Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

Стратегийн хөрөнгө оруулалтын хуульд өөрчлөлт орно

Өнгөрсөн тавдугаар сард батлагдсан “Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хууль”-д өөрчлөлт оруулахаар болжээ. Засгийн газраас тус хуулийн хэд хэд заалтад өөрчлөлт оруулахаар төлөвлөж байгаа аж.

Тухайлбал хуулийн 4.7-д “Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийн гадаадын хөрөнгө оруулагчийн эзэмших хувь хэмжээ 49 хувиас илүү гарах бөгөөд тухайн үед оруулах хөрөнгө оруулалтын хэмжээ нь 100 тэрбум төгрөгнөөс давах тохиолдолд Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал шийдвэрлэнэ. Бусад тохиолдолд зөвшөөрөл олгох асуудлыг Засгийн газар шийдвэрлэнэ” гэсэн байдаг.

Тэгвэл хөрөнгө оруулалтын хэмжээг 100 тэрбум төгрөгөөр хязгаарласан хуулийн заалтыг өөрчлөхөөр яригдаж байгаа бөгөөд 800 сая доллар болгон өсгөж магадгүй хэмээн эх сурвалж мэдээлж байна. Мөн Засгийн газрын зөвшөөрөл өгөх 45 хоногийн хугацааг ч өөрчилж магадгүй байгаа аж. Ямар ч байсан уг хуульд өөрчлөлт оруулах төслийг хууль хэрэгжүүлэх журмын хамт энэ онд багтаан Засгийн газрын хуралдаанд оруулахаар яригдаж байна.

Сонгуулийн өмнө яаран баталсан уг хуульд засч залруулах зүйл олон бийг хуульч, эдийн засагчид хэлдэг. Хууль гарснаас хойш Монгол улсад орох гадаадын шууд хөрөнгө оруулалт ихээхэн багасч, Монголын компаниудын хувьцааны ханш огцом унаж байв. Хэдий ерөнхий агуулгын хувьд зөв зүйтэй хууль гарсан боловч түүнийг хэрэгжүүлэх журам нь одоог хүртэл гараагүй, хэрэгжүүлэгч байгууллага нь татан буугдсан гээд тодорхойгүй зүйл олон байгаа. Харин Засгийн газрын зүгээс тун удахгүй хуулийг хэрэгжүүлэх журмыг батлах төлөвтэй байгаа бөгөөд журмын төслийг бэлэн болгожээ. Mongolian Mining Journal шинэ дугаартаа уг журмын төслийг бүрэн эхээр нь нийтэлж байна.

С.Болд-Эрдэнэ