гаруй ам.доллар/тонн болж харьцангуй буурсан байсан ч, одоогоор үнэ улам бүр уналаа. Өнгөрсөн сарын эхээр Хятадын Засгийн газар дэд бүтцийн 60 төсөлд 150 гаруй тэрбум ам.доллар төсөвлөх шийдвэр гаргаснаар зэсийн зах зээл сэргэх найдвар төрсөн.  Үнэхээр ч өнгөрсөн тавдугаар сарын дунд үеэс хойш 8000 ам.доллар/тонн үнийн “босго”-ыг давж чадаагүй байсан зэсийн үнэ “сэргэх” найдвар эрчимтэйгээр нэмэгдсэн юм. Гэвч Хятадын эдийн засаг төдийлөн өсөхгүй байх таамаглал тус улсын дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт энэ оны гуравдугаар улиралд 7.4 хувьтай гарснаар улам лавшрав.

Энэ нь өнгөрсөн 2009 оны нэгдүгээр улирлаас хойшхи хугацаан дахь хамгийн доод үзүүлэлт болж буй ажээ. Хятад бол дэлхийн зах зээл дэх нийт эрэлтийн 40 гаруй хувийг дангаараа бүрдүүлдэг том хэрэглэгч улс юм. Үүний хажуугаар Японы экспорт өнгөрсөн есдүгээр сард 10.3 хувиар буурсан тухай мэдээлэл хоёр хоногийн өмнө цацагдсан нь дэлхийн металын зах зээлд сөрөг нөлөө үзүүлсэн юм. Европын холбооны хувьд өрийн хямралаа шийдэх арга хэмжээ авч хэрэгжүүлсээр байгаа ч төдийлөн бодитой үр дүнд хүрээгүй л байна. Одоогийн байдлаар зөвхөн зэс ч биш, хөнгөн цагаан, никель, цагаан тугалга, хар тугалга, цайр зэрэг металын үнэ 1-3 хувиар буураад байгаа бол алт, мөнгөний үнэ ялимгүй өссөн дүнтэй байна.

Б.Төгс