Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ярилцлага

Григорий Голдхаук: Монголд хөрөнгө оруулагчид эргэлзэх болсонЯрилцсан Э. Оджаргал

Ярилцсан Э. Оджаргал

Монгол улсад Канад улсаас суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Григорий Голдхауктай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Эрхэм Элчин сайд Та Монголд ажиллаад хоёр жил өнгөрчээ. Таныг анх ирж байсан тэр үеэс хойш Монгол улсын эдийн засаг, тэр дундаа уул уурхайн салбарын хөгжил  хэрхэн өрнөж байна вэ?


Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд эдийн засаг, уул уурхай мэдэгдэхүйц их өөрчлөгджээ.  Монголын зах зээл сайн өсөлттэй, дотоодын болоод гадаадын хөрөнгө оруулагчид өндөр түвшинд үйл ажиллагаа явуулах болсон байна. Өнөөдөр Монголд олон улсын томоохон компаниуд, тэр дунд санхүү, аудитын чиглэлийн компаниуд орж иржээ. Энэ бүхэн нь гадаад харилцаа, эдийн засгийг хөгжүүлэхэд томоохон дэм, түлхэц болох учиртай. Монголын бизнесийг өргөн хүрээтэй болгож байгаа хүчин зүйл бол юуны түрүүнд Оюутолгой, Тавантолгой орд газрууд дахь үйл ажиллагаа юм.

Канад нь Монгол улсын хоёр дахь том хөрөнгө оруулагч билээ. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хөрөнгө оруулалтын орчинд ямар өөрчлөлт гарсан гэж Та үзэж байна вэ? Хөрөнгө оруулалтын өнөөгийн орчныг хэрхэн үнэлэх вэ?

Хоёр жилийн өмнө дэлхийн эдийн засаг хямралтай байсан үе. Одоо ч гэсэн хямралаас бүрэн ангижраагүй байна. Тухайн үед Монголд бараа бүтээгдэхүүний үнэ өслөө гэх зэрэг яриа гардаг байв. Харин одоо санхүүгийн хямрал үргэлжилсээр байгаа ч Монгол улсын эдийн засаг өмнөхөөс илүү чадавхжиж чаджээ. Хятадын эрэлт өссөөр байна. Дотоод дахь бараа бүтээгдэхүүний үнэ харьцангуй хэвийн түвшинд хүрч, огцом хэлбэлзэх нь багассан. Гэхдээ олон улсад байдал тогтворгүй   үед Монголд мөн тогтворгүй байдал нөлөөлөх нь мэдээж. Юуны түрүүнд энэ нь бизнесийн орчинд мэдрэгдэж байгаа юм. Парламентын сонгуулийн өмнө “Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай” шинэ хуулийг баталсан.

Энэ нь хөрөнгө оруулалтын тогтворгүй байдал бий болоход маш том нөлөө үзүүлсэн. Сонгуулиар нэр дэвшигчид үндсэрхэг байр суурийг хүчтэй илэрхийлж байлаа. Одоо гадаадын хөрөнгө оруулалтад тийм ч таатай бус орчин байна. Гадаад, дотоод орчин тодорхойгүй ийм үед бизнесийн орчин тогтворгүй, хөрөнгө оруулагчид эргэлзэх болсон. Гэхдээ би хэтэрхий яарсан дүгнэлт өгч байж магадгүй. Сонгууль дөнгөж өнгөрч, шинэ удирдлагууд шинэ бүтцээрээ төвхнөж амжаагүй байгаа. Гадаадын хөрөнгө оруулалтыг татахын тулд Засгийн газрын хамгийн гол хийх ёстой зүйл нь эдийн засгийн орчныг тогтвортой байлгах явдал юм.       

Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай Монгол улсын хуультай адил агуулгатай эрх зүйн зохицуулалт Канад улсад мөн байдаг биз ээ?


Хөрөнгө оруулалт нь хувь хүн болоод улс орны эдийн засгийн хөгжилд чухал үүрэгтэй. Канадын хувьд худалдааны томоохон зах зээлтэй улс орнуудтай хамтран ажилладаг учир ийм хуулиар зохицуулдаг. Хуульд хөрөнгө оруулалтын хувь хэмжээг өндөр заасан байдаг. Мөн салбаруудын хувь хэмжээ өөр өөр байх жишээтэй. Уян хатан эрх зүйн зохицуулалт бий гэж болно. Монгол улсын шинэ хуулийн хувьд цаад утга санаа нь ойлгомжгүй, тодорхойгүй заалтууд байгаа юм. Энэ хууль нь маш богино хугацаанд боловсруулагдсан учир бага зэрэг түүхий болсон болов уу. Гадаадын хөрөнгө оруулалтыг бага зэрэг үүргээгээд байгаа хандлага ажиглагдсан. Монгол нь хоёр том хөрш улстай учир зарим талаараа хязгаарлагдмал байдаг. Тиймээс олон улсын хөрөнгө оруулалтыг маш ихээр татах ёстой болохоос биш, орж ирэх гэж байгааг нь цааш үргээж болохгүй юм гэдгийг дахин хэлэхийг хүсч байна. Энэ хуулийн бас нэг үр дагавар нь дотоодын компаниудад нөлөө үзүүлсэн. Дотоодын компаниуд гадаад зах зээл дээр худалдаа арилжаа хийхэд  асуудал үүсч байна.    

Олон улсын санхүүгийн  өнөөгийн тогтворгүй  байдал Канад улсад хэрхэн нөлөөлж, мөн ийм байдалд тус улсын зүгээс ямар арга хэмжээг авч байна вэ?

Дэлхийн санхүүгийн байдал тогтворгүй байгаа энэ үед Канадын эдийн засаг харин сайн байгаа. Дэлхийн банкны хийсэн судалгаагаар Канадын банкны систем тогтвортой   гэж дүгнэсэн. Зохицсон зөв бодлого хэрэгжүүлж чадвал тухайн улс санхүүгийн хямралаас эдийн засгаа хамгаалах магадлал нь өндөр байж чаддаг. Сүүлийн мэдээллээр Канадад инфляцын түвшин 6 хувьтай байна. Манай улсын гол зах зээл нь АНУ. 1999-2000 онд экспортын 80 хувь нь тус улсад ногдож байсан бол өнөөдөр 70 хувь  болтлоо буурсан. Ийм үед Канадын бизнесмэнүүд зөвхөн Америк гэлгүй бусад улс оронд шинэ зах зээл эрэлхийлж байна. Тэр дундаа Хятад, Япон, Монгол, БНСУ гээд Азийн орнууд руу чиглэж байгаа. Сүүлийн арван жилийн хугацаанд Ази руу хийсэн худалдаа арилжаа гурав дахин нэмэгдсэн байх жишээтэй.             

Канад-Монгол хоёр улс нь зөвхөн уул уурхай төдийгүй эв найрамдал, сайн засаглал, боловсрол гээд өөр олон чиглэлээр хамтран ажилладаг. Монголын ирээдүй өндөр хөгжилд хүрэх их боломж харагдаж байна.