АНУ-ын Төлөөлөгчдийн
танхим өнгөрсөн мягмар гаригт чинээлэг иргэдийн татварын хэмжээг нэмэгдүүлэх
шийдвэрийг дэмжин баталсан нь эрдсийн зах зээлд ч сайнаар нөлөөлж эхлээд байна.
Тухайлбал, өнгөрсөн сарын сүүлийн долоо хоногт ханш нь суларч 7800
ам.доллар/тонн болоод байсан зэсийн гурван сарын гэрээт үнэ өнөөдрийн байдлаар
8100 гаруй ам.доллар/тонн болоод байна. Уг хуулийг баталснаар АНУ-ын эдийн
засаг хямралаас аврагдах найдвар өслөө гэж олон улсын шинжээчид үзэж байна. Хууль
хэрэгжсэнээр жилд 450 мянган ам.доллараас дээш орлоготой айл өрхөөс өмнө нь 35
хувийн татвар авдаг байсныг 39.6 хувь болгож өсгөх юм. Мөн 250 мянган
ам.долларын орлоготой айл өрхүүдийн татварын хэмжээг ч 33-36 хувь болгож
нэмэгдүүлэх юм байна. Харин дундаж орлоготой буюу жилд 40-75 мянган ам.долларын
орлоготой айл өрхүүдийн татварын хэмжээ 580-800 гаруй ам.долларын хооронд
нэмэгдэх тооцоо гарчээ. АНУ-ын төсвийн
орлого энэхүү хуулийн хэрэгжилтийн дүнд ирэх арван жилд 440-600 тэрбум доллараар
нэмэгдэх юм байна.
Хууль батлагдмагц дэлхийн зах зээлд зэс
төдийгүй газрын тос болон алтны үнэ нэмэгдэж эхлээд байна. Одоогийн байдлаар
Brent маркийн газрын тос 112.4 ам.доллар/баррель, WTI газрын тос 92.8
ам.доллар/баррель, нэг унц алтны үнэ 1688 ам.доллар байгаа нь өмнөх сарын
байдалтай харьцуулахад мэдэгдэхүйц өсөлт гарсан дүн юм. Ялангуяа АНУ-ын WTI
маркийн газрын тосны үнэ сүүлийн гурван сар орчмын хугацаан дахь хамгийн дээд
үнэдээ хүрээд байна. Эрдсийн үнэ ханш өсөхөд зөвхөн АНУ-ын эдийн засгийн байдал
бус, Хятадын аж үйлдвэрлэлийн эрчим нэмэгдэж буй үзүүлэлт ч мөн нөлөөлжээ.
Б.Төгс