Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Байгаль орчин

Нөхөн сэргээлт нь олборлолтоо гүйцэхгүй байна

Уул уурхайн үйл ажиллагаа эрчимтэй явагдаж буй Өмнөговь аймагт байгаль орчны асуудал хурцаар тавигдаж байна. Тулгамдсан энэхүү асуудлыг хэрхэн шийдэж байгаа талаар тус аймгийн Байгаль орчны газрын дарга О.Бадарчтай ярилцлаа.

Өмнөговь аймагт бий болоод байгаа тоосжилтыг шийдэхийн тулд ямар ажил хийж байна вэ?

Тоосжилтыг бууруулах талаар шат дараатай ажлууд хийж байна. Шивээхүрэний боомт руу нүүрс тээвэрлэдэг замын тооосжилт буурсан. Тэнд үйл ажиллагаа явуулдаг гурван компани харилцан ойлголцож ажилласны үр дүнд тоосжилт 50 гаруй хувиар буураад байна. Харин Гашуунсухайтын боомт руу нүүрс тээвэрлэдэг замын тоос төдий л буурсангүй. Энэ боомтоор нүүрсний нэлээд олон компани бүтээгдэхүүнээ экспортолдог. Тэдгээрээс зөвхөн “Энержи Ресурс”-ийн машинууд хатуу хучилттай замаар тээвэрлэлт хийж байгаа. Тоосжилтын асуудлаар орон нутгийн иргэд нэлээд тэмцэл өрнүүлж байна. Уул уурхайн үйл ажиллагаанаас үүдсэн сөрөг нөлөөллийг бууруулах үүднээс нутгийн иргэд эвлэлдэн нэгдэж, тэр хэмжээгээрээ тэмцэл идэвхижиж байна. Гэхдээ энэ нь асуудлыг шийдэх цорын ганц гарц биш. Иргэдийн тавьж байгаа шаардлагыг хүлээж авч, шийдвэрлэх нь тухайн нутагт үйл ажиллагаа явуулж буй компаниудын үйл ажиллагаанаас шалтгаална.

Иргэдийн эсэргүүцлээс гадна байгаль орчны асуудал хариуцсан төрийн байгууллагууд уул уурхайнханд хяналт, шаардлага тавих ёстой гол газар байх ёстой биз дээ?

Бид уул уурхайн компаниудын байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх үйл ажиллагааны хэрэгжилтийг жил болгон дүгнэдэг. Уул уурхайн компаниуд болоод орон нутгийн Байгаль орчны газар, МХГ-ын хамтын ажиллагаа сүүлийн үед нэлээд сайжирч байна.

Орон нутагт өөр өөрийн өнгө аястай томоохон төслүүд хэрэгжиж байна. Түүний дотроос “Оюутолгой”, “Энержи Ресурс”-ын Ухаахудаг төслүүд дээр нөхөн сэргээлтийн дорвитой ажлууд хийгдэж байгаа. Гэхдээ л санасан хэмжээнд хүрэхгүй байна.

Энд нэг зүйл харагддаг. Уул уурхайн компаниуд хайгуулд маш их зардал гаргадаг. Бүтээн байгуулалтын ажил нь үр дүнгээ өгтөл нэг хэсэгтээ л хөрөнгө хүч хаядаг. Гаргасан их зардлаа эргүүлж олж авахын тулд олборлолтоо эрчимтэй эхэлдэг. Тэр хурдыг байгаль орчноо хамгаалах ажиллагаа нь гүйцдэггүй. Хоёрдугаарт, олон орд газрын хам нөлөөлөл гэж байна. Нэг бүс нутагт олон компани үйл ажиллагаа явуулахдаа байгаль орчны хамгааллын ажлыг тус тусдаа явуулдаг. Гэтэл нийт хам нөлөөлөл нь ихсээд байдаг. Жишээ нь Ханбогд, Баян-Овоо сумын иргэн тоосжилтоос болж эрүүл мэндээрээ хохирсон бол Оюутолгой, Тавантолгой, Ухаахудагийн алиных нь үйл ажиллагаанаас шалтгаалж өвчилснөө хэлж чадахгүй байдалд хүрдэг.

Өнгөрсөн хавар  батлагдсан Байгаль орчны тухай багц хуулинд энэ талаар заалт орсон. Бүс нутгийг хамарсан томоохон төслүүд эхлэхийн өмнө стратегийн үнэлгээ хийхээр болсон. Энэ зохицуулалтаар нэлээд асуудал шийдэгдэх байх.

Балгасын улаан нуурын газрын гүний усны ордод хайгуул хийж байсан компани битүүмжээ хийгээгүйн улмаас ус алдаж байна гэсэн гомдол гарч байсан. Энэ асуудал юу болосн бэ?

Өрөмдлөг хийсэн компани битүүмжийг дутуу хийснээс гадна нутгийн иргэд битүүмжилсэн цооногийг хөндсөн асуудал бий. Энэ бол хоёр талтай асуудал. Хэдий хоёр талын буруутай  ч тэнд өрмийн хайгуул хийгээд битүүмжилж орхисон компани асуудлыг хариуцна.  Учир нь байгаль орчныг хөндөж хайгуул, өрөмдлөг хийсэн компани бүх ажлыг технологи, ном горимын дагуу хийгээд орон нутгийн байгаль орчны ажилтнуудад хүлээлгэж өгөх үүрэгтэй. Тодруулж хэлбэл, тэнд өрөмдлөг хийсэн “Хангад эксплорейшн” компани Ханхонгор сумын байгаль орчны байцаагчид битүүмжилсэн цооногийг хүлээлгэж өгөөд акт үйлдсэн байх ёстой юм. Үүнд учир дутагдалтай хандсан тал бий. Нийт 21 цооногт өрөм тавьсан ч саяхан хийсэн шалгалтаар 19 цооногийг битүүмжлэгдээгүй нь тогтоогдсон. Үүний 80 орчим хувийг орон нутгийн иргэд эвдсэн байна. Асуудлыг Ханхонгор сумын Засаг дарга болоод аймгийн Мэргэжлийн хяналтын газарт тавиад байгаа.

Өмнөговь аймагт ховордсон ургамлыг ихээр түүж хил давуулан худалдаалдаг гэсэн мэдээлэл байна?

Байгаль, цаг уурын өөрчлөлтөөс хамаараад сүүлийн жилүүдэд ургамалын бүтэц бүрэлдэхүүн нэлээд доройтож байна. Ийм ургамлуудыг нөхөн сэргээх, төлжүүлэх нь их том бодлогын асуудал. Хүний зүй бус ажиллагаагааны улмаас ховордож буй ургамлыг хамгаалах ёстой. Манай аймагт цагаан гоёог маш ихээр хулгайгаар хил давуулан худалдаалдаг асуудал бий. Бас нэг санаа зовоож буй зүйл нь загсгал хэмээх модлог ургамлыг эмийн зориулалтаар ихээр түүх боллоо. 2011 оноос хойш энэ ургамлыг түүсэн хүмүүсийг хоёр ч удаа илрүүлж, барьсан. Зогсоохыг оролдож байгаа ч загсгал нь элбэг ургамлын тоонд ордог учраас түүхийг хориглоход эрхзүйн орчин дутаад байна. Загсгал ихээр худалдаж авдаг “Монфарм” компанид бид олон удаа албан тоот явуулсан. Хэрэв ургамлыг авч ашиглах гэж байгаа бол ядаж нөхөн тариалалтын асуудлыг шийдэх, орон нутагтай хамтарч ажиллах саналыг удаа дараа тавьсан ч өнөөдрийг хүртэл огт хариу ирсэнгүй. Мөн говийн хамгаалах ёстой ургамлын нэг нь яах аргагүй заг. Сайн мэдээ гэвэл загийн нөхөн төлжилт, ургалт сүүлийн 2-3 жилд овоо сайжирч байгаа. Бид цаашид ч үргэлжлүүлэн хамгаалах ёстой. Заган ойг хамгаалах асуудал Үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хөндөгддөг.

Ховор ургамлаас гадна зөвхөн Монголын говьд байдаг ан амьтад нутгаасаа дайжиж байна гэх юм?

Ховор, тэр дундаа нүүдэллэж амьдардаг амьтдын амьдрах орчин маш их доройтсон. Бид хуланг сэргээн нутагшуулахаар хөөцөлдөж байна. Байгаль орчин, ногоон хөгжлийн яамнаас хуланг сэргээн нутагшуулах журмыг батлаад өгчихвөл ажлаа нэн даруй эхэлнэ. Энэ ажлыг уул уурхайн компаниуд болон орон нутгийн байгууллагууд маш их дэмжиж байгаа. Ер нь хуланг хүний оролцоотой нутагшуулах нь мэргэжлийнхээ талаас жаахан зөрчилдөөнтэй тал бий. Хуланг тууж, зам хөндлөн гаргаад сэргээн нутагшуулах нь эрсдэл өндөртэй учраас эргэлзээ үүсдэг. Бид энэ эргэлзээг арилгахын төлөө ажиллаж байна. Төмөр зам баригдаад, автозамууд өргөжөөд ирэхээр хулан, цагаан зээрийн  идээшилдэг нутаг хязгаарлагдмал байдалд орж, нүүдэллэдэг зам нь хуваагдаж байна. Дорноговь аймгийн Хөвсгөл сумын нутагт нүүрсний уурхай нээгдэж, Ханги Мандалын чиглэл рүү нүүрсээ зөөх зам тавиад эхэлсэн. Энэ нь нүүдэллэж амьдардаг амьтдын нутгийг дахиад л хуваачихаж байгаа юм. Өмнөговь аймгийн Баян-Овоо, Номгон, Ноён, Гурвантэс сумдад нутагладаг амьтад одоо бараг байхгүй болсон. Бүгд нутаг сэлгээд, дайжаад явчихсан. Зөвхөн Монголын говьд нутагладаг энэ ховор амьтныг хамгаалах нь бидний үүрэг. Тиймээс байгаль орчны төсөвт суулгасан хөрөнгийг энэ мэт чухал хэрэгцээт ажлуудад нь зарцуулах ёстой гэсэн байр суурьтай байдаг.

Байгаль орчныг хамгаалах, сэргээх ажилд улсаас төсөвлөсөн хөрөнгө хэр хүрэлцээтэй байдаг вэ?

Аймгийн байгаль орчны алба улсын төсвөөс санхүүждэг. Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх ажлыг байгаль орчныг хамгаалах сан бүрдүүлэх замаар зохион байгуулж байх ёстой. Харамсалтай нь Сангийн яамнаас төсөвлөсөн төсөв батлагдахдаа байгалийн баялгийн орлогууд төсвийн урсгал зардалд явчихдаг. Тиймээс байгаль хамгаалах сандаа хөрөнгө төвлөрүүлэн тулгамдсан асуудлаа шийдэх ажил орон нутагт хүндрэлтэй байна. Улсаас төсөвлөсөн хөрөнгийг хараад суух бус орон нутагт үйл ажиллагаа явуулж буй компаниудтай хамтран тулгамдсан асуудлуудаа шийдэхийг зорьдог. Энэ жил гэхэд 91 сая төгрөгөөр Цагаан хадны хогийг булсан. Тэнд үйл ажиллагаа явуулж байгаа компаниудаас хөрөнгө гаргуулан, хогийг булж цэвэрлэн, хөрсний бохирдлыг шийдэж байгаа.

О.Хосцэцэг