Австралийн
Нортпаркесын уурхайд зургаан монгол залуу ажиллаж байна. Тэд
“Оюутолгой” компаниас хэрэгжүүлж буй “Шинэ төгсөгчдийн хөтөлбөр”-т
хамрагдан өнгөрсөн тавдугаар сард иржээ. Алт, зэсийн далд уурхайд
мэргэжлээрээ ажиллаж буй эдгээр залуустай MMJ ярилцсан юм. Шинэ цагийн
уул уурхайн өнгө төрх болох залуу мэргэжилтнүүдийн бодол санаа MMJ-ийн
уншигчдад сонин байх биз ээ.
Л.Амгаланбаатар: Австралийн уул уурхайгаас сурах зүйл их бий
Намайг
Лхамсүрэнгийн Амгаланбаатар гэдэг. Би Завхан аймгийн Тэс суманд төрж
өссөн. ШУТИС-ийн Уул уурхайн инженерийн сургуулийн уурхайн цахилгаан
тоног төхөөрөмжийн ашиглалтын ангийг 2012 онд дүүргэсэн. Оюутан байхдаа
“Эрдэнэт”, “Багануур”, “Шивээ-Овоо”, “Бор-Өндөр” зэрэг Монголынхоо
томоохон уурхайд дадлага хийж байлаа. Төгсөх дамжаанд байхад минь
“Оюутолгой” компаниас их, дээд сургуулийн оюутнуудын дунд тэтгэлэгт
хөтөлбөр зарласан юм. Тэнд шалгарснаар “Оюутолгой” компанийн
Баяжуулалтын хэсэгт дадлагажигч оюутнаар ажиллаж эхэлсэн.
Сургуулиа
төгсөөд “Оюутолгой” компанийн “Шинэ төгсөгч” буюу “Graduate Programm of
Rio-Tinto” хоёр жилийн сургалтын хөтөлбөрт хамрагдан Австрали улсын
Нортпаркес уурхайд уурхайн цахилгааны инженерээр ажиллаж байна. Энэ
хөтөлбөр нь шинээр их, дээд сургууль төгссөн оюутнуудад ажлын туршлага
олгох, ажлын байраар хангах, гадаадад сургаж дадлагажуулах зорилготой
юм. Хөтөлбөрт хамрагдсан төгсөгчид хоёр жилийн дараа “Оюутолгой”
компанийн үндсэн ажилтан болно.
Нортпаркес нь ил болон далд
уурхай, хүдэр баяжуулах үйлдвэртэй. Далд уурхайн ашиглалтад блокчлон
олборлох аргыг хэрэглэдэг. Ерөнхийдөө “Оюутолгой” компанитай бүх талаар
адил үйл ажиллагаа явуулдаг. Нортпаркесын уурхайд анх ирэхэд хүмүүсийн
нөхөрсөг харьцаа, илэн далангүй байдал их таалагдсан. Уурхайн ажилчид
дүрэм журам, зааврыг ягштал биелүүлж ажилладаг. Ажлын байрны дүрэм
журмыг бүх хүн дагаж хэрэгжүүлэх ёстой. Хувийн хамгаалах хэрэгслийг ном
журмын дагуу иж бүрнээр нь хэрэглэдэг. Энд ажилладаг хүн бүр уурхайн
дотоод журам, “Рио Тинто” компанийн стандарт болон Австрали улсын
стандартуудыг дагаж мөрддөг.
Миний хувьд Нортпаркесын уурхайн Дэд
бүтцийн хэлтэст уурхайн цахилгааны инженерээр ажиллаж байна. Өнгөрсөн
зургаан сарын хугацаанд Баяжуулах үйлдвэр болон Далд уурхайн цахилгааны
хэлтэст ажиллалаа. Энэ нь ажлын минь төлөвлөгөө, сурах чиглэлтэй
холбоотой юм. Уурхайн өөр өөр хэсэгт ажиллаж, тэдгээрийн ялгаа, онцлог
талыг таньж мэдэх нь их сонирхолтой шүү. Манай Цахилгааны инженерийн
хэсэг уурхайн бүх хэсэгт ажилладаг онцлогтой. Цахилгааны засвар
үйлчилгээний хэсгээс гадна гэрээт компанийнхныг удирддаг юм. Манай
инженерийн багт олон орны хүмүүс ажилладаг. Орон орны зан заншил, ёс
журам өөр ч бүгдээрээ л зөв харилцааг эрхэмлэн, уурхайгаа аюул осолгүй
найдвартай ажиллуулахыг эрмэлздэг. Энэ бүхэн хүмүүстэй зөв харилцах,
тэднийг удирдах, уурхайн үйл ажиллагааг найдвартай явуулах, аюулгүй
ажиллах гээд мэдлэг мэргэжлээ олон талаар дээшлүүлэхэд минь үнэхээр том
боломж олгож байгаа.
Бид компанийнхаа байранд амьдардаг. Ус,
цахилгааны үнийг компаниас төлдөг. Бидний амьдардаг Паркес хот
уурхайгаас 30 км орчим зайтай байрладаг юм. Цэвэрхэн нам гүм сайхан хот
бий.
Манай улсад уул уурхайн салбар хурдацтай хөгжиж буйн хувьд
Австралийн уул уурхайн туршлагаас авч хэрэгжүүлэх, суралцах зүйл их
байна. Байгаль орчинд сөрөг нөлөө багатай хариуцлагатай уурхайн
чиглэлээр энд үнэхээр их ажил хийдэг юм билээ. Бидний ажиллаж буй
Нортпаркесын уурхай ил уурхайнхаа нөхөн сэргээлтийг маш сайн хийсэн
байсан. Бараг л өмнө байснаас нь илүү болгосон юм шиг санагдсан. Нутгийн
оршин суугчид болон ажилчдын эрүүл мэнд, амь нас нэн тэргүүний эрхэмлэх
зүйл нь байдаг. Энэ утгаараа аюулгүй ажиллагааг бүхнээс түрүүнд
тавьдаг. Бас ажилчдынхаа мэдлэг боловсролыг дээшлүүлэх чиглэлээр сургалт
их явуулахаас гадна сайн сайхан амьдрал ахуйн талаас нь ч их анхаардаг
юм. Энэ мэтчилэн Австралиас сурах, шинээр нэвтрүүлэх арга, технологи
зөндөө байна. Миний бодлоор манай уул уурхайн компаниуд энэ бүгдийг
мэддэг ч хэрэгжүүлэхдээ дутмаг байх шиг. Гэхдээ хариуцлагатай уул
уурхайг хөгжүүлэхээр тэмцэж, зүтгэж байгаа хүмүүс бийг үгүйсгэж
болохгүй. Би ч гэсэн энэ чиглэлд өөрийн чадах бүхнээ хийх болно.
С.Мөнхбаясгалан: Мэргэжил маань далд уурхайд ямар чухал болохыг мэдэрч байна
Намайг
Соёл-Эрдэнийн Мөнхбаясгалан гэдэг. 1989 онд Улаанбаатарт төрсөн. Ээж,
дөрвөн дүүгийнхээ хамт амьдардаг. 2011 онд ШУТИС-ийн Геологи газрын
тосны сургуулийг геотехникийн инженер мэргэжлээр төгссөн. Их сургуульд
сурч байхдаа 2010 онд “Оюутолгой” төслийн далд уурхайд геотехникчээр
гурван сар дадлага хийсэн юм. 2011 оны наймдугаар сараас дадлагажигч
геотехникийн инженерээр ажиллаж байна. Бидний зургаан шинэ төгсөгч
Нортпаркесын уурхайд нэг жилийн хугацаатай ажиллахаар ирсэн. Ирээд
зургаан сар болж байна. Ирэх жилийн дөрөвдүгээр сард томилолт дуусна.
Буцаж очоод “Оюутолгой”-доо ажиллана. Цахилгааны инженер, металлургийн
инженер, уурхайн инженер тус бүр нэг, механикийн инженер мэргэжилтэй
хоёр залуу байгаа.
Австралийн Нортпаркесын уурхайн хүдэр
олборлодог блокчлон олборлох аргаар /Block Caving/ “Оюутолгой”-н далд
уурхайд олборлолт явуулах юм. Энэ аргаар хүдэр олборлох болон эхлэх
үеийн геотехникийн ажилд суралцаж байна. Эзэмшсэн мэргэжил маань далд
уурхайд ямар чухал болохыг өдөр ирэх бүр мэдэрч байна. Геотехникийн
инженерчлэл гэдэг нь гадаргын дээр болон дор орших барилга байгууламжийг
цаашид уурхай оршин тогтнох хугацаанд үүсч болох гэнэтийн нуралт,
чулуулгийн гулсалт, байгалийн аюулт үзэгдлээс хамгаалахад чиглэдэг.
Өөрөөр хэлбэл, уурхайг 50 жил ашиглана гэвэл тэр хугацааны бүхий л
тогтвортой байдлыг хангана гэсэн үг. Мэргэжил маань уурхайн насжилт,
тогтвортой байдалтай холбоотой учир уурхайд суурилагдсан геотехникийн
тоног төхөөрөмжүүдээр тандалт судалгаа явуулж, уурхайн тогтвортой
байдлыг цаашид яаж хангах талаар дүгнэлт гаргадаг юм. Тухайлбал, уурхайн
чулуулгийн хөдөлгөөн хэр байна, түүнийг яаж тогтворжуулах, уулын
чулуулгийн даралт болон түүнээс үүсэх аюулаас яаж сэргийлэх, мөн шинээр
хийгдэж байгаа уурхайн хэсэгт яаж аюулгүйгээр нэвтрэлт хийх зэрэг ажлыг
гүйцэтгэдэг.
Нортпаркес нь “Рио Тинто” компанийн уурхай учраас
“Оюутолгой”-н нэгэн адил аюулгүй ажиллагааг эрхэмлэдэг. Мөн өөрийн гэсэн
тариалангийн талбайтайгаараа их онцлог. Тариалангийн талбайгаа
байгалийн тэнцвэрт байдлыг хадгалах зориулалтаар ашигладаг.
Нортпаркесын
уурхай орчмын нутагт анх алт хайх зорилгоор хүмүүс ихээр ирж байсан юм
билээ. Бушмен хэмээх хүн алт олж, түүний нэрээр анхны суурьшлын газраа
нэрлэсэн гэдэг. Дараа нь хот болж тэлэх үед Засгийн газраас нэрийг нь
өөрчлөн Паркес гэж нэрлэсэн түүхтэй. Уурхай Паркес хотын нэрээр
нэрлэгдсэн юм. 1992 онд Засгийн газраас уурхайн үйл ажиллагаа явуулах
зөвшөөрлөө авсан бөгөөд далд уурхайгаа 1996 онд эхлүүлсэн. Оюутолгойтой
харьцуулахад ажил нь эрт эхэлсэн болохоор бүтээн байгуулалт нь цэгцрэн
хүдрээ олборлоод явж байгаа. Оюутолгой бол дэлхийн хэмжээний том орд.
Тэгээд ч залуу уурхай учраас зарим техник тоног төхөөрөмжийн хувьд
Нортпаркесаас арай илүү төдийгүй бүтээн байгуулалтын ажил нь ид өрнөж
байна.
Монголын эдийн засаг уул уурхайн салбараас орж ирж буй
орлогоос хэт хамааралтай. Уул уурхайн салбараа зөв хөгжүүлж чадахаас эх
орны маань ирээдүй ихээхэн шалтгаална. Нортпаркесын уурхай бол уурхайг
олон талын ашигтайгаар яаж аюулгүй ашиглаж болохын том жишээ гэж боддог.
1992 оноос олборлолтоо эхлүүлсэн ч ашиглах явцдаа байгалийн унаган төрх
байдлыг нь буцаан сэргээж байгаа нь онцгой сэтгэгдэл төрүүлдэг.
Оюутолгойг ч гэсэн ингэж ашиглах нь бидний үүрэг. Оюутолгой дэлхийд
танигдсан, байгаль орчинд ээлтэй, аюулгүй том уурхай болно гэдэгт
итгэлтэй байгаа.
Б.Баярмагнай:
Төсөл дээр ажиллаж байгаа хүнд алдах эрх байдаггүй
Намайг
Барсэдийн Баярмагнай гэдэг. 1989 онд Сэлэнгэ аймгийн Баянгол суманд
төрсөн. Ээж дүүгийнхээ хамт амьдардаг. 2011 онд ШУТИС-ийн Уул уурхайн
инженерийн сургуулийг уул уурхайн машин тоног төхөөрөмжийн мэргэжлээр
төгссөн. 2010-2011 онд “Оюутолгой” компанид дадлагажигч оюутнаар, 2011
оноос “Оюутолгой” компанийн ‘’Шинэ төгсөгч” хөтөлбөрт хамрагдан,
ажиллах сурахыг хослуулж байна. Энд ирээд маш их зүйл сурч байгаа.
Багаар ажиллах, цаг төлөвлөлт, удирдан зохион байгуулах чадвар гээд
ихийг ойлгож авч байна. Мөн ажлын хоорондын хамаарал, түүнд ямар
хариуцлага хүлээж байгаагаа сайтар ухамсарлаж байна.
Нортпаркес
нь Шинэ Өмнөд Уэльс (New South Wales) мужийн төв хэсэгт байрладаг алт
зэсийн уурхай. Жилдээ 5 сая тонн хүдрийн биетийг боловсруулж, 60000 тонн
зэсийн баяжмал, 50000 унци алтны баяжмал гаргаж авдаг. “Рио Тинто”
болон “Сумитомо” корпораци хамтран байгуулсан бөгөөд нийт хувьцааны 80
хувийг “Рио Тинто” эзэмшдэг юм билээ. Нортпаркесын уурхай хүний эрүүл
мэндийн асуудлыг нэгдүгээрт авч үздэг нь их сайхан санагддаг.
Би
төслийн механик инженерээр ажилладаг. Ажлын маань онцлог нь ямар нэг
төсөл дээр ажиллахдаа холбогдох бүх зүйлийг зайлшгүй мэдэж байх
шаардлагатай. Аливаа төсөл боловсруулахдаа Австрали болон “Рио
Тинто”-гийн стандартад нийцүүлдэг. Энд ажиллахдаа ажлыг цаг хугацаанд нь
хийхийн чухлыг бүхнээс илүү ойлгож авлаа. Бас аливаа ажилд багийн
ажилллагаа ямар чухал болохыг мэдэрч байна. Шинэ төсөл эхлэх бүртээ
үргэлж шинэ зүйлстэй учирдаг. Тэр бүхнийг сурахын тулд өөрийгөө дайчлаад
мэдэж авч болох ч цаг хугацаа их зарцуулна. Харин туршлагатай хүмүүсээс
асууж зөвлөлдөн, хамтарч ажиллаж чадвал илүү их мэдээлэл олж авч
чадахыг ойлгосон. Төсөл дээр ажиллаж байгаа хүнд алдах эрх байдаггүй.
Техник технологи болон эдийн засгийн үзүүлэлтийг нарийвчилж тооцохгүй
бол жижигхэн алдаанаас болоод төсөл бүхэлдээ нурах магадлал маш өндөр.
Тиймээс гарцаагүй зөвөөр тооцох, шийдэх шаардлагатай байдаг. Энэ бол маш
том хариуцлага.
Бидний
энд амьдарч буй орчин нөхцөл их сайхан. Компаниас байр, эд хогшлоор
хангахаас гадна ус, цахилгааны зардлыг төлдөг. Уурхайн ажилчидтай яг
ижил нөхцөлд бид амьдардаг.
Монголчууд бидний уул уурхайд хандах
хандлагаас эндэхийнх арай өөр. Уурхайн үйл ажиллагаа явагдаж дууссаны
дараа тэнд овоолсон чулуу, сэндийчсэн шороо л үлдэнэ гэсэн ойлголт
монголчуудад түгээмэл байдаг шүү дээ. Харин эндэхийн хүмүүс, уурхай бол
энгийн л байдаг зүйл гэж хүлээж авдаг. Олон жилийн туршлагадаа
тулгуурлаад хүрээлэн буй орчиндоо хөр хөнөөл багатай, аюулгүй уурхайн
технологийг нэвтрүүлж чаддаг болохоор олон нийт түүнд санаа зовдоггүй.
Ер
нь уул уурхай хөгжлийнхөө шатанд байгальд хор хөнөөл учруулж ирсэн ч
хөгжлийн өндөр түвшинд хүрсэн өнөө үед сөрөг асуудлыг эерэгээр шийдэж
чадах боллоо. Энэ нь монголчууд бидэнд сайхан боломжийг бүрдүүлж өгч
байна. Бидэнд энэ арга, техник технологийг шууд ашиглан уул уурхайн үйл
ажиллагаа явуулах боломж байна шүү дээ.
С.Тамир:
Болохгүй гэсэн үг бүрийн ард хэн нэгэн хохирсон байдаг
Намайг
Сарангэрэлийн Тамир гэдэг. 2002 онд ТИС-ийн Уул уурхайн сургуулийг,
2010 онд БНЧУ-ын Остравагийн Техникийн их сургуулийн магистрын ангийг
дүүргэсэн. Уул уурхайн ашиглалтын инженер мэргэжилтэй. “Оюутолгой”
компанийн далд уурхайн төлөвлөлтийн багт нэг жил ажилласан. “Оюутолгой”
миний хувьд ажлын гараагаа эхэлсэн төдийгүй мэргэжлийн хувьд ур чадвараа
ахиулах боломж олгосон газар.
Ахлах инженер Катрина Нобес маань
надад “Рио Тинто”-гийн шинэ төгсөгч инженерийн хөтөлбөрт хамрагдахыг
санал болгосон юм. Энэ хөтөлбөрт сургуулиа дөнгөж төгссөн олон залуус
хамрагдсаныг дараа нь л мэдсэн. Нийтдээ 64 хүн хамрагдсан юм билээ. Тун
удалгүй Австралийн Нортпаркесын уурхай руу явахаар сонгогдсоныг минь
дуулгасан. 64 шинэ төгсөгчийн эхний зургаа нь болж, бид Австралид ирээд
байна.
Олон үндэстнээс бүрдсэн найрсаг хамт олон биднийг
угтаж авсан. Австраличууд их яриа хүмүүс юм билээ. Техникийг алсаас
удирдан, ямар ч хүн жолоодохгүйгээр олборлолт явуулж байгаа нь үнэхээр
сонирхолтой байсан. Одоо ашиглалтад орох гэж байгаа тунель малтагч
комбайн далд уурхайд ашиглах анхны комбайн болно. Бас л их сонирхолтой.
Би
Нортпаркесын уурхайн далд уурхайн техник үйлчилгээний хэлтсийн
инженерийн багт шинэ төгсөгч инженерээр ажиллаж байгаа. Энэ уурхайн
бүхнээс онцлох нэг зүйл нь аюулгүй ажиллагааны дүрмийг ягштал
баримталдаг. Болохгүй гэсэн үг үсэг бүрийн ард хэн нэгэн хохирсон
тохиолдол бий гэдгийг сайтар ухамсарласан байдаг.
Блокчлон
олборлох аргыг Австралид амжилттай хэрэгжүүлж байгаа “Рио Тинто”-гийн
анхны уурхай гэдгээрээ онцлог. Мөн Блокчлон олборлох аргын талаар
дэлхийн хэмжээний сургалтын төв байгуулж, сар гаруйн өмнө нээлтээ
хийсэн. Дэлхийн өнцөг булан бүрт байгаа уул уурхайн мэргэжилтнүүд,
оюутнууд болон блокчлон олборлох аргыг шинээр хэрэглэж байгаа уурхайн
ажилчид энд ирж сургалтад хамрагдах боломжтой. “Оюутолгой”-гоос цөөнгүй
хүн ирж, сургалтад хамрагдаад буцсан. Цаашид ч олон хүн ирэх байх.
Бидэнтэй
холбоотой бүх зардлыг “Оюутолгой” компаниас гаргадаг. Уурхайн байранд
амьдарч байна. Нэг аятайхан зүйл нь “Рио Тинто” компанид удаан
хугацаагаар шилжин ажиллаж байгаа ажилтан гэр бүлээ хамт авч явж болдог.
Энэ шугамаар эхнэр хүү хоёр маань маргааш ирэх гээд хүлээж байна даа.
Австрали
улс уул уурхайн салбараас орж ирдэг мөнгөний урсгалаа иргэдийнхээ эрүүл
мэнд, боловсролд тэр дундаа ирээдүй хойч үедээ зориулдаг юм шиг
санагдсан. Бараг хот бүхэнд мэргэжлийн сургалтын төвүүд бий. Бүгдээрээ
улсын сургуулиуд. Бас дунд сургуулийнхаа боловсролын тогтолцоог
сайжруулах урт хугацааны хөтөлбөр боловсруулан одоо хэрэгжүүлэх гэж
байгаа. Том жижиг гэхгүй бүх л хотод спорт танхим, бүх төрлийн спортын
талбайнууд хангалттай байдаг нь эрүүл мэнддээ хэр их анхаардгийн илрэл
юм.
Р.Эрдэнэчимэг: Уул уурхайг хүний төлөө гэсэн сэтгэлээр ашиглах ёстой
Намайг
Раднаагийн Эрдэнэчимэг гэдэг. 2011 онд Эрдэнэт хотын Ш.Отгонбилэгийн
нэрэмжит Технологийн сургуулийг төмөрлөгийн үйлдвэрлэл, металлургич
мэргэжлээр төгссөн. Сургуулиа төгсөөд “Оюутолгой” ХХК-д ажиллаж байгаад
Нортпаркес уурхайд ирээд байна. “Оюутолгой” компанийн шинэ төгсөгчдийг
хөгжүүлэх хөтөлбөрт хамрагдаж, олон жилийн туршлагатай ийм уурхайд ирж
ажиллаж байгаадаа маш их баяртай байгаа. Анх ирээд аюулгүй ажиллагааны
шаардлага ямар мундаг түвшинд байдгийг хараад үнэхээр өндөр сэтгэгдэл
төрсөн. Өдөр бүр л аюулгүй ажиллагааны чухлыг мэдэрч, түүнийг ажил
амьдралдаа хэрэгжүүлж сурч байна. Аюулгүй ажиллагааны соёл үнэхээр сайн
хөгжсөн уурхай.
Би металлургийн инженерээр ажиллаж байгаа.
Мэргэжлийн хувьд үнэхээр ихийг сурч байна. Тэр бүхнээс хамгийн сайн
ойлгож авсан зүйл маань уурхайг зөвхөн байгалийн баялгийг нь авч
ашиглахын тулд биш хүний төлөө гэсэн сэтгэлээр ашиглах ёстой юм билээ.
Уурхайг ажиллуулахдаа байгалийг хэрхэн нөхөн сэргээж ашиглаж болдгийг
эндээс сурч байна.
Монголдоо уул уурхайд ажиллаж хуримтлуулсан
туршлага байхгүй ч байгалийн баялаг ихтэй манай улсад уул уурхай зөвөөр
хөгжиж чадаагүй гэдэгтэй санал нэг байдаг. Энд сурч, ажиллаж буйн хувьд
уул уурхайг зөвөөр хөгжүүлж чадвал хөгжлийн өндөр түвшинд хүрч болдгийг
харж байна. Хамгийн чухал нь хүнийг, байгалаа дээдэлдэг уурхайн соёлыг
Монголын уул уурхайнуудад шингээж чадвал Монгол улсын маань уул уурхай
эрчимтэй хөгжиж чадна. Энэхүү үлгэр дуурайллыг “Оюутолгой” компани
үзүүлэх байх. Энд сурсан мэдсэн бүхнээрээ өөрийн хувь нэмрээ оруулна гэж
боддог.