Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ мэдээлэл

Антарктидын 0 цэг дээр Монгол хүн анх удаа очино

ШУТИС-ийн Геологи, газрын тосны сургуулийн  профессор, Монголын Антарктидын нийгэмлэгийн тэргүүн Л.Дүгэржав өмнөд туйлын газар зүйн 0 цэг дээр очихоор өнгөрсөн бямба  гаригт Антарктидыг  зорьлоо. Тус цэгийг Амундсен Скотт гэж нэрлэдэг бөгөөд Монгол хүн анх удаагаа очих гэж буй нь энэ юм.  Хойд туйл болон өмнөд туйлыг холбосон 0 цэгийг ертөнцийн зулай ч гэдэг.

“О цэг дээр мод тавьж байгаад хэдхэн секундын дотор дэлхийг тойрчихож болно. Экватороор тойрно гэх юм бол 42 мянган км явж байж дэлхийг тойрно шүү дээ” хэмээн  профессор Л.Дүгэржав саяхан нэгэн хэвлэлд онцлон ярьжээ.

Тэрээр уг эрхийг авахын тулд  бүтэн дөрвөн жил хөөцөлдөж байж Америкийн баазаас энэ жилийн квотыг авчээ.  Монгол улсын  Ерөнхий сайд Н.Алтанхуяг түүнд Монгол Улсын төрийн далбааг гардуулан өгч, аялалд нь амжилт хүссэн байна.

Өмнө нь судалгааны зорилгоор гурван ч удаа тус тивд зочлоод ирсэн Л.Дүгэржав энэ удаад судалгааныхаа зэрэгцээ өмнөд туйлын 0 цэгт эх орныхоо далбааг мандуулж, Монгол улсаа  дэлхийд сурталчлан таниулах эрхэм  зорилго өвөрлөжээ.    “Он гарахын өмнөхөн би Ерөнхийлөгч Ерөнхий сайд болон ард түмэнтэйгээ мөсөн тивээс иридиум утсаар холбогдон мэндчилгээ дэвшүүлэх болно” тэрээр хэллээ.

2011-2013 оныг “Олон улсын туйлын жил” болгон зарласантай холбогдуулан дэлхийн олон орны судлаачид Антарктид тив дээр ажиллаж байгаа юм.Энэ удаагийн экспедицэд 16 орны судлаачид багтсан ба хоёр сарын хугацаанд ажиллах гэнэ.

Энэ удаагийн аяллаар Болгарын Антарктидын хүрээлэн, Монголын Антарктидын нийгэмлэг, Ус, цаг уур орчны шинжилгээний газар хамтран ажиллаж дэлхийн цаг агаарын дулаарал, Антарктид тивийн мөс эрчимтэй хайлах нь манай улсын цаг агаарт хэрхэн нөлөөлөх зэрэг судалгааны ажил хийх юм.

Л.Дүгэржав профессор өмнө нь Европын орнуудын  санхүүгийн дэмжлэгтэйгээр Антарктидийг зорьж байв. Харин энэ жил Европын холбоо бүхэлдээ  эдийн засгийн хямралд орсон тул түүнд өмнөх шигээ дэмжлэг олж авч чадаагүй гэнэ.  Яг энэ үед түүний дотны анд, “Мон зол” ХХК-ийн захирал Ч.Чинбат хувиасаа 15 мянган долларын дэмжлэг үзүүлжээ.  “Хүн мөрөөдлөө биелүүлэх гэж байхад мөнгө, санхүү дутагдана гэдэг үнэхээр хэцүү. Найз маань Монгол улсынхаа нэрийг дэлхийд гаргахыг хүсч байна” хэмээн Ч.Чинбат захирал ярьсан юм.   

Өдгөө Антарктидэд зун болж байгаа ажээ. Өөрөөр хэлбэл 12, нэгдүгээр сар бол Антрактидийн зуны улирал бөгөөд хоёрдугаар сарын үесээс тэнд харанхуй болж мөсөн жавраар шуурдаг тул ихийг амжуулаад эх орондоо ирнэ гэдгээ Л.Дүгэржав профессор хэллээ.

Түүнийг холын аянд мордохын өмнөх өдөр Монголын Өрөмдлөгийн холбооны ээлжит уулзалт зөвлөгөөн болсон бөгөөд ШУТИС-ийн эрдэмтэн докторууд, журмын нөхөд, салбарын мэргэжилтнүүд, уул уурхай, өрөмдлөгийн компанийн төлөөллүүд амжилт хүсч, үдсэн юм .    

Монголын эрдэмтэн  судлаач Ж.Цэрэндэлэг 1972 онд манай гаригийн хамгийн хүйтэн цэг болох Антрактид тивийг анх зорьж байсан бол түүнээс хойш яг арван жилийн дараа Д.Чулуунбат хэмээх монгол хүн энэ нууцлагдмал ертөнцийг судлахаар замд гарч байсан гэдэг. Мөн түүний дараа  судлаач А.Батболд  хойд мөсөн далайг судалжээ. Амундсен Скоттод ертөнцийн соронзон орны сарнил явагддаг. Энэ нь хүний эрүүл мэндэд янз бүрээр нөлөөлдөг байна.

Дашрамд дурьдахад, профессор Л.Дүгэржавыг The Mongolian Mining Journal-аас   Mining Journal Awards-2012-ийн “Уул уурхайн салбарын Оны хүн” номинацид нэр дэвшүүлсэн билээ.  Монгол улсынхаа нэрийг дэлхийд мандуулах их үйлсэд нь сэтгүүлийн хамт олон амжилт хүсч байна.

Г.Идэр