Швейцарийн Давос хотноо Олон улсын эдийн засгийн чуулганд бэлтгэж байна. 43 жилийн түүхтэй тус арга хэмжээ нь жил бүрийн энэ сард зохион байгуулагддаг уламжлалтай. Бүтэн долоо хоног үргэлжлэх энэхүү чуулган маргааш албан ёсоор нээгдэх бөгөөд дэлхийн 45 орны төрийн тэргүүн, 1500 гаруй зочин хүрэлцэн ирэхээс 680 орчим нь томоохон компаниудын удирдлагууд байх төлөвтэй байна.
Нийт зочдын 4,9 хувь нь Хятад болон Япон, 4,8 хувь нь Африк, 3,1 хувь нь Өмнөд Африк, үлдсэн хувь нь АНУ, Европын орнуудын төлөөлөгчид байх ажээ. Одоогоор ХБНГУ-ын канцлер Ангела Меркель, Их Британийн Ерөнхий сайд Девид Камерон, НҮБ-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун, Дэлхийн банкны Ерөнхийлөгч Жим Ен Ким, ОУВС-гийн Ерөнхийлөгч Кристин Лагард нар хүрэлцэн ирэх тухайгаа албан ёсоор мэдэгджээ. Мөн Goldman Sachs банкны ТУЗ-ын дарга Ллойд Бланкфейн, JPMorgan Chase-ийн гүйцэтгэх захирал Жейми Даймон, Швейцарийн UBS AG банкны ТУЗ-ын дарга Аксель Вебер нар хүрэлцэн ирэх аж. Энэ жилийн чуулганы “Эрсдлийг даван туулах чадвар” сэдвийн дор евро бүсийн санхүүгийн хямралаас гадна Арабын хувьсгал, эдийн засаг засаг дахь эмэгтэйчүүдийн оролцоо зэрэг асуудлуудыг голлон хэлэлцэх юм.
Чуулганы эхний өдөр буюу 23-нд Италийн Ерөнхий сайд Марио Монти, 24-ны өдөр ХБНГУ-ын канцлер Ангела Меркель, 25-ны өдөр Европын Төв банкны Ерөнхийлөгч Марио Драги нар евро бүсийн өнөөгийн санхүүгийн байдал, хямралын талаар илтгэл тавина. Чуулганы анхаарлын төвд байх гол асуудал Сирийн тогтворгүй байдлын талаар 25-ны өдөр хэлэлцэхээр төлөвлөж байгаа аж. Тус улс дахь үймээн самууныг зогсоох, үл ойлголцох байдлаас гарах боломж нөхцөлийн талаар АНУ-ын сенат Жон Маккейн, Олон улсын Улаан загалмайн нийгэмлэгийн Ерөнхийлөгч Петер Маурер, Саудын Арабын Хан хүү Турки бен Фейсал аль Сауд нар илтгэл тавих юм. Эдийн засаг дахь эмэгтэйчүүдийн оролцоо сэдэвт бага хурлыг ОУВС-ийн Ерөнхийлөгч хатагтай Кристин Лагард тэргүүлж, Facebook компанийн үйл ажиллагааны Ерөнхий захирал Шерил Сандберг болон Харвардын Их сургуулийн анхны эмэгтэй захирал Дрю Фауст нар илтгэл тавих юм.
43 дахь удаагийн Давосын эдийн засгийн чуулганд Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцох бөгөөд дэлхийн эдийн засгийн байдал, авлигатай тэмцэх, ус, ногоон хөгжил зэрэг сэдвүүд багтсан хурлуудад оролцохоор төлөвлөжээ.
Э.Од