Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Байр суурь

“Ордын дахин хуваарилалт хийх санаархал гэж харж байна”

Ашигт  малтмалын хуулийн төслийн хэлэлцүүлэг The Mongolian Mining Journal дээр үргэлжилж байна. Төслийн бүрэн эхийг www.mongolianminingjournal.com сайтын "Хууль, төсөл" булангаас үзнэ үү.

www.mongolianminingjournal.com-ийн "Хэлэлцүүлэг" буланд санал бодлоо info@mongolianminingjournal.com хаягаар илгээж, олон нийттэй нээлттэй хуваалцана уу.

Хуулийн төслийн талаар Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн Гүйцэтгэх захирал Н. Алгаагийн байр суурийг сонирхов. Ассоциаци нь 170 орчим байгууллагыг эгнээндээ нэгтгэдэг.

Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн төсөл хэлэлцэгдээд сар орчим боллоо. Энэ хооронд асар их шүүмжлэл гарч байна. Төслийн эргэн тойронд яагаад ийм их шүүмжлэл гараад байна  вэ?


1994 оноос хойш дөрөв дэх хуулийн шинэчилсэн найруулга явж байна. 18 жилд дөрвөн удаа хуулиа өөрчилжээ гэсэн үг. Анхнаасаа төрийн бодлогоо хэвшүүлж чадахгүй яваа нь эндээс харагддаг. Хамгийн эхний хуулиудын үзэл баримтлал нь  хувийн хэвшлийг дэмжиж уул уурхайн салбарт оруулъя гэсэн бодлого байсан. Улсын төсвийн хөрөнгөөр, татвар төлөгчдийн мөнгөөр хайгуул хийх боломжгүй,  олборлох үйл ажиллагаанд оруулах мөнгө засагт байхгүй. Тийм үед хувийн хөрөнгө оруулалтыг энэ салбарт хийх нь чухал гэж үзсэн.

Харин энэ удаагийн шинэ төслийн хувьд үндсэн концепци нь геологи, уул уурхайн үйлдвэрлэлийг дэмжинэ гэсэн бодлого баримталсан гэжээ. Гэтэл төслийн 13, 14, 15 дугаар зүйлийг уншаад үзэхэд огт өөр бодлого чиглэлтэй заалтууд байна. Нэгдүгээрт, талбайг нөөцөд авна гэж тусгасан. Ашигт малтмалын 1997 болон 2006 оны хуульд талбайг нөөцөд авах гэсэн зохицуулалт байсан юм. Лицензийн бүртгэлийг цэгцлэх зорилгоор нөөцөд авах гэх мэт тодорхой үндэслэл, зориулалт заадаг байсан. Тэгвэл шинэ төсөлд  ямар тохиолдолд нөөцөд авах талаар заагаагүй. Нэгэнт зориулалт байхгүй учраас шууд нөөцөд авна. Бодит зардлыг нь өгөөд, сонгон шалгаруулалтад оруулна гэсэн байна.

Хоёрдугаарт, хувийн хөрөнгөөр орд нээсэн ч ялгаагүй нөөцөд авна. Лицензийн хугацаа дуусахаар бодит зардлыг нь нөхөөд, сонгон шалгаруултад оруулна гэж байгаа юм.

Гуравдугаарт, аймаг орон нутгийн тусгай хэрэгцээнд авна. Мөн л бодит зардлыг нь олгоод тусгай хэрэгцээнд авна гэжээ. Энэ гурван заалтад зориулалт, тодорхой үндэслэл байхгүй. Үндэсний парк байгуулна, байгалийн цогцолборт газар бий болгоно гэдэг ч юм уу ямар нэг үндэслэл байх хэрэгтэй шүү дээ.

Ийм үндэслэл гарч ирвэл бодит зардлыг нь биш, нөхөн олговор олгох хэрэгтэй. Бодит зардал гэдэгт ирээдүйд олох ашиг нь орж ирэхгүй шүү дээ. Таван жилийн өмнө хайгуул хийсэн гэж бодъё. Энэ хооронд инфляци гэх мэт янз бүрийн хүчин зүйл гарч ирнэ. Зөвхөн бодит зардлыг нь олгоно гэхээр өндөр эрсдэл үүрч хайгуул хийсэн хүн хохирч таараад байгаа юм. Дор хаяж алдагдсан боломжийг нь нөхөн олговор болгож өгөх хэрэгтэй. Ер нь гадаадын улс оронд ч ийм жишиг бий. Газарт хөрөнгө оруулалт хийсэн хүн таван жилийн дараа ямар ашиг авах вэ, хэрэв өөр газар хөрөнгө оруулсан бол хэдий хэр ашиг олох вэ, банкинд хадгалуулсан бол хэдий хэмжээний хүү авах байсан бол гэх мэтээр урьдчилан тооцоолж үздэг. Тухайн хөрөнгө оруулагч гаргасан бодит зардлаасаа гадна боломжоо алдаж байгаа юм. Боломжийг нь бодит зардалд нь нэмж олгодог олон улсын тогтсон жишиг бий.

Тэгэхээр дээрх гурван заалт нь тусгай зөвшөөрлийг хураан авах замаар дахин хуваарилалт хийх нь гэсэн болгоомжлол төрүүлж байна. Хувийн хөрөнгөөр томоохон орд нээвэл шууд аваад, зөвхөн бодит зардлыг чинь өгөөд, ордыг буцаагаад авчихна гэсэн үг. Хугацаа нь дуусахад сонгон шалгаруулна гээд байгаа юм. Сонгон шалгаруулж буюу нэг хүнээс аваад нөгөө хүнд, ондоо хуулийн этгээдэд ашиг олох зорилгоор буцаан олгож буй явдал байхгүй юу. Байгалийн цогцолборт газар, тусгай хамгаалалттай парк байгуулах гэх мэт хураан авсан газрыг дахин ашиглах  ёстой болохоос биш ашиг олуулахаар өөр хүнд өгдөг ийм зарчим дэлхийн жишигт үгүй. Дээрх гурван заалтаас үүдэж, ашигтай ордыг дахин хуваарилах ажлыг гардан зохион байгуулдаг бүлгийг бий болгох, авилга хээл хахуулийг цэцэглүүлэх суурийг бэлдэх нь гэж харагдаж байгаа юм. 

Хүнд суртлыг гааруулах нь


Дараагийн асуудал нь хүнд суртал. Маш олон төрийн захиргааны байгууллагуудаас лиценз авахын тулд зөвшөөрөл авна. Хувийн компаниудын цалин хөлс, ажлын төлөвлөгөө, техник, эдийн засгийн үндэслэлийг нь Яам батална. Манайхан техник, эдийн засгийн үндэслэл гэж яриад байгаа боловч тэр чинь төслийн эдийн засгийн тооцоо үндэслэл юм шүү дээ. Бүх бизнест хийдэг зүйл. Хувийн хөрөнгөөр ордод орж ажиллаж байгаа бол өөрийн нөөц бололцоо, ашиг олох бололцоо, хүн хүч, тоног төхөөрөмжийн боломждоо тааруулаад өөрөө төлөвлөгөөгөө хийдэг. Ийм бизнесийн төлөвлөгөөг нь улсаас баталж өгөхөөр чинь түүнийг  хувийн гэх үү, төрийн өмчит компани гэх үү? Цалинг нь хүртэл тогтоочихож байна. Газрын хэвлийг  хөндөж буй учраас төр хянах ёстой гэж манайхан үздэг. Тэгвэл уулын малталтын зураг тайлан зэргийг явуулж хянуулж байх ёстой болохоос биш, хөрөнгө мөнгийг нь төрөөс хянаж, ТЭЗҮ-ийг нь батлаад байж болохгүй шүү дээ.

Нефть боловсруулах үйлдвэрийн ТЭЗҮ-ийг хий гээд саяхан Засгийн газрын хуралдаанаас Яамандаа үүрэг өгчихлөө. Зэс хайлуулах үйлдвэрийн ТЭЗҮ-ийг төр өөрөө хийнэ гэж хоёр жил хоосон ярьсныг Та санаж байгаа. Энэ жишгээр орох болов уу гэсэн болгоомжлол байгаа юм. Засгийн газар ТЭЗҮ хийдэг газар болохыг  хуулиар баталгаажуулаад, төр хариуцахаар болж байна?

Хувийн компанийн боломж бололцоог нарийн мэдэрч судлах чадавх төрд байгаа юу? Байхгүй. Яам бодлого боловсруулдаг байгууллага болохоос биш аж ахуйн нэгжид зөвлөгөө өгдөг бизнесийн зөвлөх компани биш шүү дээ. Яаж ч бодоход энэ ажлыг хийж амжихгүй. Энэ байдлаар хууль батлагдвал хүнд суртлыг гааруулж, зөвшөөрөл өгдөг, баталдаг олон гарын үсэг бий болно. Тэр бүх гарын үсэг хээл хахуулийн үндэс суурийг өргөжүүлэх нь.

Орон нутгаас ялангуяа анхны зөвшөөрлийг авахаар хуульчилж буй нь бизнесийг эхний алхмаас нь эрсдэлд оруулж буй юм биш үү гэж төсөл санаачлагчдаас асуусан. Төсөл санаачлагч “Эхний үед эрсдэл бий болно” гэж хариулсан юм. Аливаа хуулийн төсөлд эхний үед эрсдэл байна аа гэсэн нөхцөл тавьж, ийм зарчим суулгаж болдог юм уу?

Бизнесийн нэг орчин нөгөөгөөр солигдох гэж байна шүү дээ. Ийм үед эрсдэл нэмж бий болгон, нөхцөл байдлыг дордуулж болохгүй. Эсрэгээр нь эрсдэлийг хуваалцаж зайлуулж байж хувийн хөрөнгө оруулагчид ажиллана. Олон улсын жишгээр ийм төрлийн хууль гаргахад дагаж мөрдөх журмын дагуу бэлтгэлийг нь хангадаг.

Хоёр жилийн өмнө Иргэний танхимд санал хэлэлцэх үед орон нутгийн оролцоог хуульчилж нэмэгдүүлье гэж би хэлж байсан. Урт нэртэй хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор судалгаа тооцоолол гарган газар нутгийн солбилцлыг тогтоодог шиг баг, сум, аймгийнхан нь хурлаа хийж, овоо тахилга, удган мод юу байна вэ бүгдийг нь тогтоож, мэргэжлийн байгууллагуудаар кадастрын зурганд оруулах хэрэгтэй. Орон нутгийн иргэдийн эрх ашгийг ингэж тодорхой үндэслэлтэйгээр хамгаалахгүй бол жилд нэг удаа өргөдөл өгч тэр болгонд саналыг нь аваад эхэлбэл хүнд суртал, хээл хахуулийн асуудал үүснэ. Шинэ төсөлд зааснаар оны эхэнд Яам сонгон шалгаруулалтын талбайгаа зарлаж, орон нутгаас санал авна. Орон нутаг зөвшөөрөхгүй бол сонгон шалгаруулалт явуулахгүй гэжээ. Тухайлбал, “А” лиценз авах үед нь эсэргүүцэж буй бол ямар үндэслэлээр, юуг эсэргүүцэхийг хуульчлаагүй. Тэгэхээр зүгээр л таалагдахгүй бол эсэргүүцэх нь.

Та хуулийн Дагаж мөрдөх журмын тухай хууль давхар хэлэлцэгдэх ёстой гэж үзэж байна уу?

2006 оны хууль нь хайгуулын долоон жилийг есөн жил болгож сайжруулсан нөхцөлтэй байсан шүү дээ. Одоо бол дөрөв, тав хүртэлх жилээр эрлийн болон хайгуулын лиценз олгохоор байгаа. Тэгвэл яг өнөөдөр ес эсвэл, долоо дахь жилдээ явж байгаа лицензийг яах вэ? Таван жилээр олгох юм уу? Өөрөөр хэлбэл хуучин хуулийн орчинд байгаа лицензүүд яах юм гэсэн асуулт зайлшгүй гарч ирнэ. Төслийн 13, 14, 15 дугаар заалт хууль батлагдсаны маргааш хэрэгжихгүй л байх. Гэхдээ хоёр жилийн дараагаас хэрэгжээд эхэлнэ шүү дээ. 2010 онд авсан лиценз байлаа гэж бодъё. Хоёр жилийн дараа уучлаарай, тусгай хэрэгцээнд авлаа гэвэл яах вэ?!

Ийм том өөрчлөлтүүд салбарынханд тулгарч байгаа тохиолдолд Дагаж мөрдөх журмын тухай хуулийг маш нухацтай гаргах хэрэгтэй. 2006 оны хууль батлагдах шилжилтийн үед нэг иргэний 30 тусгай зөвшөөрөл шилжигдэж өгөхгүй бөөн хэрүүл маргаан үүссэн тохиолдол бий шүү дээ. Субьектив хамааралтай,  албан тушаалтнаас хамаарсан асуудал болж хувирсан.

Монгол улс субьектив хүчин зүйлээс хамгаалсан авилгагүй орчин бий болгох гэж оролдож байгаа. Гэтэл энэ хуулийн төслийг харахад алхам тутамдаа субьектив хүчин зүйлээс хамаарч, хээл хахууль авах үндэс бүрдэх гээд байна?

Төслийн тодорхой заалтууд хүнд суртал бий болгож магадгүй учраас үүнийг судалж, дүгнэлт гаргаж өгөөч ээ гэсэн бичгийг Авилгатай тэмцэх газарт хүргүүлэхээр болсон. Дээр ярьсан хэд хэдэн заалтуудын талаар Авилгатай тэмцэх газраар дүгнэлт гаргуулах хэрэгтэй байна.

Өрнөдийн, хариуцлагатай компаниуд орж ирэхгүй байх магадлалтай

Хууль энэ хэвээрээ батлагдвал гадны хөрөнгө оруулалттай компаниуд эрсдэлтэй нөхцөлд орно гэсэн байр суурь байна. Энэ бодитой юу?


Бодитой байлгүй яах вэ. Энэ хуулиар Монголын талтай заавал хамтар гээд хуульчилж байна. Шинэ хуулийн дагуу хамтарч болдог юм байж. Тэгвэл Компанийн тухай хуулиар тухайн аж ахуйн нэгж эхэлж байгуулагдана шүү дээ. Үүсгэн байгуулагч нь гэрээ хийнэ. Монголын тал үүргээ биелүүлж чадаагүй бол яах вэ? Тэр компаниас гарна гэсэн үг. Шүүх дээр зарга үүснэ.

Стратегийн ач холбогдолтой салбарын зохицуулалтын тухай хавар баталсан хуульд 100 сая ам. долларын хөрөнгө оруулалттай бол гэсэн дүн байгаа. Одоо энэ дүнд өөрчлөлт оруулж хэмжээг нь нэмнэ гэж байгаа. Тэгэхээр энэ заалт нь шинэ төсөлтэй  зөрчилдөөд байгаа юм. Монгол улсын иргэн 75 хувийг нь заавал эзэмшинэ гээд заачихаар ийм их мөнгөтэй Монгол хүн байхгүй, өөрийн талын хөрөнгөө гаргаж чадахгүй шүү дээ?


Хууль санаачлагчдаас би энэ асуултыг асуусан юм. Хуулийн дээрх заалтыг хангах гэж дүр үзүүлсэн хэлэлцлүүд их хийгдэх байх. Гэхдээ шүүхээр ороход анхнаасаа тийм дүр үзүүлсэн хэлцэл хүчингүй болно гээд байгаа юм. Гэтэл тийм дүр үзүүлсэн гэдгийг хэн олж харж гомдол гаргах вэ? Ийм эрсдэлтэй юманд гадаадын компаниуд ер нь гэрээ байгуулах уу?

Үндэсний үйлдвэрүүдээ дэмжинэ гэсэн хуулийн санааг мэдээж үгүйсгэхгүй байна л даа. Гэхдээ үүний тулд заавал хамтар гэх арга хэлбэр нь бүдүүлэг байгаа юм.

УИХ-д популистууд олон байгаа учир шинэчилсэн найруулга батлагдах магадлалтай. Хэрэв энэ хэвээрээ батлагдвал ямар үр дагавар гарах вэ?


Өрнөдийн компаниуд хуурамч гэрээ хэлэлцэл хэзээ ч хийхгүй. Ингэж нэр хүндээ унагавал тэд бусад оронд ч ажиллах орон зайгүй болчихно шүү дээ. Тиймээс өрнөдийн, хариуцлагатай компаниуд орж ирэхгүй байх магадлалтай. Мөн зөвхөн бодит зардлыг олгох тухай заалт байна. Энэ хоёр заалтаас үүдээд гаднаас орж ирэх хөрөнгө оруулалт зогсоно.

Хууль ихэнх тохиолдолд эргэж үйлчлэхгүй. Ялангуяа “А” лицензийн хувьд. Хайгуулын лиценз нэг бол хайгуул, эсвэл эрлийн лиценз болж хувирна гэсэн үг. Үүний дараа байдал өөрчлөгдөх магадлал өндөр байна шүү дээ. Монголын компаниуд ч өөрсдөө ажиллаж чадахааргүй нөхцөлтэй болсон байна. Ялангуяа хайгуулын хэсэг дээр. Нэг га дахь хайгуулын ажлын зардал хамгийн багаар тооцоход 300.000 төгрөг. Хамгийн дээд хэмжээ нь 12000 га газар байгаа юм. Хайгуулд 3.6 тэрбум төгрөгийг Монголын ямар компани гаргах юм бэ? Мөн санхүүгийн чадвар, мэргэшсэн байдлаар нь сонгон шалгаруулна гэсэн.  Жирийн иргэн, жижиг компани энд оролцох ямар ч бололцоо байхгүй. Цөөхөн хэдэн компанид үйл ажиллагаа явуулах боломж олгож байна.

Хагас жилийн дотор ТЭЗҮ хийх, байгаль орчны үнэлгээг  сарын дотор хийх гэх мэт хуульд заасан хугацаанууд хэр бодитой вэ. Хангалттай хугацаа мөн үү?


Хагас жилийн хугацаанд ТЭЗҮ нь дуусдаг жижиг төслүүд л байна. Оюутолгой, Тавантолгой шиг төслүүдэд бол хангалтгүй. Эрлийн, хайгуулын, олборлолтын, боловсруулалтын гээд дөрвөн зөвшөөрөл болгоод хуваачихлаа шүү дээ.

Ашигт малтмалын тухай хууль өөрөө газрын хэвлийг хөндөх, олборлолт явуулахтай холбоотой. Одоогийн мөрдөж буй хуульд ашиглах зөвшөөрөл дотор борлуулалттайгаа хамт туссан байсан. Тэгвэл шинэ төслөөр жишээ нь би баяжмал худалддаг байхад худалдаж авсан хүн боловсруулах үйлдвэр барихаар тусгасан. Энэ бол хуулийн зохицуулалт биш шүү дээ. Огт хамаагүй, боловсруулалтын асуудлыг хамт оруулсан.

Жижиг Тавантолгойд тулгарсан асуудал байдаг ч юм уу, түгээмэл бус тохиолдлуудаас үүдэж зохицуулалт хийсэн байгаа юм. Нэг компани сорчлон олборлосон байна, тэгэхээр бүгд сорчилж магадгүй гэсэн жишгээр явж байгаа юм.

Ийм жижиг эдийн засагтай газар тохиолдлуудыг томсгож хараад, бүгдэд нь таардаг зохицуулах гаргана гэж хэлж болохгүй.

Тохиолдолд зориулсан зохицуулалт нэлээд байгаа харагдсан. Багануур, “Эрдэнэт”-ийн эргэн тойрон дахь газрын зөвшөөрлөөс үүдээд, төрийн өмчит компаниудад нэмж талбай эзэмших давамгай эрх эдэлж байгаа гэж тайлбарласан. Түгээмэл бус тохиолдолд үндэслэн олон жил “наслах” учиртай хуулийг хийх нь ямар сөрөг үр дагавартай вэ?

Хувийн компанийн үйл ажиллагаа явуулж буй газрын зэргэлдээ талбай байгаа л даа. Тэр талбайг сонгон шалгаруулах бол хувийн байна уу, хувьсгалынх байна уу хамаагүй шүү дээ. Цаашдын дэд бүтцийн бодлого, хөрөнгө оруулалтаас хамааруулж энэ асуудлыг адилхан төлөвлөх ёстой. Гэтэл төрийн өмчит компани ганцаараа давуу эрхтэй байж болохгүй. Төрийн өмчит компанийн эрх ашиг хөндөгдсөн ийм тохиолдол гарсан гэж хараад хууль боловсруулахаар хэтэрхий нөгөө тал руу хэлбийж байгаа юм.

Эргэж үйлчлэхгүй гэсэн заалт нь үгүй байхад хэн баталгаа гаргах юм?

Монгол Улс зах зээлийн зарчмаар явдаг. Гэхдээ уул уурхайн салбар онцлог учир төрийн оролцоо, эрх мэдэл гэсэн хэсэг том зүйл заалт болж орж байгаа  гэж тайлбарласан?

Хууль санаачлагчид төрийн оролцоог хувь хэмжээ эзэмших биш, харин зохицуулалтын оролцоо гэж ярьсан. Зохицуулалтын оролцоо байж болно. Зохицуулалтын эдийн засгийн хөшүүргүүд ч байна. Импортын, гаалийн, экспортын татвар гэх мэт. Татварын хувь хэмжээгээр ч зохицуулж болно. Гэтэл олон зөвшөөрөл олгочихоод, тэрэн дотроо дахиад зөвшөөрөлтэй. Зөвшөөрөл тус бүрээ авахын тулд таваас зургаан бичиг цаас бүрдүүлэх жишээтэй.  Хуучин байсан хоёр зөвшөөрөл нь дөрөв болоод, дөрөв нь дахиад дотроо бичил зөвшөөрлүүдтэй болоод нийт найман зөвшөөрөл болж байгаа юм. Үүнийг муйхар маягийн зохицуулалт гэж би харж байна.

Юугаа зохицуулах вэ гэдгээ бодох ёстой. Өмнөх туршлагаас харахад чангаруулснаар ямар ч үр дүнд хүрдэггүй. Урт нэртэй хууль, 68 хувийн татвар гэх мэтээр төр хавтгайгаар нь зохицуулах гэж оролдоод алт ч үгүй, татвар ч үгүй хоцорсон. 2006 оны хуульд лиценз шилжүүлэхийг зохицуулна гэж ярьсан. Гэтэл эдгээр хориглосон заалт болгоны цаадах цоорхойг хууль зөрчигчид нь гярхай ашиглаад байна шүү дээ. Одоо лиценз шилжүүлэх бол компаниа худалдчихад л болчихно.

Та түрүүн дахин хуваарилалт хийх нь гэж ярьсан. Энэ хуулийн төслөөс үүдээд шууд хэлэх хардлага Танд байна уу?


Дээр ярьсан гурван заалтыг уншихад тодорхой байна л даа. Ямар ч үндэслэл зориулалтгүйгээр орд, талбайг шууд нөөцөд авна, эсвэл орон нутгийн тусгай хэрэгцээнд авна гэж бичсэн байгаа. Хамгийн хачирхалтай  нь авсан тодорхой хугацаа дуусахаар дахин сонгон шалгаруулалтад оруулна гэж байгаа юм. Дахин сонгон шалгаруулалтад оруулна гэдэг чинь дахин хуваарилна л гэсэн үг болчихоод байгаа юм. Хууль санаачлагчдаас одоо байгаа 3000 лицензийг дахиж хуваарилах гэж байгаа юм уу гэж асуухад үгүй гэж хариулт өгч байна билээ. Хууль эргэж үйлчлэхгүй гэсэн. Гэхдээ эргэж үйлчлэхгүй гэсэн хуулийн заалт нь байхгүй байхад хэн баталгаа гаргах юм?

Тогтвортой байдал, хөрөнгө оруулалтын гэрээ байхгүй болчихсон. Алтны салбарыг цохиж унагасан шиг нөхцөл байдал нүүрсний салбарт үүсэхийг үгүйсгэхгүй шүү дээ. Татвараар дарамталж тухайн бизнесийг хуримтлалгүй, хариуцлагагүй болгож болохгүй шүү дээ. Тэд техник технологио шинэчилж чадахгүй, дараагийн боловсруулах үйлдвэрээ барьж чадахгүй болж байна.

Урт нэртэй хуулийг хэрэгжүүлэх механизмыг суулгаж өгсөн байсан. Та үүнийг олж харсан уу?


Тэр хэсгийг нь нягталж харж амжаагүй байна.

2006 оны хуультай харьцуулахад дэвшил гарсан зүйл байна уу?


Тусгай зөвшөөрлийг эрх мөн гэж тодорхойлсон байна. Өөрөөр хэлбэл агуулгаар нь эрх гэж томъёолоод, эрх дотор нь хувийн хөрөнгө оруулалт, оюуны үнэт зүйл орвол хамгаалагдана гэсэн зүйл харагдаж байна билээ. 1997 оны хуульд үүнийг эрх гэж бичсэн байдаг юм. 1994 болон 2006 оны Ашигт малтмалын хуульд “эрх олгосон баримт бичгийг хэлнэ” гэж А4-ын цаасыг тусгай зөвшөөрөл гэнэ гэсэн тодорхойлолт хийсэн юм шүү дээ. 

Ордод Төрийн хувь хэмжээгээр оролцох оролцоог цаашдаа байхгүй байгаа. Орон нутгийн оролцоог дэмжих талд зарим нэг хэцүү заалт байгаа ч ерөнхий үзэл баримтлал нь зүгээр. Жилд нэг удаа сонгон шалгаруулалт явуулна гэхээр нэг удаа санал авч арай замбараатай болж магадгүй шиг харагдсан. Гэхдээ жилд нэг л удаа сонгон шалгаруулна гэхээр орон нутаг нь зөвшөөрөхгүй гэвэл хайгуул хийгдэхгүй. Ийм тохиолдол 2006 оны хууль хэрэгжих шатанд гарсан. Энэ хуулийн дагуу ганц ч удаа сонгон шалгаруулалт хийгээгүй шүү дээ. Нэг удаа тусгай зөвшөөрлийн 30 гаруй талбайг сонгон шалгаруулахад ганц ч орон нутаг дэмжээгүй. Үүн шиг нөхцөл байдал ойрын хоёр гурван жилдээ үүснэ. Хайгуул хийгдэхгүй гэсэн үг. Тиймээс хайгуулд ямар ч хөрөнгө оруулалт орж ирэхгүй.

Энэ давуу тал биш дутагдал юм биш үү?


Давуу талаас хальтираад ийшээ орчихлоо.

Нөхөн сэргээлт болон уурхайн хаалтад давуу тал байгаа биз дээ?


Жишээ нь 15 жилээр ажиллах уурхай байвал эхний 3-4 жилд нөхөн сэргээлт хийхгүй. Зардлын 50-100 хувийг барьцаалчихаад, нөхөн сэргээлт хийлгүүлнэ гэж байгаа юм. Гэхдээ барьцаа өгсөн хүн нөхөн сэргээлтээс холдоно л доо. Барьцаа байгаа учраас хаяад явчих бололцоог нээгээд байгаа юм. Тусгай зөвшөөрөлтэй бол заавал нөхөн сэргээх ёстой. Үүргээс нь холдуулж болохгүй. Барьцаа үүргээс нь холдуулж байна. Үүнийг арай өөр аргаар зохицуулах хэрэгтэй. Банк, даатгалаар дамжуулдаг байж болно. Хөндлөнгийн хяналт хэрэгтэй. Яаманд барьцаа хөрөнгө төвлөрүүлснээр асуудлыг шийдэж чадахгүй. Нөхөн сэргээлт ч хийгдэхгүй. Нэгнээ хуурсан л ажил. Алт болон жоншны дунд хэмжээний үйлдвэрүүд санхүүг нь барьцаалахад нөхөн сэргээлт хийж магадгүй л юм. Гэтэл Багануур, Шарын гол гэх мэт 20-30 жилээр ажилладаг уурхай эхний 5-10 жилд ямар нөхөн сэргээлт хийх вэ? Тэгэхээр арай өөр арга л бодож олох хэрэгтэй. 1997 оноос хойшхи 15 жилд энэ аргыг туршаад үр дүн багатай гэдгийг баталчихлаа шүү дээ.

Цөөхөн хүн төсөл санаачилж, ажиллаж байгаа шүү дээ. Салбар том, зохицуулах харилцаа их байна. Гэхээр энэ байдлыг ойлгоод техникийн шинжтэй алдаа оноогоо олж төсөлд засвар оруулах боломж нээлттэй болов уу?


Төсөл санаачлагчид нээлттэй гэж ярьсан. Үндэслэл тодорхой саналаа өгвөл  төслийн Ажлын хэсэгтэйгээ ярьж байгаад авах саналыг нь авна гэж байна билээ.

Та үүнд хэр итгэлтэй байгаа вэ?

Цуврал хэлэлцүүлэг хийнэ гэж байгаа. УИХ-д өргөн барьсны дараа Спикерт гишүүн байгууллагуудынхаа өмнөөс захидал бичсэн нь зөв гэж бодож байна. Байнгын хорооны хэлэлцүүлэгт оролцож, үгээ хэлнэ. Байнгын хорооны хэлэлцүүлэг дээр хөндлөнгийн байр суурь сонсох нь ардчилсан нийгэмд байх л ёстой асуудал шүү дээ.

Гэхдээ төслийг Засгийн газарт өргөн барихын өмнөх нэг  сарын хугацаа чухал. Санаа оноогоо нэгтгэж, төсөлд оруулах эсэхийг шийдэж байгаа учраас?


Тэгэлгүй яах вэ. Хуулийнхаа дагуу процедур явж байгаа. Гэтэл Засгийн газар өөрийн саналаа Ерөнхийлөгчийн Тамгын газарт өгөхдөө Засгийн газраас лиценз олгоно гэж санал өгсөн гэж байгаа шүү.

Энэ нь Шинэчлэлийн Засгийн Мөрийн хөтөлбөрт орсон заалт биз дээ?

Тийм нь ч тийм. Өмнөх хуулийг бодвол өргөн хүрээний хэлэлцүүлэг өрнөж буй  сайн тал харагдаж байна. Гэхдээ цахим хуудсанд төсөл ганц сар байршихад салбарынхан тал талдаа  шивэр авир гэж ярилцаад байдаг. Уг нь тодорхой ашиг сонирхлын бүлгүүдийг нэгтгэж саналыг нь уралдуулах хэрэгтэй юм. Ийм бололцоог засаг төр хангах хэрэгтэй. Чиглэл чиглэлээрээ үндэслэл сайн гаргасан саналыг нь хүлээж авах нь чухал. Үүний дараа 76 гишүүн шүүх бололцоотой. Тал талаасаа сайн зөвшилцвөл хууль хэрэгжихэд хялбар шүү дээ.

Танай Ассосиациас тодорхой саналаа гаргаж өгсөн үү?


Бэлтгэж байна. Төслийн хэлэлцүүлэг дөрөвдүгээр сар хүргэх төлөвтэй. Гишүүдээсээ санал бэлдэх Ажлын хэсэг бүрдүүлье гэж бодож байна. Төслийн 13, 14, 15 дугаар зүйлүүд болон бусад хөндөж болохоор заалтуудад саналаа бэлдье гэж төлөвлөж байна.