С.Болд-ЭрдэнэЗасгийн газар Баруун Цанхийг хэрхэн ашиглах талаар Стратегийн хөрөнгө оруулагчидтай шинэ хэлэлцээрт ороод жил гаруй болсон билээ. Тавантолгой ордыг эдийн засгийн ашигтай нөхцөлд бүхлээр нь эргэлтэд оруулахын тулд яалт ч үгүй дэлхийн том компаниудтай “шатрын өрөг” дээр наадахаас өөр замгүй.
Харин энэ тоглоом хоёр жил орчим үргэлжилсэн ч олигтой үр дүнд хүрч чадалгүй, таг зогсоод байна. Тавантолгой ордыг ашиглах гол түлхүүр нь коксжсон нүүрсний хамгийн том талбай болох Баруун Цанхи байв. Баруун Цанхийн талбайг гадаадын хөрөнгө оруулагчидтай хэрхэн хамтран ашиглахаас Тавантолгойн нүүрсний үнэ, тээвэрлэлт, Япон болон БНСУ-ын зах зээлд гарах нь тодорхой болно.
Тоглоом хэрхэн үргэлжлэхийг анхааралтай ажиглаж, үр дүнгээс нь дараагийн алхмаа хийхээр зэхэж байсан “Эрдэнэс Тавантолгой”-д хэлэлцээр зогссон нь хүндхэн даваа болсон. Олон улсын бирж дээр IPO хийж, Монголын улсын бүтэн жилийн төсвийн орлогын дайтай мөнгө олж ирэх үүрэг хүлээсэн “Эрдэнэс Тавантолгой”, түүний Гүйцэтгэх захирал Б.Энэбиш тоглоомыг гацаанаас гаргах ямар нэг нүүдэл хийх хэрэгтэй болов. Тиймдээ ч Б.Энэбиш өөрөө тоглоомд оролцож, гацаад байсан өргийг үргэлжлүүлэх нүүдэл хийсэн нь Баруун Цанхийн уурхайн нээлт. Хамтарсан Засгийн газар тарж, тоглоом мөддөө үргэлжлэхгүй гэдэг нь ойлгомжтой болох үед Б.Энэбиш Баруун Цанхийн уурхайг нээж, болохгүй бол өөрсдөө ч ашигласан яахав хэмээн төлөвлөөд байсан нь энэ сард биеллээ оллоо.
Сонгуулийн өмнөхөн буюу дөрөвдүгээр сард Ерөнхий сайдад энэ талаар хандахад дараагийн Засгийн газартайгаа зөвшилцөж, шийдвэрийг нь хүлээ гэсэн үүргийг С.Батболд өгч. Шинэ Засгийн газар нь байгуулагдаад юун Баруун Цанхийн өрөг манатай. Засгийн газрын шийдвэрийг харж удтал хүлээсний эцэст дүн өвөлтэй золгохоос өмнө “Эрдэнэс Тавантолгой” компани ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувьд Баруун Цанхийн уурхайг нээлээ.
Намрын дунд сарын билигт сайн өдөр “Эрдэнэс Тавантолгой” компани хоёр дахь уурхайнхаа амыг нээх хөрс хуулалтаа эхлүүлэв. Хоёр жилийн өмнөхтэй харьцуулахад энэ удаагийн нээлт нэг талаасаа даруухан болсон. Цогтцэций сумын ИТХ-ын дарга, Засаг дарга хоёрыг эс тооцвол УИХ-ын гишүүн, сайд, томчуудаас нэгээхэн ч дарга уриагүй билээ. Төрийн өмчийн хороо болоод Уул уурхайн яамны албаны хүмүүс ч харагдаагүй. Зочдын дунд хамгийн “том” дарга нь “Эрдэнэс МГЛ”-ын Гүйцэтгэх захирал Я.Долгоржав, Тэргүүн дэд захирал Г.Тэмүүлэн, “Эрдэнэс Тавантолгой” компанийн Гүйцэтгэх захирал Б.Энэбиш, мөн компанийн Уул уурхай эрхэлсэн дэд захирал Грэм Хэнкок нар байлаа. Олон тооны сэтгүүлч, зураглаач ч харагдахгүй. Ингэж даруухан нээлт хийж байгаа шалтгаанаа Б.Энэбиш захирал “Энэ бол манай компанийн удирдлагын хэмжээнд гарч байгаа шийдвэр. Баруун Цанхийн уурхайг нээснээр Стратегийн хөрөнгө оруулагчтай хамтрахаа больсон гэсэн үг биш. Засгийн газар Стратегийн хөрөнгө оруулагчтай хэлэлцээрээ үргэлжлүүлэх нь нээлттэй байгаа. Бид толгой компанитайгаа зөвшилцөөд ийм шийдвэр гаргаж байгаа болохоор уг нээлтийг сүр дуулиан болгохыг хүссэнгүй” хэмээн тайлбарлаж байв.
Нөгөө талаар компанийн хувьд нэлээд нүсэр нээлт болсон гэж болно. Зүүн Цанхийн уурхайг нээж байхад УИХ-ын гишүүд, сайд дарга нар гээд “томчууд”-тай зэрэгцээд “Эрдэнэс Тавантолгой”-н хориодхон ажилтан арав хүрэхгүй техниктэй зогсч байсан нь саяхан. Харин Баруун Цанхийн нээлт дээр “Эрдэнэс Тавантолгой” 300 гаруй ажилтан, 60 гаруй техниктэй, тэр дундаа уурхайн акул гэгддэг 240 тонны зургаан ч Белазтай эгнэснийг харахул Зүүн Цанхийн уурхайтай харьцуулахад зэргэлдээх уурхайнх нь нээлт нүсэр болсон гэлтэй. Энэ богино хугацаанд “Эрдэнэс Тавантолгой” компани хөл дээрээ бат зогсож чаджээ гэж бодогдсон шүү.
Өдгөө Зүүн Цанхийн уурхайгаас 2011-2012 онд нийт гурван сая гаруй тонн нүүрс олборлоод, экспортолчихсон байна. Уг уурхайгаас энэ оны есдүгээр сарын 30-ны байдлаар 6.2 сая м. куб хөрс хуулж, 1.9 сая тонн нүүрс олборложээ. Үүнээс 500 мянган тонн нүүрсийг олборлож, экспортлоход бэлэн болгосон байгаа. Оны үлдсэн хугацаанд 3 сая м.куб хөрс хуулж, 2 сая тонн нүүрс олборлоно хэмээн Зүүн Цанхийн уурхайн дарга Р.Нацагдаш өгүүлсэн билээ.
Олборлолтын хэмжээ нь жил ирэх бүр нэмэгдсээр 2016 он гэхэд 20 сая тонн нүүрс экспортлох хүчин чадалтай дэлхийн том уурхайнуудын нэг болно. Баруун Цанхийн уурхай ч үүнтэй адил ирэх жил нэг сая тонн нүүрс олборлон экспортолж, хэмжээ нь жил дараалан нэмэгдсээр 2017 онд 20 сая тонны хүчин чадалтай болох юм. Бас болоогүй Зүүн Цанхийн уурхайтай адил 20 сая тонны нүүрс угаах үйлдвэр ч энд баригдана. Ингэснээр жилд 40-50 сая тонныг олборлож, экспортлох хүчин чадалтай хоёр том уурхай Тавантолгойн орд дээр ажиллах тэр цаг хугацааг ердөө 4-5 жилийн дараа хэмээн үзэж буйгаа Б.Энэбиш захирал онцолж байв.
Баруун Цанхийн уурхайг цаг алдалгүй нээх нь “Эрдэнэс Тавантолгой” компанид олон талын ач холбогдолтой гэдгийг Б.Энэбиш захирал дахин дахин онцолсон. Наад зах нь Баруун, Зүүн Цанхийн уурхайн төлөвлөлт, дэд бүтцийг хамтад нь шийдэх шаардлагатай бөгөөд одоо энэ нь боломжтой болж байгаа аж. Үүнээс гадна эдийн засгийн хувьд ч өндөр ач холбогдолтой. Хоёр дахь уурхай ажиллаж эхэлснээр эдийн засгийн шинэ боломж бий болж, нүүрсний экспортоос улсын төсөвт орох орлого нэмэгдэн, шинээр олон ажлын байр бий болно.
Мөн Монголын болоод олон улсын Хөрөнгийн биржид хувьцаагаа арилжаалахад ганц Зүүн Цанхийн уурхайгаас гадна Баруун Цанхийн уурхайн үйл ажиллагаа эхэлсэн байх нь компанийн үнэлгээг боломжит өндөр түвшинд хүргэхэд чухал ач холбогдолтой. Цаашлаад дэд бүтэц, үйлдвэрлэлийн төслүүдээ эхлүүлэх, бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалт, санхүүжилтийн асуудлаа шийдвэрлэх гээд Баруун Цанхийн уурхайн нээлт компанийн хэмжээнд өч төчнөөн асуудлыг шийдэж, ажлыг нь урагшлуулах нь дамжиггүй.