Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг

S&P Монголын бондын зэрэглэлийг “BB-” гэж тогтоолоо

Олон улсын санхүүгийн байгууллагууд Монголын Засгийн газрын бондод хөрөнгө оруулахад тохиромжтой биш гэсэн дүгнэлт өгөөд байна. “Standard & Poors” олон улсын санхүүгийн байгууллага Монголын Засгийн газрын удахгүй гаргах гэж буй 5 тэрбум ам.долларын бондын зэрэглэлийг “BB-” гэж тогтоожээ. “Ройтерс” агентлагийн мэдээнд Монголын Засгийн газрын зээлжих зэрэглэл “ВВ-” үзүүлэлттэй байгаа нь тус улсын эдийн засаг эрдсийн экспортоос хэт хамааралтай, улс төрийн бодлого тогтворгүй, хөгжил буурайгаас хамаарч байна гэжээ.

Харин “Fitch” Монголын Засгийн газрын удахгүй гаргах гэж буй 5 тэрбум ам.долларын бондын зэрэглэлийг S&P-ийнхээс нэг шат доогуур буюу “B+” гэж тогтоожээ. Нэг юмуу хоёр B бүхий зэрэглэл нь бүгд хөрөнгө оруулалтын бус буюу найдвартай гэсэн ангилалд ордоггүй байна. Монгол улсын хувьд одоогийн зээлжих зэрэглэлээ дээшлүүлэхийн тулд эдийн засгийг тогтворжуулах бодлогоо эрчимжүүлэх шаардлагатай нь тодорхой байна. Хэдийгээр манай улс Тогтворжуулалтын сан зэрэг эерэг алхам хийж эхэлж байгаа ч эдийн засгийн урт хугацааны бодлогоо илүү сайжруулах шаардлагатай байна. Монголтой адил уул уурхайн салбараа хурдацтайгаар хөгжүүлж буй Индонезийн Засгийн газрын бондын зэрэглэлийг Fitch “BBB-”, Moody “Baa3” гэж тогтоосон нь манайхаас гурван шатаар илүү зэрэглэл юм. Тус улсын зээлжих зэрэглэл нь хөрөнгө оруулахад харьцангуй боломжтой гэсэн “дүн”-тэй байна.

Б.Төгсбилэгт