Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ мэдээлэл

Норвеги туршлагаа хуваалцлаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд өнөөдөр “Норвегийн уул уурхайн менежмент” сэдэвт хэлэлцүүлэг боллоо. Хэлэлцүүлэгт Норвегийн Ерөнхий сайд асан K.M. Bondevik, Газрын тосны сайд асан E.Steenжs нараас гадна УИХ-ын гишүүн Р.Амаржаргал, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Дашдорж болон Уул уурхайн яам, АМГ, гадаадын байгууллагууд, иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд оролцов. Норвегийн Ерөнхий сайд асан K.M. Bondevik Норвеги улсын байгалийн баялгийн менежмент, туршлагаа монголчуудтай хуваалцлаа.

Норвеги улс нь газрын тосны олборлолтоор дэлхийд эхний аравт ордог. Газрын тосны зөвшөөрлийг хувийн компани, төрийн компани аль нь ч эзэмшиж байсан хуулиар төрийн өмч хэмээн тодорхойлогддог байна. Тийм болохоор газрын тосны салбарт нь төрийн оролцоо өндөр, хяналт шалгалт чанга байдаг аж. Гэхдээ төрийн бодлого тогтвортой байдаг болохоор өнөөгийн хөгжилд хүрсэн хэмээн хэлэлцүүлэгт ирсэн Норвегийн зочид хэлж байлаа. Норвегийн Газрын тосны сайд асан E.Steenжs “Байгалийн баялаг бол маш том хишиг. Нөгөө талдаа маш том эрх ашгийг дагуулдаг. Бид газрын тосны салбартаа төрийн хяналт чухал гэсэн байр сууринаас хандаж ирсэн. Зөвхөн өнөөдрийн эрх ашгаас илүү дараа үе, ирээдүйгээ харсан бодлого барьдаг” хэмээн онцоллоо.

Тус улс 1996 онд Газрын тосны хуулиа баталсан байдаг. Тэр үед уг хуулийг бүх улс төрийн намуудтай зөвшилцөн хэлэлцэж, улсынхаа эрх ашгийг нэгтгэж чадсанаар хууль батлагдах үед улс төрийн ашиг сонирхол гараагүйгээс гадна хууль эрхзүйн орчин нь алсдаа тогтвортой байх боломжтой болжээ.

Норвегид дэлхийн хамгийн том сан байдаг нь байгалийн баялгийн сан юм. Газрын тосноос олсон орлогоо бүгдийг нь тус сан руу шилжүүлдэг. 2011 онд гэхэд газрын тосноос олсон 70 тэрбум долларыг сан руу шилжүүлжээ. 2012 оны байдлаар 680 тэрбум ам.долларын хөрөнгөтэй болоод байгаа тус сангийн хөрөнгийн 80-90 орчим хувийг нь дотооддоо хөрөнгө оруулахад, 10-20 хувийг бүс нутгийн хөрөнгө оруулалтад зарцуулдаг байна. Мөн сангийн хөрөнгө оруулалтын бүтцийн хувьд 60 хувь нь хувьцаа, 35 хувь нь Засгийн газруудын бонд, 5 хувь нь үл хөдлөх хөрөнгийн салбарын хөрөнгө оруулалт аж.

С.Болд