Монгол улс зөвхөн коксжих нүүрсээр бус, төмрийн хүдрийн экспортоор ч Хятадын гол нийлүүлэгч болж буй нь сүүлийн хэдэн сарын экспортын дүнгээс ажиглагдаж байна. Тухайлбал, өнгөрсөн арваннэгдүгээр сард Хятад улс Монголоос нийтдээ 2.72 сая тонн коксжих нүүрс импортолсон тухай тус улсын Гаалийн ерөнхий газар мэдээлжээ. Мөн тухайн сард 0.96 сая тонн төмрийн хүдэр Монголоос импортолжээ. Коксжих нүүрсний хувьд Монгол улс Австрали, Канадыг ардаа орхиод байгаа нь хэвийн үзэгдэл болжээ. Хятад өнгөрсөн сард Австралиас 1.36 сая тонн, АНУ-аас 0.69 сая тонн, Оросоос 0.52 сая тонн, Канадаас 0.43 сая тонн коксжих нүүрс импортолжээ.
Нийт дүнгээр Хятад улс өнгөрсөн арваннэгдүгээр сард 5.8 сая тонн коксжих нүүрс импортолсон нь өмнөх аравдугаар сарынхаас 61 хувиар өндөр гарчээ. Харин төмрийн хүдрийн импортын тухайд Монгол улс тэргүүлээгүй ч эхний арван улсын тоонд багтаж, есдүгээрт жагсчээ. Хятад улс өнгөрсөн сард Австралиас 33.3 сая тонн, Бразилаас 14.08 сая тонн, Өмнөд Африкаас бараг 3.8 сая тонн төмрийн хүдэр импортолжээ. Харин бусад улсуудын хувьд ерөнхийдөө 1-2.2 сая тонн төмрийн хүдэр Хятад руу экспортолсон дүн мэдээтэй байна. Хятадын төмрийн хүдрийн импорт өнгөрсөн сард бараг 66 сая тоннд хүрч, өмнөх аравдугаар сарынхаас 16.6 хувиар өсчээ.
Хятадын аж үйлдвэрлэлийн эрчим идэвхжиж, гангийн үйлдвэрлэл нэмэгдсэн учраас коксжих нүүрс, төмрийн хүдрийн импорт нэмэгдэж эхлээд байна. Гэхдээ бас нэг тод ажиглагдаж байгаа зүйл бол Монголын төмрийн хүдрийн нөөц төдийлөн арвин биш ч, экспорт эрс нэмэгджээ. Хэдхэн жилийн өмнө буюу 2007 онд Монголын төмрийн хүдрийн экспорт 240 мянган тонн байсан бол 2008 онд экспортын хэмжээ нэг сая тонн давсан байна. Энэ хэмжээ 2009 онд үргэлжлэн өсч, бараг 1.6 сая тонн, 2010 онд 3 сая гаруй тонн, 2011 онд 5 сая гаруй, энэ онд 6 сая тонноос хол давах нь тодорхой байна.
Б.Төгс