Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай

Уул уурхайгаа унагах бодлого

Төрөөс сүүлийн үед авч буй арга хэмжээ, төлөвлөсөн ажлуудыг харахад Монгол улс уул уурхайн салбараа унагаах бодлого эрчимтэй хэрэгжүүлэх нь гэж харж болохоор байна. 2012 онд эрдэс түүхий эдийн зах зээл яаж унасныг эрх баригчид мэдээгүй биш, төсвөөр дамжуулан маш тод ойлгосон. Өнгөрч буй онд Монголын уул уурхайн салбарын олон компани алдагдалтай ажиллаж, үйл ажиллагаагаа зогсоосон билээ. Маш цөөн компани үйл ажиллагаагаа зогсоохгүйн тулд алдагдалтай ажилласаар одоо оны сүүлтэй золгож байна. Уул уурхайн салбараас улсын төсөвт оруулдаг орлого эрс багасч, эдийн засагт хөрөнгө оруулалт зогссоныг эрх баригчид маш сайн мэдэж байгаа.

Тэгвэл уналтын дараа арайхийн хөл дээрээ тэнцэж байгаа уул уурхайн хэдэн компаниа нэмж татвар хураамжаар дарамтлах шийдвэрүүдийг Засгийн газар ээлж дараалан гаргасаар байна. Шинэ оны төсвийн алдагдлыг нөхөх зорилгоор татварыг ихээхэн нэмж, тэр ачааны хүндийг нөгөө хэдэн уул уурхайн компанид үүрүүлжээ. Эрчим хүчний хөнгөлөлтгүй өндөр үнийг зөвхөн уул уурхайн компаниуд төлөх бол дизель түлшийг мөн л хамгийн өндөр үнээр авч хэрэглэх болсон. Усны, үл хөдлөх хөрөнгийн гээд дам дамаа нэмэгдэж, давхар ачаа өгсөн татвар олон. Уул уурхайн үйл ажиллагааны нийт зардалд зөвхөн дизелийн өртөг 30 хувийг эзэлдэг байсан бол одоо энэ зарлага улам нэмэгдэж байна. Улсын төсөв хүнд байгаа учир уул уурхайн компаниуд энэ мэт татварын нэмэгдлийг эсэргүүцээгүй юм.

Гэтэл сүүлийн үед экспортын татварыг уул уурхайн бүтээгдэхүүнд маш өндөр хэмжээгээр тавих шинэ санаачлага өрнөөд эхэлжээ. Засгийн газрын түвшинд асуудлыг шийдүүлэхээр идэвхийлж яваа УИХ-ын гишүүд ч байгаа бололтой. Дэлхийн зах зээл дээр эрдсийн бүтээгдэхүүний үнэ өссөн таатай мөчлөг бол яахав гэхсэн. Гадаад зах таагүй байгаа дээр дотоод бодлогоор дороос нь шахаад өгье гэж арай бодоогүй байлтай. Уул уурхайн хэдэн компаниа унагаж аваад төр өөрөө бизнес хийхээр зориг шулуудсан юм болов уу? Эсвэл Чингис бондын мөнгийг хэдэн жилдээ идэж болно хэмээн тайвширсан хэрэг үү?

Төрийн бодлого нэг л Уго Чавесийн баримжаагаар зүүн тийшээ далжийгаад, сүүлдээ бүр коммунизм гэж ийм зүйл байдаг юм болов уу гэмээр бизнесийн салбартаа дайсагнаж эхэллээ. Юм л бол хураана, торгоно, төр өөрөө эзэмшинэ, төрийн мэдлийн компани давуу эрхтэй гэж хашгиралдсан албан хаагчид хаа сайгүй тулгарах болжээ.

Уул уурхайн бүтээгдэхүүний экспортын татварыг эцээхэн нэмээд, дээр нь уул уурхайн компаниудад НӨАТ-ын буцаан олголт өгөхгүй гэсэн санаачлага Парламент хавьд хүчээ авч байх шиг байна. Дээр нь Ашигт малтмалын тухай шинэ хуулиар төрийн дээрмийг гааруулах шинэ бодлого хэрэгжүүлэх гэж зэхэж байгаа бололтой. Энэ хуулийн төслийг уншаад үзсэн наад захын хүн гайхаж цочирдмоор хураана, улсын мэдэлд авна, Засгийн газрын үзэмжээр шийднэ гэх заалтууд дүүрэн байх юм. Уул уурхайн салбар дээрээ тулгуурлаж, эдийн засгаа солонгоруулна хэмээн бүх улстөрч ярьдаг. Мөн үүнтэйгээ зэрэгцээд, уул уурхайг харааж зүхдэг, хавчиж дарамтлах ёстой гэсэн нэг ёсны өвчин туссан байна. Тэгсэн атлаа уул уурхайгаас хэдэн төгрөг татварт орж ирэхийг хүлээж, түүгээрээ халамжийн зардлуудаа хааж, дээр нь төрийн буюу өөрсдийнхөө цалин хангамжийг зарлагаддаг болж. 2013 оны төсвийн зардал өнгөрсөн жилийнхээс нэмэгдэж, төсвийн орлогын 40 илүү хувийг идэхээр байна. Төсвийн зардал гэдэг чинь дарга нарын цалин шүү дээ. Түүнийгээ оффисийн зардал гэх мэт гоё нэрлэдэг байж магадгүй. Гэхдээ ард иргэдийн цалин, тэтгэвэр, тэтгэмжийг бол 2013 онд огт нэмээгүй шүү дээ. Эндээс уул уурхайн салбарыг дарамталж байгаа төрийн бодлогын үнэн нүүр царай харагдах байх. Муучлах гэхээрээ бүгд уул уурхай руу дайрдаг. Харин авах болохоороо бүгд уул уурхайгаас алив өг гэж шантаажилдаг маш аюултай зан авир Монголын нийгэмд төлөвшөөд байна. Ийм аюултай байдлыг хошуучлагч нь төр өөрөө юм.

Шинээр батлуулахаар зэхсэн Ашигт малтмалын хуулийн төсөлд орсон хураах, торгох, улсын нөөцөд авах гэх мэт заалтуудаас ганц хоёрхон жишээ татъя. Ашигт малтмалын нөөц ашигласны, мөн тусгай зөвшөөрлийн төлбөрийн тухай заасан 84 ба 85 дугаар зүйлийг хараарай. Олборлосон, эсвэл худалдахаар ачуулсан, худалдсан бүх төрлийн бүтээгдэхүүнийн үнэдээ л ямар ч бизнес татвар тогтоолгож, хураалгадаг. Борлуулалтын үнэлгээнээс татвар тооцох ийм зарчим дэлхийн хаана ч ойлгомжтой мөрдөгддөг. Тэгвэл Монголын уул уурхайн салбарынхны бүтээгдэхүүнээ борлуулсан үнийг хэн ч сонирхохгүй, харин ажиллаж байгаа талбайнх нь үндсэн ба дагалдах ашигт малтмалын нөөц дээр тулгуурлаж татвар тавих гэнэ. Татвар төлөгчийн олсон орлогод ногдуулдаг татварын суурь зарчим зөвхөн уул уурхайн салбарт үйлчлэхгүйгээр тусгажээ. Орлого олоогүй байхад ч нөөц ашигласны төлбөр тавина гэдэг нь ерөөсөө уул уурхайн салбараа маш их эрсдэлд оруулна гэдгийг жирийн иргэн ч ойлгоно.

Нөөц ашигласны төлбөр тооцох үнийг Үндэсний эрдэс баялгийн биржийн тогтоосон үнээр тооцно гэсэн хийсвэр заалт төсөлд байгаа. Тэр бирж ажиллах эрхзүйн орчин байхгүй, ямар нөхцөлд яаж ажиллах тухай судалгаа тооцоо огт хийгдээгүй  атлаа хуульд ийм бүрхэг заалт оруулжээ. Хуулиа яаруу баталж аваад, нөгөө Бирж байгуулахаа мартаж орхивол Монголын эрдсийн экспорт яах болж байна. Зүй нь Бирж ажиллуулах хууль эрх зүйн орчноо Ашигт малтмалын хуулийн төсөлтэйгээ зэрэгцүүлэн гаргаж, ядахдаа бизнесийнхэнд баримжаа өгөх ойлгомжтой бодлого гаргах хэрэгтэй юм. Нөгөө Чингис бондынхоо зээлийг дансанд орж ирсний дараа санхүүжүүлэх төслүүдээ хийж эхэлдэг шиг ажил болох вий гэсний үүднээс ингэж болгоомжилж байна.

Уул уурхайн олборлолтын болон боловсруулалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч компани нь ялангуяа орон нутгийн төсөвт нөөц ашигласны төлбөрөөсөө зохих хувийг төлж байхыг илүүтэй эрмэлздэг. Олборлох, боловсруулах үйл ажиллагаанд цөөнгүй жил зарцуулан, орон нутгийн ард иргэдээс олон тооны ажиллах хүчин дадлагажуулж авдаг учраас компаниуд тухайн нутгийнхантай илүү ойр дотно байж, хөгжил дэвшилд нь хэрэгтэй бүтээн байгуулалт хийсээр байдаг. Тиймээс нөөц ашигласны төлбөр, тусгай зөвшөөрлийн төлбөр зэргийн хувь хэмжээг тогтоохдоо компаниудын Орон нутагтай байгуулах Хөгжлийн гэрээ, Хамтран ажиллах гэрээний заалттай уялдуулж өгөх нь амьдралд нийцтэй юм.

Төрийн бодлого гэдэг зөвийг дэмжиж, улс орны сан хөмрөгийг арвижуулах, хазгайг нь хатуу хяналтаар тэгшлэх утгатай байх ёстой. Түүнээс биш бүх бизнесийг хавчиж хяхах, хурааж аваад төр өөрөө бизнес хийнэ гэдэг нь улс орон дампуурахын цондон юм. Дээр дурдсан нь зөвхөн татвартай холбоотой цөөн баримт. Хариуцлагатай уул уурхайг төр дэмжиж, хариуцлагагүйг нь хаадаг гэж сонссоноос биш, салбараар нь унагаж аваад Засгийн газар өөрөө гадаадынхантай хамтарч төрийн компани байгуулаад ордог туршлагыг энэ дэлхийгээс хайгаад ч мэдэхгүй юм байна. Уго Чавесын бодож олоогүйг манай дарга нар давуулж биелүүлээд эхэллээ.

Б. Энхзориг

  • aa (121.44.249.78)
    Ug ni bidnii uyiinhen l uul uurhain bayalgaas hurtekh yostoi yum shigee Hoich uye bol arai oor niigemd amidarch osch hun bolson uchraas Bid ene ekh orniig iim hemjeend yaj zovj baij avch irev Baga ch bolov huvi hurteed hadan gertee oc zaluuchuud bolon ulsdaa horgodoj muu yum hiihgui taiban baikh yum daa
    2013 оны 02 сарын 05 | Хариулах
  • өө (182.160.5.251)
    Төр бол ард түмний эрх ашгийг төлөөлж байгаа учир уул уурхайн бүх төсөлд давуу эрхтэйгээр оролцох ёстой Тэгэхгүй бол хувиа бодсон шуналтай нөхөд элдэв муу арга заль хэрэглэн өөрсөдтэйгээ адилхан луйвар хийдэг гадныхантай нийлэн улс орныг минь юу ч үгүй цөлмөх гээд улайрч байна Төр засаг нь гадны найдвартай хариуцлагатай хөрөнгө оруулагчидтай хамтарсан компани байгуулж ашигтай ажиллуулж байгаа жишээ олон байдаг Ерөөсөө энэ бол дэлхийн жишиг Тэгж байж тухайн улсын төр эрх мэдэлтэй хүчтэй байдаг юм Монгол төрийг хүчгүйдүүлэхээр элдэв янзын юм яриад бичээд байгаа уул уурхайгаар хөлжөөд байгаа нөхдөд эх орныг минь цөлмөснийх нь хариуг хатуугаар барих цаг нь болсон шүү хүмүүсээ
    2012 оны 12 сарын 24 | Хариулах
  • өө (182.160.5.251)
    энэ нийтлэлийг гадна дотны гар хөл бологсдын захиалгаар бичиж дээ янз нь Орон нутгийнхныг жаахаан мөнгөөр хуураад баялгийг нь цөлмөх башир аргын нэг л байна
    2012 оны 12 сарын 24 | Хариулах