Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг

Ирээдүйгээс зээлэх хөрөнгө буюу Чингис бонд

Э.Оджаргал

Улирч буй 2012 оны эдийн засгийн онцлох үйл явдал нь “Чингис” бонд юм. Монголын нэр хүнд өсч байгаа энэ цаг үед манай улсын Засгийн газар таван тэрбум ам.долларын бонд гаргахаар болсон. Аливаа улс орон хөгжлийн аль ч шатандаа хийгдэж байгаа бүтээн байгуулалтдаа шаардагдах хөрөнгө оруулалтыг бонд гаргах замаар бий болгож болдог. Энэ бондод Засгийн газар өөрөө баталгаа болдог тул эрсдэл бага, тэр хэрээрээ найдвартай байж чаддаг.

Дэлхийн улс орнуудын зах зээл, мэдлэг мэдээлэлд хил хязгаар үгүй болж, даяаршиж байгаа өнөө үед улс орнуудын тогтвортой хөгжлийн үндэс нь дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн үнийн хэлбэлзлээс хамааралгүй, өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, хүн амын боловсрол, мэдлэгийн түвшинг дээшлүүлэх салбаруудаа хөгжүүлэхэд онцгой анхаарсанд байгаа юм. Монгол улсын одоогийн эдийн засгийн энэ үсрэнгүй гэгдэж байгаа өсөлт нь бараг бүхэлдээ эрдсийн түүхий эдийн экспортод дөрөөлж буй гэдэгтэй маргах хүн үгүй биз ээ. Түүхий эдээ ямар ч боловсруулалтгүй, болсон болоогүй үнээр зөвхөн хөрш орнууд руугаа гаргах нь эдийн засгийн хөгжил биш. Тиймээс дэд бүтэц, аж үйлдвэрлэлийн их бүтээн байгуулалтыг эхлүүлэхээр зорьж, таван тэрбум ам.долларын бонд гаргах болсон нь энэ. Бүтээн байгуулалтад шаардагдах үлэмж хэмжээний хөрөнгийг босгох хамгийн тохиромжтой арга зөвхөн IPO буюу хувьцааны арилжаа бус Бонд бас байж болохыг Засгийн газрын гаргах Чингис бонд тодорхой харуулах цаг ойртсоор байна.

Энэ гаргах бондыг үнэхээр амжилттай болох эсэхэд эргэлзээ төрүүлэх зүйл бий ч найдвар нь давамгайлж байгаа юм. Учир нь сүүлийн үед бондын зах зээлийн эрэлт АНУ, Европоос буурь сэлгэж Азийн улс орнууд руу шилжиж эхлээд байгаа. Энэтхэг, Индонези, Хятад, Өмнөд Солонгос болон Азийн бусад орны хувийн хэвшлийн компаниудын бонд илүү эрэлттэй байгаагаас үүнийг харж болох юм. Илүү эрэлттэй байх тусам бондын хүү буурах хандлагатай болж байна. Тухайлбал, уул уурхайн салбараа эрчимтэй хөгжүүлж байгаа Индонезийн тухайд сүүлийн жилүүдийн бондын эрэлт нь өндөр байгаа учир хүү нь улам бүр буурсаар байгаа юм. Өнгөрсөн 2009 онд тус улсын бондын хүү 12-14 хувьтай байсан бол одоо таван хувиас ялимгүй дээгүүр хэмжээнд болж буурчээ. Дэлхийн улс орнуудын туршлагаас үзэхэд Филиппиний Засгийн газар 25 жилийн хугацаатай бондыг 5 хувь, Энэтхэг 30 жилийн хугацаатай бондыг 5,25 хувь, хамгийн эрсдэлгүй гэж үздэг АНУ-ын Засгийн газрын 10 жилийн хугацаатай бонд нь 1,62 хувийн хүүтэй байна. 

Манай улсын хувьд бонд гаргасан түүх 1996 оноос эхлэлтэй. Өнөөг хүртэлх хугацаанд Засгийн газар нийт 263 тэрбум төгрөгийн бондыг хөрөнгийн зэх зээлээр дамжуулан гаргаж байжээ. Хэдийгээр бондын зах зээлд дөнгөж нэвтрээд байгаа “балчир” улс ч гэлээ оройхон гараад ширүүхэн дайрах магадлал өндөр байна. Манай улсын бондын эрэлт ч их байх төлөвтэй. Энэ жилийн хувьд Монголын түүхэнд байгаагүй хамгийн том бондын арилжаанууд болж өнгөрсөн. Хөгжлийн банк хөрөнгийн гурван биржээс 580 сая ам.долларыг 5.75 хүүтэй босгож чадсан билээ. Ингэхдээ жилд 33.3 сая ам.доллар буюу өдрийн 91 мянган ам.доллар төлсөөр 2017 оны гуравдугаар сарын 15-нд 580 сая ам.долларыг бүрэн барагдуулах ёстой.

Хөгжлийн банкны 580 сая ам.долларын бондын дараа Mongolian Mining Corporation 600 сая, Худалдаа хөгжлийн банк 300 сая ам.долларын бонд тус тус гаргасан. Хүү нь 8.5-8.8 хувьтай байсан бөгөөд хугацааны хувьд 3-5 жилийн богино хугацааны бондод хамаарах юм. Эрэлт ч тун өндөр байсан нь Монголын эдийн засагт итгэх итгэл өндөр байгаагийн илрэл. Монгол бонд цаашдаа амжилттай худалдаалагдах боломжтойн баталгаа нь газрын хэвлийн баялаг байх нь мэдээж. Таван тэрбум ам.доллартай тэнцэхүйц бондыг шат дараалалтайгаар гаргах бөгөөд энэ онд багтаан ДНБ-ний 17 хувьтай тэнцэх буюу 1,5 ам.доллар Монгол улсын дансанд орж, хүүгийн “тоолуур” хэдийнэ гүйгээд эхэлсэн. Жилд 60 сая буюу авснаасаа хойш өдөрт 170 мянган ам.долларын хүү төлөх юм.

Засгийн газрын бонд Монголын эдийн засгийн хөгжлийн хувьд маш том үүдийг нээсэн алхам байж, зөвхөн уул уурхайн төсөл хөтөлбөр, дэд бүтцийн төслийн санхүүжилтийг шийдээд зогсохгүй Монголын Засгийн газрын бондын эрэлт сайн байснаар ард иргэдэд моргэйжийн бага хүүтэй зээл олгох ажил хэрэгжих боломж нээгдэх юм. Харин бонд гаргахад эрсдэлт хүчин зүйлс олон байгаагийн нэг нь улс орны зээлжих зэрэглэл буурах явдал. Гэхдээ эдийн засгийн тодорхой шалгуур, үзүүлэлтээр буурах эсэх нь тогтоогддог байна. Хятад нь дэлхийн улс орнуудын Засгийн газрын бондыг худалдаж авдгаараа алдартай. Монголбанкны статистик мэдээгээр манай улсын гадаад нийт өрийн дөрөвний нэг нь Засгийн газарт, үлдсэн нь хувийн хэвшилд ногдож байна. Монгол улсын эдийн засгийн өсөлт ойрын 10 жилд 10 хувиас буурахгүй гэсэн таамаглалыг шинжээчид хийгээд байгаа. Өөрөөр хэлбэл Оюутолгой, Тавантолгойн орд үүцээ бүрэн нээж, бүтээн байгуулалт өрнөөд эхлэх цагт АНУ, Евро бүсийн орнууд шиг өрийн хямралд орохгүй гэсэн өөдрөг таамаглалтай байна.

Өнөөдөр бонд Монголын хувьд шинэ боломж болон хувирч байгаа цаг үе бүрдсэн нь сайн хэрэг. Гэхдээ бонд бидэнд юуг ч амлахгүй. Гагцхүү бондын мөнгийг зөв оновчтой зарцуулж чадах нь л чухал юм. Дэлхийн зах зээлийн нөхцөл байдал Монголын талд байна гэж хэлж болно. Бондын хөрөнгийг жинхэнэ хөгжил болгох биднээс хамаарсан ажил тун удахгүй монголчуудыг угтах болно. Ямартай ч ирээдүйгээс “зээлэх” энэ хөрөнгийг эрчимтэй өсч буй өнөөдрийн эдийн засгийн тооцон дээр үндэслэн хийсэн. Цагийг нь олж өр тавин, зөв зүйлд зарцуулснаар хожихыг үгүйсгэхгүй.  Харин үүнийг шинэ Засгийн газар хэр үр ашигтай зарцуулснаараа дүгнэгдэх нь гарцаагүй. Тиймээс тодорхой төлөвлөгөө, тогтвортой бодлого улс орны хөгжлийн дараагийн шат өөд түүчээлэх учиртай. Боловсруулж, үйлдвэрлэж чадваас асар уудам газар нутгийнхаа хэвлийд байгалийн эрдэс баялгийн арвин их нөөцтэй цөөхөн монголчууд бид дэлхийн хөгжлийн толь болж чадах билээ.