О.ХосцэцэгАрваннэгдүгээр
сарын 5-ны өдөр “Рио Тинто” компани БНХАУ-ын “Inner Mongolia Power
corporation” компанитай эрчим хүч худалдан авах гэрээгээ үзэглэсэн
билээ. Эрчим хүчний асуудлаа шийдсэнээр төслийн үйлдвэрлэл эхлэх хугацаа
наашилж нэг ёсондоо “хөхөөн дуу ойртлоо”. Үүний сацуу Оюутолгойн
Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээний санал, дүгнэлтүүд ч нэг
мөр дуусах өдөр ирлээ. Үнэлгээнд Bank watch, London Mining Network,
“Оюутолгойн хяналт” төрийн бус байгууллага зэрэг дотоодын болон олон
улсын байгууллагууд санал шүүмжээ өгч, олон нийтийн мэдээллийн
хэрэгслээр цацсан билээ. Нэр дурдсан байгууллагуудаас үнэлгээнд өгсөн
шүүмж, саналуудын талаар Оюутолгой төслийн холбогдох мэргэжилтнүүдээс
тодруулснаа уншигчдадаа хүргэж байна.
Оюутолгойн Биологийн төрөл зүйлийн судалгааны ахлах ажилтан С.Дорждэрэм: Оюутолгойн
Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ /БОННҮ/-г зээл авахын тулд
зөвхөн санхүүжүүлэгчдэд зориулж гаргав уу, эсвэл олон нийтэд зориулсан
уу гэдэгт хүмүүс эргэлзэж байна. Энэ асуудалд тайлбар өгнө үү?Оюутолгойн
байгаль орчин, нийгэмд нөлөөлөх байдлын үнэлгээ бол хүн бүхэнд
зориулагдсан. Төрийн байгууллага, санхүүжүүлэгчид, иргэд гээд хэн бүхэнд
хамаатай нээлттэй бичиг баримт. Энэ том төслийг байгаль орчин, нийгэмд
хэрхэн хор хохирол багатай, аль болох үр өгөөжтэйгээр төлөвлөх арга
замуудаа тодорхойлсон үнэлгээ. Санхүүжүүлэгч байгууллагуудын
гүйцэтгэлийн стандартад нийцүүлж хийсэн учраас зарим хүмүүс зөвхөн
санхүүжүүлэгчдэд зориулсан гэж ойлгосон байх.
Манай байгаль
орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний 26 боть үнэлгээ байдаг.
Монгол улсынхаа хууль дүрмийн дагуу хийсэн эдгээр үнэлгээнүүд
нэгтгэгдэн, нэгэн цул болсон нь өнөөдөр. Гэхдээ үнэлгээнд агуулагдах
баримт бичгүүд 2000 оноос хойш гарч, холбогдох яамдаар батлагдаж ирсэн.
Тиймээс үйлдвэр ашиглалтад орох гэж байхад үнэлгээ нь дөнгөж гарч байна
гэсэн шүүмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй.
Дээр дурдсан 26 боть
Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг Монголын
нарийвчилсан үнэлгээ хийдэг эрх бүхий байгууллагууд гүйцэтгэж ирсэн.
Нийгмийн чиглэлээр Бодлого судлалын хүрээлэн, МУИС-ийн дэргэдэх Хүн амын
сургалт судалгааны төв хамтран ажилласан. Эдгээрийг олон улсын түвшин,
стандартад нийцүүлж, нэгтгэх ажлыг Citrus Partners хийсэн. 2000 оноос
хойш хийж гүйцэтгэж ирсэн үнэлгээнүүдэд давхардсан зүйл ч бий, орхигдсон
зүйл ч бий. Давхардлыг цэгцэлж, орхигдлыг дүүргэн энэхүү Байгаль орчин,
нийгэмд нөлөөлөх байдлын үнэлгээ бий болсон.
Үнэлгээнд санал
шүүмж өгсөн гадаад, дотоодын байгууллагуудын хамгийн ихээр хөндсөн сэдэв
усны асуудал. Тэд төсөл хэрэгжих хугацаанд усны нөөц хүрэлцэх эсэхэд
эргэлзэж байна?Говийн бүс нутаг гадаргын усгүй ч газрын
гүндээ устай. Говь устай юу, үгүй юу гэдгийг тогтоохын тулд хайгуул
судалгаа хийх нь чухал. Хайгуул хийх л юм бол газрын доорх усны орд
олдохыг үгүйсгэхгүй. Оюутолгойн хувьд усны нөөц хангалттай. Ямар ч
байсан гэрээнийхээ хугацаанд хангалттай хүрэлцэнэ. Гэрээний хугацаанд
хангалттай хүрнэ гэдгийг Гүний хоолойн усны 20 хүрэхгүй хувийг ашиглана
гэсэн тооцоон дээр үндэслэн бардам хэлж байгаа юм. Одоогоор хоногт 100
мянган тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай үйлдвэр бариад байна.
Гүний хоолойгоос 870 литр секунд усыг 30 жил ашиглах гэрээ хийсэн. Усны
нөөцийг батлахдаа энэ дор тэдэн литр ус байна гэх биш, тэдэн литр
секундээр авч ашиглаж болно гэж баталдаг. Хайгуул судалгааны компани
газрын гүн дэх усны ашиглах хэмжээ, дүгнэлтийг гаргасны дараа Усны
газрын дэргэдэх Техникийн зөвлөл түүнийг шүүж, хэлэлцээд эцсийн тоог
гаргадаг. Энэ тоонд эргэлзэж байгаа бол Монголынхоо эрдэмтдийн чадал
чансаанд эргэлзсэнтэй агаар нэг гэж ойлгогдохоор байна.
Өдөрт
100 мянган тонн хүдэр боловсруулахад ус хангалттай хүрэх тооцоотой юм
байна. Компани цаашид энэ тоог өсгөж 150 мянгад хүргэх төлөвлөгөөтэй
байгаа. Энэ үед усны нөөц хүрэх үү?“Оюутолгой”
компани усны асуудал дээр ямар нэгэн байдлаар лобби хийгээд хэн нэгнийг
хахуульдаж, жаахан усыг нь 100 хувь шавхаж ашиглах гээд байгаа юм биш.
Өдөрт 150 мянган тонн хүдэр боловсруулаад эхлэхээр хоногийн хэрэглээ
өндөр болно. Тэр үед хэрэгцээт усаа Гүний хоолойгоос авах боломжтой юу,
үгүй юү гэдгийг Техникийн зөвлөлийн хорооны хурлаар хэлэлцээд нэмэлт
нөөц бодохгүй бол Гүний хоолойн усны түвшний бууралтын хурд сэргээгдэх
хурдаа гүйцэхгүй байх эрсдэл бий. Тиймээс одоогийн тогтоосон нөөц өдөрт
150 мянган тонн хүдэр боловсруулах нөөц биш юм шүү гэдгийг анхааруулсан
юм. Тэрхүү шийдвэрийг хүмүүс өлгөж аваад усны нөөц хүрэхгүй юм байна
гэдэг өнцгөөс харж тайлбарлахыг үгүйсгэхгүй. Дээрээс нь сүүлийн хэдэн
жил ярьж байгаа “Орхон говь”, “Хэрлэн говь” төслүүдийг хэрэгжүүлэх нь
нэг талаараа зөв.
Олон улсад аль болох гадаргын усаа ашиглаж,
гүний усаа нөөцлөх зарчмаар явдаг. Гадаргын ус нь байгаль дээрх
эргэлтээсээ шалтгаалаад нөхөн сэргээгдэх хурд, эрчим нь харьцангуй сайн.
Тиймээс “Орхон говь”, “Хэрлэн говь” төслийг манай компанийн зүгээс
анхааралтай ажиглаад боломжтой бол ашиглана гэдгээ илэрхийлж байгаа
болохоос, бидний усны нөөц хүрэхгүй учраас энэ төслүүдийг заавал дэмжих
хэрэгтэй гэсэн санаа байхгүй. Нэгэнт дэд бүтцийг нь шийдээд ороод ирэх
юм бол тэр усыг нь уурхайдаа аваад ашиглая гэсэн байр суурь бий. Нэмж
хэлэхэд Гүний хоолойн нөөцийг тооцоолохдоо сэргээгдэж буй эрчмийг нь
“00” гэж үзээд, уурхайд ашиглахад хэдэн жил ашиглах вэ, түвшин нь яаж
дээшээ доошоо болох вэ гэдгийг загварчилж тооцоо хийн Техникийн хороонд
оруулсан. Тэр бол барууны стандарт. Хуучин бол манай судалгаа
шинжилгээний байгууллагууд усны хайгуулын нөөцийг тогтоохдоо сэргээгддэг
эрчмийг нь тооцдог байсан. Бид сэргээгдэх байдлыг 00 байхаар тооцсон нь
харин ч сайн талтай.
“Оюутолгой хэрэглэсэн усныхаа 80 хувийг
эргүүлж ашиглах төлөвлөгөөтэй. Усаа хэмнэсэн зөв арга гэж сайшаах нэгэн
байхад, угаас нөөц нь хүрэхгүй учраас өөр аргагүй гэх хардлага ч бий?Бид
Гүний хоолойн ус хүрэхгүй байх вий гэж болгоомжилсондоо биш хамгийн гол
нь усны нөөц ямар ач холбогдолтойг анхаарч үзсэний үндсэн дээр эргүүлж
ашиглах технологийг сонгосон. Хэдийгээр усны нөөц хангалттай байгаа ч
түүнийг өнөөдрөө бодоод ашиглаад дуусгах бус үр хойчдоо үлдээх үүднээс
уурхай дахь бүх усныхаа эргэлтийг дахин дахин ашиглах зарчмаар явж
байгаа юм. Зарим хүмүүсийн тайлбарладаг шиг ус хүрэхгүйдээ ийм технологи
сонгоогүй. Эргүүлж ашиглах усны ууршилт маш бага байхаар тооцоолсон.
Хэрэглэсэн
усаа хуримтлуулах даланг дээшээ усаа ууршуулахгүй, доошоо хөрсөнд
шингээхгүй байхаар хийсэн. Ихэнх уурхайнууд хаягдлын сан гэж маш том
талбайтай зүйл байгуулаад тэндээ хаягдлаа шууд хийдэг. Усаа тунгааж
буцааж авах дамжлага ихэнхдээ байдаггүй. Бороо хур элбэгтэй бүс нутагт
тийм байгууламж илүү ашигтай байдаг. Харин манай нөхцөлд хур багатай,
хуурайшилт ихтэй учраас хаягдлын сан дахь усаа ууршуулаад алдчихна. Бид
хаягдлыг бага багаар хуримтлуулж ашигласнаар ууршилтыг багасгана гэсэн
үг.
“Оюутолгойн хяналт” төрийн бус байгууллагаас танай
БОННҮ-д өгсөн саналдаа говийн бүсэд тохиромжгүй нойтон хаягдлын далан
байгуулсныг шүүмжилж байгаа. Хаягдлын даланг ямар зарчмаар ингэж барьсан
бэ? Хөвүүлэн баяжуулах технологийн дагуу хүдрийн баяжмалын
хаягдал нь хар үгээр хэлбэл бантан шиг зуурмаг болж гардаг. Түүнээс шүүж
авсан усаа эргүүлээд баяжуулах үйлдвэрийнхээ өдөр тутмын хэрэгцээнд
ашиглаад явах юм. Усыг шүүгээд үлдсэн шаар болох шүдний оо шиг хаягдлыг
нойтон хаягдлын сан гэж хэлэхгүй. Үйлдвэрийн хаягдлын сан нь эргэн
тойрны гадаргуугаараа хөрсөнд нэвчихгүй байхаар тооцож, маш олон
давхаргуудыг барьж байна. Суурь ханыг ингэж хийхээс гадна дээд талын
уурших хэсгийн нэгж талбайг багасгаж байгаа.
Хаягдлын даланг
нэгмөсөн том хийхгүйгээр нэгж жижиг жижиг хэсгүүдэд хийгээд битүүмжлээд
явах юм. Хаягдлын сангаас гарч ирэх нэг аюул нь тоосжилт байдаг. Бусад
газар цагаан тоос гэж их ярьдаг даа. Тэр бол хаягдлын сангаас нь үүсээд
байдаг зүйл. Тэгэхээр тоосжилтыг бууруулах үүднээс гадарга дээр бүрхүүл
үүсгэж тоосжилтыг бууруулдаг химийн бодис ашиглах төлөвлөгөөнүүд бий.
Тодорхой хэлбэл, хаягдлын сан маань доороосоо, хананаасаа, дээрээсээ
хамгаалалттай байх юм. Хаягдлын сангийн нэгдүгээр блок ашиглагдаад
дууслаа гэхэд шууд нөхөн сэргээлтийн ажлыг хийгээд явна.
Оюутолгойн уурхайн хаалтын төлөвлөгөө хэзээ бэлэн болох вэ? Нарийн
төлөвлөж боловсруулаагүй ч хаалтын төлөвлөгөө бий. Уурхай хаасны дараа
энэ газар маань аялал жуулчлалын бүс болох уу, малын бэлчээр байдлаар
үлдэх үү, тусгай хамгаалалттай газар болох уу гэдгийг шийдээгүй байгаа
учраас нарийн төлөвлөгөө хараахан гараагүй байна. Хаалтын төлөвлөгөө нь
БОННҮ шиг томоохон баримт бичиг болж гарна. Одоогоор 200 гаруй хуудас
баримт бичиг бидний гар дээр байна. Гол үндсэн зарчмууд, тухайн
зарчмууддаа хэрхэн хүрэх арга замыг энэхүү төлөвлөгөөнд заасан.
Жишээ
нь, тухайн орчин хүн малдаа аюулгүй байх ёстой. Ургамлын хувьд нутгийн
унаган ургамал ургасан байна. Тухайн газрын амьтад эргэж нутагшсан байна
гэх мэт. Уурхайн хаалт гэдэгт зөвхөн байгаль орчны асуудлаас гадна,
нийгмийн, өмч хувьчлалын асуудлууд яригдах учраас бүрэн дүүрэн
төлөвлөгөө бэлэн болоход багагүй хугацаа шаардлагатай. Хаалтын нөхөн
сэргээлтийг ТЭЗҮ-тэй адил 5 жил тутам боловсруулна. Хаах хугацаа дөхөх
тусам илүү нарийвчилсан төлөвлөгөөнд орох зарчмаар явах юм.
Өмнөговь
аймгийн зүүн өмнөд хэсэгт танайхаас гадна нүүрсний цөөнгүй компани үйл
ажиллагаа явуулдаг. Олон том уурхайн хам нөлөөлөл бүс нутагт илэрнэ. Энэ
тал дээр компаниуд хэрхэн хамтарч ажилладаг вэ?Мэдээж
хоорондоо хамтарч ажилладаг. Тодорхой жишээ гэвэл “Энержи Ресурс” манай
компани хамтраад 2011 оны аравдугаар сард Харилцан ойлголцлын санамж
бичиг байгуулсан. Санамж бичгийн агуулга нь хоёр уурхайгаасаа
Гашуунсухайт боомт руу барьж буй замын биологийн олон янз байдал, амьтан
ургамалд үзүүлэх нөлөөг хамтдаа бууруулж, мониторинг судалгааг хамтарч
хийх зорилготой. Ер нь нэг бүс нутагт үйл ажиллагаа явуулж буй компаниуд
хамтран ажиллахад төрийн байгууллагын оролцоо зайлшгүй шаардлагатай
байдаг. Бид хамгийн түрүүнд бусад компаниуддаа үлгэр дууриал болоод явъя
гэсэн үзэл баримтлалтай байгаа.
Өнгөрсөн зургадугаар сард
батлагдсан Байгаль орчны багц хуулинд орсон Стратегийн үнэлгээ,
хуримтлагдах нөлөөллийн үнэлгээ гэсэн ойлголтууд хэрэгжээд эхэлбэл
компаниуд хамтраад хам нөлөөллөө бууруулах, түүнийг нь төр засгийн
байгууллага зангидаад явах боломж бүрдэх юм. Энэ ойлголтууд хэрэгжиж
эхэлтэл зүгээр хүлээгээд суух бус чадлынхаа хэрээр ажлаа хийж байя гээд
хоёр компанийн Гүйцэтгэх захирлууд Санамж бичигт гарын үсэг зураад
ажиллаж байна.