“Аэрофлот” компани 2013 онд дотоод үйл ажиллагааны хөрөнгө оруулалтаа 156 сая ам доллар буюу таван тэрбум рубль гэж зарлалаа. Оросын төрийн өмчит хувьцаат нийгэмлэг болох уг компанийн 51 хувийг Засгийн газар нь эзэмшдэг.
Тус компани энэ онд Хятад, Герман, Польшид шинээр 20 чиглэл нээсэн байна. Үүнээс үүдэн 2013 онд 21 сая зорчигч хүлээн авна гэж төлөвлөж байгаа нь энэ оныхоос 19 хувиар өссөн үзүүлэлт юм. 2011 онд 14 сая зорчигч авч байсан бол 2012 оны эхний есөн сарын байдлаар 13.3 сая зорчигч “Аэрофлот”-ын онгоцоор нисчээ.
Мөн 644 сая рублийг дотоод үйлчилгээгээ сайжруулахад зарцуулна гэж тус компаниас мэдэгдсэн. Ялангуяа нислэгийн хоолны чанарыг сайжруулахаар төлөвлөжээ.
Түүнчлэн тус компаниас “Суудлын тооноос олон тасалбар зарах эрх, тасалбар буцаахад төлбөрийг эргүүлэн олгохгүй байх, нислэгийн үед үнэгүй хоолоор үйлчлэх” зэргийг өөрчлөх хэрэгтэй гэж мэдэгджээ. Энэ нь санхүүгийн хяналт тавихад илүү хялбар болгоно гэж мэдэгдэж байна.
Э.Хулан