“Сахилгагүй хүмүүсээс уурхайчнаа, ухсан нүхээс уурхайгаа ялгах
хэрэгтэй“ гэж Монголын шилдэг баяжуулагчдын нэг С. Давааням хэлсэн
байдаг. Mining Journal Awards арга хэмжээ яг ийм зарчмаар Оны шилдгийг
шалгаруулдаг. Хариуцлагатай уул уурхайн үйл ажиллагаа явуулж буй
Монголын шилдэг компаниудыг нэрлэдэг энэхүү Ёслол гурав дахь жилдээ
зохион байгуулагдана.
Зул сарын хүндэтгэлт уур амьсгалын эхний
арга хэмжээ болон Mining Journal Awards нээгдэх гэж байна. Blue Sky
цамхгийн Очир эрдэнийн танхимд арванхоёрдугаар сарын 07-ны үдэш Монголын
уул уурхайн салбарын шилдгүүдийг хүндэтгэнэ.
Awards-ын жил
жилийн онцлог бий. Тэрхүү онцлог нь Монголын уул уурхайн салбарын
хөгжлийн зам, толь болдог. Энэ удаагийн шалгаруулалтын “Шилдэг эко
уурхай”, “Уул уурхайн шилдэг технологи” номинацид хамгийн олон компани
материалаа ирүүлж байна. Шалгаруулалт тун өрсөлдөөнтэй болно гэсэн үг.
Түүнчлэн “Хайгуулын шилдэг компани”, “Шилдэг уурхай”, “Уул уурхайн
хариуцлагатай үйл ажиллагаа” номинацид материалаа ирүүлж буй том, жижиг
бүх компанийн тайланд анхаарал татах зүйл нь 2011 оны үзүүлэлтүүдээ 2012
оны дүн мэдээтэйгээ харьцуулсан маш тодорхой статистик тусгагджээ.
Хэдийгээр
2012 он түүхий эдийн зах зээлд халгаатай байж, уул уурхайн үйлдвэрлэл
нийт түвшиндээ хумигдсан дүр зураг харагдаж буй боловч өмнөх жилүүдэд
бэлтгэл нь хангагдсан олон ажил, бүтээн байгуулалт салбарт өрнөсөн
байна. Монголын уул уурхайн гэр бүлийнхэн амсхийх завгүй хөдөлмөрлөж,
хямралыг хохирол багатай давахаар хэр чадлаараа хичээн зүтгэсэн гэсэн
үг.
Уул уурхайн үйл ажиллагааны шат болгоны номинацид компаниуд
тайлан материалаа ирүүлж буйг тэмдэглэхэд таатай байна. Түүнчлэн олон
нийтийн санал асуулга арваннэгдүгээр сарын эхний өдрөөс нээлттэй
явагдаж, хариуцлагатай уул уурхайн компанийг иргэд өөрсдийн дүгнэлтээр
нэрлэсээр байна. Санал асуулга эхэлснээс хойшхи 25 хоногт компаниуд
олон нийтээс ямар үнэлгээ авсныг уншигч Та
www.mongolianminingjournal.com сайтаас сонирхоно уу. Та саналаа мөн
www.news.mn, www.gogo.mn сайтуудаар дамжуулан өгч болно. Санал асуулга
арванхоёрдугаар сарын 03-ны 18.00 цаг хүртэл үргэлжилнэ.
www.mongolianminingjournal.comwww.journalism.mn