Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Байгаль орчин

Хайж олсон л бол ухаж, ашиглах эрх нээгддэг тогтолцоог өөрчлөх хэрэгтэй

Шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт “Ногоон хөгжлийн бодлогыг улс орны хөгжлийн тулгуур бодлогын нэг болгоно” гэсэн заалт орсон. Хөгжлийн тулгуур бодлогыг тодорхойлох Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд хатагтай С.Оюуныг  Иргэний Зориг Ногоон намын тэргүүн учир намынхаа бодлого, чиглэлийн дагуу дорвитой ажил хийнэ хэмээн иргэний байгууллагууд, салбарын эрдэмтэн мэргэжилтнүүд найдаж байгаа.

Нэгэн цагт уул уурхайн салбарт ажиллаж явсан, мэргэжлийн геологич хүн учраас хамтран ажиллахад дөхөм байх болов уу гэсэн хүлээлт уул уурхайн бизнес эрхлэгчдэд ч бий. Байгаль орчны салбарт ирэх жилүүдэд ямар бодлого барьж ажиллах, уул уурхайн үйл ажиллагааг экологи хамгаалах үйлстэй хэрхэн уялдуулах талаар салбарын Сайдтай хийсэн ярилцлагыг уншигчдадаа хүргэе.

Ярилцсан О. Хосцэцэг

Байгаль орчин, ногоон хөгжлийн яам ерөнхий чиг үүргийн статустай болсон нь нүдээ олсон шийдвэр гэж үзэх хүмүүс олон байна. Ер нь ногоон эдийн засаг, ногоон хөгжил хэмээх ойлголтыг Та хэрхэн хардаг вэ?

Бидний өнөөдрийн байгаль дэлхийдээ хандаж байгаа байдал, үйлдэл бүхний үр дүнг эргээд бид өөрсдөө, хойч ирээдүй болсон үр хүүхдүүд маань амсана гэдгийг хүн төрөлхтөн нэг үеэ бодвол арай өөр түвшинд ухамсарладаг болжээ. Дэлхий нийтээрээ яавал арай урт удаан хугацаанд оршин тогтнох вэ гэсэн асуултаар толгойгоо гашилгаж, бодлогоо уралдуулж байна. Монголчууд бид байгальтайгаа зохицож, илүү ойр амьдарч ирсэн, олон улсын энэхүү бодлогод манлайлж оролцох чадвартай улс. Тиймээс хамгийн оновчтой хөгжлийн гарц бол ногоон хөгжлийн үзэл баримтлалд тулгуурласан бодлого юм гэдгийг Шинэчлэлийн Засгийн газар олж хараад Байгаль орчны яамыг тогтвортой хөгжлийн түлхүүр, ерөнхий чиг үүргийн яам болгон зохион байгуулсан. Энэ бол том алхам. Бид зөвхөн салбарын бодлого бус Монгол төрийн нэгдсэн бодлогыг тодорхойлж, дэлхийн улс орнуудтай адил түвшинд бодож, сэтгэж ажиллах ёстой.

Ногоон хөгжил гэдгийг хамгийн энгийнээр тайлбарлахад, аль болох байгаль орчиндоо хал багатай технологи ашиглаж, экологийн хомсдолыг эрс бууруулах замаар эдийн засаг, нийгмийн амьдралыг сайжруулах бодлого гэж томъёолж болно. Хэдийгээр харьцангуй шинэ ойлголт боловч энэ чиглэл рүү явахаас өөр сонголт бидэнд байхгүй.  

Ирэх жилүүдэд танай яам ямар зарчим чиглэлийг барьж ажиллах вэ?

Юуны түрүүнд бид ногоон хөгжлийнхөө ерөнхий зорилт стратегийг тодорхой болгож, бусад салбарын бодлоготой уялдуулах асуудалд онцгой анхаарч ажиллана. Одоогоор гаргачихаад байгаа ерөнхий төсөөллөөр хүрэх зорилтоо гурван үе шатанд хувааж, аргачлалуудаа гаргах юм. Эхний ээлжинд ногоон хөгжлийн бодлогыг Монголын хөрсөн дээр буулгаж нутагшуулахын тулд ямар ямар бодлогын баримт бичгүүддээ хэрхэн суулгаж өгөх, тэр маань бусад салбарынхаа бодлогод яаж нөлөөлөх вэ гэдгээ тодорхой болгож, нийгмийн сэтгэхүйг бэлтгэх гэх мэт ажлууд байна. Магадгүй энэ ажилд олон жил шаардагдахаар байж болно. Гэхдээ ирэх дөрвөн жилд аль болох олон ажил амжуулж, багтаахыг хичээнэ. Дараагийн ээлжинд боловсруулсан бодлогынхоо хэрэгжилтийг ямар байдлаар хангаж ажиллавал үр дүнтэй байх вэ гэх мэтээр цаашдын зорилтууд тодорхой болоод явах байх. Мэдээж энэ хугацаанд өнөөгийн хууль эрх зүйн зохицуулалтынхаа хүрээнд байгаль орчныг хамгаалах бодлогын хэрэгжилтээ хангана. Өнгөрсөн Парламентын үед манай салбарын хууль эрх зүйн зохицуулалт шинэчлэгдсэн. Нэлээд чамбай хуулиуд гарсан гэж бодож байгаа.

Байгаль орчны багц хууль маш сайн болсон гэдэгтэй салбарынхан болоод олон нийт санал нийлнэ. Гэвч хуулийн хэрэгжилтийг хянах эрх нь яаманд байдаггүй нь учир дутагдалтай санагддаг?

Ер нь бол хяналтаа авах ёстой. Хяналтгүйгээр хамгаална гэдгийг зүгээр л оромдоно гэхээс өөрөөр нэрлэх аргагүй. Одоо бол яг л ийм байдалд байгаа. Тэнд нэг уурхай хууль зөрчлөө гэхэд манайх МХЕГ, цагдаа, орон нутаг гуравт албан бичиг явуулахаас өөр ажилгүй сууж байх жишээтэй. Энэ бол өөрөө маш онцлогтой салбар шүү дээ. Шинэ Засгийн газар МХЕГ дээр нэлээд том шинэчлэлт хийх ёстой гэж үзэж байгаа. Хяналт нь байгаль орчны яамандаа ирэх үү, МХЕГ-таа байх уу гэдэг нь чухал биш. Харин хяналтаа хэрхэн үр дүнтэй болгох вэ, салбарын яамтайгаа хэрхэн уялдаа холбоотой ажиллах вэ гэдэг дээр л их анхаарна. Салбар бүрийн хяналтын шинэчлэлийг Засгийн газар энэ намар ярих юм. Ер нь дорвитой шинэчлэл хийх шаардлага зайлшгүй бий.

Уул уурхайг байгаль орчинд нөлөө багатай хөгжүүлэхийн тулд ямар бодлого баримтлах вэ?

Уул уурхайн хайгуул, олборлолтын явцад ашиглаж байгаа төлөвлөлтийн ерөнхий стандарт, технологийг дэлхийн жишигт ойртуулж, шинэчлэх ажлыг бодлогоор зохицуулахаас өөр арга байхгүй. Эхнээсээ буруу, хуучирсан төлөвлөгөө хийгээд хоцрогдсон технологи ашиглаад явахаар байгалийнхаа унаган төрхийг ихээр алдагдуулчихаад байна. Эцэст нь  эвдсэн газар нутгийг нөхөн сэргээх зардал асар өндөр гардаг учраас нэг бол хаяад явчихдаг, эсвэл зүгээр булж орхиод түүнийгээ нөхөн сэргээлт хийчихлээ гэж яриад байна шүү дээ. Энэ асуудал олон жил яригдлаа, даруй шийдэх шаардлагатай байна.

Бас нэг чухал зүйл бол уул уурхайг хөгжүүлэх үндсэн бодлого, төлөвлөлтийг сайжруулах ажил юм. Хайгаад олчихсон л бол ашиглах эрх нь нээгдэж байдаг тогтолцооны зарчмаа өөрчлөх хэрэгтэй. Нүүрсний, алтны, зэсийн яг ямар үндсэн түүхий эд бэлтгэх, ямар элементийг олборлох чиглэлээ гол болгох вэ, илэрсэн нөөцөөсөө хэдэн хувийг нь хэдий хугацаанд ашиглах вэ гэдэг ерөнхий багцаа гаргах нь зүйтэй. Олсон орд болгоноо сэндийчээд явбал байгаль орчинд нөлөө багатай уул уурхайн тухай яриад ч хэрэггүй.

Бид эдийн засгийн өсөлтөө нэмэгдүүлнэ гээд бүх ордоо зэрэг ухаад эхэлбэл тогтвортой хөгжил биш, сүйрэл болно шүү дээ. Эдийн засаг, нийгэм, байгаль орчин цогцоороо хамтдаа хөгжиж байж л тогтвортой хөгжил болно. Өмнө нь эдийн засаг л хөгжих ёстой, хүмүүс ажлын байртай, орлоготой болох нь чухал, байгаль орчноо дараа нь нөхөн сэргээе гэсэн ойлголттой байсан бол одоо тэгж болохгүй. Ажлын байр бий болоод үйлдвэрлэл хөгжсөн ч гэсэн байгаль орчин, нийгэм нь өөрөө түүнийгээ даах, шингээх чадвартай байж гэмээнэ тогтвортой хөгжлийн зам руу орж байна гэсэн үг.

Нөхөн сэргээлт хийлгүй орхисон газар нутгийг хэрхэн сэргээх вэ? Энэ асуудлыг шийдэхийн тулд төрөөс хөрөнгө гаргах уу?


 Шинэ хууль, шинэ стандартуудын дагуу байгаль орчинд ямар нэгэн найраа байхгүй гэсэн хатуу бодлого явагдана. Нэгэнт та үйлдвэрлэл явуулж байгаа бол нөхөн сэргээлтээ заавал хийнэ. Усаа бохирдуулсан бол түүнийгээ хамгаалж, цэвэрлэнэ. Агаараа бохирдуулж байгаа бол төлбөрөө төлнө гэдэг хатуу стандартууд бий болсон. Тэгэхээр яг одоо үйл ажиллагаа явуулж буй компаниуд хуулийн дагуу нөхөн сэргээлтээ сайн хийх ёстой. Хийж чадахгүй бол үйл ажиллагааг нь зогсоох хуулийн хэрэгжилтийг хангана. Урд нь нөхөн сэргээлт хийгдээгүй хаягдаж, орхигдсон газруудын хариуцлагыг хүлээх компаниуд нь олдохгүй дампуурсан, бүр социализмийн үед улсын өмчид байж байгаад нөхөн сэргээгдээгүй газрууд ч бий. Тэдгээрийн судалгаа нь өнгөрсөн 2-3 жилд нэлээд дорвитой хийгдсэн. 16 аймгийн 500 орчим газар уул уурхайгаас болоод эвдрэлд орж, хаягдсан гэсэн мэдээ гарсан.

Тэгэхээр холбогдох эздийг хойноос нь хөөгөөд нөхөн сэргээлт явуулахыг шаардана. Харин социализмын үед орхигдсон, зөвхөн уул уурхай ч гэлтгүй батлан хамгаалахын салбар, цэргийн баазуудын нөхөн сэргээгдээгүй газруудад нөхөн сэргээлтийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр энэ удаагийн Засгийн газрын Мөрийн хөтөлбөрт тусгайлан суусан. Товчоор хэлбэл байгаль сүйтгэсэн аж ахуй нэгж нөхөн сэргээлтээ заавал хийх ёстой, эзэн холбогдогч нь тодорхойгүй эвдэрсэн газрыг төр хөрөнгө гаргаад сэргээхээс өөр аргагүй.

Нөхөн сэргээлтээс гадна уурхайн хаалтын асуудал тулгамдаад байгаа. Уурхайн хаалтын шинэ журмын төсөл ч боловсрогдоод, батлагдахаа хүлээж байгаа гэсэн?


Уурхайн хаалт бол маш чухал асуудал. Өнөөдөр манай улсад уул уурхай дөнгөж эхэлж байгаа мэт харагдавч, зарим жижиг уурхай хаагдах шатандаа ирлээ. Бидний ойлгож байгаагаар уурхайн хаалт хэзээ нэгэн цагт, 10-20 жилийн дараа яригдах асуудал биш, уурхай нээгдсэн мөчөөс эхлэх ёстой. Өөрөөр хэлбэл, төлөвлөлт сайн хийгдэх учиртай. Нөхөн сэргээлт, хаалтын санхүүжилттэй холбоотой асуудлууд эхнээсээ хууль журмын дагуу явагдах ёстой. Анхнаасаа байгаль орчны үнэлгээ хийх үеэс л  аж ахуй нэгжүүдэд хатуу шаардлага тавина гэсэн бодолтой байна.

Мөн Шинэчилсэн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт “дүйцүүдэн хамгалах” гэсэн шинэ ойлголт орсон. Дүйцүүлэн хамгаалах гэдэг маань нөхөн сэргээлт хийж байгаа ч гэсэн  уул уурхай тодорхой хэмжээнд байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлдэг учраас өөр нэг газарт байгаль орчныг нөхөн сэргээх, ан амьтанд сөрөг нөлөө үзүүлдэг бол өөр газарт өсгөж үржүүлэх, ойжуулах, цөлжилтийг сааруулах гэх мэт арга хэмжээ авдаг. Нийтдээ баланслаад ерөнхий дүнгээр нь үзэхэд байгаль орчинд үзүүлсэн нөлөө “тэг” байхаар тооцох арга гэсэн үг. Энэ аргыг уул уурхайн компаниуд хэрэгжүүлэхийн төлөө явах байх. Яамны зүгээс ч дүйцүүлэн хамгалаах аргыг нэвтрүүлэхийн тулд анхаарч ажиллах төлөвлөгөөтэй байна.

Уул уурхайн хөгжлийн төв гэж нэрлэгдээд байгаа өмнөд говийн бүс нутаг ашигт малтмалаар баян боловч усаар хомс. Усны ашиглалтыг сайжруулах ямар арга зам байна вэ? Жишээ нь, усны үнийг нэмэх үү?

Говь нутаг гадаргын нөөц багатай, экологийн маш эмзэг тогтоц. Тийм ч учраас энэ бүсийн усны хэрэглээнд төр зүй ёсоор анхаарч, тусгай бодлого баримтлах ёстой. 2010 онд батлагдсан “Ус үндэсний хөтөлбөр”-т говийн бүсийн усны нөөцийн талаар баримтлах бодлого тусгагдсан байгаа. Мөн энэ онд шинэчлэн баталсан “Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай” хуулиар усны төлбөрийг тухайн бүс нутгийн онцлог, хэрэглээний цар хүрээг харгалзан тогтоох зохицуулалтын эрхийг нээж өгсөн. Тэгэхээр цаашид говийн бүсэд явуулж буй уул уурхайн олборлолт, боловсруулалтад ашиглах усны төлбөрийн хэмжээг нэмэгдүүлж, төлбөрийн орлогоор тухайн газарт усны хангамжийг сайжруулахад зарцуулдаг тогтолцоог бүрдүүлэхэд анхаарна. Мөн ус ашиглагчийн хүлээх үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, гадаргын усны урсацын илүүдлийг хуримтлуулан ашиглах, үйлдвэрлэлд усаа эргүүлэн ашигладаг технологийг дэмжих эдийн засаг, санхүүгийн хөшүүргийг банк санхүү, татварын зохицуулалтаар дэмжих зэрэг ажлыг бодлогодоо оруулна.

Байгаль орчны яам бизнес эрхлэгчдийг зөвхөн цагдаж, чангалдаг газар гэсэн ойлголт түгээмэл байдаг. Цэвэр технологитой, байгаль орчинд хал багатай бизнес эрхлэгчдэд үзүүлэх хөнгөлөлт, урамшууллын систем хангалттай хэрэгжиж байгаа юу?


Ер нь аль ч төрлийн бизнес эрхлэгчид нийгмийн хариуцлагатай байх хэрэгтэй. Нөгөө талдаа төр нь хувийн хэвшлийг өөрийн хамтрагч гэж харж ажиллах ёстой. Ингэж аль аль талдаа ойлголцож ажиллаж чадвал үр дүн нь нийгэмд эергээр нөлөөлдөг. Энэ бол дэлхийн орнуудад амжилттай туршигдсан жишиг. Байгаль орчинд ээлтэй болон хал багатай технологи ашигласан бизнес эрхлэгчид үзүүлэх хөнгөлөлт, урамшуулал заавал байх шаардлагатай.  Гол нь тэр урамшуулал нь эргээд тухайн бизнес эрхлэгчдэдээ бодитой хөнгөлөлт болдог байх нь чухал.

Дээр нь төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг зөв уялдуулах тодорхой бодлого, сайн зохицуулалт байж энэ ажил явна. Жишээ нь 2011 онд Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай хуулийн хэрэгжилтийг хангах чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд агаарын бохирдол бууруулах, дулаан алдагдлыг багасгах, эрчим хүч хэмнэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуй нэгж, байгууллагад урамшуулал олгох тухай журам батлагдсан. Журам батлагдаад удаагүй, мэдээлэл багатай байсан, албаны зүгээс зарим ажлаа хангалттай зохион байгуулаагүй зэргээс шалтгаалаад хэрэгжилт нь тийм ч хүртээмжтэй байгаагүй юм билээ. Энэ ажлыг цаашид оновчтой зохион байгуулахаар яам идэвхтэй ажиллаж байна.

Олон шалтгаанаар тусгай хамгаа­лалттай газар нутгийг хамгаалалтаас чөлөөлөх хүсэлт, санал Яаманд ирдэг гэж сонссон. Та энэ асуудал дээр ямар байр суурь баримтлах вэ?

Зарим нэг зайлшгүй шаардлага тулгараад, чөлөөлөх шаардлагатай байсан газруудыг өнгөрсөн Парламентын үед чөлөөлсөн. Ер нь манай яамны бодлого ч тэр, Мянганы хөгжлийн цогц бодлогод ч тэр тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээг нийт газар нутгийн 30 хувь хүртэл нэмэгдүүлэх зорилт тусгагдсан.

Цөлжилттэй тэмцэх, ховор амьтдыг хамгаалах, усны нөөцийг нэмэгдүүлэх гэх мэт гадаад дотоодын олон төсөл хөтөлбөр хэрэгждэг хэрнээ үр дүн төдийлөн гардаггүй нь анзаарагддаг. Гаднаас санал болгож буй төсөл бүрийг алгаа тосоод хүлээж авах шаардлагагүй гэж үзэх хүмүүс ч бий. Төслүүдийн үр дүнг сайжруулахын тулд ямар бодлого, зохицуулалт хийх вэ?

Байгаль орчны салбар нэгэнт бизнесийн зорилгогүй. Зээл хэлбэрээр тусламж аваад, түүнийгээ эргүүлж төлөх гэж улсын төсөвт болон бусад салбартаа дарамт учруулаад байх нь оновчгүй учраас манай салбарт төсөл хөтөлбөр ихэвчлэн буцалтгүй тусламжийн хэлбэрээр хэрэгждэг гэдгийг нь онцлох нь зүйтэй болов уу. Ер нь гадны санхүүжилттэй төслүүдийн тухайд загас өгснөөс, загас барих аргыг зааж өгөх нь илүү үр дүнтэй гэсэн зарчим баримталж ажилладаг учраас хүмүүст барин тавин мэдэгдэхүйц үр дүн тэр бүр харагддаггүй байж болох юм.

Гаднаас санал болгож буй төсөл бүрийг хүлээн авах тухайд Засгийн газрын шугамаар хэрэгжүүлж байгаа төслийн баримт бичгийг анх боловсруулахдаа манай мэргэжилтнүүд орж ажилладаг. Хэрвээ манай бодлоготой зөрөлдөхүйц үйл ажиллагаа санал болгосон тохиолдолд тухайн төслийг хэрэгжүүлэх шаардлагагүй гэж үзээд буцаах нь зүйн хэрэг. Ийм шалтгаанаар төслийн саналыг хүлээж авахгүй байх тохиолдол цөөн гардаг. Тэгэхээр санал болгосон төсөл болгоныг алгаа тосоод хүлээж аваад байдаг гэж ойлгож болохгүй. Төслүүдийн хийж буй ажлуудын үр дүнг сайжруулахын тулд төслийн үйл ажиллагааг ил тод болгох, давхардлыг арилгах, нэн ялангуяа улсын төсвөөр нэгэнт хийж байгаа ажлыг давхардуулан гадны төслөөр хийх гэсэн байдлуудыг арилгах чиглэлд анхаарлаа хандуулна гэж бодож байгаа.

Баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсье.