Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

Ашигт малтмалын хуулийн төслийг хэн эсэргүүцэж, хэн дэмжиж байна вэ?

The Mongolian Mining Journal-ийн энэ оны эхний дугаарт Ашигт малтмалын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг нийтлэгдэж байна. Төслийг санаачлагчийн дэлгэрэнгүй тайлбар, олон нийтийн байгууллагуудын дүгнэлт монгол, англи хэл дээр нийтлэгдэв.

Түүнчлэн уул уурхайн томоохон компанийн захирлууд, хуульчдын байр суурь уг дугаарт хэвлэгдлээ. Төслийг дагалдан 30 гаруй хуульд өөрчлөлт орох бөгөөд Монголын уул уурхайн салбарын эрх зүйн зохицуулалт, хөрөнгө оруулалтын орчинд томоохон өөрчлөлт оруулах уг төслийн зүйл заалт бүрээр олон талын байр суурь, тайлбар нийтлэгдсэн сонирхолтой дугаар уншигч Таны гарт очно.

Уул уурхайн салбарт төрөөс баримтлах бодлогод орж буй зарчмын өөрчлөлтийн талаар оролцогч бүх тал байр сууриа илэн далангүй илэрхийлсэн энэхүү цогц дугаараас уншигч Та бүрэн ойлголт авч өөрийн дүгнэлтийг хийх боломж нээгдэнэ. Уул уурхайн компаниуд, хууль санаачлагч –Ерөнхийлөгчийн Тамгын газрын Ажлын хэсэг, бие даасан шинжээчид нь төслийн зүйл заалтууд дээр тус бүрдээ тодорхой тайлбар хийхдээ нэгдсэн ойлголтод хүрэхийг эрмэлзэж, хууль хэрэгжих үр ашигтай механизмыг хамтын хэлэлцүүлэг дундаас олохыг чармайжээ. 

Төслийн хэлэлцүүлгийг өргөн хүрээнд, нээлттэй хийж буй арга барилаараа Ашигт малтмалын тухай хуулийн энэхүү төсөл нь шинэ дэвшил, зөв жишгийг тогтоож байна.

Хэлэлцүүлэгт ирж буй саналууд мөн www.mongolianminingjournal.com сайтын “Хэлэлцүүлэг” хэсэгт өдөр тутам шинэчлэгдэн орсоор байна. Тухайлбал, төслийн байгаль орчин хамгаалал, нөхөн сэргээлт, уурхайн хаалттай холбоотой заалтуудаар сэтгүүлч Б. Төгсбилэгтийн хийсэн анализын эргэн тойронд байгаль орчны мэргэжлийн байгууллагууд саналаа илэрхийлсээр байна.