Энэ сарын 18-ны өдөр болсон Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын анхны хэлэлцүүлэгт Монголын үйлдвэрлэлийн геологчдын холбооны тэргүүн Д.Бат-Эрдэнэ “Ашигт малтмалын эрэл, хайгуул” сэдэвт илтгэл тавьсан юм. Илтгэлийг бүрэн эхээр нь хүргэж байна. Тэрбээр Ашигт малтмалын тухай хуулийн төслийг боловсруулах Ажлын хэсэгт зөвлөмж өгч ажилласан манай улсын нэртэй геологчдын нэг.
Ашигт малтмалын тухай хуулийн түүх Би товчхон түүх ярьж илтгэлээ эхлүүлье. Ашигт малтмалын тухай анхны хууль 1994 онд батлагдсан юм. 1997 онд гадаадын хөрөнгө оруулагчидтай хамтарч Дэлхийн банкны тусламжтайгаар дараагийн хуулиа боловсруулсан. Түүний дараа 2009 онд нийтдээ 64 нэмэлт өөрчлөлт оруулсан. 2010 онд 12 нэмэлт өөрчлөлт оруулсан.
1997 оны хувьд улсын эдийн засаг, нийгмийн байдал маш хүнд байсан үе. Тухайн үед гадныхан манай эрдэс баялгийг л сонирхож байлаа. Тиймээс гадны хөрөнгө оруулалтыг салбар руу татах, геологи судалгааны ажлыг эрчимжүүлж, шинэ орд нээх зорилгоор тэр хуулийг хийж байсан юм. Бороогийн алтны орд зэрэг нэгэнтээ илэрчихсэн хэд хэдэн орд байлаа. Эдгээр ордод хөрөнгө оруулах, орчин үеийн техник технологи нэвтрүүлэхэд гадны хөрөнгө оруулалт зайлшгүй хэрэгтэй байсныг бүгд мэдэж байгаа. Тухайн үед уул уурхайгаараа дөрөөлж, хөгжилд, сайн зүйлд хүрье гэсэн санаа бодол хүчтэй байсан. Тийм ч учраас элдэв хаалт тавиагүй, төрийн оролцоог хязгаарласан хууль баталсан юм.
Үүнийг дагаж олон эерэг болон сөрөг үр дагавар гарсан. Үүнээс товчхон ярья. Гадны хөрөнгө оруулалт орж ирснээр манай улсын татвар хүраамж нэмэгдсэн. Хамгийн гол нь бид дэлхийд томд тооцогдох Оюутолгойн ордыг эргэлтэд оруулсан. Том төслүүдийг дагаж олон аймагт томоохон барилга байгууламжууд баригдсан. Тухайлбал, Өмнөговь, Ховд, Сэлэнгэ аймгууд төмөр зам, засмал замтай болсон. Өмнөговь аймаг гэхэд одоо дөрвөн нисэх буудалтай болоод байна.
Ажлын байр нэмэгдэж, ажилгүйдэл тодорхой хэмжээгээр буурсан. Том төслүүдийг дагасан үйлчилгээний олон бизнес хөгжлөө. Олон ч компани хөл дээрээ бослоо. Боловсон хүчнээ сургах, дадлагажуулах, орчин үеийн техник технологи дээр ажиллуулах ажил эрчимжсэн. Компаниудын зардлаар уурхай, геологийн нарийн мэргэжлүүдээр олон хүн суралцаж байна. Орчин үеийн техник технологийн зургийг нь л харах хэмжээнд байсан бол одоо хаа сайгүй тэдгээрийг ашиглаж байна.
Мөн Оюутолгой, Тавантолгой гэсэн том хэмжээний төслүүдээр дамжуулж гадныхан манай улсын талаар илүү их мэддэг болсон. Олон улсын биржүүдийг 10 жилийн өмнө хэн ч мэддэггүй, ойлгодоггүй байсан шүү дээ. Тэгвэл өнөөдөр маш олон монгол компани мөнгө хаанаас босгож болохыг мэдээд бирж дээр гарч ажиллаж байгаа нь дэлхийн зах зээлийг ойлгож байгаагийн жишээ юм.
Энэ хуулиар үүссэн сөрөг талууд ч их байгаа. Хайгуул болон ашиглалтын лицензүүдийг замбараагүй тарааснаас болж лицензийн наймаа дэлгэрсэн. Улсад ямар ч татвар төлөхгүйгээр хэдэн саяар нь зарлаа гээд л дуулддаг. Яг хэдээр зарсныг нь хэн ч мэддэггүй. Хэт олон хайгуулын лицензтэй компаниуд гарч ирсэн. Зарим хүн 200 лицензтэй, талбай нь гэхэд Европын зарим орны нутаг дэвсгэрийн талтай тэнцэх хэмжээний болчихоод байна. Үүнээс болж геологийн бүрэн судалгаа хийгдэж чадахгүйд хүрч байна. Геологийн ажлын дараалал алдагдаж, судалгааны ажил ерөнхийдөө чанар муутай боллоо. Хуурамч ордууд бий болсон. Нэг ёсондоо цаасан дээр хуурамч орд бичиж зарж байна. Үүнд нь итгээд авчихсан хүн ашиглалт хийх гэхэд юу ч илэрдэггүй. Хуурамч ордууд бий болгож, түүнийгээ зарснаар манай орны нэр хүндэд л муугаар нөлөөлнө. Монгол улс луйврын орон гэж нэрлэгдэнэ.
Хууль бус үйлдвэрлэл явуулсан хүмүүс үүнийгээ далдлах зорилгоор авилгалыг өсгөсөн. Нутгийн засаг захиргаа, иргэд болон компанийн хооронд зөрчил эрс ихэссэн. Хамаа замбараагүй олборлолт явуулснаар байгаль орчин сүйдэж, авилгал газар авч байна. Энэ бүхнийг Ашигт малтмалын газар ч, Уул уурхайн яам ч, иргэд ч ярьдаг.
Ашигт малтмалын тухай хуулийн төслийг бид ирээдүйгээ бодож бичсэн. Цаашид энэ байдлаар явбал юу болох вэ гэдгийг бодож байж бичсэн. Хэт олон компанид лиценз цацаад, түүнийг нь мөнгөтэй хүмүүс авдаг энэ байдал үргэлжилвэл Монголын эрдэс баялаг гадаадын компаниудын мэдэлд орж, эрдэс баялгийн менежментийн удирдлага гадагш шилжихэд хүрнэ. Төмөр, жонш, нүүрсийг харахад л энэ байдал мэдэгдэнэ. Нутгийн оршин суугч компаниудын хоорондын зөрчил гаарсаар цаашдаа үйл ажиллагаа явуулахад улам хүндрэлтэй болж байна. Хуулиар энэ бүхнийг зохицуулахыг хичээсэн.
Яагаад Ашигт малтмалын тухай хуулийг өөрчлөх болсон юм бэ?1997 онд Монгол улсын нийгэм, эдийн засаг маш хүнд байдалд байсан бол өнөөдөр байдал эрс өөрчлөгдлөө. Өнөөдрийн нөхцөл байдалд хуулиар зайлшгүй шийдвэрлэх, өөрчлөх, засварлах маш олон асуудал гарч ирлээ. Нийтэд нь дүгнэж хэлэхэд гадаад, дотоодын орчин, Монголд хандах хандлага 1997 онтой харьцуулахад эрс өөрчлөгдсөн байна.
Уул уурхайн салбарт өөрчлөлт хийхээс аргагүйд хүргэсэн маш олон асуудлууд бий боллоо. Мэргэжлийн холбоодоос ч маш олон санал гарч эхэлсэн. Орон нутгийн захиргаа, олон нийтийн хөдөлгөөн, иргэдээс ч хуулийг өөрчлөх талаар шаардлага, саналууд гарсан. Өөрөөр хэлбэл, амьдрал өөрөө эрдсийн салбарын хууль эрх зүйг дахин эргэж харахыг шаардсан юм. Тийм ч учраас Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулах ажил эхэлсэн.
Хуулийн төслийг боловсруулахад Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, УИХ, Засгийн газрын эрдсийн салбарыг хөгжүүлэх концепци, бодлогын үндсэн баримт бичиг болон аж ахуй нэгжүүд, орон нутгийн захиргаа, иргэд, олон нийтийн байгууллага, мэргэжлийн холбоодын зөвлөмж, саналыг судалсан. Бүтэн хоёр жилийн хугацаанд маш олон хүний санал бодлыг сонсч, хүмүүстэй уулзаж байж бичсэн юм шүү.
Геологийн талаар зарчмын өөрчлөлт хийсэн бэ? Лицензийн төрөл гэхэд хайгуулын гэж байсныг бид эрэл, хайгуул болгосон. Үүнийг мэргэжлийн геологчдын саналаар оруулсан юм. Хугацаа нь гурав, гурав гээд есөн жилээр зөвхөн хайгуулынх гэж байсныг бид эрлийн буюу хайгуулын гэж хуваагаад тав нийтдээ есөн жил болгосон. Нийт жил өөрчлөгдөөгүй.
Тусгай зөвшөөрлийн тоо өнөөдрийн хуулиар хязгааргүй, чадах хэрээрээ ав гэсэн байдалтай байгаа. Бид эрлийнхэд тав, хайгуулынхад хязгааргүй гэж бичсэн.
Олгох зарчмын хувьд одоо мөрдөгдөж буй хуулиар хэн түрүүлж өргөдөл бичсэн нь лиценз авч байна. Үүнийг төр сонгон шалгаруулалттай болгож байгаа. Бид эрлийг сонгон шалгаруулалтаар өгөх саналтай байна. Эрлээс хайгуул, хайгуулаас олборлолтын зөвшөөрөл өргөдлөөр явна. Улсын төсвөөр эрэл, хайгуул хийсэн тохиолдолд сонгон шалгаруулна.
Талбайн хэмжээг одоо хэрэгжиж байгаа хуулиар 25-400.000 га гэж заасан байгаа. 400.000 га гэдэг нь 4000 километртэй тэнцэх газар нутаг. Уртаашаа 1000 километр, өргөөшөө дөрвөн километр зурвас шүү дээ. Өөрөөр хэлбэл, Улаанбаатараас гараад Монголын зүүн хил хүртэл дөрвөн километр өргөнтэйгээр хайгуулын ажил хий гэсэн зөвшөөрөл өгч байсан хэрэг. Бид үүнийг хязгаарлахыг зорьсон. Монгол улсыг 15 жилийн дотор хангалттай судалчихсан учраас эрлийг бид 150-25.000 гектар болгосон. Тодруулбал, хамгийн том нь 250 квадрат километр болж байгаа юм.
Хайгуулын талбайг 25-12.000 гектар болгосон. Энэ бол 120 квадрат километр. 120 квадрат километр гэсэн нь учиртай. Оюутолгой 80 километрт багтаж байгаа шүү дээ. Нарийнсухайтынх 100 квадрат километрт багтаж байгаа нь нэлээд томдоо тооцогддог. Ухаахудаг үүнээс жижиг байгаа. Тийм учраас хамгийн том ордуудын хэмжээг авсан юм.
Эрэл, хайгуулын зардлыг өөрчилсөн. Өмнөх зардлыг харахад маш инээдтэй тоонууд бий. Бодит байдал дээр мөнгөө зарцуулан ордоо бүрэн дүүрэн судалж чадвал цаашид үйл ажиллагаа явуулахад алдагдал хүлээх эрсдэлийг багасгахын тулд ийм мөнгөн дүн тавьсан юм.
Хүснэгтээс хараарай. Одоо хэрэгжиж буй хуулийн дагуу 25 гектар газарт есөн жилийн дотор хайгуул хийхэд 213 ам.доллар зарцуулна гэж байна. Өнөөдөр 213 ам.доллар ямар мөнгө вэ? Цагаан сараар нэг хонины ууц 400.000 төгрөг хүрчихсэн байна. Бид 213 ам.доллараар яаж ажил хийх юм бэ?
12.000 гектар газарт есөн жил ажиллана гэж бодоход 142 сая төгрөг болж байна. Өнөөдөр өрөмдлөгийн нэг метр нь 150 ам.доллар байдаг. Энэ мөнгө 700 метр гүн өрөмдөхөд л хүрэх мөнгө. 700 метрийн гүнийг хэн ч хайгуул хийсэн гэж бодохгүй шүү дээ. Одоогийн хуулиас харахад 150 гектарт эрлээс эхэлж байгаа. Яагаад гэвэл хамгийн бага нь 150. Хайгуул 25 гэж бодоход тухайн хүн есөн жилийн дотор 30 сая төгрөг зарцуулж байна. Энэ нь мөн л бага байна.
Бид 112.000 гектар гэж үзээд 120 квадрат километрт ажил хийхэд бодитой үнэ хэлж байгаа юм. Нэг ёсондоо 12, 13 орчим тэрбум төгрөг. Ийм түвшинд аль ч ордыг бид бүрэн дүүрэн судална. Гэхдээ заавал үүнд зарцуул гэж байгаа юм биш. Тэр хүн эхний гурав, дөрвөн жилд ажлаа хийгээд долоо дахь жилдээ нөөц олоод авчихаж болно. Нэг ёсондоо энэ нь эдийн засгийн хөшүүрэг болж байгаа юм. Хүмүүсийг богино хугацаанд эрчимтэй, сайн ажилла гэж шахаж байгаа хэрэг. Өнөөдөр лиценз авчихаад жилд жаахан ажил хийж зунгааралдсаар байгаад есөн жил болчихдог.
Дараагийн асуудал нь дотоод ажилчдаар ажил гүйцэтгүүлэх. Энэ нь монгол компанийг дэмжээд гадаадын компанийг эсэргүүцсэн юм шиг харагдаж магадгүй. Үндсэн болон туслах үйл ажиллагааны 60-аас доошгүй хувийг үндэсний аж, ахуй нэгжүүдээр гүйцэлдүүлнэ гэж байна. Том төсөл дээр гадны компаниуд орж ирэхэд том ажлыг гадныхан авч, үлдсэнийг бид долоодог. Үүнийг зогсоох үүднээс ийм заалт оруулж ирсэн. Ингэснээр монгол компаниуд мөнгөтэй болов уу, юу сурч, яаж бэхжив? Бид зоригтой алхам хийж, монгол компаниуд маань ч итгэл алдахгүй байх хэрэгтэй.
Тав дахь ажил бол гэрээ байгуулах. Эрэл хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нутгийн өөрөө удирдах байгууллагатай Хамтран ажиллах гэрээ байгуулна. Зарим компани ийм гэрээ байгуулаад эхэлсэн байгаа.
Эрлийн ажил гүйцэтгэхэд ажил гүйцэтгэх зөвшөөрөл шаардлагагүй. Харин хайгуулын ажил хийхэд зөвшөөрөл авна.
Өөр нэг том зарчмын том асуудал нь хуурамч тайлан бичих асуудлыг зогсоохын тулд эрэл, хайгуулын хээрийн ажилд тайлан бичих эрх бүхий мэргэшсэн этгээдийг оролцуулъя гэж ярьж байгаа. Яамнаас мэргэшсэн этгээдийн гэрчилгээг олгоё гэж ярьж байгаа юм. Мэргэшсэн ажилтан өөрөө эрсдэлээ хүлээх ёстой. Худлаа зүйл бичвэл тухайн мэргэшсэн этгээд өөрөө хариуцах ёстой. Эрдсийн нөөцийн мэргэжлийн зөвлөл нөөцийн тайланг хэлэлцэж, Үндэсний эрдэс баялгийн нэгдсэн санд бүртгэх эсэх тухай дүгнэлт гаргана. Мэргэшсэн этгээдийн тайлан тооцооны үнэн зөвийг хянах зорилгоор хөндлөнгийн геологич томилох юм.
Эрдэс баялгийн зөвлөл гэж байдаг. Бид үүнийг гурав хуваасан. Геологийн судалгааны мэргэжлийн зөвлөл нь улсын төсвөөр хийсэн ажлыг хэлэлцэнэ. Эрдсийн нөөцийн мэргэжлийн зөвлөл нь эрэл, хайгуулын ажилтай холбоотой асуудлаар төрийн байгууллага шийдвэр гаргахад нь тусгай зөвлөмж гаргана. Нэг ёсондоо хувийн компаниудын хийсэн ажилд дүн шинжилгээ өгч, зөв бурууг нь дүгнэх юм л даа.
Үндэсний эрдэс баялгийн мэдээллийн нэгдсэн санг байгуулж байна. Ашигт малтмалын мэдээлэл гурван газар тараад байгаа. Цөмийн энергийн газар, Газрын тосны газар, Ашигт малтмалын газарт тарсан байна. Социализмын үед бүгд нэгдмэл байсан юм. Одоо бүх мэдээллийг нэгтгэснээр улс дүгнэлт гаргаж, бодлого боловсруулахад дөхөм үзүүлнэ. Засгийн газар, УИХ-д баримт гаргахад тоо нь дандаа зөрдөг. Нэгдсэн сан байгуулсан нөхцөлд энэ байдал өөрчлөгдөнө.