Ашигт
малтмалын хуулийн төслийн хэлэлцүүлэг The Mongolian Mining Journal дээр
үргэлжилж байна. Төслийн бүрэн эхийг www.mongolianminingjournal.com
сайтын "Хууль, төсөл" булангаас
үзнэ үү.
www.mongolianminingjournal.com-ийн "Хэлэлцүүлэг" булан санал бодлоо info@mongolianminingjournal.com хаягаар илгээж, олон нийттэй нээлттэй хуваалцана уу.
Монгол нүүрс Ассоциацийн Гүйцэтгэх захирал Т. Нарангийн байр суурийг уншигч Танд хүргэе.Хуулийн
төслөөр УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтад заасан
стратегийн 15 орд дээр дахин орд нэмэж бүртгэхгүй, харин Засгийн газрын
санаачлагаар хасч болох, мөн тогтоолын 2 дугаар хавсралтад заасан 39
ордыг чөлөөлж байгаа бололтой. Энэ талаар танай холбооны байр суурь ямар
байгаа вэ?Ер нь “Стратегийн орд” гэж зарлахын зорилго нь
ойлгомжтой ч, ашигт малтмалын ордууд нийгэм, эдийн засагт дорвитой үр
өгөөж өгч чадахгүй, аж ахуйн үйл ажиллагаанд төр хутгалдсанаар тухайн
төсөл эдийн засгийн эргэлтэд орж чадахгүй үхмэл байдалд орох нэг нөхцөл
болж буйг нийтээр харж байна. Тиймээс төрийн эзэмшлийн хувь хэмжээг
нэгэнт тогтоочихсон ордууд, эсхүл Засгийн газартай Тогтвортой байдлын юм
уу, Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулчихсан ордуудыг “Орд ашиглах гэрээ”
нэрийн дор төр дахин хувьцааг нь үнэгүй авна гэхгүй байх эрх зүйн
баталгааг бий болгомоор байна. Стратегид нэмж оруулах “нөөц”-д байсан 39
ордыг чөлөөлсөн нь маш зөв алхам. Учир нь тэр жагсаалтад оруулсан нь
хөрөнгө оруулагчдын болгоомжлолыг төрүүлж, тийш зүглэх сонирхлыг нь хааж
байсан юм. Угаас ордуудыг маш тодорхой бус шалгуураар стратегийн гэх
ангилалд анхнаасаа оруулсан, тэр нь эдийн засгийн ач холбогдол гэхээсээ
илүү улстөрчдийн популизмын бай болсоор өнөөг хүрлээ. Нэг үгээр, хуучин
хуулиас уламжилж ирсэн стратегийн орд гэдэг ойлголтыг нэгмөсөн энэ
хуулиар халмаар байна.
Ерөөс стратегийн орд гэж байх хэрэггүй гэсэн үг үү?Бас
тийм ч биш. Яг “Стратегийн ач холбогдол” гэдгийг цаг үе, нөхцөл
байдалтай нь уялдуулан зөв хэрэглэмээр байна. Бусдаасаа илүү онц чухал
ач холбогдолтой юм гэж угаасаа л байдаг. Жишээ нь, өнөөгийн байдалд
Багануур, Шивээ-Овоогийн уурхайд бол Монгол улсын цахилгаан, дулаан
үйлдвэрлэлийн түлшний хангамжийг авч яваа. Багануур зогсох л юм бол 4-р
цахилгаан станцаас эхлээд бүгд зогсоно. Тэгвэл яах нь ойлгомжтой.
Тиймээс энэ ордын лиценз эзэмшилт, нүүрсний нөөц, тэнд ажиллагсад,
техник технологийн асуудал жишээ нь Увс аймгийн Бөхмөрөн сумын нутагт
орших Хотгорын хүрэн нүүрсний ордоос хавьгүй өндөр ач холбогдолтой юм.
Төслийн 24, 25 дугаарзүйлд “...
тусгай
зөвшөөрлийг Засгийн газрын шийдвэрээр төрийн өмчит болон төрийн өмчийн
оролцоотой аж ахуйн нэгжид сонгон шалгаруулалт зарлахгүйгээр олгож болно”
гэсэн нь хувийн өмчит аж ахуйн нэгжийг ялгаварлан гадуурхсан шинжтэй
заалт бий. Үүнийг хуулийн төсөл боловсруулагчид Эрдэнэт, Багануурын
уурхайд одоо ашиглаж буй талбайгаа нэмэгдүүлэх гэхээр тендерт орох
болчих гээд байгаа учраас гэж тайлбарлаж буй. Гэтэл хуулийг уншсан хэн ч
цаадах энэ нарийн учрыг ойлгохгүй, ойлгох боломж ч үгүй учир өмчөөр
ялгаварласан байна л гэж харна шүү дээ. Түүний оронд одоо ашиглалт
явуулж буй талбайгаа томосгоход давуу эрх эдэлнэ гэдэг ч юм уу илүү
оновчтой байдлаар өмчийн хэлбэрт халдахгүйгээр зааж өгч болмоор.
Хуулийн
төсөлд төр тусгай зөвшөөрөл бүхий талбай, ордыг улсын нөөцөд болон улс
орон нутгийн тусгай хэрэгцээнд хэдийд ч авч болохоор, ингэхдээ бодит
зардлыг нь олгохоор заасан нь аж ахуйн нэгжүүдэд ихээхэн хэмжээний
хохирол авчрахаар байгаа тухай яригдаж байна. Энэ талаар Таны бодол ямар
байна вэ?Төслийн 13 дугаар зүйлд:
“Талбайг улсын нөөцөд авах”, 14 дүгээр зүйлд: “
Ордыг улсын нөөцөд авах”, 15 дугаар зүйлд: “
Тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг улсын болон орон нутгийн тусгай хэрэгцээнд авах”
гэсэн нэртэй байгаа. Хүний эдийн засгийн эрх, өмч хөрөнгөнд төр
халдахад хууль, эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрөгдөхүйц үндэслэлтэй, тэр
нь Үндсэн хууль болон бусад суурь хуулиудтай зөрчилдөөгүй байх ёстой
болов уу.
Гэтэл төсөлд ямар ч үндэслэл заагаагүй байгаа нь
хуулийг албан тушаалтнууд өөрийн үзэмжээр хэрэгжүүлэх боломж олгохоор
байна. Өнгөрсөн хугацаанд ч гэсэн орон нутгийн дарга нар ордуудыг тусгай
хэрэгцээний газар гэж авчихаад тодорхой хугацааны дараа өөртөө
ашигтайгаар чөлөөлчихдөг байсан гашуун үнэн бий. Нөгөө талаас хайгуулын
ажилд асар их хөрөнгө зарцуулаад ганц орд олсных нь дараа бодит зардал
буюу зөвхөн юм олсон талбайд зарцуулсан мөнгийг нь өгөөд ямар ч орлого,
ашиггүй хоосон үлдээх нь яав ч шударга биш. Тэнд хайгуул хийсэн 4 жилийн
хугацааг яахав? Бизнесийн хөгжил, ашиг, орлого нь хугацаанаас шууд
хамааралтай байдгийг мэдэхгүй хүн үгүй. Хэд хэдэн газарт хайгуул хийгээд
нэг талбайд л орд оллоо гэхэд зөвхөн тэнд зарцуулсан мөнгийг нь өглөө
гэхэд олоогүй бусад талбайд гаргасан зардлаа компани хэнээс авах вэ?
Уг
нь олоогүйнхээ зардлыг нээсэн ганц ордоосоо гаргаж авдаг учиртай. Угаас
өндөр орлого, ашиг олох нь аливаа бизнесийн зорилго байдгаас биш
гаргасан зардлаа буцааж авах гэж хийдэггүй. Энэ төсөлд ирээдүйд олох
байсан орлого, ашиг, цаг хугацааны фактор гэхчлэн ордоо хураалгасан
компанид учирч болох олон талын хохирлыг орхигдуулсан байна. Иймд хурааж
авах үндэслэлийг нь маш тодорхой хуульчилж өгөхөөс гадна, хурааж
авснаар тусгай зөвшөөрөл эзэмшигчид бодит зардлаас гадна учирсан
хохирлыг бүрэн нөхөн олгох Үндсэн хуулийн зарчимд нийцүүлэх учиртай.
Төрийн оролцоо хэт их байгааг шүүмжлэх хүн олон байна?Төр
өөрөө компани удирдаж, бизнес хийхийг төсөлд дэмжээгүй нь чухал ололт.
Гэвч нөгөө талд нь уул уурхайн үйлдвэрлэл дэх бүх шатны дарга нарын
оролцоог хэт хавтгайруулан нэмсэн байна лээ. Болхиор зүйрлэвэл дарга нар
төрийн нэрээр бизнест хувь эзэмших буюу “хуруу дүрэх” байдлаар оролцож,
ингэхдээ шударга бус нөхдүүд улсын хөрөнгийг биет байдлаар хулгай,
луйвар хийх боломжтой байдаг байсныг хязгаарласан хэдий ч элдэв гэрээ
хийх, зөвшөөрөл өгөх буюу “хошуу дүрэх” хэлбэрээр бизнест оролцож, аж
ахуй эрхлэгчдийг эрхэндээ байлгах бололцоог нь нэмсэн гэсэн үг. Төрийн
өмчийн оролцоо нэмэгдэхийг дэмжээгүй боловч, төрийн бүх шатны эрх
мэдлийн оролцоог хэт нэмсэн.
Оролцоог эмэгдүүлж болно. Гэхдээ
хэрэгжих нөхцөл байдал, түүнээс гарах эерэг ба сөрөг үр дүнг дутуу
тооцсон харагдаж байна. Жишээ нь, эрэл, хайгуул, олборлолт,
боловсруулалт хийх бүх талбайг тендерээр олгоно гэсэн. Манайд тендер гэж
юу байдгийг бараг бүгдээрээ мэднэ дээ. Сумын төвд халуун ус барих
тендер дээр гэхэд л яаж “алалцдаг” билээ? Гэтэл Оюутолгой шиг,
Тавантолгой шиг, алтны Бороо, Олон овоот шиг ордууд дээр тендер зарлана,
тэрийг нь төрийн ажилтнууд зохицуулна гэж бодохоор юу бодогдож байна
даа?
Хуулийн 46 дугаар зүйлд “...
аливаа этгээд ...сонгон
шалгаруулалт явуулахыг эсэргүүцэх эрхтэй. ...эсэргүүцэж байгаа
үндэслэлээ гаргаж төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.
...эсэргүүцсэн нь үндэслэлтэй гэж үзвэл сонгон шалгаруулалт зарлахгүй
байж болно” гэж байгаа. Монголын аль ч аймаг, сум, багаас багадаа 10
шантаажчин зовлонгүй олдоно доо. Бас Улаанбаатарт суучихаад нутгийнхаа
газар шорооноос “бурхан гуйсан ч” өгөхгүй гэх “халуун эх орончид”
хангалттай олон байгаа. Ийм нөхцөлд компани хайгуулаар олж тогтоосон
нөөцдөө тендерээр олборлолтын лиценз авна гэж найдахад даанч хэцүү
болно. Тендерт шалгарсан ч төслийн 60 дугаар зүйлээр бас дахин хэн нэг
этгээдийн эсэргүүцлийн улмаас тусгай зөвшөөрлөө авч чадахгүй болох юм
билээ. Түүний оронд аймаг, сумын Иргэдийн хурлаараа тухайн талбайд аль
нэг төрлийн лиценз олгох эсэх тухайгаа хэлэлцээд, нэгдсэн нэг шийдвэр
гаргаж, хөрөнгө оруулагчидтай хийсэн гэрээ хэлцлээ баталж болно шүү дээ.
Хуулийн агуулгыг харахад орон нутгийн оролцоог нэлээд нэмэх зорилго тавьсан юм шиг харагдсан? Тийм
байгаа. Бүх зүйлийг дээрээс, нийслэлээс шийддэг байдал олон муу талтай
нь үнэн. Гэхдээ орон нутгийн дарга нарын эрх мэдлийг нэмэхийн зэрэгцээ
бас үүрэг, хариуцлага, ухамсар, мэдлэг мэдээлэл, ур чадварыг нь нэмэхгүй
бол маш их сөрөг үр дагавар гарна. Өмнөговийн Цогтцэций дэх “жижиг”
Тавантолгой, Хөвсгөлийн Могойн гол, Өвөрхангайн Баянтээг гээд орон
нутгийн нүүрсний уурхайд нутгийн дарга нарын бүрэн мэдэлд л өнөөг хүрч
байна. Тэглээ гээд мэргэжлийн салбараас хөндийрсөн, мэргэжлийн хүмүүсгүй
шахам болсноос биш хөрөнгө оруулалт, техник технологийн шинэчлэл
хийгдсэн, өндөр ашиг орлоготой ажилладаг болсон, нутгийн иргэдэд үр
өгөөж нь наалддаг болсон гэж би сонсоогүй. Тавантолгой л Хятад руу нүүрс
зөөж байгааг тооцохгүй юм бол.
Төсөл энэ хэвээрээ хууль болж
гарвал уул уурхай дахь хөрөнгө оруулалт зогсоно гэж мэргэжлийн хүмүүс
ярьж буйтай Та санал нийлэх үү?Нийлнэ. Манай уул уурхайгаас
бусад салбар руу гаднаас нэг их хөрөнгө урсаж орж ирэх нь юу л бол.
Гэтэл бид гадны Хөрөнгө оруулалтын хуулиа, араас нь Ашигт малтмалын
тухай хуулиа ингээд чангалаад байвал хуулийн дагуу үйл ажиллагаа
явуулдаг, олон улсад нэр хүндтэй, санхүүгийн өндөр чадавхитай компаниуд
хөрөнгө оруулалтаа үргэлжлүүлээд байхгүй. Харин “хар”-аар ажилладаг буюу
хуулийг тоодоггүй гадаад, дотоодын нөхдүүд л тэдний орон зайг эзлэх
байх. Энэ бол аюул.
Нөгөөтэйгүүр, уул уурхайгаар дамжин гаднаас
манай руу үлэмж их мөнгө өөрөө урсаж орж ирэх нөхцөл бүрдээд байхад бид
тэдгээр урсгалыг хаачихаад, зөрүүлээд гадаадаас хүүтэй мөнгө зээлээд
байх нь утга учир муутай. Бид зөв бодлого явуулж чадвал манай яамд
өөрсдөө дэд бүтэц, үйлдвэр уурхай барьж байгуулах гэж зовож суухгүй
мэргэжлийн хүмүүс маш хямд зардлаар бидэнд тэр бүгдийг дэлхийн шилдэг
стандартаар хийгээд өгчих ч боломжтой шүү дээ.
Жишээ нь,
цахилгаан станц, төмөр зам, авто зам, нисэх буудал, нефть боловсруулах
үйлдвэр, нүүрснээс шингэн болон хийн түлш гаргах үйлдвэр гэхчлэн бидний
олон жил ярьж, мөрөөдөж байгаа зүйлүүдийг уул уурхай дагасан гадны
хөрөнгө оруулалтаар бүрэн шийдэж болно.
Үндэсний компаниудаа дэмжсэн төсөл гэж хууль санаачлагчид ярьж байгаа?Улсынхаа
хөгжлийг, нийт иргэдийнхээ амьдралыг, ажил бизнесийн бусад салбаруудаа
араасаа “чирээд явах” цөөн ч гэсэн том компанитай болмоор байна. Дэлхийн
зах зээл дээр ажиллаж чадах үндэсний ийм том компаниудыг бид уул
уурхайгаа л түшиж босгохоос өөр ойр дөт зам харагдахгүй байна. Хятадын
Шенхуа, Америкийн Пибоди, Австрали-Английн Рио Тинто, Австралийн Хтрата
шиг компаниудыг бид босгож ирэх хэрэгтэй байна. Үүний тулд төрөөс мөнгө
санхүүгийн тусламж гэхээсээ бодлогын дэмжлэг л нэн чухал байна даа.
Харамсалтай нь энэ хуулийн төсөлд ийм зүйл ховор, харин ч тус болох бүү
хэл салбартаа олон жил ажиллаад овоо өндийж буй компаниудад нэмэлт
бэрхшээл дарамт учруулах заалтууд элбэг байна .