Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг

Засгийн газрын бонд эрэлттэй байв

Монголын Засгийн газраас гаргах 5 тэрбум ам.долларын бондын эхний хэсэг болох 1.5 тэрбум ам.долларын бонд амжилттай зарагдсан тухай олон улсын хэвлэлүүд мэдээлж байна. Засгийн газрын 500 сая ам.долларын таван жилийн хугацаатай бонд нь 4.125 хувийн хүүтэйгээр, харин 1 тэрбум долларын арван жилийн хугацаатай бонд нь 5.125 хувийн хүүтэйгээр арилжаалагджээ. Эрэлтийн хувьд 500 сая долларын богино хугацааны бондыг худалдаж авахаар 310 захиалга ирсэн байна. Мөнгөн дүнгийн хувьд бондын хэмжээнээс 12 дахин их буюу нийтдээ 6 тэрбум ам.долларын захиалга ирүүлжээ. Харин урт хугацааны бондыг худалдаж авахаар 370 захиалга ирсэн нь 9.3 тэрбум ам.долларт хүрчээ. Эдгээр бондын 80 гаруй хувийг институцийн буюу томоохон хөрөнгө оруулагч байгууллагууд худалдаж авсан байна.

Монголын Засгийн газрын бонд ийнхүү өндөр эрэлттэй байсан нь олон улсын хөрөнгө оруулагчид эдийн засгийн таагүй энэ үед өндөр хүүтэй бонд худалдаж авах сонирхолтой байгааг баталж буйг хэвлэлүүд онцолж байна. Хэдийгээр Засгийн газрын түшээд  уг бондыг дөрвөн хувийн хүүтэй худалдаалагдах боломжтой гэж ярьж байсан ч энэ удаад хүү нь ялимгүй өндөр хувьтай гарчээ. Гэхдээ олон улсын хэвлэлүүд дэлхийн эдийн засгийн байдал сайнгүй байгаа энэ үед Монгол улс хөгжингүй орнууд, тухайлбал Италитай адилаар харьцангуй бага хүүтэйгээр бондоо арилжиж чадлаа гэж мэдээлж байна. Италийн хувьд аравдугаар сард 10 жилийн хугацаатай 5.5 хувийн хүүтэй 9 тэрбум ам.долларын бонд гаргасан юм.

Өнгөрсөн гуравдугаар сард Хөгжлийн банк 580 сая ам.долларын бондыг 5.75 хувийн хүүтэйгээр арилжаалж байсантай харьцуулахад сүүлийн гаргасан бонд нэлээд бага хүүтэйгээр худалдаалагджээ. Харин эрэлтийн хувьд өмнөх болон сүүлийн бондын аль аль нь хоорондоо адилавтар буюу гаргасан бодит хэмжээнээсээ 10 дахин өндөр эрэлттэй байв.

Энэ жил хөгжиж буй орнуудын Засгийн газруудын гаргасан бонд нийтдээ 85 тэрбум ам.долларт хүрчээ. Тухайлбал Замби улс өнгөрсөн есдүгээр сард 10 жилийн хугацаатай 5.625 хувийн хүүтэй 750 сая ам.долларын бонд, Болив мөн л урт хугацаатай 4.875 хувийн хүүтэй 500 сая долларын бондыг өнгөрсөн аравдугаар сард гаргажээ. Эдгээр улс орон зээлжих зэрэглэлийн хувьд Монголтой ойролцоо буюу “BB-”; “B+”  байгаа юм.

Монголын Засгийн газрын бондын санхүүжилтийг дэд бүтэц, тэр дундаа авто зам, эрчим хүчний төсөл болон уул уурхайн төсөлд зарцуулахаар төлөвлөж буй ч одоогоор нарийн төлөвлөгөө гараагүй байна.

Олон улсын санхүүгийн корпорацийн мэдээлж буйгаар энэ жил Монголын эдийн засгийн өсөлт өнгөрсөн жилийнхээс нэлээд буурч, 12.7 хувьтай болохоор байгаа ажээ. Мөн гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ өнгөрсөн жил 4.6 тэрбум ам.доллар байсан бол энэ жил 3 тэрбум ам.доллар болж буурах тооцоо гарчээ.

Б.Төгс