Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Байр суурь

Төрийн хамаарал хэт их байснаар ажил сайжрах нь юу л бол


Ашигт 
малтмалын хуулийн төслийн хэлэлцүүлэг The Mongolian Mining Journal дээр үргэлжилж байна. Төслийн бүрэн эхийг www.mongolianminingjournal.com сайтын "Хууль, төсөл" булангаас үзнэ үү.

Санал бодлоо www.mongolianminingjournal.com-ийн "Хэлэлцүүлэг" булан  болон info@mongolianminingjournal.com хаягаар илгээж, олон нийттэй нээлттэй хуваалцана уу.





“Монголын Алт” компанийн Үйлдвэрлэл, төслийн хэрэгжилт эрхэлсэн Дэд ерөнхийлөгч, техникийн ухааны дэд доктор Г.Цогттой ярилцлаа.



Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулга олон нийтэд ил болоод тодорхой хугацаа өнгөрлөө. Эхнээсээ янз бүрийн байр сууриуд ч сонстож байна. Харин үйлдвэрлэгчид маань хуулийн төслийг хэрхэн хүлээж авч байна вэ?

Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг анхааралтай судалж үзлээ. Салбарын үндсэн хууль учраас бидэнд хуулийн заалт бүр чухал. Компанийнхаа хэмжээнд энэ хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг бүх л газар хэлтэс, уурхайн инженер техникийн ажилтнуудаа цуглуулж, бүтэн өдөр дотроо хэлэлцсэн. Дараа нь хуульчдын багтайгаа сууж, үг өгүүлбэр бүхэн дээр ажиллалаа. Нийт 15 бүлэг, 500 гаруй заалттай хуулийн төслийн 150 гаруй заалт дээр бид тодорхой санал гаргаж байгаа. Зарим заалтыг бүр шинээр найруулмаар ч байна. Зарим нь амьдрал дээр яаж зөрчигддөг, зарим заалтын улмаас ямар сөрөг үр дагавар, хуулийн цоорхой үүсэх магадлалтай гээд тайлбар хийсэн саналуудаа нэгтгэж, Ерөнхийлөгчийн Тамгын газарт албан ёсоор хүргүүлнэ.

Одоо мөрдөгдөж байгаа хуулийг зөвхөн кадастрын хууль гэж шүүмжлэх нь бий. Хуулийн төслийг 1997, 2006 оны хуулиудтай харьцуулахад уул уурхайн үйлдвэрлэлийн үйл ажиллагааг бүхэлд нь зохицуулахыг эрмэлзсэн тал ажиглагдаж байна. Олборлолт, боловсруулалтын түвшинд үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулах гээд нэлээд өргөн хүрээнд авч үзжээ. Хөрш зэргэлдээ болон уул уурхай өндөр хөгжсөн Австрали, Канад, ОХУ зэрэг улсын хуулиудыг харж байхад хуулийн ноён нуруу нь Австралийн хуультай нэлээд төстэй юм.

Зүйл, заалтаар нь нэгбүрчлэн яривал олон асуудал байна. Үндэсний үйлдвэрлэл, ер нь уул уурхайн үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдээ дэмжсэн зүйл, заалт ч байна. Хуулиар зохицуулаасай гэсэн хүсэл, хүлээлттэй байсан асуудлуудыг ч багтаасан байна. Гэхдээ төрийн хүнд суртал, дарамтыг бий болгох нөхцөлийг бүрдүүлсэн гэдэг ч юм уу, хууль эрх зүйн актуудын хоорондын уялдааг хэрхэн зохицуулж байгаа юм бол гэсэн эргэлзээ төрүүлэх нь ч байна. Ер нь хуулийн төсөлд орсон зарим нэг хэсэг бүлэг асуудал дээр нэлээд тогтож, задалж ярих хэрэгтэй юм гэсэн сэтгэгдэл төрж байна.  Хуулийн хэлэлцүүлгийг өргөн хүрээнд явуулахгүй бол их том хууль учраас дотор нь орсон үг, өгүүлбэр, заалтууд урдах хойдохтойгоо уялдахдаа бие биеийгээ үгүйсгэсэн, дарсан, давхар ойлгогдсон санаанууд их байна.

Задалж ярих ёстой бүлэг асуудлууд гэж ямар асуудлыг хэлж байна вэ? 

Гэрээнүүд, төрийн эрх мэдэл, цаг хугацаа, төлбөртэй холбоотой багц асуудлууд байна.  Орд ашиглах, Хамтын ажиллагааны, Орон нутаг хөгжүүлэх гээд энэ олон гэрээнүүдийн цаад утга агуулга чухам юу байх, юуг зохицуулах юм гэдгийг тодорхой детальчилж өгмөөр байна. 

Мөн зохицуулалтын янз бүрийн хугацаа их заажээ. Энэ хугацааны уялдааг сайн бодох хэрэгтэй юм. Жишээ хэлэхэд,  “Аймаг, нийслэлийн өөрөө удирдах байгууллага Орон нутаг хөгжүүлэх гэрээний төслийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй гэрээ байгуулна” гэжээ. 30 хоногийн дотор байгуулж амжихгүй, хуулийн хугацаа өнгөрчихвөл яах вэ. Орон нутаг хөгжүүлнэ гэдэг том асуудал. Их тодорхой байхгүй бол орон нутгийн зарим удирдлагууд уул уурхайн компанийг банк санхүүгийн байгууллага шиг ойлгох нь бий. Төмөр зам бариад өг гэх ч юм уу, хэрээс хэтэрсэн зүйл шаардаад, чагтлаад хэвтчихвэл өнөө хуулийн хугацаа нь өнгөрчих талтай.

Хайгуулын ажлыг зургаан сарын дотор эхлүүлэхгүй бол лиценз цуцална гэж байгаа. Монголд хүйтний улирал хэдэн сар билээ. Есдүгээр сард лицензээ аваад геологи хайгуулын ажлынхаа төлөвлөгөөг хийх гэсээр явтал хяруу унаад ажил хийж болохгүй болчихно. Тэгээд цас хайлахыг хүлээхээр өнөө зургаан сар өнгөрчихнө. Ажлаа эхлээгүй байтал хугацаа нь дуусчих гээд байдаг.

14 хоногт уулын ажлын төлөвлөгөө хийгээд, зургаан сарын дотор ТЭЗҮ батлуулна гэжээ. Ашигт малтмалаа бүрэн дүүрэн ашигладаг гайгүй шиг уул уурхайн үйлдвэр барья гэвэл яаж ч бодсон зургаан сарын дотор ТЭЗҮ хийгдэхгүй. Харин 50 кг-ын нөөцтэй алтны жалга олборлох гэж байгаа бол зургаан сарын дотор ТЭЗҮ хийж болно. Гадаад, дотоодын лабораторид шинжилгээ өгнө, технологи, тоног төхөөрөмжийн сонголт хийнэ гээд өчнөөн ажил болно. Энэ бүхэнд тодорхой хугацаа шаардагддаг. Томоохон хэмжээний үйлдвэрийн ТЭЗҮ-г яаж хичээгээд ч зургаан сарын дотор хийж амжихгүй.

Бид Цагаансуваргын орд дээр 2001 оноос хайгуулын ажил эхэлсэн. ТЭЗҮ-ээ 2005 оноос эхэлж, 2011 онд дуусгалаа. Үндсэндээ зургаан жил хийлээ. Хэчнээн ч туршилт хийлгэв. Тэр исэлдсэн хүдэр дээр, сульфидын хүдэр дээр, дагалдах элементүүд дээр, хүдрийн нунтаглалтын зэргийг тогтоохын тулд, технологийн сонголт хийхийн тулд маш олон туршилт хийлгэсэн. Процесс болгон дээр туршилт явуулж байж л хамгийн эдийн засгийн үр ашигтай, хүний хөдөлмөр бага шаардсан, хөрөнгө оруулалт хэмнэсэн автоматжсан өндөр технологийн сонголтыг хийж байгаа юм. Ийм их судалгаа шинжилгээний ажлын зангилаа дээр байдаг ТЭЗҮ-ийг зургаан сарын дотор багтааж хийнэ гэж байхгүй.

Мөн төлбөртэй холбоотой багц асуудлыг сайн яримаар байна. Олборлосонд, боловсруулсанд, хаясанд, үүсмэл ордод гээд бүгдэд нь нөөц ашигласны төлбөр төлнө гэдгийг үнэхээр ойлгохгүй байна. Уул нь эдийн засгийн үр ашиггүй хаягдал гэж үзээд л хаяж байгаа шүү дээ. Хаягдал дотор хэдийгээр элемент нь тодорхой ч тоо хэмжээг тодорхойлох боломжгүй юм зөндөө явдаг. Зэсийн баяжмал гэхэд 0,25 хувь агуулсан зэсийг аваад бусад нь хаягддаг. Энэ орд рени, мишяктай гэсэн мөртлөө тэр нь хаягдсан уу, баяжмал дотроо яваа юу гэдгийг өнөөдрийн баяжмал гаргаж байгаа түвшинд хэн ч хэлж мэдэхгүй. Лабораториор шинжиж болох ч түүний тоо хэмжээг тодорхойлоход хэцүү. Тэр тоо хэмжээг хэн, яаж тодорхойлох юм. Практикт байж боломгүй л зүйл санагдаад байна. Угаасаа агуулгыг нь ашиглахад эдийн үр ашиггүй гээд зөвшөөрөгдчихсөн юмнаас ахиад татвар авна гэхээр ямар ч логикгүй байгаа биз дээ. Хаягдлаасаа татвар аваад сууж байдаг улс орон байдаг ч юм уу, үгүй ч юм уу. Эсвэл редакцийн алдаа юу. Аль эсвэл энд тэндээс аваад орчуулахдаа буруу буулгачихсан юм болов уу гээд янз бүрээр л бодож байна. 

Ер нь хууль их ойлгомжтой, шууд тусдаг, шууд хүртдэг, хоёрдмол санаагүй баймаар байгаа юм. Уг хууль нь их том болохоор боловсруулах үйлдвэр, ашиглалттай холбоотой асуудлыг салгаад хоёр гурав задалмаар ч юм шиг. Юм болгоныг зохицуулаад байна уу гэхээр бас үгүй. Амтлаад амтлаад орхисон юмнууд байж байна. Үг үсэг, нэр томьёо дээр ч анхаармаар. Сорчлон олборлох гэсэн тодорхойлолт байна л даа. “Технологийн хувьд олборлох бололцоотой, Техник эдийн засгийн үндэслэлээр тодорхойлогдсон үйлдвэрлэлийн нөөцийг олборлох үйл ажиллагааг зөвшөөрөгдсөн технологийн дагуу явуулаагүйгээс тухайн ордын нөөцийг бүрэн ашиглаагүй буюу цаашид бүрэн ашиглах боломжгүй болгосон олборлолтын үйл ажиллагааг хэлнэ” гэжээ. Үүнийг  “...боломжгүй болгосон эдийн засгийн хувьд өндөр үр өгөөжтэй хэсгийг авсан олборлолтыг хэлнэ” гэж тодорхойлмоор байгаа юм. Эдийн засгийн өндөр өгөөжтэй хэсгийг түрүүлж авахыг л сорчлон олборлох гэж байгаа шүү дээ. Эртний малталт гээд хувьсгалын өмнө хятадуудын ухсан уурхайнууд Заамараар нэлээд байдаг байсан. Жижиг жижиг толгод болгоод ухчихсан байдаг. Хятадуудын тэр хонхойлсон хэсэгт маш өндөр агуулга байдаг. Тэр бол жинхэнэ сорчлон олборлолт. Эдийн засгийн хувьд өндөр ашигтайгаа түрүүлээд авчихаж байгаа хэрэг. 

Энэ мэтээр хугацаа, гэрээ, төлбөр мөнгөтэй холбоотой, мөн төрийн байгууллагуудын оролцооны асуудлуудыг нэлээд сайн нягталж ярих хэрэгтэй юм. Энэ чигээрээ гарчихвал баахан маргаан зарга үүснэ. Захиргааны хэргийн шүүх дороос нь босохгүй юм болно.  Яг амьдрал дээр очихоороо хууль хэтэрхий ерөнхийдүү байна уу гэсэн бодол төрж байна. Холбогдох журмууд гарах байх л даа.

Стратегийн орд бол өмнөх хуулиар зохицуулж чадаагүй асуудлын нэг. Цаашид нэмэхгүй, хасаад явах бодлого барьж байгаа ч УИХ-ын тогтоолоор нэр заасан 15 орд хуулийн үйлчлэх хүрээнд үлджээ. “Монголын Алт” компанийн хувьд стратегийн 15 ордод багтсан Цагаансуварга, Нарийнсухайтын ордод үйл ажиллагаа явуулдгийн хувьд тодорхой байр суурь бий байх?

Манай хууль эрхзүйн орчин байнга өөрчлөгддөг. Дээд талдаа л 5-6 жилийн давтамжтай өөрчлөгдөж байна. Хууль эрхзүйн орчин тогтворгүйн нэг илрэл нь стратегийн ач холбогдолтой ордын асуудал байгаа юм. “Монголын Алт” компанийг баахан стратегийн орд авчихсан юм шиг зарим сэтгүүлчид бичээд, нийгэмд тийм ойлголт өгөөд байдаг. Дашрамд нэрийг нь дурдчихъя, жишээ нь “Өнөөдөр” сонины Оюун-Эрдэнэ гэдэг сэтгүүлч. Бодит байдал дээр яасан бэ гэхээр Стратегийн ач холбогдолтой орд гэсэн ойлголт 2006 оны Ашигт малтмалын тухай хуулийн өөрчлөлтөөр орж ирсэн. Тэр хууль гарахаас өмнө 1999 онд Цагаансуваргын лицензийг МАК авсан байх жишээтэй. Энэ стратегийн орд болчихно доо гээд авчихаагүй. Уул уурхайн мэргэжлийн компанийн хувьд энэ ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахад ач холбогдолтой гэдгийг мэргэжлийн нүдээр харж л ордуудыг хуулийн дагуу авсан байдаг. Гэтэл бүр сүүлд нь хууль эрхзүйн орчинд стратегийн орд гээд оруулаад ирсэн хэрэг.

Стратегийн ордын тодорхойлолтын хувьд ч учир дутагдалтай тал бий. Улс орны буюу тухайн бүс нутгийн дотоодын нийт бүтээгдэхүүний 5 хувиас дээш хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа бол гэж байгаа. Үйлдвэрлэл хөгжөөгүй, хэд гурван дэлгүүрээс хэтэрдэггүй алслагдсан сум орон нутагт 200 кг-ийн нөөцтэй орд олдлоо гэхэд тухайн бүс нутаг, эргэн тойрны хэдэн сумын үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнээс дээшээ гараад явчих талтай. Энэ утгаар аваад үзвэл стратегийн ач холбогдолтой орд их олон болчихно. Нөгөө талаас сүүлийн жилүүдэд хийгдэж байгаа хайгуулын ажлаар нөөцийг үнэн зөв гаргаж байна уу гэдэг эргэлзээтэй. Том нөөц батлагдчихвал стратегийн орд гээд төр авчихна гэсэн ойлголт явдаг.

УИХ-ын 27 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтад стратегийн ач холбогдолтой гээд нэр заачихсан 15 орд бий. Нарийнсухайтын ордын тухайд лицензээр л хэд хуваагдчихаад байгаагаас биш нүүрсний нэг л том ай сав. Тогтоолд Нарийнсухайт гээд нэр заачихсан тул Нарийнсухайт нэртэйгээрээ танай уурхай стратегийн ордод орно. Бусад нь Нармандах, Наршингэх, Овооттолгой гэсэн өөр нэртэй учраас стратегийн ордод багтахгүй гэх хүнтэй ч таарч байлаа.  Хуулийн томьёолол учир дутагдалтай учраас иймэрхүү хийдэл гараад байна л даа.

Хуулийн төсөлд стратегийн ач холбогдолтой эрдэс баялаг гэж тодорхойлсныг бид их дэмжиж байгаа. Дэлхийн бусад улс орны хуулийг үзэхэд эрдэс баялгаа стратегийн гэж тодорхойлон цацраг идэвхит бодис, батлан хамгаалах зориулалтын зарим эрдэс баялгаа оруулсан байх нь бий. Гэтэл стратегийн ач холбогдолтой эрдэс баялаг гэж тодорхойлсон мөртлөө эргээд есдүгээр зүйлдээ 27 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтын 15 орд стратегийн байна гээд оруулчихсан. Энэ нь хуулийнхаа логикийг алдагдуулчихаж байгаа юм. Стратегийн эрдэс баялаг гэж заачихаад тэдгээр эрдэс баялгийг агуулсан томоохон орд, бассейныг стратегийн гэж тооцох юм болов уу гэж бодож байтал нөгөө 15 ордоо стратегийн гэчихсэн байх юм.

Энэ 15 ордыг ч гэсэн дотор нь нэлээд сайн яримаар байна. УИХ, Засгийн газрын түвшинд, уул уурхайн мэргэжлийн холбоод, мэргэжилтнүүдтэйгээ ярих хэрэгтэй. Өнөөгийн нөхцөл байдлыг харахад 15 ордын ихэнхийг нь ашиглачихсан, эсвэл ашиглаад эхэлсэн, Тогтвортой байдлын болон Хөрөнгө оруулалтын гэрээтэй, зарим нь ойрын хэдэн жилдээ уул геологийн нөхцөлийн хувьд ашиглах боломжгүй байдалтай байгаа. Хэлэлцүүлгийн үед нэлээд сайн ярих байлгүй дээ. Бидний хувьд нэлээд ул суурьтай санал бэлтгэчихээд байна.

Хуулийн төсөлд Орд ашиглах гэрээ хэмээх шинэ томьёолол орж иржээ. Гэхдээ ямар тохиолдолд Засгийн газар орд ашиглагчтай гэрээ байгуулах үндэслэл төсөлд тун бүрхэг байгаа?      
   
 
Хуулийн төсөлд нэрлэсэн ус, газрын тос, байгалийн хий, цацраг идэвхит ашигт малтмал, газрын ховор элемент гэсэн стратегийн ач холбогдолтой эрдсийн баялаг бүхий  ордууд дээр Орд ашиглах гэрээ байгуулах юм уу. Эсвэл УИХ-ын тогтоолоор нэр заасан 15 орд дээр байгуулах уу. Аль эсвэл томоохон орд олдсон тохиолдолд гэрээ байгуулах юм уу. Энд тодорхойгүй санаа харагдаад байгаа. 

Монгол улсад уул уурхайн их олон компани үйл ажиллагаа явуулж байна. Үүнд төрийн зохицуулалт хэрэгтэй юү. Хэрэгтэй. Өнөөдөр бүгд л уул уурхайн компани байгуулж, хүн бүхэн уурхайчин болчихлоо. Ялангуяа мэргэжлийн компаниудыг бий болгох, төлөвшүүлэх, дэмжих чиглэлээр төрийн бодлого явахгүй бол уул уурхайн салбар мэргэжлийн бус хүмүүсээр дүүрэхээр байна. Энэ нь сайн үр дагавар авчрахгүй л болов уу. Тиймээс мэргэжлийн компаниудын шалгуурыг өндөр тавьж өгөх нь зөв. Энэ олон ордын ашиглалт дээр төр бодлоготой байх нь ч зөв. Эдгээр асуудлыг л Орд ашиглах гэрээгээр зохицуулах юм болов уу гэж ойлгоод байгаа.

Ер нь ямар ордуудаа эхний ээлжинд ашиглах, ирээдүй хойчдоо ямрыг нь үлдээх вэ гэсэн эрэмбэ тогтоох чиглэлээр төрийн бодлого зөв явах нь олон талын ач холбогдолтой юм. Монгол улсад хэдэн том уурхай нээгдчихлээ. Оюутолгой ашиглалтад орчихлоо. Цагаансуваргын бүтээн байгуулалтын ажил эхэлж байна. Тавантолгойн асуудал шийдэгдээд явах байх. Нүүрсний хоёр гурван том уурхай байна. Томоохон ордууд дахиж нээнэ гэхээсээ одоо байгаа энэ хэдийгээ түшээд нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, цаашаа эцсийн бүтээгдэхүүн болгох чиглэл рүү нь түлхээд явбал зөв юм уу гэж боддог. Иймэрхүү бодлогын суурь ч хуулийн төсөлд тавигдсан байна лээ. Боловсруулалтыг тусгай зөвшөөрөлтэй болгох нь. Гэхдээ доторх зүйл заалтыг нарийн анзаарвал эргээд боловсруулалтаа дэмжих биш, үгүйсгэх талтай ч юм харагдаж байна. Боловсруулалтын лицензийн төлбөр тухайн үйлдвэрийн хүчин чадлаас хамаарч нэмэгдээд явах юм байна. Томоохон хэмжээний боловсруулах үйлдвэр барья гэвэл төлбөр их байх нь. Тэгэхээр хуулиараа нэг юм хориглоод ч байх шиг.

Орд ашиглах асуудлыг илүү өргөн хүрээнд, боловсруулалттай нь, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлийнх нь өргөн цар хүрээнд оруулж ирвэл зөв юм уу гэсэн бодол төрдөг.

Дэлхийн практикт нэг сая тонноос дээш зэсийн баяжмал үйлдвэрлэх тохиолдолд зэс хайлуулах үйлдвэр эдийн засгийн хувьд үр ашигтай гэсэн судлаачдын тооцоо байдаг. Оюутолгой 1 сая гаруй баяжмал гаргах нь байна. Цагаансуваргаас 300 мянга гарна. Эрдэнэтээс 500 мянга дөхөөд гарчихна. Үндсэндээ манай улс 2 сая руу дөхсөн зэсийн баяжмал үйлдвэрлэх нь. Тиймээс бид зэс хайлуулах үйлдвэрийн талаар ярих ёстой. Тэгвэл энэ их зэсийн баяжмал гадагшаа экспортлогдохгүй. Зөвхөн Монголдоо борлуулна гээд хууль эрхзүйн орчинд оруулчихвал зэсийн баяжмалаараа катодын зэс үйлдвэрлээд, нэмүү өртөг шингээсэн үйлдвэрлэл явуулчихна. Дагалдах олон элемент алт, мөнгө, рени, мишяк зэрэг нь эндээ ялгагдаад явчихна.   

Тусгай зөвшөөрөл хоёр байсныг дөрөв болголоо. Дээр нь ажил гүйцэтгэх зөвшөөрөл бий болгож байна. Яг бодит амьдралын хөрсөн дээр буухдаа энэ нь үнэхээр үйл ажиллагааг зөв дараалалд оруулсан зохицуулалт болж чадах уу? Эсвэл элдэв чирэгдэл, хүнд суртлыг нэмсэн дарамт болж тусах уу?    
  
        
Хувь хүний хувьд харахад энэ их олон зөвшөөрөл ажил хөнгөвчлөхгүй. Хүнд суртал, элдэв чирэгдлийг л нэмнэ. Хуулийн төсөлд олон юм хуульчилж өгсөн байна лээ. Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийг хуульчилж. Бүрэлдэхүүнд нь мэргэжлийн холбоодынхныг түлхүү оруулмаар. Тэгэхгүй бол төрийн хамаарал хэт их байснаар ажил сайжрах нь юу л бол. Яг үнэнийг хэлэхэд хүнд суртал нэмэгдэнэ. Янз бүрийн авилга, хээл хахуулийн эх үүсвэр болно.

Геологи хайгуулын ажлын тайланг геологийн хөндлөнгийн шүүмжлэгч дүгнэнэ. Хөндлөнгийн шинжээч бас байна гээд давхардлууд байгааг их тодорхой болгомоор байгаа юм. Гадаадад бол өндөр мэргэжлийн хүмүүс байдаг л даа. Австралид гэхэд нөөц дээр гарын үсэг зурдаг мэргэжилтнүүд бий. Тэр хүний баталгаажуулсан нөөцийг ямар ч банк санхүүгийн байгууллага хүлээн зөвшөөрдөг байх жишээтэй. Тийм мэргэжилтнүүдийн шалгуур их өндөр. Манайх үүнийг оруулж ирэхийг эрмэлзжээ. Гэхдээ ингэж хуульчилж байгаа бол шалгуураа их өндөр болгож, түүнд тохирсон хүмүүсийг олж тавих ёстой. Тэгэхгүй бол мөнгө цаасаар тохироод шүүмжээ хийчихдэг, мөнгөн дээр тохирохгүй бол шүүмж бичихдээ хар пиар түлхүү хийчихдэг,  түүнээс болоод тайлан хамгаалагддаггүй юм болох вий. Хуульчилсан биш хувийн харилцааг улам дэврээх тал гарч мэднэ.

Би амьдрал дээр яаж буух талаас нь л илүү харж байгаа. Манайд ингэдэг дээ, хөрсөн дээр ингэж л бууна даа гэх талаас нь харж байна. Шинжээчид байлгах гэж байгаа бол түүний шалгуур ямар байх, үнэ тариф ямар байх, ямар нөөцтэй ордын тайлан орохоос хамаарч үнэ тариф өөрчлөгдөх эсэхийг нарийн тогтоох хэрэгтэй. Ерөнхий байдлаар орчихвол дунд нь төрийн үйлчилгээ үзүүлээд байгаа мэт боловч бизнес хийдэг явдал сүүлийн үед газар авчихлаа. Тийм байдлыг хуульчлан дэврээх вий.

Хуулийн төсөлд Хүн амын эрүүл мэндэд нөлөөлөх байдлын үнэлгээ, Байгаль орчны, Газрын төлөв байдлын, Нийгэм эдийн засагт үзүүлэх гээд баахан үнэлгээ байна. Энэ үнэлгээнүүдийг нэгтгэмээр л байгаа юм. Төрийн байгууллага энэ олон үнэлгээгээр дамжуулж хяналт шалгалт хийж, ажил сайжруулж байна гэж хардаг байх. Яг амьдрал дээр үйлдвэрлэгч дээр тулж ирэхдээ энэ бүхэн бас л бизнесийн нэг харилцааны эх үүсвэр болоод явдгийг бүгд л мэдэж байгаа шүү дээ.  Би энэ үнэлгээнүүдийг ийм байдлаар л харж байна. Үнэлгээ шалгах гээд нэг хүн ирнэ. Өнөө үнэлгээ нь байхгүй бол миний компаниар хийлгээрэй гээд мөнгөө тохироод явдаг. Урьд нь ийм хүмүүс байсан, одоо бас л хуульчлагдсан бизнес болох нь. Хүн амын эрүүл мэндэд нөлөөлөх байдлын үнэлгээ хийнэ гээд нэг мэргэжлийн байгууллага байгуулагдах байх. Нөхдөд хэдэн төгрөг өгч үнэлгээ хийлгэх байх. Тэр нь шалгалт ирэхээр үзүүлдэг нэг материал болж л хувирна. Үнэлгээнүүдийг нэгбүрчлэн уншаад, үзэж нягтлаад энэ замыг ингэж засна гэдгийг хардаг хүн байдаггүй. Амьдрал дээр ийм л байдаг.

Иймэрхүү зүйлсийг хуульчлахдаа амьдралд хэрэг болохоор, тухайн үйлдвэрлэлд нь ч хэрэгтэйгээр, хяналт шалгалтын механизмыг нь тодорхой болгож, нэлээд бодитойгоор базаж оруулмаар байгаа юм. Хуульд нэмж оруулаад л, салбар бүр өөртэйгээ холбоотой элдэв журмаар дараад байдаг. Шалгалтад үзүүлэх ёстой гээд түүнтэй нь холбогдсон баахан бичиг цаас цуглуулдаг. Байхгүй нэг нь торгуулаад, эсвэл мөнгийг нь өгч хэдэн хуудас юм бичүүлээд өнгөрдөг зүйлс бага байгаасай. Ер нь төр, орон нутгийн байгууллагуудын эрх мэдлийг их өндөрт тавьсан, тэднээс хамааралтай байх нөхцөлийг бүрдүүлсэн зүйлс дээр бодолцмоор юм нэлээд харагдаж байна.

Төр тусгай зөвшөөрөл бүхий талбай, ордыг бодит зардлыг нь өгөөд улсын нөөц болон улс орон нутгийн тусгай хэрэгцээнд авч болно гэсэн заалтаас аж ахуйн нэгжүүд нэлээд болгоомжилж байна?


Засгийн газар, яамны шийдвэрээр авах, өгөх, зөвшөөрөл буцаах барих гэсэн эрхийн асуудлууд их олон байна. Сайн бодолцохгүй бол манайх шиг дөрвөн жилийн сонгуулийн циклтэй улс төрийн нөхцөл байдал өөрчлөгдөж байдаг оронд хэцүү асуудлууд бий. Нэг нам хүчин гараад, энэ ордыг авна гэдэг. Дараа нь өөр нэг нам хүчин гарч ирээд тэр ордыг авна гэдэг нөхцөл байдал үүсвэл  хэцүү. Нам эвслээр нь ард түмнээ талцуулдаг шиг хэдэн ордыг талцуулж татаж аваад байх магадлал энэ заалтаар үүсэх вий. 

Томоохон орд гарвал төр нөөцөд авахыг зарчмын хувьд зөвшөөрч болох асуудал. Гагцхүү Засгийн газрын санал болгосноор авах нь хэр зөв юм бол. Засгийн газар нэг нам хүчнээс хамааралтай. Харин Засгийн газрын санал болгосноор 76 хүний дуу хоолойгоор УИХ-аас шийдвэр гарвал нэг хэрэг. Гэхдээ улсын нөөцөд авах тэр хугацаагаа тодорхой байлгадаг, нөхөн олговортой холбоотой маргаан гарвал шүүхээр шийдвэрлэгддэг боломжийг нээж өгмөөр байгаа юм. Засгийн газрын шийдвэрийг Захиргааны хэргийн шүүх авч хэлэлцдэггүй. Аймаг, сумын Засаг даргын шийдвэрийг Захиргааны хэргийн шүүхэд өгч болдог. Засгийн газар тогтоол гаргаад ордыг авахдаа хайгуулд зарсан зардлыг бүрэн өгөхгүй бол шүүхээр маргаанаа таслуулах боломж хаалттай байна. Засгийн газарт маргаан үүсгэж болдоггүй учраас УИХ цэг тавиад яваг л дээ. Эсвэл шүүхээр шийддэг, хянадаг эрх нь байх ёстой. Уул уурхай өндөр эрсдэлтэй салбар. Хөрөнгө оруулалт их шаарддаг. Олон хүний эрх ашиг ард нь байгаа. Хууль аль аль талынхаа эрх ашгийг харгалзах л ёстой.

Хуулийн өөрчлөлтийг уул уурхай дахь гадаадын хөрөнгө оруулалтыг хаах, зогсоох сөрөг үр дагавар дагуулна гэж харж байгаа хүмүүс олон байна. Та үүнтэй санал нийлэх үү?
    
Би өмнө нь хэлсэн, уурхай дээр, үйлдвэрлэл дээр яаж хэрэгжих талаас нь их харсан гэж. Гадны хөрөнгө оруулагчид өөрсдийн өнцгөөс харж байгаа байх. Адилхан л үйлдвэрлэл явуулж байгаа учраас дээр ярьсан асуудлууд ижилхэн л тулгарна.

Үндэсний ч бай гадны ч бай компани хөрөнгө оруулалт татахын хувьд хүндрэлтэй юм байна. Ордыг улсын нөөцөд татаад авчих эрсдэл харагдаж байна. Энэ нь тодорхойгүй байдлыг бий болгож байгаа хэрэг. Татварын асуудлууд байна. Хаягдлаас хүртэл татвар авахаар болж байна. Цаад эдийн засгийн үр ашиг ямар болж ирэхийг хэлж мэдэхгүй байна. Нэг орд олоод, энд ийм үйлдвэр барьж, ийм зардал гаргаад эдийн засгийн хувьд ийм үр ашигтай байх юм байна, хөрөнгө оруулалтаа тийм жилийн дараа нөхөх юм байна гэсэн тооцоо хийдэг. Энэ олон татварууд нэмэгдээд суугаад ирэхээр яах юм бол.

Байгаль орчны асуудал нөхөн сэргээлтээр хязгаарлагддаг байсныг илүү өргөн хүрээнд хаалтын цогц ойлголтоор хуульчилж өгчээ. Амьдралд нийцтэй бууж чадсан болов уу?

Хаалтын хэсгийн хувьд харин гайгүй санагдсан. Гэхдээ уурхай, үйлдвэрийн хаалтын үйл ажиллагааны зардлыг ажил гүйцэтгэх зөвшөөрөл авахын өмнө мөнгөн хэлбэрээр тусгай санд байршуулсан байх гэсэн нь хүнд л дээ. ТЭЗҮ батлагдаад л А лиценз авч байгаа. Зөвшөөрөл авахын өмнө уурхайн дизайн, хэдэн метрийн гүнд олборлолт явах нь ТЭЗҮ-гээр ерөнхий л гарна. Нарийвчилсан, календарьчилсан зураг төсөл дараа нь гарна шүү дээ. Түүгээр бодож төлбөрөө тушаана гэдэг хэцүү.

Ер нь уул уурхайн үйлдвэр эхэндээ хөрөнгө оруулалт өндөртэй байдаг. Дээрээс нь уул уурхайн ихэнх үйлдвэрлэл эхний капиталаа дандаа зээлээр явуулдаг. Машин техник худалдаж авна. Шинэ үйлдвэр оруулж ирнэ. Барилга, дэд бүтцээ байгуулна, тоног төхөөрөмжөө угсарна гээд эхний хэдэн жилдээ голдуу ашиггүй ажилладаг салбар. Тийм үедээ мөнгө хадгалуулчихаад, тэр нь эргэлтгүй байгаад байх хэцүү. Хэрвээ байлгана гэвэл тодорхой санд байршуулдаг, тэр нь эргэлтэд байдаг, үрждэг баймаар байгаа юм. Хаалтын үед энэ мөнгийг буцааж олгоно гэж байгаа шүү дээ. Тэр үед мөнгөний инфляци ямар байх билээ. Тухайн үеийн ханшаар 1 сая доллар хадгалуулчихсан байлаа гэхэд 30 жилийн дараа өнөө сая доллар ямар болсон байх вэ.

Хаалтын төлөвлөгөө хийлгэх нь зөв. Төлбөрийг нь харин жил жилдээ тодорхой хуримтлал үүсгэн сандаа байршуулдаг байж болно шүү дээ. Гадаадын улс орнуудад байдаг Тэтгэврийн сан, Нийгмийн даатгалын том сангууд шиг эргэлтэд байлгаж, хүү бодогддог боловсронгуй зохицуулалттай байвал болж байна. Нэг санд оруулаад цаашаа яах нь тодорхойгүй тунхаглаад орхичих хэцүү. 

Өмнө нь нөхөн сэргээлтийн мөнгө байршуулдаггүй биш байршуулдаг л байсан. Байгаль орчин хамгаалах төлөвлөгөөний дагуу жил бүр мөнгө байршуулдаг. Нэг хэсэг 2000 оны үед тэр мөнгийг зарцуулах юмдаа зарцуулахгүй орон нутгийн Засаг дарга нар найр наадам хийгээд дуусгачихдаг байсан үе бий. Түүний үр дүнд өнөөдрийн Заамар зэрэг газрууд бий болчихлоо. Одоо бас ч гайгүй болж байх шиг. Байгаль орчин ногоон хөгжлийн яам дээр сангийн менежментийг хийдэг болсон шиг байна лээ. Тэр мөнгийг дэмий хадгалж байхаар нөхөн сэргээлтийн компаниуд бий болгочихмоор байгаа юм. Тэгвэл би горняк мөртлөө ахиад байгаль хамгаалагч, ботаник болох гээд явах шаардлагагүй болно. Ажлын байр ч шинээр бий болно.

Нөхөн сэргээлт, хаалт дээр бас нэг бодолцох ёстой юм бол уул геологийн нөхцөл. Эрдэнэтийн орд гэхэд босоо уналтай орд. Нарийнсухайт нүүрсний орд мөртлөө 45 градусаар унаж байдаг. Ийм орд дээр эхний хэдэн жилдээ нөхөн сэргээлт хийх боломж байдаггүй. Байнга гүнзгиирч, нэг талын хана руу буюу бидний хэлдгээр борт руугаа байнга уулын ажлын өрнөл явагддаг. Эдийн засгийн үр ашиггүй гүнд хүрэнгүүтээ ихэвчлэн хаалт руугаа ордог. Үүнийг ойлгохгүй өнөөдөр энд ухсан бол маргааш тэндээ нөхөн сэргээлт хийх ёстой гэж ярьдаг хүмүүс бий. Нөхөн сэргээлт хийхдээ ашигт малтмалын өөрийнх нь уул-геологийн нөхцөл, биетийн геологийн тогтоц, уулын олборлолтын технологийн онцлогийг харгалзах ёстой. Ингэхгүйгээр бүгдэд жигд стандарт үйлчилнэ гэвэл боломжгүй зүйл болно.

Олборлолт, боловсруулалтын түв­шинд хүрсэн аж ахуйн нэгжүүд Сангийн яамнаас баталж өгсөн загварын дагуу Орон нутаг хөгжүүлэх гэрээ байгуулах нь байна. Гэрээний агуулга, зарчим ямархуу сэтгэгдэл төрүүлж байна вэ?  

Орон нутгийг хөгжүүлэх гэрээ ийм ажлыг хамарсан агуулгатай байна гэж заасан байна л даа. Сайн нягталмаар, нарийсгаж тодорхой болгомоор юмнууд харагдаж л байна. Орон нутгийн нийгмийн асуудал, үйлдвэрлэл, бизнесийг дэмжих, орон нутгийн иргэдийг ажлын байраар хангах, байгаль орчны төлөв, байдлыг сайжруулах, дэд бүтцийг сайжруулах,        гээд ерөнхий хүрээнүүд байна лээ. Гэхдээ орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа уурхайн чадал чансаа, эдийн засгийн боломжоос давсан юм шаардвал бас хэцүү. Дэд бүтцийг сайжруулах үүднээс цахилгаан станц барьж өг гэвэл цахилгаан станц барих чадалтай байх хэмжээний нөөцгүй орд бол яах вэ.

Дээр нь манай онцлог, орон нутгийн удирдлагын асуудал хэцүү. Ийм юм шийдэж өг. Тэгвэл гэрээ байгуулна гээд гэдийчихдэг тохиолдол бий. Лобби энэ тэрд автах нь ч их болж. Наад нөхрийнхөө асуудлыг ингээд гацаагаад байж бай. Дараа нь хоёулаа өргөдөл өгөөд зөвшөөрлийг нь авъя гэх маягийн хэлцлүүд амьдрал дээр явдаг шүү дээ. Сүүлийн үед хүмүүсийн арга улам л нарийсч байна. Тийм сөрөг тал гарах боломжуудыг нээхгүй байвал сайн юмсан.

Яагаад орон нутгийн иргэд уул уурхайн компаниуд манай нутгийг бэлчээргүй, тоос шороотой болголоо гээд бачимдаад байна вэ. Тэр уурхайн үр шимийг хүртэж чадахгүй байгаа учраас л тэр. Уул нь хүртээд явбал хоёр тал нээлттэй ойлголцоод явчихаж болмоор байгаа юм. Нэг хэсэг нь ч уламжлалт мал аж ахуй маань уул уурхайтай зэрэгцэж хөгжих нь гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Гэтэл зарим нь уул уурхай хамаг юмны дайсан, хадны мангаа гэж ойлгох юм.

Хэрэгжүүлдэггүй л болохоос одоогийн хууль эрхзүйн орчинд боломжийн юмнууд их бий. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн 70 хувийг улсын төсөвт, 20 ба 10 хувийг тус бүр аймаг ба сумын төсөвт шилжүүлэх тухай хуулийн заалтыг хэрэгжүүлсэн бол орон нутаг хөгжөөд л явах байсан. Энэ зарчмыг хуульд хэвээр үлдээгээд, хэрэгжүүлэх талаас нь анхаарчихвал их зөв заалт санагддаг юм. Гурвантэс сум гэхэд гурван компанийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн 10 хувийг аваад үлддэг бол мундаг хөгжинө дөө. Хуульд тэгж заачихаад Сангийн яам нь 3000 хүнтэй сумд хүнийх нь тоонд тохирсон төрийн үйлчилгээ явуулах төсөв тооцож өгөөд илүү гарсныг нь дээшээ татаад авчихдаг. Ингэхээр хөгжихгүй шүү дээ. Иргэдэд хүртэж байгаа юм үгүй. Гараад харахаар овоолсон шороо, тоостой машинууд явж байдаг болохоор нүд нь хорсоод байдаг. Тэгээд л бухимдал үүсдэг. Аймгууд ч ялгаа байхгүй. Тэнд үйл ажиллагаа явуулж байгаа компаниудаас авсан татвар, төлбөр хураамжийн тодорхой хувийг орон нутаг өөрсдөө захиран зарцуулах юм бол өнөөдөр Өмнөговь яаж хөгжих вэ. Тэр Ханбогд, Цогтцэций, Гурвантэс сумууд яаж хөгжих вэ. Ингэвэл хэн хэндээ том үүрэг, хариуцлага хүлээлгэх болно. Зарим нэг хүмүүсийн уул уурхай аюулын хар үүл гэсэн сэтгэлгээнд өөрчлөлт орно.

Уул уурхайн үр шим нь ч шууд харагдана. Хөгжил төвлөрөх сайн талтай. Талаар нэг тарчихсан сумууд байж байна. Хаана амьдрал сайхан байна, хаана хөгжил байна тэр лүү хүмүүс шилжээд суурьшаад явах нь зүйн хэрэг. Энэ дашрамд хэлэхэд бүртгэлийн системийг сайжруулна гэж олон жил ярилаа. Бүртгэл үнэхээр сайжрах хэрэгтэй байна. Цогтцэций, Ханбогд, Гурвантэс сумд хиймэл өсөлт их. Бүртгэлтэй хүн ам нь 3000 боловч ирж очиж байгаа нь 8000 болчихдог. Эмнэлэг нь 3000 хүний л төсөвтэй. 8000 хүнд үйлчлэхээр төсөв нь хүрдэггүй. Төрийн үйлчилгээ үзүүлдэг газруудынх нь даац хэтэрчихээд байдаг.

Одоо Цагаансуваргын ажил эхэлж байна. Бид Дорноговь аймгийн Мандах сумын иргэдийг ажилд авч байгаа. Ингэхдээ сум дээр бүртгэлтэй хүмүүсийг эхэлж ажилд авахаар сумын удирдлагуудтай тохиролцсон. Эхлээд үйл ажиллагаа явуулж байгаа сумынхаа иргэдийг ажилтай болгочихоод дараа нь хүрээгээ тэлье гэж бодож байгаа юм.