“Miner”
уншигч Таныг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдал,
эрүүл ахуйн хэлтсийн дарга, Ш.Отгонбилэгийн нэрэмжит Технологийн
сургуулийн профессор Сүрэнгийн Даваанямтай уулзуулж байна. Аж үйлдвэрийн
гавьяат ажилтан, Монгол улсын зөвлөх инженер тэрбээр Монголын Уул
уурхайн салбарын хөгжил дэвшил, ирээдүйн мэргэжилтнийг бэлтгэх их үйлсэд
хүчин зүтгэж, үндэсний баяжуулагчдыг бэлтгэхэд зүтгэлээ зориулж явна.
Ярилцсан Н.Ариунтуяа
ОЮУТОЛГОЙ ХҮНИЙ НӨӨЦӨӨ БЭЛДЭХЭД ЭРДЭНЭТТЭЙ ИЛҮҮ ДОТНО ТҮНШЛЭЭСЭЙ Монголын
уул уурхайн хувьд түүхийн нэгэн шинэ мөчлөг эхэлж байна гэж хэлж болох
байх. Эрдэнэт үйлдвэрийг анх байгуулахад түүнийг авч явах боловсон хүчин
нь үйлдвэртэйгээ хамт бэлтгэгдсэн гэдэг. Тэгвэл Монголын уул уурхайг
цаашид авч явах хүмүүс хэр бэлтгэгдэж байгаа бол? Түүнийг
хэлэх хүн байхгүй байх. Яагаад гэвэл бодлого алга. Үүнийг аль ч яам хэлж
чадахгүй. Хүний нөөцийн асуудал Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам,
Хөдөлмөрийн яам бас бусад яамд ч хамаардаг бололтой. Монгол хүний
хөгжлийн асуудал хаана яваа нь ойлгомжгүй байна шүү дээ.
Уул
уурхайгаас үлдэх сайн зүйл их бий. Ашиг олохоос эхлээд улсын төсөвт
төвлөрүүлдэг татвар нэмэгдэх гээд сайн талуудыг тоочиж болно. Энэ
бүхнээс шинжлэх ухаанлаг уул уурхайг хөгжүүлэх монгол мэргэжилтэн бий
болно гэдэг хамгийн үнэ цэнтэй зүйл юм. Эрдэнэт үйлдвэрийн нийт
ажиллагсдын 96 хувь нь монгол ажилчид. Үйлдвэрийн удирдлага 100 хувь
монголчууд. Өнөөдөр Эрдэнэт үйлдвэр монгол хүний оюун ухаанаар ажиллаж
байна. Тэртээ далаад онд, Эрдэнэт үйлдвэрийг байгуулахаар гэрээ хийсний
дараа Намын Төв Хороо, Сайд нарын Зөвлөлөөс шийдвэр гарган маш олон
залуусыг Герман, Орос, Чех, Польшид сургасан. Тэр бодлогын үр дүн
өнөөдөр ингэж гарч байна. Би ч бас тэр үеийн бүтээгдэхүүний нэг.
Оюутолгойг
ажиллуулах хүмүүс байгаа эсэхийг би хэлж сайн мэдэхгүй. Миний олон шавь
тийшээ явсан. Амжилттай ажиллуулаасай гэж залбирч байна. Оюутолгой
тодорхой хэмжээнд хүнээ сургаж байх шиг байна. Гэхдээ олон хүн сургаж
байгаа нэртэй чанаргүй, бодлогогүй сургалт болох вий. Хэдэн жилийн дараа
бахь байдгаараа, гадаадын үнэтэй нөхөд зөвлөгөө өгдөг хэвээр байвал
хэрэг алга. Монголчууд юу ч мэдэхгүй байна гээд хойш тавьсан байдал
үргэлжлэхгүй байгаасай. Ижил төстэй уурхайд эрдэнэтчүүд маш сайн ажиллаж
байна. Оюутолгой хүний нөөцөө бэлдэх асуудал дээр Эрдэнэттэй арай илүү
зузаан түншилмээр юм биш үү гэж хэлмээр санагддаг. Ажил хийж байж л
сурна. Симулятор, элдэв программ хангамж энэ тэр гээд олон сайхан юм
байгаа ч уурхайн ажил хийж сурах сайхан орчин Эрдэнэтэд одоохондоо байна
шүү.
Өнөөдөр уул уурхайн талаар хүн бүхэн ярьдаг, мэдэмхийрдэг боллоо гээд салбарынхан нэлээд дургүйцэнгүй байдаг? Уул
уурхай үнэхээр л Монгол улсын тэргүүлэх салбар юм бол түүнийгээ
тодорхойлох хэрэгтэй. Мөн гэх мөртлөө биш юм шиг бодлого явуулаад байгаа
биз дээ. Монгол улсын тэргүүлэх салбар нь хөдөө аж ахуй ч юм шиг, аялал
жуулчлал ч юм шиг сонин сонин бодлого явуулна.
Яагаад биш юм шиг бодлого явуулж байна гэж? Уул
уурхай руу мэддэг, мэддэггүй бүгдээрээ дайрч байгаа биз дээ. Сонин
хэвлэлээс эхлээд төрийн түшээд нь хүртэл дайрна. Уул уурхай руу дайрч
байгаа нь уурхайчин руугаа дайрч байгаа хэрэг. Тэгвэл уурхайчид
бүгдээрээ малчин болчихъё л доо. Би гэхэд хонь хариулж чадна. Үнээ
саачихна.
Уурхай гэж ухсан нүх бүрийг хэлэхгүй. Тодорхой зураг
төслийн дагуу судалгаанд үндэслэн хийсэн байгууламжийг уурхай гэж
хэлдэг. Уурхайчин гэж хүрз барьсан хүн бүрийг хэлдэггүй. Газар ухдаг
хүнийг уурхайчин гэхгүй. Уурхайн талаар тодорхой сургууль төгссөн
мэргэжилтэй хүнийг уурхайчин гэдэг. Тэр мэргэжилтэн яаж ухахыг, хэзээ
ухахыг, хэдий хэр ухахыг мэддэг. Гэтэл өнөөдөр “нинжаг” уурхайчин гэж
байна. Бичил уурхайчин ч гэнэ үү. Тэдний олонх нь сахилгагүй хүмүүс
байхгүй юу. Эхлээд уурхайчин, сахилгагүй хүмүүсээ ялгах хэрэгтэй.
Уурхай, ухсан нүх хоёроо ялгах хэрэгтэй. Монголын төр үүнийг хийх ёстой.
Уурхай биш ухсан нүхүүдийг бүгдийг дарах ёстой. Сахилгагүй хүмүүсээр
өөрсдөөр нь булуулж, нөхөн сэргээлгэх хэрэгтэй.
Ерээд он гэхээр
хүн бүхэн гунигтай ч юм шиг нэг түүх ярьдаг даа. Дэлгүүрийн лангуун дээр
давснаас өөр зүйл байгаагүй гээд л. Монгол улсын улс төр, эдийн засгийн
систем задран, юугаа зарж идэх хоол, өмсөх хувцсаа залгах вэ гэсэн
асуултын тэмдэг томоор тавигдсан тэр үед Монголыг хэн аварсан юм бэ?
Нэгд, Эрдэнэт үйлдвэр, хоёрт “Алт” хөтөлбөр. Нөгөө хараагаад байгаа Уул
уурхай Монголыг аварсан юм шүү дээ. Миний мэдэхийн ардчилсан хувьсгалаас
хойших он жилүүдэд Монгол улсыг тэжээж байгаа салбар нь уул уурхай.
Мах, сүүгээ экспортлоод доллар болгосон нь хаана байна. Монгол улсын
экспортын бүтээгдэхүүний 90 орчим хувь нь одоо хэр уул уурхайн
бүтээгдэхүүн байна. Юм үнэнээрээ байх сайхан. Үүнийг монголчууд мартаж
болохгүй. Тэгээд яахаараа уул уурхай руу дайраад байдаг юм.
Би
гомддог. Уурхайчдаа өмөөрмөөр санагддаг. Арай дэндэж байна. Амтай бүхэн
уурхай руу автоматаар галлахыг яана. Энэ жил уул уурхайн салбарын 90 жил
болж байна. Энэ дашрамд уурхайчдадаа Монгол улсад уул уурхай хөгжиж
эхэлсний 90 жилийн ойн баярын мэндийг хүргэж, сайн сайхныг хүсэн ерөөе.
Монголын
ард түмэн энэ олон жил, ядаж зах зээл эхэлснээс хойших 20 жил
тэжээлгэчихээд уурхайчдадаа хүндэтгэлтэй хандаасай билээ. Монголоо
тэжээгээд уурхайчид юу хожсон юм бэ. Дийлэнх нь өвчтэй, бие муутай,
артикулиттай, силикозтой, хөл, нуруу, хүзүү, бөөр, зүрх нь өвддөг хүмүүс
л байна шүү дээ. Олон хүн амь насаа алдсан даа. Бид эрүүл мэндээрээ,
зарим нь амь насаараа хохирлоо. Аюул, эрсдэл ихтэй салбарт, ийм хүнд
хөдөлмөр эрхэлж, Монгол улсынхаа төлөө зүтгэчихээд ингэж өшиглүүлээд
байх уу. Телевизээр ч чичлээд. Тэр чичлээд байгаа сэтгүүлчдийн камер энэ
тэрийг магадгүй уул уурхайнхан авч өгсөн байгаа даа. Зөндөө олон
сэтгүүлч манай Эрдэнэт үйлдвэрээс мөнгө авч камер сэлт авсныг би мэдэх
юм байна. Болиорой гэж хэлмээр байна шүү...
Уул уурхай муу нэртэй байгаад зарим талаараа уурхайчдад ч бас буруутай тал бий байх? Алтны
компаниудыг дийлэнх тохиолдолд мэргэжлийн бус хүмүүс ажиллуулсан
байдаг. Та нар судлаад үзээрэй. Алт угаах бол баяжуулах процесс. Огт
мэргэжлийн бус, бүр юу ч мэдэхгүй хүмүүс түүнийг хийсэн. Баяжуулагч нар
хэзээ ч тэгж алт угаахгүй. Уурхайчин гэдэг чинь мэргэжил. Мэргэжилгүй
хүмүүс уурхайн ажил хийж байхад төр зогсоохгүй, замбараагүй байдал бий
болгочихоод уурхайчдыг баалаад байхдаа яадаг юм. Сахилгагүй хүмүүс
мэдэхгүй зүйлээ болхи, муу хийж байхад төр зогсоох ёстой. Чи боль, ингэж
хийдэггүй юм. Ном дүрмийн дагуу хий гэх байсан. Гэтэл тэгээгүй биз дээ.
Уул уурхайн яамыг татан буулгаад сая хориод жилийн дараа нэг юм
байгууллаа шүү дээ. Улс орноо тэжээдэг гол салбар нь бодлогын яамгүй
өчнөөн жил боллоо. Гэтэл саяхныг хүртэл Эрдэнэт үйлдвэр Монгол улсын
ДНБ-ий талаас илүү хувийг бүтээж байсан. Тэгсэн мөртлөө Хөдөө аж ахуй,
үйлдвэрийн яам, Үйлдвэр, худалдааны яам гээд л сонин сонин нэртэй яаманд
харьяалагдаж, хавсарга салбар төдий явж байлаа.
ЭРДЭНЭТИЙН ОВООНЫ ДЭРГЭД ЭРДМИЙН ОВОО БОСГОХСОН
Таныг
Эрдэнэтийн Технологийн сургуулийн тулгын чулууг тавилцсан хүний нэг
гэдэг. Буцаад Эрдэнэт үйлдвэр рүүгээ ирсэн нь томилолт байсан уу? 1998
онд манай Эрдэнэт үйлдвэр дээр “төрийн эргэлт” шиг юм боллоо шүү дээ.
Одоогийн УИХ-ын дарга З.Энхболд Төрийн өмчийн хорооны дарга байлаа.
Хаалга эвдэн орж Ш.Отгонбилэгийн ажлыг хууль бусаар авч байсан үеийг
Монголын ард түмэн санаж байгаа байх. Тэгэхэд намын харьяаллаар хэсэг
хүн ажилгүй болов. Би МАХН-ын гишүүн байсан учраас Үйлдвэр техникийн
хэлтсийн даргын ажлаас чөлөөлөгдсөн юм. Уг нь би улстөрч биш, тостой,
шороотой инженер хүн. Улс төрөөр оролдоогүй байхад улс төр намайг
оролдоод нэг ийм юм болчихсон. Зарим хүмүүс буруу юм болсон, би
хийгээгүй, Монголын төр хийлгэсэн юм шүү гэдэг. Тэгээд Монголын төр
өнөөг болтол уучлал гуйгаагүй л байна.
Хоёр жил хэртэй ажилгүй
явж байтал Д.Дорлигжав захирал Технологийн сургуулийн захирлын албыг
санал болгов. 1996 онд Эрдэнэт үйлдвэрийн Баяжуулах фабрикийн ерөнхий
инженер байхдаа үйлдвэрийн дэргэдэх сургалтын төвийг Технологийн
сургууль болгож өөрчлөх ажлыг санаачилсан юм. Тэгэхэд ажилчид бэлтгэдэг
сургалтын төв байв. Тэр үед гайгүй, толгой нь ажилладаг инженерүүд маань
ганзагын наймаанд явчихаад мастер хийх хүн олддоггүй. Мастер бэлдэхийн
тулд Технологийн сургуулийг байгуулж, анх удаа ашигт малтмалын
баяжуулагч инженер мэргэжлээр хэдэн хүн элсүүлсэн юм. Хуучнаар Дарханы
Политехникум төгссөн залуусыг хоёр жил сургаж инженер болгоод мастераар
ажиллуулах санаатай хоёр жилийн хөтөлбөр гаргасан хэрэг. Тэр үед
Техникийн их сургуулийн ректор Д.Бадарч багш байлаа. Энэ ажлыг Д.Бадарч
багш, Ш.Отгонбилэг захирал хоёр сайхан дэмжиж, Технологийн дээд
сургуулийг бий болгосон түүхтэй. Тэр үеэс энэ сургуультай хувь заяа минь
холбогдсон.
Сүүлд, ажилгүй байхад минь сургуулийн захирлаар
ажиллахгүй юу гэхэд дуртайяа хүлээж авсан минь ийм учиртай. Технологийн
сургуулийн захирлаар найман жил, өөрөөр хэлбэл хоёр сонгуулийн хугацаанд
ажилласан. Эрдэс боловсруулалтын судалгааны лаборатори байгуулж, овоо
хэдэн залуустай ч болоод байлаа. Нэг ажлыг олон жил хийх тийм ч сайн
зүйл биш, дээр нь гайгүй судалгаа хийчихэж болмоор санагдаад түүн рүүгээ
анхаарахын тулд шавь Ж.Лхагвасүрэндээ ажлаа өгсөн. Одоо ч Технологийн
сургуулийн захирлаар ажиллаж байгаа.
2007 оны есдүгээр сарын
нэгэнд ажлаа өгчихөөд Уул уурхайн тэнхимийн эрхлэгч хийж байтал нэг өдөр
Ч.Ганзориг захирал дуудлаа. Хөдөлмөрийн аюулгүй байдлын асуудал хүнд
байна. Жаахан ул суурьтай үзэхгүй бол болохгүй нь. Чи хийнэ дээ гэлээ.
Нэг орос мэргэжилтэн тээрэмд дарагдан бурхан болсон, жил дараалан хүний
амь эрсэдсэн осол гарч асуудал нэлээд хүндрээд байсан үе. Санал тавьсанд
баярлалаа, би олон жил хийж чадахгүй, хоёр жил ажиллаад буцаж
сургуульдаа очоод дуртай ажлаа хийе гэлээ. Тэгээд Технологийн сургууль
дахь албан тушаал минь хэвээр үлдсэн. Хэлтсийн дарга, Технологийн
сургуулийн профессор гэсэн хоёр ажилтай. 17 цаг хүртэл үйлдвэрийн ажлаа
хийнэ. Орой нь сургууль дээрээ ажиллана. Яваандаа сургуулийнхаа ажлыг
хийх бодолтой байна.
Тэр нь арай илүү хэрэгтэй юм болов уу гэж
бодож явна. Судалгааны төв байгуулах, гадны хөрөнгө оруулалт татах
талаар жаахан толгой дээшээ ажилламаар байна. Сүрэг малд хүртэл өмнө нь
явдаг хуц, ухна гэж бий. Судлаач, эрдэмтэд бол салбарынхаа өмнө явдаг
тэр тэргүүлэгчид нь. Манай уул уурхайн салбар тийм юмгүй болчихсон.
Түүнийг байлгах хамгийн оновчтой газар Эрдэнэт санагдаад байгаа. Яагаад
гэвэл шинжлэх ухаанлаг уул уурхай хөгжсөний 34 жилийн түүх, чадварлаг
мэргэжилтний баг, хүний нөөц Эрдэнэтэд байна. Овоо гайгүй юм ойлгодог,
чаддаг, мэддэг залуучууд бас Эрдэнэтэд байна. Оюутолгой, бусад уурхайд
гол ажлыг хийж байгаа монголчууд гэвэл Эрдэнэтэд ажиллаж байсан хүмүүс л
байдаг.
Ш.Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургуулийг
тойруулаад Эрдэнэтийн овооны дэргэд эрдмийн овоо босгох боломж, нөхцөл
нь байна. Уурхайн ажлыг ойлгодог, чаддаг, мэддэг хүмүүс ирээд инновациа
хэрэгжүүлдэг судалгааны төв байвал Эрдэнэтэд, Монголд хэрэгтэй. Хэзээ
нэг цагт Эрдэнэт үйлдвэр зогсох нь ойлгомжтой. Тэр цагт Эрдэнэтийг
Налайх, Бэрх болгохгүйгээр аврах тийм гарцын нэгийг би Эрдэнэтэд оюунлаг
бүтэц бий болгох, нэмүү өртөг, оюун ухаан шингэсэн бүтээгдэхүүн гаргах
гэж хараад байгаа. Гэтэл одоо хийхгүй бол бас болохгүй болчих гээд
байна. Яагаад гэвэл оросуудын буянаар гайгүй бэлтгэгдсэн мэргэжилтний
нэгэн үе хөгшрөөд, тэтгэвэртээ гарчихвал аюул болно шүү. Энэ хүмүүсийг
байгаа дээр нь босгохгүй бол болохгүй. Уул уурхайн бодлогыг институци
авч явах ёстой юм. Эрдэмтэн судлаачид авч явах ёстой.
Уул
уурхайн талаар ойлголт багатай Д.Ганбаатар мэтийн улс төрчид бол бүр
биш. Тэд уурхайчдаасаа сайн асуумаар юм. Бид чинь бүдүүн баргийн ажил
хийдэг ч сайхан сэтгэлтэй, эр хүний зантай хүмүүс. Гэтэл тэд нөгөө
сахилгагүй хүмүүстэй нийлээд байдаг юм уу. Хэнийг сонсож, хэнээс
мэдээлэл аваад, хэнээр инженерийн, эдийн засгийн тооцоо хийлгээд байгаа
нь ойлгомжгүй байна. Ер нь хэн нэгэн улс төрийн ажил хийж, түмнээ
төлөөлж байгаа бол хариуцлагатай байж, асуудалд ул суурьтай, мэдлэгтэй
хандах ёстой. Ямар гудамжнаас улс төр хийж байгаа биш. Манай зарим “улс
төрчид” УИХ-ын гишүүн болсон ч, төрийн хариуцлагатай өндөр албан тушаал
хашсан ч нөгөө гудамжны зангаа тавихгүй шинжтэй. Төрийн хар ухаан гэж
баймаар даа. Манай улс төрчдөд Монгол төрийн уламжлалт, хамгийн энгийн
хүмүүжлийг олгож баймаар юм.
Оюутолгойн тухай ярихын тулд тэнд
хэрэглэх гэж байгаа техник, технологийн түвшин, баримталдаг стандарт,
удирдлагын систем гээд олон түлхүүр асуудлын талаар хөндөж яримаар
байгаа юм. Гэтэл алаагүй баавгайн арьсыг хуваахтай төстэй юм яриад ард
түмэнд таалагдах гэж жүжиг тоглоод байх юм. Манай Эрдэнэт үйлдвэр 1978
онд ашиглалтад ороод 1983 онд төслийн хүчин чадлаа эзэмшсэн юм шүү дээ.
Бид 5 жил маш хүнд нөхцөлд ажилласан. Шинэ юм гэдэг шинэ л байдаг. Шинэ
Баяжуулах үйлдвэрийг ажиллуулна гэдэг дарга нар шинэ Жийп унаад салхи
татуулан хурдлуулахаас арай өөр. Оюутолгойг тун хүнд хэцүү хөдөлмөр
хүлээж байгаа. Бага боловч тус болохсон гэж би боддог юм. Тус болдоггүй
юмаа гэхэд тушаа болохгүй баймаар. Дэлхийн уурхайчдын бахархал болсон
сайхан үйлдвэр болох байх гэж итгэдэг. Харин тэнд монгол уурхайчдын
оролцоог нэмэгдүүлж, монгол мэргэжилтэн их зүйлийг хурдан сурч аваасай
билээ. Оюутолгойд миний яриад байгаа судлаачдын хэрэг тун их болно. Тийм
монгол мэргэжилтэн Эрдэнэтэд бий. Эрдэнэтийн овооны дэргэд эрдмийн овоо
босгох боломж, нөхцөл нь байна.
Энэ санаагаа ажил хэрэг болгохоор хөөцөлдөж үзэв үү? Боловсрол,
соёл, шинжлэх ухааны яаманд бид саналаа тавьсан. Эрдэнэтийн овоо
тойрсон эрдэмлэг, оюунлаг бүхнийг түшсэн уул уурхайн судалгааны төвийг
төрийн бодлогоор байгуулмаар байна. Эрдэнэт үйлдвэрийг мөнгөтэй байгаа
дээр нь хамтраад тал хөрөнгийг Эрдэнэтээс гаргаад, талыг нь төр, эсвэл
гадны хөрөнгө оруулалт олоод байгуулж болмоор. Төр төрийнхөө компанийг
түшээд байгуулаач. Эрдэнэтээс зөвхөн авахаа бодохын оронд түүгээр
дамжуулаад нийгэмд хэрэгтэй, уул уурхайн хариуцлага хүлээхэд түүчээ
болох тийм бодит зүйл хийхэд туслаач гэж хэлмээр байгаа юм.
Өчнөөн
олон техник мэргэжлийн сургууль байхад байгаагаа томруулахаа бодохгүй
энд тэндгүй ТҮЦ байгуулаад байх юм. Оюутолгой тэндээ нэг сургалтын
төвтэй болно гэнэ. Өөр хаана ч юм нэг байшин барьж байна л гэнэ. Энэ
ТҮЦ-үүдээ одоо болъё оо. Ямар хэрэгтэй юм бэ. Тийм сургалт гэж юу байсан
юм. Би багш хүн. Юу хийж байгааг гадарлаж байна. Ядаж урд нь гараад
алхчих нэг сайн сургууль хэрэгтэй байна. Техник мэргэжлийн сургалт ямар
байх ёстойг жинхэнэ үзүүлдэг сургууль бий болгомоор юм. Говьд тэрийг хэн
хийх юм бэ. Байшин хийх юм уу. Сургуулийг байшин хийхгүй шүү. Сургалтыг
ойлгодог хүмүүс л хийнэ. Уул уурхайн тухай ярьж байгаа бол түүнийг зааж
сургах хүн өөр хаана ч биш, говьд биш, Улаанбаатарт биш, Эрдэнэтэд л
байна. Сайн уурхайчид Эрдэнэтэд байгаа.
Хүмүүс ТҮЦ-ээс талх
авахаа больжээ. Супермаркетаас авдаг болж. Дэлхий бүр гипрмаркет руу
явчихлаа. Үндэстэн дамнасан корпораци, судалгааны төвийн тухай ярьдаг
болж. Дэлхийн жишиг ийм байхад бид энд тэндгүй ТҮЦ байгуулчихаад, бас
болоогүй хоорондоо талцана. Жаахан хавтгай сэтгэмээр байна.
Технологийн
сургуулийн боловсон хүчний нөөц чадавхи хэр вэ? Гайгүй судлаачид байна
уу? Томоохон судалгааны ажлууд хийгдэж байна уу? Технологийн
сургууль Эрдэнэт үйлдвэрийн нэг цех шүү дээ. Хөрөнгө мөнгө нь
тэндэхийнх. Гэтэл нэг л өдөр ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургууль гээд Засгийн
газрын тогтоол 2010 онд гарчихсан. Өмч, хөрөнгийг нь Эрдэнэт мэддэг
мөртлөө сургууль нь ШУТИС-ийнх. Ийм дампуу юм гэж байх уу. Эрдэнэтийн
технологийн сургуулийн эрхзүй ингэж дампуурснаас маш ойлгомжгүй
болчихоод байна.
Гэхдээ эрхзүйг зөв болгоод, жаахан дэмжлэг
үзүүлчихэд ирээдүй бий. Хөгжих ч боломжтой. Бодлогоор дэмжинэ гэж нэг юм
байна даа. Сайншандад технопарк байгуулна гэж яриад байна. Түүн шиг
бодлогоор дэмжээд өгвөл мөн ч олон талын ач холбогдолтой юм. Эрдэнэт
ирэх жил 35 насны ойгоо тэмдэглэнэ. Хөгширч байна. Эрдэнэтийн уурхайн
хаалт гээд л ярьдаг. Уурхайн хаалт бол маш том нийгмийн хариуцлагын
асуудал. Энэ сургуулийн хөгжлийг ЗӨВ болгочихвол Эрдэнэтэд мөнгө олдог
нэг газар бий болно гэдгийг ойлгох хэрэгтэй юм.
Технологийн
сургуульд судлаачид бий. Хийж байгаа судалгаанууд ч зөндөө. Нэлээд олон
компанийн хүдрийн баяжигдах чанарын судалгааг хийж байна. Олон янзын
хүдэр дээр хийдэг. Алт, холимог метал, ураны хүдэрт хүртэл хийсэн.
Харамсалтай нь, монголчууд монголчуудаа тоохгүйн зовлон байна. Нөгөө
талаар дэлхийн нэртэй том компаниудын салбарууд Улаанбаатараар дүүрэн
ороод иржээ. Гэхдээ тэд хулхи судалгаа хийдэг. Ямар ч судалгаа
хийхгүйгээр ганц компьютертэй нөхөр сууж байгаад copy, paste хийнэ. Муу
судалгаа хийсэн бол хариуцлага хүлээх газар алга. Тиймээс эрдэс
боловсруулалтын салбарын судалгаа зөв хийгдсэн эсэхийг мэддэг төрийн
институци байх ёстой. Түүнийг л Эрдэнэтийг тойруулаад хийчихээсэй.
Уул
уурхайн олборлох салбар Монголд овоо болчихлоо. Ямар ч байсан хүдэр,
нүүрс ухаж гаргаад ирж байна. Ачдаг зөөдгийг нь бас хийгээд сурч байх
шиг. Баяжуулах буюу боловсруулдаг тал нь л болохгүй байна. Түүнийг
хийчих өөдтэй байгууллага алга. Ашигт малтмал баяжуулалтын чиглэлээр
туршлагажсан, боломжийн мэргэжилтэнтэй Эрдэнэт үйлдвэрийг байхад төр
хөшүүргээ хэрэглэн нэг институци бий болгочих боломж байна шүү дээ.
Түүнийг хурдан бөгөөд сайн хийхэд гадны хөрөнгө оруулалт хэрэгтэй. Гадны
мундаг компанитай хамтарсан том судалгааны төвтэй болчихвол өнөө ганц
компьютертэй институциуд алга болно доо.
“Эрдэнэт” үйлдвэрт буцаж ирээд хөдөлмөрийн аюулгүй байдлын асуудлыг шийдэхийн тулд ямар ажил хийв ээ?Би
бодсон бүхнээ хийсэн. Хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй байдлыг тойрсон
гурван сайн зүйл бий болгосон. Эхнийх нь хөдөлмөрийн аюулгүй байдал,
эрүүл ахуйн удирдлагын системийг шинэчлэн боловсруулж, олон улсын
стандартад нийцсэн дүрэм журамтай болгосон. Удирдлагын систем, хандлага,
тогтолцооны бичиг баримт гэсэн үг. Үүнийг Эрдэнэт үйлдвэрийн хүн бүхэн
мөрддөг. Бусад уул уурхайн компаниуд хуулаад бүгдээрээ хэрэгжүүлж болно.
Хуулж байгаа компаниуд ч бий.
Монгол улсын өөрийн хууль, стандарт байгаагүй юм уу? Хэрэглэвэл
байлгүй яахав. Даанч хэрэгжүүлдэггүй. Хөдөлмөрийн аюулгүй байдлын СОЁЛ
бүх ажлын үндэс байдаг. Удирдлагын системийн салшгүй хэсэг төдийгүй
нийгмийн хариуцлагатай сайн компани болохын суурь байгаа юм. Гэтэл
манайд дарга нар тэгж ойлгодоггүй. Эрдэнэтэд ч мөн адил бүх дарга нар
ижил түвшинд ойлгоогүй яваа. Үүнийг нэг өдөр хийчихдэг ч ажил биш юм.
Хоёрдахь
сайн зүйл гэж бодож байгаа маань сургалтын систем. Сургалт,
зааварчилгаа гэдэг зүйл хуулинд бичигдсэн ёсоор Эрдэнэтэд хэрэгжиж
байгаа. Монгол улсын уул уурхайн салбарт хөдөлмөрийн аюулгүй байдал,
эрүүл ахуйн ойлголтод жишиг, брэнд болох сургалт хийгдэж байгаа. Энд
Оюутолгой, Ухаахудагаас эхлээд Монголын бүх уул уурхайн компаниас ирж
сурдаг. Муу сургалт байсан бол хүн ирэхгүй биз дээ. Бид улам сайн
болгохыг хичээж байна. Хамгийн сүүлд дотоод аудиторын сургалт хийлээ.
Хөндлөнгийн аудитын сургалт ч хийсэн. Гаднаас сургагч багш авчран олон
улсын хэмжээний аудитор бэлтгэх сургалт явуулж, 16 хүн төгсгөлөө. Тэр 16
хүн олон улсын ямар ч компанид аудит хийх эрхтэй. Энэ бол маш том ажил,
том амжилт. Манай улсын байцаагч нар тийм эрхгүй шүү дээ. Монголын төр
энэ талаар бодож амжихгүй байх шиг байна.
Гуравдахь сайн зүйл нь
хөдөлмөрийн аюулгүй байдалд чухал байр суурьтай хамгаалах хэрэгслийг
стандартай болгосон. Олон улсын шаардлагад нийцсэн хамгаалах хувцас,
хэрэгслийн стандарттай боллоо. Урьд нь бол нэг наймаачин хүрч ирээд
цүнхтэй хувцас шахдаг байлаа. Шахна гэдэг нь нэг даргад хэдийг өгнө.
Дахиад нэг даргад хэдийг өгнө. Шат шатанд өгч явсаар гутал авахад 50
доллар зарах байсан бол арвыг нэг даргад, ахиад арвыг нэг даргад өгч
явсаар гутлаа 30 доллараар авах болдог. Хямд гутал муу л байж таарна.
Түүнээс болж ажилчин хүний эрүүл мэнд хохирно. Ажлын хувцасны даавуу нь
стандартад нийцэхгүй нимгэхэн. Оч үсрэхээр түлэгдчихнэ. Ийм л байсан.
Одоо
бол стандартад нийцсэн хувцас, хэрэгслийг л авна. Энэ ажил маань онцгой
сайн болчихлоо гэж үзэхгүй ч хэрэгжих шатандаа явна. Цаашлаад хамгаалах
хэрэгслийн хангамжаар аутсорсинг хийнэ. Ажилчин хүн гутлаа нийлүүлдэг
компаниас нь сонгож авдаг болгоно. Өөрийнхөө хөлд таарч тохирсныг
сонгоно. Зарим нь түрийтэй гуталд дуртай байхад зарим нь түрийгүйд
дуртай байдаг даа. Хүн сэтгэлийн амьтан гэдэг нь хамгаалах хэрэгсэл,
гутал дээр харагддаг юм. Энэ гутлыг ав гээд өгчихвөл тувт шүүмжилнэ.
Харин сонгоод ав гэсэн бол бурууг авчихжээ, нөгөөг нь авдаг байж гэж
өөртөө бурууг өгөх жишээтэй.
Эрдэнэт үйлдвэрт муу санадаггүй хүн
миний оронд томилогдвол энэ гурван ажлыг цааш нь үргэлжлүүлээд аваад
явах байх. Нэг залууг бэлдэж байгаа. Ц.Оргил гэж залуу бий. Хөдөлмөрийн
аюулгүй байдал, эрүүл ахуйтай холбоотой зүйлийг дандаа шинэчлээд байж
болдоггүй. Тодорхой системийг бий болгоод түүнийгээ сайн давтаж, мөрдөж
байх ёстой. Тийм давтагдсан зүйлд би өөрөө дургүй. Эрдэс боловсруулалтын
судалгаа руу түлхүү анхаарах бодолтой байна.
Хэсэг нөхөд бэлдэж
байсан чинь Оюутолгой руу хуйлраад алга болсон. Нэгийг нь явуулчихсан
чинь багш аа, тэрийг авмаар байна, энийг авмаар байна гэсээр бүгдийг
аваад явсан. Одоо шинэ хүмүүстэй ажиллаж байна. Инкубатораар бол
бойжигчид. Тэдэнд цаг зав гаргахгүй бол болохгүй нь. Ерөөс мэргэжилтэн
бэлтгэнэ гэдэг хүний хандлагын асуудал байдаг. Цагаа байн байн харан,
ажлын цаг дуусахыг хүлээдэг хүн хэзээ ч судлаач инженер болохгүй.
Амарсан ч, ажилласан ч ажлаа үргэлж боддог байх ёстой. Би шавь нартаа
ажлаа хийн амар, амрангаа ажлаа хий гэдэг юм. Ажил хийж кайф авах сайхан
шүү.
Эрдэнэтэд одоо хэдэн хүн ажиллаж байна вэ? 5900.
Тэднийг жинхэнэ уурхайчид гэж ямар нэгэн хашилтгүйгээр хэлж болно. Үе
дамжсан уурхайчид энд л байна. Гурван үе дамжиж байж жинхэнэ уурхайчин
болдог юм гэнэ лээ. Малчны хүү сэтгэлзүйн хувьд хараахан уурхайчин
болоогүй гэсэн үг. Эрдэнэтийн цэцэрлэгийн хүүхдээс БЕЛАЗ гэж юү вэ гэхэд
түвэггүй хариулна. Хөдөөний хүүхэд бол чадахгүй дээ. Би ярианаасаа бага
зэрэг холдоод уурхайчдынхаа тухай нэг онигоо ярих уу.
Тэг л дээ.
Эрдэнэтийн
нэг цэцэрлэгийн хүүхдүүдээр “Баяр” гэсэн сэдвээр зураг зуруулжээ.
Дийлэнх нь тавагтай алим, бууз, шил архи тавьсан баярын ширээ зурж.
Гэтэл нэг хүүхэд бариултай томоо шил зурсан байх юм гэнэ. Энэ юу вэ
гэхэд 3 литрийн виски гэжээ.
Эрдэнэтийн уурхайчид оросуудаа
дагаад архи жаахан “зална”. Тэр нь хүүхдийн сэтгэхүйд ингэж нөлөөлдөг
байна. Сайн жишиг биш л дээ. “Бороо гоулд” ч юмуу Оюутолгойд архи уусан
хүнийг шууд халдаг. Эрдэнэт үйлдвэр хоёр жилийн өмнө тийм тушаал
гаргасан. Архи согтууруулах ундаа хэрэглэнэ гэсэн ойлголт одоо байхгүй.
Н.Энхбаяр
ерөнхийлөгч сонгуулийн сурталчилгаагаар ирээд, Эрдэнэтэд оросуудаас
сурсан нэг сайн, нэг муу зүйл байна гэж хэлсэн юм. Сайн нь айлд гутлаа
тайлаад ордог, муу нь стаканаар архи уудаг гэж шүүмжиллээ. “Уурхайчин”
соёлын ордонд болсон энэ уулзалтын үеэр манай ил уурхайн нэлээд гайгүй
сайн уурхайчин, хөөе, Ерөнхийлөгч өө, та буруу ярьж байна. Наадах чинь
хоёулаа сайн гэж маргалдаж байсан юм. /инээв/
Манай Эрдэнэтийнхэн
“архи цохьдог” таагүй зуршлаа бас сайнаар тайлбарлана. Уурхай тоостой.
Тоосны 72 хувь нь цахиурын давхар исэл байдаг юм. Тоосжилтоос силикоз
гэж алдартай өвчин үүсдэг. Хронический бронхит болно. Түүнээс спирт
авардаг гэсэн цуу тоглоом шоглоомоор явчихсан.
Уурхайчин
хүний хувьд таны төсөөллийг сонирхмоор байна. Оюутолгойн үйл
ажиллагаагаа эхэлснээр Монголд сайн, муу ямар үр дагаврууд авчрах бол? Би
Оюутолгойг сайхан ажиллаасай билээ гэж зөвхөн боддог биш бүр залбирдаг
хүний нэг. Тэр сайхан юмыг ажил хийж чаддаггүй хүмүүс “будаа болгож”
мэднэ. Хүн л эцсийн эцэст болохоо байлгадаг. Дэм дэмэндээ, дээс эрчиндээ
гэдэг дээ. Тэнд ажиллаж байгаа гадаадын зөвлөхүүдтэй хамтарч байгаад
сайхан ажиллуулчих юмсан.
Эрдэнэтийг анх ажиллуулахад нийт
ажиллагсдын 60 орчим хувь нь оросууд байсан юм. Таван жилийн дараа ажил
жигдэрсэн гэж би ярьсан даа. Тэгэхээр Оюутолгойг Эрдэнэт шиг ажиллуулж,
бүх юм нь таарсан зохицсон болгоход мөн ч их хөдөлмөр, эрч хүч
шаардагдах нь ээ дээ. Ажил нь дөнгөж эхэлж байгаа энэ үед монголчууд
маань тус болдоггүй юм гэхэд тушаа битгий болоосой гэж дахин хэлье.
УИХ-ын даргаасаа өгсүүлээд жирийн малчин хүртлээ. Туслах л хэрэгтэй
байна. Болж өгвөл тус дэм болохсон гэж би боддог юм. Оюутолгойд
Эрдэнэтээс авах юм их бий дээ.
Тэгээд Эрдэнэтээс авч байгаа юм байна уу? Нэг
их хайхрахгүй байх шиг. Гэхдээ ирнээ. Хэсэг бүлгээрээ ирээд үзэж хараад
явдаг. Үүнийг би чамладаг юм. Ганц хоёр өдөр үзлээ гээд юу сурах вэ.
Саяхан баяжмал савлаж, ачиж явуулах асуудлаар 7-8 хүн ирж үзээд явсан.
Хоёр хонов уу даа. Ямар бурхан биш. Тийм богино хугацаанд юу ойлгож,
сурах вэ дээ. Эрдэнэтээс сурч болох бүхнийг сурахын тулд хүмүүсээ
Эрдэнэтэд аваачаад дагалдуулаад орхичих л доо. “Рио Тинто”-гийн уурхайд
монгол залуусыг жилээр ажиллуулж байгаа шиг. Дэлхийн мундаг том компани
учраас “Рио Тинто” санаа зовдог юм уу, эсвэл улаан Оросын үлдэгдэл гээд
бэргэдэг юмуу. Нэг л хөндийдүү байх шиг санагддаг.
Эрдэнэт Оюутолгой хоёрт өрсөлдөөн байна уу? Ямар
юмны өрсөлдөөн байх вэ. Монгол хүмүүс юм сурахад ичиж зовоод яах вэ. Би
бол Оюутолгойгоос зөндөө юм сурсан. Тийм тийм зүйлийг Оюутолгойгоос
авсан гээд тоочиход бэлэн байна. Ерөөс санаа зовохгүй. Тиймээс
ичихгүйгээр Эрдэнэтээс суралцаасай гэж боддог.
САЙН МЭРГЭЖИЛТНИЙГ ХАДГАЛНА ГЭДЭГ МЕНЕЖМЕНТ ЮМ Эрдэнэтийн нөөц, ирээдүйн талаар түрүүн та хальт дурдаад өнгөрлөө? Уул
уурхайг нөөцтэй холбож их ярьдаг. Нөөцөөс хамаарах нь хамаарна. Гэхдээ
энэ бол нэг л үзүүлэлт нь. Бүгдийг цогцоор авч үзэх хэрэгтэй. Дэлхий
дээр зэс хэрэглэхээ больчихвол яах вэ гэж чи бодож үзэж байв уу. 15
жилийн өмнө бид гар утсыг ийм хэмжээнд хөгжинө гэж тооцож байсан уу.
Үгүй шүү дээ. Түүн шиг цахилгааныг зэсээс өөр зүйлээр дамжуулдаг
болчихвол яана.
Бид Эрдэнэт хаагдахад үргэлж бэлэн байх ёстой
юм. Заавал нөөц дуусч байж хаагдах талаар бодох ёсгүй. Нөөц хангалттай
их бий. Эргэн тойрон хайгуул хийж байна. Жил бүр нөөцөө нэмж байна.
Өнгөрсөн жил гэхэд 1 сая орчим тонн зэсийн нөөц илрүүллээ. Сая тонн бол
Эрдэнэтийн 7-8 жил ажиллах нөөц. Гэхдээ нөөцөөс гадна хаагдах янз бүрийн
тохиолдол гарч болно. Хаягдал хаяж буй далан дүүрснээс хаагдаж мэднэ.
Газар дор булсан труба “будаа” болж болно. Байшин нурж болно. Дампуу
удирдлага ирээд будаа болгож чадна. Өнөөдрийнх шиг Эрдэнэтээр дандаа улс
төр хийж, цаашдаа мэргэжлийн бус, сонин нөхдийг дарга, захирал, цехийн
дарга болгоод байвал аажимдаа нурна. Ухаангүй менежмент бол маш аюултай.
Үүнээс болоод цөөхөн жилийн дотор юу ч үгүй болж мэднэ. Манай энэ
мундагчууд чинь үйлдвэрээр улс төр их хийнэ. Энэ нь маш аюултай. Нөгөө
хэдэн тос шороотой инженерүүдийг нь улстөрчдөөр сольчихвол яана.
Одоохондоо бол Эрдэнэт гэж машин ажиллаад байгаа байхгүй юу.
Тэгвэл маргааш хаагдана гэхэд Эрдэнэт үйлдвэр бэлэн байна уу? Бэлэн
биш. Тиймээс ядаж нэг гарц бий болгохсон гээд байгаа юм. Оюун ухаанаа
зардаг, өөдтэй судалгаа хийдэг сайхан төв байгуулчихвал Монгол улс,
Монгол улсын уул уурхай, Эрдэнэт л хожино. Олон гарцын нэг нь энэ дээ.
Өөр ямар гарцууд байж болох вэ? Технопарк байна.
Эрдэнэтэд дэд бүтэц сайхан хөгжчихлөө. Жижиг, дунд үйлдвэр хөгжүүлэх
боломжууд байна. Эрдэнэтийн цагаан тоос гэж яриад байгаа тэр шороогоор
барилгын материал үйлдвэрлэж болно. Гоё гутлыг нь биш юм гэхэд ажлын
гутал хийж яагаад болохгүй гэж. Ажлын хувцас оёж болж байна. Хятадуудын
оёод байгааг монгол эмэгтэй яагаад хийж болдоггүй юм. Монгол
компаниудаасаа аль мундагийг нь шалгаруулаад, түүнийгээ төрийн бодлогоор
дэмжиж, зээл өгч, машин тоног төхөөрөмжийг сайжруулаад явбал болохгүй
юмгүй. Тэднийг томруулах хэрэгтэй байна. Оёдлын үйлдвэр гэхэд Монголд
бараг 50-60-аад юм байх шиг. Гэтэл хүчин чадал нь маш бага. Хэдхэн
машинтай. Түүнийг ямар үйлдвэр гэх вэ. Ядаж ганц том үйлдвэртэй болмоор
байна шүү дээ.
Таныг эрдмийн ажлаараа Эрдэнэт үйлдвэрт шинэ технологи нэвтрүүлсэн гэдэг? “Зэс,
молибдений баяжмалыг салгахад сонгомол үйлчилгээтэй урвалж хэрэглэх
технологи” гэсэн сэдэв л дээ. Энэ сэдэв маань Оросынхоор бол техникийн
ухааны дэд эрдэмтний зэрэг хамгаалсан ажил. Одоо энэ технологоор манай
баяжуулах фабрик ажиллаж байна. Миний эрдмийн ажил бол санаа нийлсэн
орос, монгол олон сайхан мэргэжилтний олон жилийн ажлын үр дүн юм. Би
ганцаараа өмчилж болохгүй. Идэвхтэй хамтран ажилласан хэн нэгний нэрийг
дурдвал нөгөө нь гомдох тул энэ удаад нэр дурдаад яахав. Миний багш,
нэртэй эрдэмтэн судлаач А.М.Десятов гэж доктор бий. Бидний ажлын үр дүнд
Эрдэнэт үйлдвэр жилд 2,2 сая ам.долларын үр ашиг олох тооцоо гарсан.
Анх
1995 онд Ж.Баатархүү доктор, В.И.Соколов бид гурав Эрдэнэтээс АНУ-ын
Сан Франциско хотод болсон Олон улсын баяжуулагчдын конгресст оролцож,
манайхтай төстэй үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцах боломж гарсан юм.
Үзсэн, сонссон зүйл их, маш үр дүнтэй аялал болсон. Тэдгээрийн дотроос
хүдэр нь ижилхэн байгаад байдаг, зэс, молибдены баяжмал салгахдаа
халаалт байхгүй технологи хэрэглэж байгаа нь онцгой анхаарал татсан.
Ямар учиртайг асууж явсаар S703 серийн хэдэн урвалж авчраад, лабораторид
туршиж үзсэн чинь маш сайн үр дүн өглөө. Тэгээд таван жилийн турш хагас
үйлдвэрлэлийн туршилт, дараа нь үйлдвэрлэлийн туршилт хийгээд, хэрэглэж
болох юм байна гэсэн дүгнэлт гарсан. Энэ хооронд өчнөөн юм болсон.
Хэчнээн ч маргаан, хэрүүл болов. Шинэ юм хэцүү шүү дээ. Бараг л
үйлдвэрлэлийн төлөвлөгөө тасалсан гэмт хэрэгтэн хүртэл болж явлаа.
Яахаараа гэмт хэрэгтэн болчихдог билээ? Хуучнаас
шинэ технологид шилжих шилжилт хийхэд дунд нь зөрүү гараад нэлээд
хэмжээний баяжмал алга болчихгүй юу. Алга болох юу байхав, завсрын
бүтээгдэхүүн хэлбэрээр 50 метрийн голчтой өтгөрүүлэгч дотор орчихсон
хэрэг л дээ. Тэр бүтээгдэхүүн бэлэн бүтээгдэхүүн, таваарын зэсийн
баяжмал болтлоо хугацаа шаардах байсан юм. Ер нь хүнд нөхцөлд
нэвтрүүлсэн дээ. Дараа нь ач буяныг нь бүгдээрээ ойлгосон, үзсэн. Ямар
мундаг зүйл болсныг хүлээн зөвшөөрсөн. Боллоо. Хийсэн ажлын минь төлөө
Монголын төр намайг үнэлсэн. Би Монгол улсын аж үйлдвэрийн гавьяат
ажилтан хүн.
Энэ технологийг нэвтрүүлсний төлөө үнэлсэн үнэлгээ юү? Тийм
байх. 2009 онд “Монгол улсын аж үйлдвэрийн гавьяат ажилтан” цолоор
шагнуулсан. Тодорхойлолтод нь олон л зүйл бичсэн байдаг. Боловсролын
салбарт ажилласан, үйлдвэрлэлд ажилласан гээд. Эрдэнэт үйлдвэрийн техник
технологийн концепцийг анх оросуудтай хамт санаачлан хийж байлаа.
Эхнийх нь 1994-2004 он хүртэл. Ямар ч байсан энэ үйлдвэрийн техник,
технологийг шинэчлэх шаардлагатай гэсэн санааг гарган, анх энэ асуудлыг
дэвшүүлж байлаа.
Та уул уурхайн салбарт өдий хүртэл ажиллахдаа сайн үйл юу бүтээв ээ гэж бодож үзэж байв уу? Тийм
ээ. Хүн өдөр бүр хийсэн бүтээснээ үнэлж, цэгнэж, маргааш хийх зүйлээ
сайтар бодож, төлөвлөж байх хэрэгтэй. Эрдэнэтэд ирсэнээс хойш 32 дахь
жилийн нүүрээ үзэж байна. Би энэ он жилүүдэд Баяжуулах фабрикийн техник,
технологийг шинэчлэх, хүний нөөцөөр хангах талаар санаа тавьж нэлээд
олон санаачилга гаргасан байдаг юм. Нэг хэсэг фабрикийн Давааням гэж
хүмүүс ярьдаг байсан. Баяжуулахын мэргэжилтэн бэлтгэх сургууль нээж,
анхных нь хичээлүүдээс нь зааж байлаа. Их ажлын хажуугаар хичээл заана
гэдэг хэцүү.
Тэгэхдээ шинэ хичээлийг нэг ч монгол номгүйгээр
монгол хэл дээр заах бүр хэцүү. Уул уурхайн сургууль дээр анх
баяжуулахын анги нээгээд Баденникова Галина Александровна багшийг
Оросоос урьж “Эрдэнэтийн баяжуулах фабрикийн инженер” гэсэн албан тушаал
дээр Улаанбаатарт Уулын сургуульд багшлуулж байлаа. Дараа нь энэ
мэргэжлээр Эрдэнэтэд сургууль нээсэн. Анхны ангиас гурван залууг сонгон
Эрдэнэт үйлдвэрийн зардлаар Америкт баяжуулахын сургуульд явуулж байв.
Түүний нэг нь одоо Оюутолгойн баяжуулах үйлдвэрийн даргаар ажиллаж буй
М.Ганболд. Нэмэхбаяр мөн л Оюутолгойд ажиллаж байгаа. Нацагдорж Америкт
ажиллаж байна. Сайн мэргэжилтнийг хадгална гэдэг менежмент юм даа.
Өөрөөс нь тэнэг нөхөр яаманд очоод, том дарга болоод байхаар дургүй
хүрэхгүй хэн байх вэ. Тийм юм зөндөө байна.
Ер нь залуучууд
сургууль төгсөөд л хамаг юмыг мэдчихсэн мэт санаад байдаг. Тийм биш. Хүн
ажил хийж байж юм сурдаг. Болж өгвөл үйлдвэрлэл дээр ажилласан хүн
яаманд ажиллах ёстой юм. Үйлдвэрлэлийн процессын зовлон жаргалыг
мэдэрдэг, уурхайн ажлыг хараад гадарладаг, хандлагыг нь ойлгодог хүмүүс
тэнд ажилламаар байна. Үйлдвэрлэл дээр ажиллаагүй хүнийг мэргэжилтэн гэж
хэлэмгүй санагддаг. Нэг ч удаа ээлжинд гарч үзээгүй хүнийг ямар юмны
уурхайчин гэх вэ.
Ер нь хүний нөөцийн бодлогод уурхайчин,
удирдлага гэж хэнийг хэлэх нь стандарттай байх ёстой. Яагаад гадны
компаниуд CV цуглуулаад, туршлага хараад байна вэ. Гэтэл манай яаманд
тийм юм байхгүй. Үгэнд ордог хүнийг л дарга болгоно. Юм мэддэггүй хүний
үгэнд түүнээс дор мэдлэгтэй хүн орно. Би ажлаа мэдэхгүй даргын мулгуу
шаардлагад бол орохгүй. Уурхайчны зовлон жаргалыг тэр хүнээс арай дээр
мэдэж байгаа учраас. Энэ тогтолцоогоо өөрчлөхгүй бол, тэнэг хүмүүсээ
ухаалаг хүмүүсээр солихгүй, тэнэгүүдийг тэнэгээр солиод байвал юу ч
өөрчлөгдөхгүй. Тэнэг гэдгийг доромжилсон тэнэгээр бүү ойлгоорой. Алдаа
гаргадаг хүнийг ахиад л алдаа гаргадаг хүнээр солихоор өнөө алдаа чинь
давтагдаад явна биз дээ.
Би хүний нөөцийн удирдлагын талаар
АНУ-ын нэртэй эрдэмтэн Лаури Стаутын “Хүний нөөцийн удирдлага” номыг
С.Дулмаа багштай хамтран орчуулж, олны хүртээл болгосон юм. Удирдагч
нарын жинхэнэ ширээний ном доо. Манай сайд, дарга нар сайн судалж
уншмаар байгаа юм. Нөхдийнхөө хамт Баяжуулах фабрикийн 30 жилийн түүхийг
бичиж үлдээсэн. “Технологийн сургуулийн түүхэн замнал” номыг 30 жилийнх
нь ойгоор Б.Мажинбуу багш, сургуулийнхаа хамт олонтой хамтарч гаргав.
Манай сургуулийн түүх сайхан шүү. Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч,
сэтгүүлч С.Зэвсэгийн хамт “хэлмэгдэж” явсан хэдэн нөхөд, Эрдэнэтийн
тухай, Ш.Отгонбилэг захирлын удирдахуйн агуу их ухаан, арга барилын
талаар “Шагдарын Отгонбилэг: Монголоо тээсэн он жилүүд” номыг бүтээсэн.
2004 онд Эрдэнэтийн Баяжуулах фабрик дээр Л.Оюунцэцэг, Ш.Гэзэгт нарын
хэсэг нөхдийн хамт Бүтээмжийн хөдөлгөөн өрнүүлсэн нь өнөөдөр Эрдэнэт
үйлдвэрийн хөгжил, дэвшлийн түлхүүр болсоор байна.
Бүтээмжийн
хөдөлгөөн олон цех, хэсэгт өрнөж хүмүүсийн ажил хийх сайхан харилцааг
бий болгож байгааг харах урамтай байдаг. Японы алдарт судлаач эрдэмтэн
Масаки Имаин “Кайзан” хэмээх номыг орчуулж хамтран зүтгэгч доктор
Д.Болдбаатар, профессор Л.Оюунцэцэг, шавь Л.Дэлгэрмаа нарын
тусламжтайгаар “Кайзан-Бүтээмжийн үндэс” ном болгон эмхэтгэн хэвлүүлж,
Эрдэнэтийн Баяжуулах фабрикийн Бүтээмжийн хөдөлгөөний сайн туршлагыг
бусдад түгээн дэлгэрүүлэхийг хичээв. Үр дүн муу биш. Ашигт малтмал
баяжуулах, металлургийн чиглэлээр олон арван сурах бичиг, гарын авлагыг
П.Оюунсүрэн багш, Ц.Доржгарам нарын хамтран зүтгэгч, шавь нартайгаа
хамтран монгол хэл дээр бий болголоо. Анх 1996 онд эхэлж байсныгаа
бодвол овоо хэдэн номтой болсон. “Ашигт малтмал баяжуулах үндэс” анхны
ном улаан хавтастай 30 ширхэг хэвлэгдсэн нь “Улаан ном” нэр хүртэж, үе
үеийн баяжуулагчид гар дамжуулан судалсан даа.
Тэр номын нэг
хувийг музейд өгөхөөр хадгалж байгаа. Эрдэнэтийн Баяжуулах фабрикийн
Технологийн регламентийн анхны хувилбарыг И.Ш.Сатаевтай хамтран гаргаж
байсан түүх бас сонин. Сүүлийн жилүүдэд ХАБЭА, ЗӨВ ажил, амьдралын
талаар гарын авлага, лекцийн материал нэлээд гаргаж байна. Уурхайчид
маань хүнд, хэцүү хөдөлмөр эрхэлдэг ч эрсдэл багатай орчинд, сэтгэл
хангалуун ажиллаж, амьдрах ёстой гэж би боддог. Тийм боломж ч бий. Энэ
жил хэсэг нөхдийн хамт Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын
удирдлагын тогтолцоо-Шаардлага OSHAS-18001:2007 олон улсын стандартыг
Монгол улсын MNS стандарт болгон боловсруулах, нутагшуулах ажлыг зохион
байгуулж байна. Гэх мэтээр яривал олон сайхан дурсамжаас гадна хийх
ажлууд зөндөө байна.
Та уул уурхайн салбар дахь гадаадын хөрөнгө оруулалтын талаар ямар бодолтой явдаг вэ?
Зөв
гэж боддог. Монголд их мөнгөтэй хүн алга байна шүү дээ. Ганц эксковатор
худалдаад авчих мөнгөтэй монгол хүн, компани хаана байна вэ. Уул
уурхайг хөгжүүлэхэд их хөрөнгө шаардагдана. Худалдаж авч хүчрэхгүй нь
гээд газрын баялгаа ашиглахгүй байгаад байх уу.
Би Оюутолгойг
очиж үзээд үнэхээр биширсэн. Ийм том бүтээн байгуулалтыг ямар их
хөрөнгөөр хийж байна вэ. Техник, технологи үнэхээр мундаг. Инженер хүний
дэлхийн түвшинд сэтгэж болох бүхнийг хийсэн байна гэж харсан. Би
Эрдэнэт үйлдвэрийн буянд дэлхийн хамгийн шилдэг гэж нэрлэгддэг бүх
уурхайг очиж үзсэн. Тэр шилдэг уурхайнуудад ажилладаг хүмүүс Оюутолгойг
ирж үзвэл дуу алдана. Эрдэнэтэд ирээд дуу алддаг юм шүү дээ. Хөөх, ийм
байдаг юм уу гэдэг. Байдаг байхгүй юу. Монголчууд түүнийг хийж чадаж
байна.
Нийгмийн хариуцлага гэдгийг манайд хандив тусламж
төдийхнөөр ойлгох нь түгээмэл. Цаашлаад сургууль, цэцэрлэг байгуулж
өгөхөөр хязгаарлаж ойлгодог тал бий?Хандлагын л асуудал
байгаа юм. Мөнгө зарахаас гадна менежментийн багц асуудал. Менежмент нь
мөнгөгүйгээр бас бүтэхгүй. Манай Эрдэнэт үйлдвэр оношлогооны төв барьж
байгаа. Монголчууд оношлуулахын тулд маш их мөнгийг гадаад руу урсгадаг.
Яагаад Монголдоо оношилж, эмчилж болдоггүй юм гэсэн асуудлыг манай
ерөнхий захирал Ч.Ганзориг авч үзсэн байгаа юм. Би энэ ажлыг бүтээсэй
билээ гэж хүсдэг. Ийм алхам хийж байгаа компаниа Монголын төр дэмжих
ёстой. Олон улсын ийм төсөл байна, үүгээр дэмжие гэх байтал, энэ
Ганзориг бизнес хийж байна гэх байдлаар хандах юм.
Ямар ч
дэмжлэггүй, бор зүрхээрээ явж байна. Эрүүл мэндийн сайд гэхэд, та нар
ийм зүйл хийж байгаа бол бид мэргэжлийн ийм туслалцаа үзүүлье, ийм сайн
мэргэжилтнээ ажиллуулъя гэх ёстой биз дээ. Гэтэл тийм юм харагдахгүй
байх шиг санагддаг. Нийгэмд хариуцлагатай үйлдэл хийж байгаа иймэрхүү
алхамыг дэмжихгүй байх шиг. Хараад байхад, дөрвөн жилийн хугацаатай
бодлого хэрэгжүүлэгчид ирээдүйтэй юм хийхгүй шинжтэй. Намын гишүүн
нэртэй баахан барлагууддаа өртэй болчихсон, тэдэндээ яаж өрөө төлөх вэ
гэсэн байдлаар ажил явж байна. Сонгуулийн үеэр сонин барьж гүйсэн
залуугийн өмнө хариуцлага хүлээнэ гэдэг мөртлөө нийгэмд хариуцлага
хүлээдэггүй систем Монголд бий болжээ. Үүнийг өөрчлөх хэрэгтэй. Цөөхөн
хэдүүлхнээ байж, намаар нь, гуу жалгаар нь, хөгшин залуугаар нь ялгаад
байвал нийтлэг хөгжилд хүрэхгүй шүү.