Эрдсийн зах зээлийн хувьд 2012 он
2011 оных шиг урин дулаан байсангүй. Зах зээлийг зэврүүн хүйтэн болгосон
шалтгаанд Хятадын эдийн засгийн удаашрал, АНУ, Европын холбооны улс
орнуудын санхүүгийн байдал сайнгүй байсан зэргийг шинжээчид онцолж
байна. Үнэн хэрэгтээ, сүүлийн жилүүдэд Хятадын эдийн засаг үргэлж ес,
арван хувиас дээш өсөлттэйгээр дээшилж ирсэн ч энэ онд анх удаагаа
наймаас ч бага хувийн өсөлттэй гарав. Хятад бол зэсийн зах зээлийн
эрэлтийн 40 хувь, нүүрс, төмрийн хүдэр болон бусад металын импортоороо
дэлхийд тэргүүлэгч орон.
АНУ, Европын холбооны орнуудын эдийн
засаг муудахын хэрээр, Хятадын байдал суларсаар байгааг шинжээчид
анхааруулсаар 2012 он өндөрлөх тийшээгээ хандаж байна. Ийм үед эдгээр
томоохон улс гүрний Засгийн газар эдийн засгийн өсөлт уруудахыг зүгээр
хараад суусангүй. Тухайлбал, АНУ өнгөрсөн есдүгээр сард эдийн засгийн
хямралын үед авч байсан төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхээр болсноо зарласан
юм. Үүнд тус улсын Холбооны нөөц сар бүр 40 тэрбум долларын моргэйжийн
зээлийн хэрэгслийг худалдаж авч байхаа өнгөрсөн есдүгээр сард зарласныг
дурдаж болно.
Хятадын Төв банк ч энэ жил банкуудын зээлийн хүүг
бууруулж, мөн өнгөрсөн есдүгээр сард тус улсын Засгийн газар дэд
бүтцийн төслүүдэд нэг их наяд юань буюу 150 тэрбум гаруй ам.доллар
зарцуулахаар болсон юм. Европын холбоо Грек, Испани болон бусад өрийн
хямралд хүндхэн нэрвэгдээд буй гишүүн орнуудад санхүүгийн дэмжлэг
үзүүлэхээр хагас их наяд еврогийн сан байгуулах асуудлыг дэмжсэн зэрэг
нь эдийн засгийг сайжруулах томоохон алхмууд байв.
Хэдийгээр
эдийн засаг, банк санхүүгийн томоохон байгууллагууд 2012 он эрдсийн зах
зээлийн хувьд маш өөдрөг үе цаг байх болно гэж урьдчилсан таамаг
дэвшүүлээд байсан ч тэрхүү “зөгнөл” эсрэгээр биелсэн жил байсан гэж хэлж
болох юм. Хамгийн гол нь 2013 он ээдрээтэй үеийг ардаа орхисон он жил
болж мэдэх тухай шинжээчид, судалгааны байгууллагууд таамаг дэвшүүлээд
байна. Хятадын эдийн засгийн өсөлт 8 хувиас дээш гарч, дэлхийн эдийн
засгийн өсөлт ч хурдсах төлөв гараад буй. Дэлхийн эдийн засгийн байдлаас
шууд хамааралтай байдаг эрдсийн зах зээл ч энэ онд өгсөж уруудан тун
тодорхойгүй, бүрхэгдүүхэн байсан бөгөөд шинжээчид ч өөдрөг таамаг
хэлэхээсээ “зайлсхийсэн” он байв.
Зэсийн хувьд өнгөрсөн 2011 онд
ихэвчлэн 9000 ам.доллар/тонноос дээгүүр үнээр арилжаалагдаж байсан бол
өнгөрөн одож буй энэ онд дунджаар 7500-8000 ам.доллар/тоннын хооронд үнэ
нь хэлбэлзэж байсан юм. Ирэх жил зэсийн үнэ тийм ч өндөр биш байх
таамгийг судалгааны байгууллага гаргажээ. Тухайлбал, Австралийн Засгийн
газрын судалгааны байгууллага ирэх онд зэсийн дундаж үнэ 7600 орчим
ам.доллар/тонн байх тооцоо хийжээ. Энэ онд зэсийн дундаж үнэ 7800 гаруй
ам.доллар/тонн байсан юм. Нөгөөтэйгүүр, бусад олон судалгааны
байгууллага, тухайлбал Natixis ирэх онд зэсийн дундаж үнэ 8500
ам.доллар/тонн болно гэж мэдэгдэж буй юм. Ийнхүү шинжээчдийн таамаг хол
зөрж буй ч зэс энэ онд эдийн засгийн хүнд үед “тэсвэртэй” метал болохоо
харуулж чадлаа.
Өөрөөр хэлбэл, хүрэн металын зах зээл тэгтлээ
унасангүй. Харин нүүрс, тэр дундаа коксжих нүүрсний хувьд энэ жилийн
гуравдугаар улиралд 140 ам.доллар/тоннд хүртлээ “газардсан” нь нүүрсний
салбарынхны хувьд маш хүнд цохилт байлаа. Дэлхийн санхүүгийн хямралын
үед коксжих нүүрсний үнэ 140 ам.доллар/тонноос ялимгүй доогуур үнээр
худалдаалагдаж байсан билээ. Энэ сард коксжих нүүрсний үнэ эргээд өсч
CFR үнэ нь 170 ам.доллар/тонн, FOB үнэ нь 160 орчим ам.доллар/тонн
болсон нь нүүрсний салбарынхны хувьд нар гийсэн хэрэг болж байна.
2011
оны эхээр нэг тонн нь 330 ам.доллараас дээгүүр үнээр худалдаалагдаж
байсан коксжих нүүрсний зах зээлийн хувьд энэ жил тун хүндхэн байсан нь
Монголын хувьд эрдсийн зах зээлийн тухай хичээл заах шиг болсон юм. Энэ
жил дэлхийн зах зээлд ган бүтээгдэхүүний эрэлт төдийлөн өсөөгүй учир
коксжих нүүрсний үнэ ч буурсаар байсан билээ. Ган үйлдвэрлэлд яг адилхан
чухал үүрэгтэй оролцдог төмрийн хүдрийн эрэлт, үнэ өссөөр байхад
коксжих нүүрснийх таг чиг байсан нь шинжээчдийг олон дүгнэлт хийхэд
хүргэсэн. Гэхдээ үүний цаана Хятадын үйлдвэрүүдийн нүүрсний нөөц хангамж
төдийлөн дундраагүй байсан явдлыг дурдаж болно.
Монголын
нүүрсний экспорт ч хилийн дагуух нүүрсний агуулахууд аль хэдийнэ
дүүрсний улмаас энэ оны гуравдугаар улиралд нэг хэсэг зогсонги байдалд
орсон билээ. Энэ жилийн хувьд коксжих нүүрсний үнэ дунджаар 211
ам.доллар/тонн байсан бөгөөд ирэх жил бүр ч буурч, 190 ам.доллар/тоннд
хүрэх төлөв гараад байна. Төмрийн хүдрийн тухайд энэ жилийн эхний долоон
сарын хугацаанд дунджаар 130-140 ам.доллар/тоннын үнэтэй байсан бол
наймдугаар сараас эхлэн үнэ нь буурсаар есдүгээр сарын эхээр нэг тонн нь
90 ам.доллар/тоннд ч хүрэхгүй болтлоо доошилсон юм.
Гэхдээ
есдүгээр сарын эхэнд Хятадын Засгийн газар дэд бүтцийн төслүүдийг
санхүүжүүлэх шийдвэр гаргаснаа зарламагц уг түүхий эдийн үнэ дээшилсээр
тухайн сардаа 100 ам.доллар/тоннд хүрсэн юм. Энэ сарын дунд үеийн
байдлаар төмрийн хүдрийн үнэ 120 ам.доллар/тонн байна. Энэ жилийн хувьд
төмрийн хүдрийн дэлхийн зах зээл дэх дундаж үнэ 126 ам.доллар байв.
Харин ирэх жил Австралийн Засгийн газрын судалгааны байгууллагын мэдээлж
буйгаар төмрийн хүдрийн үнэ дунджаар 106 ам.доллар/тонн байх төлөв
гарчээ.
Энэ онд санхүүгийн хямралын үеийнх шиг хатуу үе эрдсийн
зах зээлд тохиосонгүй. Хэдийгээр эрдсийн зах зээл цаашид уналтад орохгүй
гэх баталгаа үгүй ч, томоохон эдийн засагтай улс гүрнүүд зах зээлийг
унагахгүй байх нөөц төлөвлөгөөгөө ирэх онд харамгүй хэрэгжүүлнэ гэсэн
найдвар бийг шинжээчид тайлбарлаж буй юм. Энэ оны эцсээр даруухан хэрнээ
илүү урин уур амьсгал бүрдсэн эрдсийн зах зээл шинэ онтойгоо золгох гэж
байна.
Б.Төгсбилэгт