Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг

Монголын коксжих нүүрсний экспорт сэргэж магадгүй

Ирэх жил Монголын коксжих нүүрсний экспорт харьцангуй өсөх боломжтой гэж олон улсын шинжээчид үзэж байна. Учир нь Хятадын Засгийн газар өөрийн улсын коксын экспортод 40 хувийн татвар ногдуулдаг байхаа болихоор шийдвэрлэснээ мэдэгджээ. Энэхүү шийдвэрийн дүнд Хятадын коксжих нүүрсний импорт 20 сая тонноор өсөх боломжтой болох тооцоо гарчээ. Энэ жилийн эхний арван сарын байдлаар тус улсын коксжих нүүрсний импорт 40.2 сая тонн байгаа ажээ. Хятадын коксын экспорт 2000-2007 оны хооронд дунджаар 15 сая тонн байсан бол дээрх татварын улмаасэнэ жилийн эхний арваннэгэн сарын байдлаар 1 сая тоннд ч хүрэхгүй болтлоо буурчээ.

Ер нь Хятадын коксын экспорт 2009 оноос эхлэн огцом буурч 500 мянгаас 1 сая тонн болтлоо танагджээ. Учир нь Хятадын Засгийн газар 2004 оноос хойш коксын экспортыг хумих бодлого аажим аажмаар явуулж байв. АНУ, Европын холбоо Дэлхийн худалдааны байгууллагад экспортын татварын асуудалтай холбоотой асуудлаар гомдол гаргасан нь Хятадыг ийнхүү чимээгүйхэн буулт хийхэд хүргэж байна гэж хэвлэлүүдээр бичиж байна. Хятадын Засгийн газрын энэхүү шийдвэрийн дүнд Австрали, АНУ-ын нүүрс экспортлогчид гэхээсээ илүүтэй Монгол, Хятадын коксжих нүүрс олборлогчид хожно гэдгийг
UOB Kay-Hian компанийн шинжээч Лау мэдэгджээ.

Одоогоор Хятадын Тяньжины боомт дээр коксын FOB үнэ 401 ам.доллар/тонн байгаа ажээ. Харин энэхүү шийдвэрийн дүнд коксын үнэ нэг тонн нь 285 ам.доллар болж хямдарч магадгүй гэсэн тооцоо гарсан байна.

Монголын нүүрсний салбарт энэ нь ашигтайгаар тусахуйц шийдвэр юм. Эрэлт нэмэгдсэнээр үнийн хувьд ч илүү тогтворжих боломж харагдаж байна. Энэ жил Монголын коксжих нүүрсний импорт 30 сая тоннд хүрнэ гэж таамаглаж байсан ч оны эхний арваннэгэн сарын байдлаар 20 сая тоннд ч хүрэхгүй байгаа юм. Түүнээс гадна үнийн хувьд 30 орчим хувиар буурсан билээ. Ирэх жил Монголын нүүрсний экспортод жингийн хувьд өсөлт төдийлөн гарахгүй байж болох ч үнэлгээний хувьд тогтворжих хандлага зах зээлийн байдал, улс төрийн шийдвэрүүдээс ажиглагдаж байна.

Б.Төгс