Өмнөговь аймагт уул уурхайн үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжийн тоо өсч байгаатай холбогдуулж 2012 онд Гашуунсухайт, Шивээхүрэнгийн боомтуудад нүүрс тээврийн гарцын өргөтгөл хийсэн билээ. Ингэснээр тус хоёр боомт жилд дунджаар 30 сая тонн нүүрс экспортлох хүчин чадалтай болжээ. Гэхдээ арванхоёрдугаар сарын байдлаар хилийн хоёр боомтоор 18.2 сая тонн нүүрс экспортолсон гэсэн тооцоо байна. Энэ нь Хятадын эдийн засгийн удааширлаас үүдэн гангийн үйлдвэрлэл буурсан болон дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ буурсантай холбоотой аж.
Уг хоёр хилийн боомтын хөгжилд тулгамдаж буй асуудлын талаар “Өмнөговь болон Дорноговь аймгийн хот байгуулалт хилийн ойролцоох суурин газруудын хөгжлийн төсөл” уулзалт өчигдөр “Пума империал” зочид буудалд боллоо.
Нүүрс тээврийн гарцыг нэмэгдүүлэх ажил удаашралтай байгааг хуралд оролцогчид онцолж байна. Мөн боомт хотыг дагасан банк, ачаа тээшийг хадгалах, тээвэрлэх үйлчилгээ, зочид буудал, нийтийн хоолны үйлчилгээний газар байхгүй болон цахилгаан эрчим хүч, ундны усны асуудал шийдэгдээгүй зэрэг Өмнөговь аймгийн хилийн хоёр боомтод тулгамдаж буй асуудлын талаар ч ярилцлаа. Дээрх хэлэлцүүлгийг Энержи консултинг болон AEKON-оос зохион байгуулсан юм.
Э.Хулан