Ашигт
малтмалын хуулийн төслийн хэлэлцүүлэг The Mongolian Mining Journal дээр
үргэлжилж байна. Төслийн бүрэн эхийг www.mongolianminingjournal.com
сайтын "Хууль, төсөл" булангаас
үзнэ үү.
www.mongolianminingjournal.com-ийн "Хэлэлцүүлэг" булан
санал бодлоо info@mongolianminingjournal.com хаягаар илгээж, олон нийттэй нээлттэй хуваалцана уу.
Legal Consulting компанийн Захирал, Хуульч Г. Мөнхболд төслийн талаар байр сууриа илэрхийлэв.
Ашигт
малтмалын тухай хуулийн төсөл нь хоёр жилийн хугацаанд боловсруулсан,
олон харилцааг хамарсан, бодлогын цоо шинэ үзэл баримтлал шингээсэн,
Австрали, Канад зэрэг уул уурхай өндөр хөгжсөн орнуудын хуулийн жишгээс
санаа авч Монголын нөхцөлд буулгахыг оролдсон зэрэг нааштай хандлага
агуулжээ. Гэвч төслийн эргэн тойронд шүүмжлэл зонхилж, хэлэлцүүлгүүд
дээр ихээхэн маргаан гарч байгаагийн шалтгааныг Та хэрхэн харж байна вэ?
Эрэл,
хайгуул, олборлох, боловсруулах, түүнчлэн байгаль хамгаалал, нөхөн
сэргээлт зэрэг бодит үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, арга ажиллагаанд
холбогдох зохицуулалтуудыг сайжруулж, оролцогчдын эрх үүрэг, хариуцлагыг
өмнөхөөс илүү тодорхой, хариуцах эзэнтэй болгосон зэрэг нааштай
хандлага төсөлд байна.
Ер нь ашигт малтмалыг эрэх, хайх, олборлох
гэдэг нь зөвхөн олборлох салбарт хамааралтай ойлголт биш, худалдаа-эдийн
засаг, өмчийн эрхийн, гадаадын хөрөнгө оруулалтын, цаашилбал улс
үндэстний аюулгүй байдал, гадаад хамтын ажиллагаа, үндэсний аж ахуй
эрхлэгчдийн өрсөлдөх чадвар зэрэг олон асуудалтай шууд болон шууд бусаар
холбогддог ойлголт юм.
Энэ талаас нь авч үзвэл тэр бүр санал
нийлэхээргүй, эсхүл хүлээн зөвшөөрөх боломжгүй буюу бүр эрс
эсэргүүцмээр, үр дагавар нь төсөл санаачлагчийн хүсч байгаачлан бус
харин ч эсрэг, хүсээгүй үр дүнд хүргэх зохицуулалт олон байгааг олборлох
салбарт үйл ажиллагаа явуулж байгаа болон энэ салбарт хөрөнгө оруулах
сонирхолтой болон сонирхогч хэн бүхэн олж харж байгаа учраас л ихээхэн
шүүмжлэлийг дагуулж байгаа болов уу.
Ашигт малтмалын
тухай хуулийн төслийг хэлэлцүүлэхдээ хуулийг дагаж мөрдөх журмыг
зэргэцүүлэн гаргаж, олон нийтийн хэлэлцүүлэгт хамт оруулах нь зөв байсан
гэж Танд бодогдож байна уу?
Зөвхөн дагаж мөрдөх журмын
тухай хууль ч биш, Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг
хуульчлахтай холбоотойгоор зайлшгүй нэмэлт, өөрчлөлт оруулах буюу
хүчингүй болгох эсхүл шинээр батлах хууль тогтоомжийн талаарх мэдээлэл,
тэдгээрийн төслийг хамтад нь нийтэд танилцуулж, санал хүсэлтийг авсан
бол, мөн хэлэлцүүлж санал хүсэлт авах хугацааг 1-2 сар бус ядахнаа хагас
жилээр ч болтугай тавьсан бол илүү үр дүнтэй. Ажлын хэсгийнхний 2 жил
гаруйн хугацаанд боловсруулсан төсөлтэй сар гаруйхны хугацаанд танилцаж,
ул үндэстэй шинжилгээ хийж, санал дүгнэлт гаргах боломжгүй юм.
Бултаараа хэлэлцвэл буруугүй гэдэг. Тэгвэл бултаараа хэлэлцэх тэр
боломжийг олгомоор байгаа юм. Алдаа мадаг багатайхан хууль гаргая гэвэл
ганц хоёр удаагийн уулзалт, хэлэлцүүлэг төдийгээр хязгаарлах нь буруу.
Жишээ
нь Газрын тухай хууль, Газар өмчлөлийн тухай хууль болон Газар албадан
чөлөөлүүлэх тухай хуулийн төслийг нийтэд танилцуулж, мөн Үнэт цаасны зах
зээлийн тухай хуулийг хэдхэн хоногийн өмнө Засгийн газар УИХ-д өргөн
мэдүүллээ. Эдгээр хуулийн төслүүдийн үзэл баримтлал, зохицуулалтуудтай
Ашигт малтмалын хуулийн төсөл хэрхэн уялдаж байгаа зэрэг асуудлаар ултай
судалгаа, шинжилгээ хийх, өөрийн ойлголттой болох боломж гарахгүй нь
байна.
Resource nationalism гэсэн ойлголт Монголд
хөрөнгө оруулагчдад танил үг болж, эдийн засагт нөлөөлөх хэмжээнд хүртэл
хөрөнгө оруулалтыг боомилж эхэлсэн үед энэхүү хуулийн төсөлд орсон
гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарлах заалтуудын үр дагаврыг Та хэрхэн
тодорхойлох вэ?
Төсөл санаачлагч, төслийн эхийг бэлтгэж
боловсруулах ажлын хэсгийнхэн зөв зорилго, сайн сайхан зүйлийг бодож,
тэмүүлж байгаад эргэлзэхгүй байна. Гэхдээ нэгэн ухаантай хүн “За сайхан
ярилаа, юу хийх гэж байна даа” гэж асуусан юм гэнэ лээ. Нөхцөл байдлыг
энэ үгээр л тодорхойлж болох юм.
Гадаадын хөрөнгө оруулалт,
зөвхөн гадаадын ч гэлтгүй хийж бүтээе гэсэн санаачилга тэр бүр биеллээ
олохгүй, төрийн албанд бугшсан хүнд суртал, төрийн алба гэлтгүй нийгэмд
нэлэнхүйдээ байгаа идэвх санаачилгагүй, залхуу хойрго, үл итгэх
хандлагын золиос болж мухардах нь олонтаа байх шиг. Сүүлийн үед гадны
бүхнийг үгүйсгэсэн, бүр дайсагнасан хандлага нийгэм, эдийн засгийн бүхий
л салбарт газар авч, улам бүр даамжирч байгаа нь яавч сайн зүйлд
хүргэхгүй.
Гадныхан аядуу, тойруугаар л хэлж байгаа болохоос биш
олборлох салбарт “шовинизм” нэгэнтээ тогтсон, дэмжигч, дэвэргэгчид нь ч
түрүүчээсээ төрийн бодлого тодорхойлоход ч шууд болон шууд бусаар
оролцоод эхэллээ.
Үндэсний уул уурхайн компаниудаа
дэмжих төрийн бодлогыг түлхүү шингээсэн гэж төсөл боловсруулагчид
тайлбарлаж байгааг Та дэмжих үү. Зарим заалтад Монгол улсын иргэн
компанийн 75 хувийг эзэмшсэн байхаар хуульчилснаар Монголд гадаадын том
компаниуд орж ирэх сонирхлыг хааж, харин Хятад, Оросын компаниуд илүүтэй
орж ирэх магадлалтай байж болох уу?
Баялгийн эзэн нь
монголчууд учир бид л ашиглах ёстой гэж шовинизмаар хандаж байгаа юм бол
түүнийгээ шууд хуульдаа заачих хэрэгтэй. Ашигт малтмалын эрэл,
хайгуул, олборлолтын тусгай зөвшөөрлийг гагцхүү Монгол хүний байгуулсан
компани л эзэмшинэ гэдэг ч юмуу, цаашилбал гадныхан бол зөвхөн хөлсний
ажилтан, ажил гүйцэтгэгчээр оролцож болно ч гэдэг юм уу. Тэгвэл аль аль
талдаа ойлгомжтой амар.
Олборлох салбарт бий болж буй баялаг,
нэмүү өртгөөс баялгийн эзэн улс, ард түмний ашиг, хувь хүртэх хамгийн
зөв бөгөөд эрсдэлгүй, шалгарсан арга нь “бүх төрлийн татвар, нөөц
ашигласны төлбөр авах нөхцөл шаардлагыг” хүлээн зөвшөөрч буй тэр аж
ахуйн нэгжид л зөвшөөрөл олгох, улмаар татварын бодлогоороо дамжуулан
олборлогчдын үйл ажиллагааг зохицуулах, нөлөөлөх явдал гэдэг нь нэгэнт
ойлгомжтой болсон зүйл.
Түүнээс бус олборлолтын тусгай
зөвшөөрөлтэй хуулийн этгээдийн хувьцааны 75 эсхүл 51-ээс доошгүйг нь
Монгол Улсын иргэн эзэмших ёстой гэснээр олборлох салбар дахь үндэсний
аж ахуйн нэгжүүдийн оролцоог нэмэгдүүлж, баталгаажуулж байна гэвэл
өрөөсгөл болно.
“Газрын хэвлийн баялаг төрийн өмч мөн”
хэмээн уг төсөлд шууд тодорхойлолт өгчээ. Ингэснээр “ард түмний өмч мөн”
гэж хэнд ч хамаатуулалгүй, эзэн биегүй орхигдуулдаг гажуудлыг засна
хэмээн төсөл боловсруулагчид тайлбарлаж байгаатай санал нийлэх үү?
1992
онд батлагдсан Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 2-т газар,
газрын хэвлий, түүний баялаг …төрийн өмч болох тухай заачихсан байгаа.
Монголын баялаг, ашигт малтмал хэнд ч хамааралгүй, эзэнгүй явж ирсэн гэж
огт бодохгүй байна.
Тусгай зөвшөөрлийг сонгон
шалгаруулалтаар олгох тухай заалтуудад төрийн байгууллагын эрх мэдэл их
нөлөөтэй байхаар тусчээ. Засаглалын сул байдал үүнд хэрхэн нөлөөлөх вэ?
Тусгай
зөвшөөрлийг олгодог үндсэн хэд хэдэн арга зам байдаг. Бид нэг аргаар нь
1997 оноос хойш явлаа. Болохгүй байна гэж үзсэн үү, эсхүл зүгээр л
нөгөө аргаар нь яваад үзэх хүсэл төрсөн үү ямар ч гэсэн үлдсэн арга
болох Сонгон шалгаруулалтын аргаар л тусгай зөвшөөрлийг олгохыг санал
болгож байх шиг. Зарим нэг нь баялгийн дахин хуваарилалт хийх гэсэн
зорилго байна ч гэж хэлж байна лээ. Тэр ч арай үгүй байх гэж найдаж
байна. Аль ч арга нь эерэг болоод сөрөг талтай.
Сонгон
шалгаруулалт явуулах тохиолдолд шалгуур үзүүлэлт нь ямар байх вэ гэдгээс
олон асуудлын шийдэл тодорхой болно. Нэгэнтээ хөгжлийн өндөр түвшинд
хүрсэн, зөвхөн олборлох, боловсруулах үйл ажиллагаанд төдийгүй эрэл
болоод хайгуулын түвшний ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай хөрөнгийг босгох
боломжийг олгодог хөрөнгийн бирж, хувийн болон хөшүүргэт хөрөнгө
оруулалт хийх санхүүгийн мэргэшсэн дэд бүтэцтэй, хүний болон техник
технологийн хангалттай нөөц бололцоотой Австрали, Канад, АНУ мэтийн улс
орнуудад хэрэглэгдэж байгаа сонгон шалгаруулалтын арга Монголын нөхцөлд
тохиромжтой эсэх талаар хийсэн судалгаа байгаа эсэх нь тодорхойгүй. Яг
төсөлд томъёолсон байдлаараа хууль гарвал Монголын үндэсний жижиг, дунд
хэмжээтэй геологи хайгуулын болон олборлогч компаниуд үйл ажиллагаа
явуулах, тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтад оролцох боломжгүй
болно.
Монголын Засгийн газар сонгон шалгаруулалтын аргыг
хэрэглэх гэж үзээд болж өгөхгүй л байна шүү дээ. Би энд Тавантолгойн
нүүрсний ордыг ашиглах стратегийн хөрөнгө оруулагчийг шалгаруулах
шалгаруулалтыг хэлж байна. Сонгон шалгаруулалтын аргаар тусгай зөвшөөрөл
олгодог болно гэвэл бий болох үр дагаврын бэлээхэн жишээ нь
“Тавантолгой” шүү гэдгийг л хэлье.
1997 оноос хойш 15-16 жил явж
ирсэн одоогийн аргаараа явсан нь зөв байх. Энэ аргынхаа сайн мууг бид
хангалттай мэдэх болсон учир алдаагаа засаад явах нь дөт бөгөөд зөв зам
болов уу.
Нэг зүйлд харамсаж байгаагаа хэлэхгүй өнгөрч чадахгүй
нь. Хайгуулын тусгай зөвшөөрлийг авах, тусгай зөвшөөрлөөр олгогдсон
талбайг хэсэгчлэн болон бүхэлд нь шилжүүлэх талаарх зохицуулалт байна.
Үндэсний компани хайгуулын тусгай зөвшөөрлийг хуульд заасан нөхцөл
журмын дагуу аваад, тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайнхаа нэгээхэн
хэсгийг бусдад худалдсанаар өөрт үлдээсэн талбайдаа хайгуулын ажил хийх
хангалттай хөрөнгийн эх үүсвэрийг бий болгож ирсэн бизнесийн нэгэн
сайхан боломж үгүй болж байгаад үнэхээр харамсаж байна. Өнөөдөр
амжилттай ажиллаж байгаа уул уурхайн ихэнх үндэсний компаниуд ийм замаар
явж амжилтад хүрсэн байдаг.
Хайгуулын лицензийг худалдах,
шилжүүлэх гэдэг нь улс, үндэсний эрх ашгаас урвасан, муу муухай үйл
огтоос биш шүү дээ. Оргүй хоосноос мөнгө бий болгож байна гэдгийг,
байгаль экологи, хүн амдаа өчүүхэн ч хор хөнөөлгүй арга замаар баялаг
бий болгож байгаа үйл ажиллагаа гэдгийг ойлгомоор л байгаа юм.
Лицензийн
худалдаанаас бий болж байгаа мөнгөний эргэлтийг тодорхойлох, түүнээс
татвараа бүрэн гүйцэд авах гэдэг нь татварын албаны тогтолцоо, бүтэц,
үйл ажиллагааны уялдаа холбоо, үйл ажиллагааны үр дүнд холбогдох асуудал
юм.
Хууль буцаж үйлчлэхгүй байх зарчим энэ хууль батлагдсаны дараа хэрэгжих ёстой юу?
Хууль
хүчин төгөлдөр болсноосоо хойшхи харилцаанд үйлчилнэ. Төсөл батлагдвал
өнөөдөр хүчин төгөлдөр байгаа хайгуулын болон ашиглалтын бүх л лиценз,
тэдгээрийн эзэмшигчид шинэ хуулийн үйлчлэлийг шууд мэдэрнэ. Хайгуулын
болон олборлолтын лиценз авах, хайгуулын лиценз сунгах асуудлууд шинэ
хуулийн дагуу шийдвэрлэгдэнэ. Тэгэхээр 5 жилээс дээш насжилттай
хайгуулын бүх лиценз дуусгавар болох буюу цаашид сунгагдахгүй гэсэн үг.
Хууль хүчин төгөлдөр болсноосоо хойшхи харилцаанд үйлчилнэ гэдгийг ингэж
л ойлгож байна.