Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ мэдээлэл

Mongolia Mining 2013 үзэсгэлэн болно

Mongolia Mining олон улсын уул уурхайн экспо 2013 оны 4 дүгээр сарын 19-20-нынб өдрүүдэд Улаанбаатар хотноо “Мишээл Экспо” төвд 3 дахь удаагаа явагдах гэж байна. Энэхүү арга хэмжээг Уул уурхайн яам, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Монголын үндэсний өрсөлдөх чадварын хүрээлэнгийн дэмжлэгтэйгээр “Майнэкс Монголиа”  компани зохион байгуулдаг юм. 

Монголын эрдэс баялгийн томоохон нөөцүүдийг дэлхий дахины санхүүгийн зах зээл дээр гаргасны үр дүнд уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт урьд өмнө байгаагүй ихээр нэмэгдэж байгаа нь энэ салбарын харилцаа хамтын ажиллагааг дэмжсэн шинэ шинэ үйл ажиллагааг шаардаж байгаа билээ. Тийм учраас Mongolia Mining үзэсгэлэн нь уул уурхайн салбарт ажиллаж байгаа бизнесийн байгууллагуудыг хоорондын харилцаа хамтын ажиллагааг бий болгох, өргөжүүлэх хамгийн чухал суваг байх юм. 

Mongolia Mining 2013 нь уул уурхайн салбарын хайгуул, олборлолт, бүтээн байгуулалтын их ажил өрнөхийн өмнөхөн буюу худалдан авалт хамгийн идэвхтэй байх үед болдгоороо цаг хугацааны хувьд хамгийн тохиромжтой бөгөөд дэлхий дахины техник технологитой мөр зэрэгцэн өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчлах, ашигтай хөрөнгө оруулалт олж авах, боломжит худалдан авагч, ханган нийлүүлэгч, бизнесийн шинэ түншүүдтэйгээ уулзах гайхалтай орчин зэрэг боломжуудыг олгож байгаагаараа онцлог юм.

Энэхүү үзэсгэлэнд уул уурхайн олборлолт, хайгуулын компаниуд, үйлчилгээ тоног төхөөрөмж ханган нийлүүлэгчид, үнэлгээ консалтингийн компаниуд, хөрөнгө оруулагч, банк санхүүгийн болон бусад төрийн үйлчилгээ үзүүлэгч 100 гаруй компани өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сурталчлах юм.

Одоогийн байдлаар дотоодын компаниас Эрдэнэтийн Уулын Баяжуулах үйлдвэр, Акума Эрин ХХК, Экстрүдер Менежмент ХХК, Сетунари ХХК, Хишиг Арвин Индустриал ХХК, Жи Эм Эс Эс ХХК,  Сийл Жет Монгол ХХК, Жи Ди Эс Ай Ти ХХК, Gobi Mining Supply Services LLC зэрэг компаниуд болон БНХАУ-ын 35 компани, ОХУ, Украйн, Тайвань, Австрали,  Итали, ХБНГУ-ын компаниуд урьдчилсан байдлаар оролцохоор болоод байна.

Үзэсгэлэнг үзэж сонирхсоноор оролцож буй компаниудтай уулзах, санал болгож буй өргөн сонголт бүхий технологи тоног төхөөрөмж, үйлчилгээтэй танилцах, өөрсдийн шинэ түншээ олох, салбарын инженер, мэргэжилтэн шинжээч нартай танилцах, туршлага солилцох зэрэг өргөн боломжуудыг олгож байгаа юм.