Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Зах зээл

Зэсийн үнэ 8000 доллар давав

Зэсийн хамгийн том хэрэглэгч болох Хятадын үйлдвэрлэлийн эрчмийн үзүүлэлт буюу Purchasing managers index (PMI) өнгөрсөн арваннэгдүгээр сард 50.6-д хүрснийг өчигдөр албан ёсоор зарлав. Энэхүү үзүүлэлт нь Хятадын хувьд сүүлийн долоон сарын хугацаан дахь хамгийн өндөр үзүүлэлт болж байгаа юм. Уг мэдээлэл цацагдмагц Лондоны металын бирж дээр өнгөрсөн долоо хоногийн байдлаар 7750 орчим ам.доллар/тоннд хэлбэлзэж байсан хүрэн металын үнийг багагүй хэмжээгээр өсөхөд нөлөөлжээ. Өчигдрийн арилжаагаар Лондоны металын бирж дээр зэсийн үнэ 8045 ам.доллар/тонн хүрсэн байна. Өнөөдөр уг бирж дээр зэсийн гурван сарын гэрээт үнэ ялимгүй буурч 8015 ам.доллар/тонн болоод байгаа ч өсөлттэй байдлаа хэвээр хадгалах төлөвтэй байна.

Шинжээчид АНУ, Европын холбооны орнуудын төр засаг он дуусахын өмнө эдийн засгийг сайжруулах нааштай бодлого, хөтөлбөрийг авч хэрэгжүүлнэ гэж таамаглаж  буй юм. Зөвхөн Хятад гэлтгүй эдгээр томоохон эдийн засгийн гүрний хийх алхам ирэх онд эрдсийн түүхий эдийн эрэлт сайн байх эсэхийг шийдэх учир шинжээчид өөдрөг таамаглал дэвшүүлэхээ азнаж байна. Гэхдээ цаашдаа зэсийн эрэлт нийлүүлэлтээсээ давах хандлагатай байгаа нь хүрэн металын үнэ унахгүй байх найдварийг нэмэгдүүлж буй юм. Тухайлбал Barclay-гийн тооцоогоор ирэх онд зэсийн нийлүүлэлт эрэлтээсээ мөн л бага байх төлөв гарчээ. Ирэх оны эхний хагаст гэхэд зэсийн эрэлт нийлүүлэлтээсээ 346 мянган тонноор их байх таамгийг тус байгууллага дэвшүүлжээ. Харин үнийн хувьд ирэх оны эхний хагаст зэс энэ жилийнхээс харьцангуй өндөр буюу 8300 ам.доллар/тонн байх урьдчилсан таамаг гарчээ.

Б.Төгс