Арванхоёрдугаар сарын 12-нд
Торонтогийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Эрдэнэ Ресурс Девелопмент” корп
нь 1,000,000 долларын хаалттай санхүүжилт зарласан билээ. Энэхүү
санхүүжилтдээ дотоодын андеррайтерын компани MIBG (Mongolian Investment
Banking Group) ХХК-тай хамтран ажиллажээ. Уг санхүүжилт энэ сарын 21-нд
хаагдах бөгөөд 0.17 долларын нэгж үнэ бүхий 5,882,353 ширхэг хувьцааг
худалдаалж байгаа юм. Худалдаалагдсан хоёр ширхэг хувьцаа бүрд нэг
ширхэг хувьцааг 24 сарын хугацаанд 0.25 доллартай тэнцэх үнийн дүнгээр
худалдан авах баталгаа дагалдаж байгаа бөгөөд хөрөнгө оруулагчид дөрвөн
сарын турш хувьцаа хадгалах үүрэг хүлээсэн байна.
Энэхүү
санхүүжилтээр Торонтод төвтэй “Эрдэнэ Ресурс” компанийн Монголын
хөрөнгө оруулагчдыг нэмэгдүүлэх, ингэснээрээ гадаадын хөрөнгө
оруулагчдын сонирхлыг татах зорилготой юм. Санхүүжилтээр босгосон
мөнгийг “Эрдэнэ Ресурс” компанийн Баянхонгор аймагт байрлах “Алтан нар”
төслийн үйл ажиллагааны зардалд зарцуулах юм байна. 2011 оны сүүлээр
илрүүлсэн энэхүү орд ихэд ирээдүйтэй алт-мөнгөний хайгуулын төсөлд
тооцогдож байна. Судалгаагаар 5х1.5 км-ийн талбайд 4.3 г/т дундаж
агуулгатай алт, 24.1 г/т дундаж агуулгатай мөнгө бүхий геохимийн
хувирлуудыг тогтоожээ.
Санхүүжилтийн брокероор ажилласан MIBG
компани нь голчлон уул уурхайн салбарын томоохон компаниудад хөрөнгө
оруулалт, санхүүгийн зөвлөхөөр ажиллаж, ирээдүйтэй төслүүдэд шаардагдах
хөрөнгийг босгох, хөрөнгийн зах зээлд нэвтрэх, улмаар өрсөлдөх чадварыг
дээшлүүлэх санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг брокер, дилер, андеррайтерийн
компани юм.