Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ мэдээлэл

Шилдэг сэтгүүлээр Mongolian Mining Journal шалгарав

Арванхоёрдугаар сарын 25-ны жавар эрчилсэн өвлийн үдшээр Монголын сэтгүүлзүйн салбар шилдгүүдээ шалгаруулж, хүндэтгэн өргөмжлөв. “Монголын Радио Телевизийн Академи”-аас санаачлан, “Монголын Сэтгүүлчдийн Эвлэл”, “Мэдээллийн Сайтуудын Ассоциаци”-аас зохион байгуулдаг “Болор үзэг” уралдаан цэнгүүн сэтгүүлзүйн шилдэг бүтээлийн эзэн сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагад “Болор үзэг” өргөмжлөл хүртээн ардаршуулдаг уламжлал тогтоод цөөнгүй оныг үдэж буй.

Mongolian Mining Journal сэтгүүлийн хамт олон 2012 оны Сэтгүүлийн салбарын шилдгээр шалгарч, “Болор үзэг”-ийн эзэн боллоо.



Хуанлийн хуудсаас хоног хоногоор алсран буй арванхоёр он Mongolian Mining Journal сэтгүүлийн хувьд бүтээсэн бүтээл, олсон ололтоор дүүрэн цаг мөчүүд байсан билээ. Mongolian Mining Journal-ын хамт олон зөвхөн бичиж туурвихаар ажил үйлсээ хязгаарладаггүйг уншигчид маань андахгүй.

Сэтгүүлийн дэргэд байгуулсан “Хөгжил” студи маань хөлд орж, уул уурхай эдийн засгийн нэвтрүүлэг бэлтгэн, долоо хоног бүр цэнхэр дэлгэцээр цацаж байна. “Хөгжил” хөтөлбөр одоо өөрийн гэсэн үнэнч үзэгчидтэй болсон нь бахархах амжилт билээ. News.mn сайтын уул уурхайн хуудас Mongolian Mining Journal сэтгүүлийнх. Эндээс уул уурхайн салбарын олон талт мэдээллийг шуурхай хүргэж чаддагтаа бид сэтгэл дүүрэн байдаг.

Сэтгүүлч Б.Төгсбилэгт маань “Монголын нүүрсний үнэ ямар зарчмаар тогтдог вэ” нийтлэлээрээ “Cоал Mongolia” арга хэмжээнээс зохион байгуулсан уралдааны “Шилдэг сэтгүүлч”-ээр шалгарч, Монголын сэтгүүлзүйн салбарын шагналд өндөр үнэлэмж тогтоосон шагналын эзэн болсон нь энэ л оных. Монголын уул уурхайн салбарын нэгэн жилийн өнгө аяс, амжилт бүтээл, бэрхшээл ололтын товчоон болон үлддэг “Mining Journal Awards 2012”-ыг амжилттай зохион байгуулж, талархал урмын үг ихийг сонссондоо бид баяртай байгаа. Сэтгүүлзүйн шинжээчдийн багийн нотолгоог үндэс болгон “Монголын уул уурхайн анхны хувийн мэргэшсэн сэтгүүл” хэмээн Монголын үндэсний сэтгүүлзүйн түүхэнд мөнхрөх “Анхдагч”-ийн батламжийг гардан аваад бас удаагүй байна.

“Болор үзэг” өргөмжлөлийг хүндэтгэн авах мөчдөө нэгэн жилд хийж бүтээснээ ийнхүү эргэн дурсахдаа бид сэтгэл дүүрэн байна. Ирэх жилүүдэд хийж бүтээх олон том зорилт, төлөвлөгөө бидний өмнө бий. Тэр бүгдийг хийж бүтээхийн урам зориг ч төгс байна.              

“Болор үзэг”-ийн эзэн болсон сэтгүүлч андууд, мөр зэрэгцэн хөдөлмөрлөж яваа хэвлэл мэдээллийнхэндээ ирж буй оныг эзэгнэн бүтээж туурвихын онгод, хийморийг Mongolian Mining Journal-ын хамт олноос хүсэн ерөөе.