Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Зах зээл

Зэсийн үнэ ирэх онд өснө

Зэсийн үнэ өнөөдрийн байдлаар Лондоны металын бирж дээр 7680 орчим ам.доллар/тонн-ын үнэтэй байна. Цаашид зэсийн үнэ харьцангуй өсөх төлвийг зарим зах зээлийн судалгааны байгууллагаас гаргажээ. Энэ сард Хятадын PМI буюу үйлдвэрлэлийн салбарын үзүүлэлт сүүлийн арван гурван сарын хугацаан дахь хамгийн дээд үзүүлэлтэд хүрч, 50.4 болсон нь нэлээд эерэг шинж тэмдэг болж байна. Үүнээс гадна АНУ-ын амины орон сууцны зах зээлийн үзүүлэлт сайн байгаа нь зэсийн зах зээл сэргэх нөхцөлийг бүрдүүлээд байна. Олон улсын эдийн засгийн шинжилгээний “Markit Economics” байгууллага Европын нөхцөл байдал төдийлөн сайжрахгүй байгаа ч Хятад, АНУ-ын эдийн засгийн байдал сэргэж эхлээд байгааг онцолж байна.

Хятадын хувьд энэ оны дөрөвдүгээр улиралд эдийн засгийн өсөлт нь 8.4 хувьтай гарахаар байгааг China Daily мэдээлжээ. Энэ нь сүүлийн долоон улирлын турш үргэлжлэн удаашраад байсан тус улсын эдийн засгийн өсөлт эргээд эрчимжих төлөвтэйг харуулж байна. Өнгөрсөн гуравдугаар улиралд тус улсын эдийн засгийн өсөлт 7.4 хувьтай гарсан юм.

Ирэх онд зэсийн үнэ дунджаар 8500 ам.доллар/тонн байх тооцоог зарим судалгааны байгууллага хийжээ. Хэрэв зэсийн ирэх оны дундаж үнэ 8500 ам.долларт хүрэх тооцоо биелвэл хүрэн металын үнэ энэ оныхоос нэлээд өндөр байх юм. Учир нь энэ оны зэсийн дундаж үнийг эхний арван сарын байдлаар тооцоход 8000 ам.доллар/тоннд ч хүрэхгүй байгаа юм.

Б.Төгс