Хятад өнгөрсөн онд 355 тонн алт олборлосон нь дэлхийн хамгийн том алтны үйлдвэрлэгч болохыг харуулж байна. Тус улс 2007 онд 296 тонн алт олборлож алтны хамгийн том олборлогч болж байсан юм. 1905 оноос хойш 101 жилийн хугацаанд Өмнөд Африк алтны олборлолтоороо тэргүүлдэг байсан билээ.
Дэлхийн алтны нөөцийн долоон хувь нь Хятадад бий. Шаньдун, Хэнань, Фуцзянь, Ляонин гэсэн зүүн бүсийн нутагт алтны уурхайнууд байдаг. 2000 оны байдлаар тус улсад 2000 орчим жижиг алтны уурхай үйл ажиллагаа явуулдаг байсны олонх нь олон улсын стандартад нийцдэггүй, жижиг уурхайнууд байжээ. 2007 оны байдлаар энэ тоо 800 болтлоо буурсан юм. Тус улс 1995 оноос алтны салбартаа гадны хөрөнгө оруулалт татах болсон. Одоо Канад, Австралийн хөрөнгө оруулалттай алтны уурхайнууд Хятадад үйл ажиллагаагаа явуулдаг.
Гэхдээ Хятадын алтны олборлолт нэмэгдсэн ч дэлхийн зах зээлд экспортлохгүй байгааг алтны брокерууд хэлж байна .
Э.Хулан