Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Байр суурь

Нөөцийн төлбөр бол Монголын баялгийг худалдсан үнэ

Энэ сарын 18-ны өдөр Вlue Sky Tower-т болсон Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгийн үеэр Монгол улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэнгийн хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. 

Та бүхэндээ энэ өдрийн мэндчилгээг дэвшүүлье. Энэ  хурал дээр санаа бодлоо хэлэх боломж олгосон Ерөнхийлөгчийн Тамгын газарт баярлаж байна. Би арванхоёрдугаар сарын эхээр Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг интернэтээс үзсэн юм. 183 хуудас, 145 зүйлтэй хуулийн төсөл байна лээ. Ерөнхийлөгчийн Тамгын газар энэ хуулийн төслийг боловсруулсан нь яамай даа гэж бодож байна.

Яагаад гэвэл бид цаггүй болчихжээ. Уул уурхай Монголын эдийн засагт их нөлөөтэй боловч өөрөө бүтээгдэхүүний мөн чанар, хол тээвэрлэж болдоггүй, овор хэмжээ ихтэй зэргээсээ болоод биднийг яваандаа аль нэг их гүрний түүхий эдийн хавсарга болох зам руу явуулчих вий. Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ өнгөрсөн 5 жилд дэлхийн зах зээл дээр динамик дунджаасаа 68 хувь хүртэл доошоо унаж, 108 хувь хүртэл дээшээ өссөн байна. Энэ нь Монголын эдийн засагт тогтворгүй байдал үүсгэх гол хүчин зүйл болж байна. Энэ жил экспортын орлого 6 хувиар буурсныг ч үүнтэй холбож үзэх учиртай.

Хоёрт, Оюутолгой, Тавантолгойн асуудал яригдаж эхэлснээс хойш энэ асуудал Монголын нийгмийг талцуулж хуваах байдалд хүргэлээ. Бид дэлхий нийтийн өмнө үндэснийхээ баялагт яаж хандаж, яаж захиран зарцуулж байна гэдгээ хангалттай харууллаа. Харамсалтай нь жаахан эвгүй талаасаа харуулчихлаа. Монголчуудыг яаж ч хөтөлж болдог юм байна, өөрсдөө юмандаа эзэн болж чаддаггүй юм байна, сүүлд нь худал үгээр олон түмнээ өндөр тушаалтнууд нь хуурч мэхэлж болдог юм байна гэдгийг харуулсан учраас санаа зовж байна.

Гуравдугаарт, Ерөнхийлөгчийн санаачилсан хайгуулын лицензийг хориглох тухай шийдвэр одоо тулгамдсан асуудал болоод байна. Энэ мэтийн асуудлаас болоод энэ хуулийг яаралтай хэлэлцэх шаардлагатай байгаа юм.

Би төслийг хоёр дахин уншиж үзсэн. Өмнөх хуулиудаасаа нэлээд өөр болжээ. Санаа зөв болсон байна гэж би хэлэх гээд байгаа юм. Ямар ч байсан Монголын үндэсний баялгийн эзэмшил төрийн хяналт дор байгаасай. Төрийн хяналт нь улс үндэснийхээ эрх ашгийг хамгаалахад чиглээсэй гэсэн санаа нь тодорхой харагдаж байна. Гэхдээ энэ бол төсөл. Энд авах ч юм бий. Эргэж харах ч юм бий. Энэ хуулийн төсөлд яаж хандах талаар цөөхөн хэдэн саналаа хэлье гэж би ирсэн юм.

Энэ саналаа хэлэхийн өмнө XX зууны эхэн үеийн Баруун Европын улс төрийн нэрт зүтгэлтний хэлсэн үгийг хэлмээр санагдлаа. Зөвхөн тэнэг хүн өөрийн алдаанаас сурдаг гэж хэлсэн байдаг юм. Өөрийн алдаанаас сураагүйг тэгвэл юу гэж хэлэх вэ. Ингээд бодохоор бид хамгийн наад зах нь өөрийн алдаанаас, өөрсдөөсөө сурах ёстой. Оюутолгойг ингээд өнгөрөөлөө. Урьд нь бид Эрдэнэтийг өнгөрөөсөн. Би 1972 оноос эхлэн Монгол Зөвлөлтийн хамтарсан үйлдвэр байгуулах үеэс гэрээ байгуулахад оролцож явлаа. 1990 онд түүнийг өөрчлөхөд нь чиглүүлж явсан. 2005 онд Оюутолгойн гэрээний анхны төслийг интернетээс олж, Ерөнхий сайд, Аюулгүйн зөвлөл, УИХ-ын Байнгын хороонд өгч, ингэж болохгүй гэж хэлж явсан. Сүүлд нь гэрээний явцад дуугарч л явлаа. Ингээд бодоход энэ хуулийн төсөл дээр цаашдаа сайжруулахад бодмоор хэдэн зүйл байх юм.

Нэгдүгээрт, ашигт малтмалын нөөц баялаг бол Үндсэн хуульд тодорхойлсноор ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна. Энэ үзэл санаа хуульд нэвт шингэсэн байх ёстой. Хуулийн төсөлд энэ санаа хэдий байвч яг лиценз олгох, ашиглалтын лиценз олгох мөчөөс эхлээд жаахан бүдгэрч байна. Өөрөөр хэлбэл, бид нэг зүйлийг ойлгох ёстой. Оюутолгойн ашиглалтын лицензийг хайгуулын ажил  дуусаагүй, нөөц нь батлагдаагүй байхад өгсөн. Ямар баялгаа, хэчнээн юмаа хэнд яаж өгч байгаагаа мэдэхгүйгээр манайхан наймаа хийж эхэлсэн. Энэ алдаанаасаа бид сургамж авах ёстой. Хуулийн төсөлд гурван мэргэжлийн зөвлөлийг заасан байна лээ. Ашиглалтын лиценз өгөх үед тэр мэргэжлийн зөвлөлүүд маш нарийн дүн шинжилгээ гаргаж баймаажин ар талд нь наймаалцах хөрс үүсэхгүй байх ёстой. Оюутолгойгоо эргээд харья. Баялгаа хүнд эзэмшүүллээ, сорыг нь арваадхан жилд хамаад дуусна. Дараа нь бид өртэй үлдэнэ. Баялгаа хүнд өгөөд, өртэй үлдчихээд гайхамшигтай гээд цээжээ дэлдээд сууж байх уу гэдэг асуудал бидэнд нэг юм бодогдуулах ёстой.

Хоёрдугаарт, бид одоо байгаа хуулиа гэрээ хэлцэл хийх явцад олон удаа зөрчсөн. ТЭЗҮ батлагдаагүй байхад ч гэрээг УИХ-аар хэлэлцэж үзлээ.  Нөөц нь батлагдаагүй байхад ч гэрээ хэлэлцэж үзлээ. Татварынхаа хуулийг ч тэр этгээдэд зориулж өөрчилж үзлээ. Ашигт малтмалын тухай хуулиа  ч өөрчилж үзлээ.  Энэ замуудыг энэ хууль хаагаасай гэж үзэж байна.

Гуравдугаарт, бид хөтлөгдөх тал руугаа орчихлоо. Сүүлийн үед интернетээр явж байгаа мэдээллийг үзэхэд гадаадын хөрөнгө оруулалт ёстой болохоо байлаа гээд шуугиан дэгдэж байна. Бид зөндөө баялгаа хөндсөн. Газраа онгичсон. Магадгүй, тэр хагалсан газрынхаа нэгхэн зурвас дээр жаахан амарч суугаад амьсгаа дарах цаг хэрэгтэй болсон байж мэднэ. Эрэгцүүлж бодох цаг болжээ. Учир нь бид Оюутолгойн гэрээг ашиглах асуудлыг хөндөхдөө өөрсдөө эрхзүйн орчны бэлтгэлгүйгээр, Татварын хуулиа ч, Ашигт малтмалын тухай хуулиа ч, экологийн хуулиа ч, бусад хуулиа ч бэлтгэж чадалгүйгээр орсон. Одоо шинэчлэн өөрчилнө гэж ярьж байна. Гэтэл үүнийг шинэчлэхдээ урьдахаасаа ч долоо дордуулж магадгүй байдал үүсэх вий.

Ингээд би төсөлд байгаа хуулийн ойлголтуудын талаар би саналаа хэлье. Магадгүй, энэ төслийг дэмждэг хүмүүст таалагдахгүй байж болно, дэмждэггүй хүмүүст ч таалагдахгүй байж мэднэ. 

Нэгдүгээрт, стратегийн ордын тухай. Энэ ойлголт 2006 оны хуулиар гарч ирсэн. Бидэнд юу өгөв. 15 ордыг жагсаачихаад ард талд үлдсэн дээр нь дураараа вальс эргэнэ гэдэг юм болсон. Одоо Хөшөөтийн уурхайг аваад үзье л дээ. Нэг хэсэг орд газрыг стратегийн гэж нэрлээд жагсаалт гаргаж хязгаарласнаар ар талд нь хууль бус үйл ажиллагаа явагдах, хуйвалдах, худалдах янз бүрийн үүд хаалга нээгддэгийг харууллаа. Миний бодоход стратегийн гэдэг утгыг тодорхойлохдоо, одоо байгаа хуулийнх шиг их гүрний цэрэг дайны бодлогын үүднээс биш, цөмийн түүхий эд, газрын ховор элемент гэдэг маягаар биш, Монголын эдийн засгийн тусгаар тогтнол, эдийн засгийн тогтвортой байдлын эрх ашгийн үүднээс ордуудыг хамруулж, заагаад хийж болох юм.

Тэгэхгүй бол, стратегийн орд гэж тусад нь гаргахын хэрэг байхгүй юм шиг санагдаж байна. Бүгдэд нь төр хатуу хяналтаа тавиад явах хэрэгтэй. Ингэхдээ харин бизнесийн эрх чөлөөг нь тавьж өгөх ёстой байх. Стратегийн ордын тухай асуудал дээр төсөлд логикийн зөрчилтэй тусгагджээ. Юу харагдаж байна гэхээр стратегийн гэдгээ хэдэн түүхий эдээр хязгаарласан мөртлөө одоо байгаа 15 ордыг өөрчлөхгүй гэнэ. Тэгсэн мөртлөө нэмэхгүй гэнэ. Хэрвээ нефтийн орд шинээр нээгдэх юм бол газрын тос стратегийн түүхий эд гэчихсэн юм чинь орж л таарна шүү дэ. Иймэрхүү логикийн зөрчилтэй асуудлууд дээр анхаармаар.

Хоёрт, манайхан 2007 оны үеэс хувь эзэмших тухай ярьж эхэлсэн юм. 34 хувь, 51 хувь гээд. Энэ 51 хувиас болоод манай УИХ-д ч маргаан үүсдэг, нийгэмд ч маргаан бий. Эрүүл ухаанаар бодоход, гадны хөрөнгө оруулагч хөрөнгө оруулалт хийгээд түүнийхээ 51 хувийг энэ авилгад идэгдсэн Монголын төр засгийн мэдэлд өгчихөөд юу харж суух юм бэ. Ийм юм харж хуульд тусгаад түүнийгээ хүлээж сууна гэдэг бол өөрөө өөртөө дэгээ тавьсантай адил. 100 хувь гадных байж болно. Би Оюутолгой дээр жишээ хэлье. Оюутолгойд орсноороо бид юу болов.

2,5 тэрбум долларын анхны хөрөнгө оруулалттай гэж байснаа 8 тэрбум болгоод, түүнийхээ 34 хувийг эзэмшинэ гэж өөрсдийгөө 2,5 тэрбум долларын өрд хийгээд анхны хөрөнгө оруулалт нөхөгдөх хугацааг арваад жилээр хойш татаад, хуваах ашиггүйгээр үлдэж байна. Энэ асуудлаа эргэж бодохгүй бол болохгүй байх аа. Миний бодоход, Оюутолгой дээр ийм асуудал тавихын оронд, за та нар минь 100 хувь баяжуулах үйлдвэрээ бариад баяжуулчих. Бид 100 хувь хүлээж аваад зэсийг чинь хайлуулаад, бэлэн бүтээгдэхүүн гаргая гэсэн бол Монгол улс өрд орохгүйгээр харин ч зөндөө их ашиг олох боломж байсан. Эдийн засгийн аргаар асуудлыг шийдэх гэж оролдвол яасан юм бэ.

Гуравдугаарт, Засгийн газрын оролцооны асуудал байна. Хуулийн төсөлд гэрээ, хэлцлийг Засгийн газар байгуулахаар хийжээ. Монгол нэг л Засгийн газартай. Түүнээс цааш Засгийн газар байхгүй. Гэрээ хэлцэл хийхэд, Засгийн газар компанитай ч юм уу, Фрийдландтай зэрэгцэн суугаад өөрийгөө боомилуулж баймгүй байна. Гэрээ хэлцлийг маш өндөр хариуцлагатай, төрийн өмчийн мэргэжлийн байгууллага Засгийн газрын өмнөөс хийгээд Засгийн газар хяналтаа тавьдаг ийм байдлаар хуульд тусгаж болохгүй юу. Засгийн газар хяналтын үүргээсээ өөрийгөө чөлөөлөөд ямар байдалд орж байгааг бид мэднэ. Өнгөрсөн цаг хугацаанд Оюутолгойн гэрээг хэлэлцэх үед юу болж байв. Гуравдугаар сарын 31-нийг санаж байна. Долдугаар сарын 9-нийг санаж байна. Юу болсон гэхээр Ерөнхий сайд нь УИХ-ын чуулган дээр ороод би толгойгоороо хариуцна гэдэг. Хэнд толгойгоо тавьж өгөөд байна вэ. Одоо бол хэн нь ч толгойгоо тавьж өгөхгүй, харин толгойгоо бариад зугатаж байгаа шүү дээ. Энэ байдлыг өөрчилмөөр байна.

Дөрөвдүгээрт, хуулийн төсөлд нөөцийн төлбөрийн асуудлыг хөнджээ. Нөөцийн төлбөр гэдэг ойлголтоо бид эргэж хармаар байгаа юм. Одоо Оюутолгойн гэрээ байгуулсан нөхдийн ярьж байгаагаар энэ Монголын ашиг юм гэнээ. Энэ чинь ашиг биш. Үйлдвэрийнхээ зардалд орж явдаг, Монголын баялгийг худалдсан үнэ. Манай баялгийн үнэ. Ингэж ойлгохгүй бол газар дор байхдаа танай юм үнэгүй, гаргасан хойноо үнэтэй болдог. Би чамд ашиг өгч байна гэдэг хөрөнгө оруулалтын ухуулгад автах юм бол манай эдийн засгийн сэтгэхүй Европынхоос дор хаяж 150 жилээр хоцорно. Нөөцийн төлбөр бол орд газар тус бүр дээр ярьдаг, ашигт малтмал тус бүр дээрээ яригддаг.

Жишээ хэлэхэд, Ашигт малтмалын одоо хэрэгжиж байгаа хуулийн 47-ийн 3-т 5 хувийн нөөцийн төлбөр авна гэчихээд ард нь 47-ийн 4-т тав, таван хувиар нэмээд явах тухай хүснэгт оруулсан. Гэтэл Киргизийн Кумторын алтны орд газарт нөөцийн төлбөр 18,1 хувь байгаа. Богд хаант Засгийн газар XX зууны эхэнд “Монголор” компанитай гэрээ хийхдээ нөөцийн төлбөрийг 20 хувиар тогтоож байсан. Гэтэл манай өнөөгийн Засгийн газар, УИХ маань 5 хувиас цааш гардаггүй. Энэ бол УИХ-ын гишүүдийн индүүддэг зүйл биш. Орд газраасаа, тээврийн зайнаасаа, байршлаасаа, агуулгаасаа, ашиглалтын нөхцөлөөсөө болж тогтоогдох зүйл. Энэ асуудал Ашигт малтмалын тухай хуульд тусгагдахгүй бол тусдаа хууль гарах ёстой.

Тавдугаарт, хүнээ жаахан бодмоор байна. Хөдөлмөрийн хөлс, хөдөлмөрийн нөхцөлийн асуудал байна. Олон улсын хөдөлмөрийн байгууллагын гаргасан зохистой ажлын байр гэсэн ойлголт бий. Хөдөлмөрийн цалин хөлс нь амьдралыг тэтгэхэд хүрэлцээтэй хангамжтай байна. Ажлын бүтээмжтэй ажиллах нөхцөлийг хангах, аюулгүй байдлыг хангах, хүнийг хөгжүүлэх гэсэн шаардлага тавигддаг. Энэ маань энэ хуульд туссангүй. Түрүүчийн хуульд бүр Фрийдландын менежментээр явна гэж бичээстэй явж байсан үе бий.

Нөгөө талаас малчдын тухай асуудал. Энэ хуульд тусгай зөвшөөрөл эзэмшигч нь малчны хашаанаас гадагш 100 метрийн цаагуур газар ухаж болно гээд заачихжээ. Хот газрын хүнд 100 метр газар их хол газар ойлгогдож байгаа. Малчин хүний хотны дэргэд очоод 100 метрийн зайд тэсэлгээ хийгээд, трактор түржигнээд байвал тэр айл яах вэ. Тэр айл сөнөнө. Тан улсын цэрэг Түрэгтэй байлдахдаа бүтэн сарын турш бөмбөр цохьж, морийг нь унтуулахгүй ядраачихаад сүүлд нь байлдан эзэлж авсан түүх бий. Тийм л юм болно. Малчдаа малчин гэж хараад малчны амьдралд ойртсон хууль хиймээр байна. Хэрэв малчдын амьдарч байгаа газар дээр нь уурхайн ажиллагаа явуулах бол тэр малчны бүх амьдралын эх үүсвэр дээр нь нөхөн олговор олгох тухай, тэгээд шилжүүлэх тухай асуудал яригдана.

Өөр нэг асуудал нь байгаль орчны асуудал. Байгаль орчны асуудал энэ хууль дээр бас л сонин тусчээ. Нөхөн сэргээлт хийхдээ нэг мод огтлоод 10 мод тарина гэж бичсэнийг би энэ төслөөс гурав дахин уншлаа. Энэ бол социализмын үеийн сэтгэхүй. Огтолсон мод чинь 70 настай мод. Тарьсан мод чинь 5 настай мод. 100 модноос нэг мод ургана. Ингэж хуулиар өөрсдийнхөө гар хөлийг боож, өөрсдийгөө сүйтгэхээ болимоор байна.

Дараа нь хариуцлагын асуудал байна. Хуулийн төсөлд энэ асуудал нэлээд оржээ. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 100 дахин,  50 дахин, 10 дахин нэмэгдүүлж торгоно гээд л орсон байна. Энэ торгууль чинь үндсэндээ тусгай зөвшөөрөл болчихоод байна. Зөвшөөрөлгүй алт ухаж байгаа хүмүүс Монголд бийг бид бүгд мэднэ. Хонгорт ч алт угааж байсан. Тэр Эрээн баавгайтын шил дээр ч гадныхан ирчихээд зөвшөөрөлгүй алт угааж байсан. Тэр хүмүүст хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 100 дахин нугалсан төлбөр ногдуулна гэдэг чинь 200 грамм алт хурааж авна гэсэн үг. 20 кг алт аваад 200 грамм алт өгөхөд яахав дээ. Энэ чинь зөвшөөрлийн бичиг болчихоод байна. Ийм хоригийг үүнээс хойш хэрэглэмгүй байна.

Эцэст нь аюулгүйн асуудал байна. Хуульд их олон зүйл дээр байцаагч томилно, шинжээч томилно гэжээ. Тэр байцаагчийг худалдаж авахад мөн амархан даа. Ер нь бид өөрсдийн өнгөрсөн алдаанаасаа харахад гадны нэг хөрөнгө оруулагч орж ирээд, Монголын иргэн хэнд ч олддоггүй эрх эдлээд, Ерөнхийлөгчтэй уулзаад, УИХ-ын гишүүдтэй хэд дахин уулзаад, намуудын дарга нартай уулзаад л гүйгээд байдаг. Энэ юу вэ. Би бодоход цэвэр авилгал гэж хардаг. Ийм учраас шинжээч дүгнэлт гаргах, байцаагч хянах шалгах, гэрээ хэлцэл хийх бүтцүүдийг Засгийн газрын мэдэлд, тусгай маш нарийн чанд хяналттай, тэгэхдээ давхар хяналттай байдлаар бий болгох асуудлыг хуульдаа хийгээд өгвөл сайхан болмоор санагдах юм.

Ерөнхийд нь саналаа хэлэхэд хуулийн төслийн талаар би өөдрөг сайхан сэтгэгдэлтэй байгаа. Улс орноо гэсэн үзлээр хийгдсэн энэ хуулийн төсөл дээр нэг сар ажиллахад УИХ-д өргөн барих хууль болчих байх гэсэн бодолтой байна.

Баярлалаа.