Өнгөрсөн оны байдлаар Монгол улсын нийт экспорт 4.38 тэрбум ам.долларт хүрсний 89.2 хувийг эрдсийн экспорт бүрдүүлжээ. Гэхдээ өмнөх 2011 оныхтой харьцуулахад манай улсын нийт экспортын хэмжээ 430 гаруй сая ам.доллараар буюу 8.99 хувиар буурсан дүн мэдээг Үндэсний статистикийн хороо гаргажээ. Үүнд эрдсийн экспорт 2011 оныхтой харьцуулахад 390 сая ам.доллараар буурсан нь гол нөлөө үзүүлжээ.
Эрдсийн экспортыг авч үзвэл өнгөрсөн оны хэмжээгээр Монгол улс 20.9 сая тонн нүүрс, 574 мянган тонн зэсийн баяжмал, 6.4 сая тонн төмрийн хүдэр, 3.57 мянган баррель газрын тос, 2.8 тонн хагас боловсруулсан болон боловсруулаагүй алт, 140 мянган тонн цайрын баяжмал экспортолсон дүн мэдээтэй байна. Нийт экспортод эзлэх хувиараа нүүрс 43.2, зэсийн баяжмал 19.1, төмрийн хүдэр 12.1 хувийг эзэлжээ. Үүнээс үзэхэд төмрийн хүдрийн экспортын биет хэмжээ өнгөрсөн онд 10 хувь, газрын тосных 40 хувиар өсчээ. Түүнчлэн төмрийн хүдрийн олборлолтын хувьд өнгөрсөн онд эрчим өсч 2011 оныхтой харьцуулахад 33 хувиар нэмэгдсэн бөгөөд 7.56 сая тоннын олборлолт хийжээ.
Б.Төгс