Mining Journal Awards 2012-ын шилдгүүд Арван хоёр он уул уурхайн салбарт ул мөрөөн үлдээн одож байна. Тэр
дундаа Монголын уул уурхай энэ онд ямар өөрчлөлт, хувьсал, ололт амжилт,
өсөлт бууралтыг туулан өнгөрч буйг нэгэн агшнаа тольдож болох арга
хэмжээ бол яах аргагүй Mining Journal Awards байсан юм. Түүний эрч хүч,
өнгө төрхийг ШИЛДГҮҮД илэрхийлж байлаа.
Mining Journal
Awards-ын хамгийн өрсөлдөөнтэй, хамгийн олон компани өрсөлддөг номинаци
бол “Шилдэг технологи”. Шүүгчдийн зөвлөлийн гишүүдийн хувьд энэ
номинацид өрсөлдсөн үндэсний болон гадаадын хөрөнгө оруулалттай
компаниудыг шалгаруулахад тийм ч хялбар байдаггүй. Гэсэн хэдий ч эцсийн
дүндээ технологийн шинэчлэлийг олон улсын стандартын дагуу хэрэгжүүлж
чадсан, Монголд анхдагч гэж онцгойлон тодотгох бүтээн байгуулалтыг
өрнүүлсэн компани л шалгардаг.
2011 оны Mining Journal
Awards-т өрөмдлөгийн, тэсрэх бодисын, программ хангамжийн үйл
ажиллагаа явуулдаг компаниудаас гадна Цахилгаан станц, Нүүрс хатаах
үйлдвэр зэрэг томоохон үйлдвэрлэл буй болгосон компаниуд өрсөлдлөө.
Үнэндээ технологийн асар том шийдэлд хүрсэн томоохон үйлдвэрийг өрмийн
машинуудтай, геологи хайгуулын программ хангамжийг тэсрэх бодис
үйлдвэрлэлтэй харьцуулах аргагүй ч Монголд “Шилдэг технологи
нэвтрүүлсэн” гэдгээрээ адилхан жин дарах үзүүлэлт болохыг Шүүгчдийн
зөвлөл хүлээн зөвшөөрдөг, басхүү үнэлэлт дүгнэлт өгөх суурь зарчмаа
болгодог юм.
2011 он бол Монголын уул уурхайн салбарт
технологийн хувьсгал явагдсан онцгой жил байв. Анхны Цахилгаан станц,
Баяжуулах үйлдвэр, Нүүрс хатаах технологи гээд дан монгол инженерүүдийн
оюун ухаанаар бий болсон бүтээн байгуулалтууд энэ онд өрнөсөн байдаг.
Тэгвэл 2012 оны хувьд уул уурхайн технологийн ертөнцөд дээр дурдсан шиг
далайцтай өөрчлөлтүүд хийгдээгүй ч “технологи” гэсэн ерөнхий нэрийн дор
маш олон талт, дэвшилтэт үйл явдлууд өрнөжээ.
Mongolian Mining
Journal-ийн Шүүгчдийн зөвлөл 2012 оны анхдугаар хурлаар Шалгуур
үзүүлэлтүүдийг илүү нарийсган боловсруулж, мэргэжлийн түвшинд шүүн
тунгаахыг эрхэм болгон тодорхой, цөөн тооны асуулга бүхий хэлбэрийг
сонгожээ. Мэргэжлийн шүүгчид Олборлолтын дэвшилтэт технологи
нэвтрүүлсэн, Баяжуулалтын дэвшилтэт технологи нэвтрүүлсэн, Цэвэр зэс,
төмөрлөгийн үйлдвэрлэлд шинэ технологи нэвтрүүлсэн, Шилдэг программ
хангамж бүтээсэн, нэвтрүүлсэн, Өрөмдлөгийн дэвшилтэт техник технологи
нэвтрүүлсэн, Тэсрэх бодисын чиглэлээр дэвшилтэт технологи нэвтрүүлсэн,
Байгаль экологид ээлтэй дэвшилтэт технологи нэвтрүүлсэн зэрэг тулгуур
зарчмын үзүүлэлтүүдийн хүрээнд аж ахуйн нэгжүүдийг тухайн жилийн ажлын
төлөвлөгөө, гүйцэтгэлээр нь харьцуулж дүгнэхийг чухалчилжээ.
“ШИЛДЭГ ТЕХНОЛОГИ” НОМИНАЦИД НЭР ДЭВШИГЧИД:
1.
Говийн бүс нутагт ус ашиглахгүй хуурай аргаар баяжуулах, байгаль орчинд
ээлтэй Баяжуулалтын дэвшилтэт технологи нэвтрүүлсэн, Монголд анх удаа
хүдэр бэлтгэх процесст нунтаглалтын ангилалд орох 0-3 мм хүртэл
бүтээгдэхүүнийг гаргах боломжтой РОТОРТ бутлуурыг ашигласан, мөн
Монголд анх удаа дэвшилтэт Хуурай соронзон сеператорыг нэвтрүүлж бага
агуулгатай хүдрээс өндөр чанарын, олон улсын зах зээлд өрсөлдөх сайн
чанарын баяжмалыг өндөр металл авалттайгаар үйлдвэрлэж эхэлсэн зэрэг
үзүүлэлтээрээ “Алтайн хүдэр” компани.
2.
Савлагаатай эмульсийн тэсрэх бодисын үйлдвэрлэл болон нүүрсний
уурхайнуудад шингэн эмульсийн тэсрэх бодисыг чанарын өндөр түвшинд, олон
улсын стандартад нийцсэн дэвшилтэт технологиор үйлдвэрлэн тэсэлгээний
ажил, үйлчилгээг шуурхай хийж буй амжилтаараа “Бласт” компани.
3.
Төмрийн хүдрийн ордоос нойтон аргаар хүдэр олборлон, жилд 250000 тонн
64-67 хувийн агуулгатай төмрийн баяжмалын үйлдвэр, мөн жилдээ 500000
тонн хүдэр, 40000 тонн шууд ангижруулсан төмөр үйлдвэрлэх хүчин чадалтай
үйлдвэр ашиглалтад оруулсан зэрэг амжилтаараа “Бэрэн майнинг” компани.
4.
Далд уурхайд зориулагдсан хүчтэй, бүтээмж өндөртэй, бүрэн
автоматчлагдсан, харьцангуй хэмнэлттэй өрөмддөг LM-90 өрмийн төхөөрөмж
болон түүнд нэмэлтээр суурилуулсан Rod handler буюу өрмийн яндан
зөөвөрлөгч системийг амжилттай нэвтрүүлэн ашиглаж байгаа “Мэйжор
Дриллинг” компани.
5.
2011-2012 оны есдүгээр сарын байдлаар нийт 70.000 орчим метрийн
өрөмдлөгийн ажил гүйцэтгэхийн зэрэгцээ мөн энэ хугацаанд “Сore
orientation system” буюу дээжийн гарцын чиглэлийг нарийвчлан гаргах
өрөмдлөгийн шинэ арга аргачлал бүхий технологийг амжилттай ашигласан
хайгуулын өрөмдлөгийн “Фалкон Дрийлинг Монголиа” компани.
6.
Эрчим хүчний зориулалттай хүрэн нүүрсийг хатаах замаар чийглэгийг
бууруулж, илчлэгийн хэмжээ, нүүрсний чанарыг дээшлүүлж, уурхайн
дотоодын нүүрс тээврийн зайг богиносгон, бүтээгдэхүүний өөрийн өртгийг
хямдруулах зорилгоор Монголд анх удаа Нүүрс хатаах үйлдвэр болон
хамгийн урт конвейерийн тээврийн иж бүрдлийг амжилттай нэвтрүүлсэн
“Шивээ Овоо” компани.
7.
JORC стандартаар нүүрсний ордод ашиглалтын хайгуул болон хайгуулын
өрөмдлөгийн ажлыг хийж эхэлсэн, “Технологийн дээжит” буюу “Large” /6-8
инч буюу 154,4-203,2 мм/ диаметрийн өрөмдлөг, “дээжийн уутан савалгаа”
зэрэг шинэ технологиудыг нэвтрүүлсэн дотоодын 100 хувийн хөрөнгө
оруулалттай “Элгэн” компани.
8.
Катодын зэс үйлдвэрлэлийн технологийг анх удаа Монгол орны уур
амьсгалын эрс тэс нөхцөлд амжилттай нутагшуулж, зэсийн исэлдсэн эрдэс
бүхий хүдрийг уусган баяжуулах аргаар боловсруулан, цэвэр зэс үйлдвэрлэж
буй “Эрдмин“ компани. Тус компани жилд 2500 орчим тонн катодын цэвэр
зэс үйлдвэрлэж экспортод гаргахын зэрэгцээ, 41 нэр төрлийн 3 сая гаруй
метр зэс утас үйлдвэрлэж дотоодын зах зээлд нийлүүлж байна.
9.
Монголд анх удаа нойтон аргаар нүүрс баяжуулах шинэ технологи бүхий
Нүүрс баяжуулах үйлдвэрийн хоёр модулийг ашиглалтад бүрэн оруулж, ирэх
онд багтаан гуравдугаар модулийг ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа
амжилтаараа “Энержи Ресурс” компани“ “Шилдэг технологи” номинацид нэр
дэвшлээ.
“Эрдмин” бусдаасаа цойлов
Mining
Journal-ын Шүүгчдийн зөвлөлийнхөн шилдэг компанийг тодруулахын тулд өөр
өөрийн байр сууринаас хандаж, цэвэр мэргэжлийн үнэлэлт дүгнэлт өгөхийг
эрхэмлэдэг билээ. Д.Бат-Эрдэнэ: Нэр дэвшсэн
компаниудын ихэнх нь өрмийн компаниуд байна. Миний санал бол “Эрдмин”
компани. Хэдхэн жилийн өмнө катодын зэс хавтангууд гаргаж байсан бол
одоо зэсээр бүтээгдэхүүн гаргаж байгаа нь “Эрдмин” л болоод байна.
“Эрдэнэт үйлдвэр” зэсийн баяжмал гаргадаг. Монголчуудын олон жил ярьсан
зүйлийг “Эрдмин” л хийж эхлээд байгаа. Өрмийн компаниудын хувьд өрмийн
шинэ хошуу зэрэг техникийн шинэчлэлүүд хийсэн тал ажиглагдаж байна.
Д.Галсандорж:
Миний хувьд гурван компанид дээгүүр оноо тавьсан. “Эрдмин”, “Энержи
ресурс”, “Алтайн хүдэр” компанийг эхний гурван байрт орууллаа.
“Эрдмин”-ий тухайд технологи нь Монголд анх удаа нэвтэрсэн. 15 жил үйл
ажиллагаа явуулж байгаа компани шүү дээ. Хаягдал хүдрээс катодын зэс
гаргаж авахын тулд 10 жил ажилласан. Сүүлийн 2-3 жил зэс утас гаргаж, 41
нэр төрлийн бүтээгдэхүүн хийж байна. Энэ нь нэгдүгээрт, импортыг
орлуулж байна. Хоёрдугаарт, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн
гаргаж, тус компанийн экспортын орлого нэмэгдэж байна. Гуравдугаарт,
“Эрдэнэт үйлдвэр” “Эрдмин-2” байгуулах гэж 12 жил ажиллаж байгаа. Одоо
л барилга байгууламжийг нь эхлүүлж байгаа сурагтай. Эдгээр шалтгааны
улмаас “Эрдмин”-ийг тодруулж байна.
Н.Батбаяр: Д.Галсандорж шүүгчтэй санал нэг байна.
Н.Алгаа:
Би ноднин “Эрдмин” компанийг нэлээд зүтгүүлсэн. Тийм учраас энэ удаад
“Эрдмин”, “Энержи Ресурс” хоёр дээр адилхан өндөр оноо өгсөн байгаа.
Б.Пүрэвтогтох: Бид “Шилдэг технологи” номинацийн шалгуураар энэ олон талт үйл ажиллагаатай компаниудыг уралдуулах бололцоо байхгүй.
Д.Батбаяр: Тийм ээ. Маш олон төрөл, чиглэлийн уурхайнууд, түүнийгээ дагасан технологиуд Монголд нэвтэрч байгаа.
Б.Пүрэвтогтох:
Миний бодож байгаагаар зарчмын хувьд хамгийн гол нь шинэ технологи уу,
аль эсвэл техник үү гэдэгт байгаа. Нэгдүгээрт, шинэ технологи гэдгээ
ялгах ёстой. Хоёрдугаарт, технологийг өөрөө боловсруулаад нэвтрүүлсэн
үү, аль эсвэл гадна боловсруулсан байна уу гэдгийг ялгах хэрэгтэй.
“Шивээ-Овоо” компанийн хувьд өөрөө технологио боловсруулаад, өөрөө
нэвтрүүлээд бүтэн жил үйл ажиллагаа явуулаад, үр дүнг нь үзээд энэ жил
оруулж ирж байгаа юм. Үнэн хэрэгтээ манайд байгаа хэдэн зуун миллиард
тонн нүүрсний ихэнх нь хүрэн нүүрс учраас бага илчлэгтэй. Яг
“Шивээ-Овоо”-гийн нүүрс шиг илчлэгтэй. ТЭЦ-4 илчлэг багатайгаас болоод
авахгүй байсан. Өнөөдөр энэ технологийг бий болгосноор хүрэн нүүрсний
илчлэгийг нэмэгдүүлээд л ямар ч цахилгаан станцын шаардлагыг хангах
хэмжээнд хүрлээ. Тавьсан тоног төхөөрөмжөө ажиллагаанд оруулаад,
туршилтыг нь явуулаад 3500 ккал илчлэгтэй нүүрс гаргаж байгаа технологи
шүү дээ. Монголчууд өөрсдөө боловсруулаад, нэвтрүүлсэн. Үүний эзэн нь
“Шивээ-Овоо”-гийн уурхай.
Н.Алгаа: Өнгөрсөн жил “Таван
талст” энэ технологиор нэр дэвшиж шагнал авсан байгаа. Бид өнгөрсөн
жил яагаад “Шивээ-Овоо” өөрөө материалаа ирүүлээгүй, “Таван талст” энэ
технологийг нэр дэвшүүлж байгаа юм бэ? Хамтарч байгаа юм уу? гэж ярилцаж
байсан шүү дээ. Би бол “Энержи ресурс”-ыг дэмжмээр байна. Тэдний
барьсан цахилгаан станц бол яг монгол инженерүүдийн бүтээсэн технологи.
Үндэсний үйлдвэрлэл, үндэсний инженерүүд маань бүтээж босгочихоод байхад
бид үгүйсгэж болмооргүй.
Шүүгчдийн бүрэлдэхүүний хоёр хүндтэй
эрхэм бол Маркшейдерийн холбооны тэргүүн, Шинжлэх ухаан технологийн их
сургуулийн зөвлөх, аж үйлдвэрийн гавьяат ажилтан, доктор, профессор
Д.Дондов, Монголын баяжуулагчдын холбооны тэргүүн Г.Шархүү нар юм.
Хоёулаа “хүндэтгэх шалтгаантай” байсны улмаас Шүүгчдийн зөвлөлийн
сүүлийн хуралдаан дээр ирж чадахгүйгээ мэдэгдэж, өөрсдийн үнэлэлт
дүгнэлтээ видео дүрсээр шүүгчдэд танилцуулсан билээ. Хоёр шүүгчийн
саналыг хүргэе.
Г.Шархүү: “Эрдмин”-д хамгийн өндөр оноог
өглөө. Шалгуур үзүүлэлтийн дагуу мэдээллээ маш сайн бэлдэж ирүүлсэн
байна. Энэ компани Монголд эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа. Бусад
нь баяжмал гаргадаг. Хятадын монтажийн утаснуудыг “Эрдмин” компани
Монголын зах зээлээс шахаад гаргачихлаа. Одоо Оросынхыг шахаж байна.
Монголчууд өөрсдөө ийм бүтээгдэхүүн хийдэг болсон нь бахархам амжилт.
Д.Дондов:
Энэ жилийн онцлог нь өрөмдлөгийн олон компани “Шилдэг технологи”
номинацид нэр дэвшиж оролцсон байна. Анхаарал татахаар шинэ технологиуд ч
олон байна. Орчин үеийн уул уурхайн шинэ технологиуд Монголд түлхүү орж
иржээ. Эдгээрээс “Эрдмин” компанид нэлээд ач холбогдол өгч, нэгдүгээр
байрт орууллаа. “Шивээ-Овоо”-г хоёрт орууллаа. Энэ компани нүүрс
тээврийн системээ ашиглалтад оруулчихсан. Өнгөрсөн жил бид энэ компанийн
Нүүрс хатаах үйлдвэрт нь ач холбогдол өгч байсан.
“Энержи
Ресурс”-ийн Баяжуулах үйлдвэр орчин үеийн шилдэг тоног төхөөрөмжөөр
тоноглогдсон. Энэ гурван том технологи “Шилдэг технологи” номинацид
өрсөлдөж байгаа болохоор шүүхэд хэцүү байна. Манай Шүүгчдийн
бүрэлдэхүүнд тал талын мэргэжлийн хүмүүс байгаа учраас нэлээд нарийвчилж
үзэх байх. Миний санал нэлээдтэй нь ойролцоо тусах байх гэж бодож
байна.
“Шилдэг технологи” номинацид ажлын үзүүлэлтээрээ
өрсөлдөж, материалаа ирүүлсэн 9 компаниас “Эрдмин” цойлж, Шүүгчдийн
зөвлөлийнхний саналын дийлэнх буюу 257 оноог авсан юм.
Онооны дарааллыг үзүүлье.1. Эрдмин ХХК 257
2. Энержи Ресурс ХХК 232
3. Шивээ-Овоо ХК 172.5
4. Алтайн хүдэр ХХК 165
5. Бэрэн Майнинг ХХК 159
“Шилдэг
технологи” номинацийн шагналыг дэлхийн алдарт “Хитачи” фирмийн тоног
төхөөрөмжийн албан ёсны борлуулагч “ЗаМайн Сервисиз” компани ивээн
тэтгэсэн юм. Тус компани уг номинацийг жил бүр ивээн тэтгэдэг билээ.
Монголын
уул уурхайн салбарын оны шилдгийг олон түмнээ тунхаглан зарлах Mining
Journal Awards-2012-ын ёслолын тайзнаа “ЗаМайн Сервисиз” компанийн
Техник хангамжийн албаны дарга О.Ганбаяр дугтуй задалж, номинацийн
эзнийг зарласан юм.
Хөвсгөлийн цэнхэр кварц дээр суурилуулсан
Чац мана хэмээх гоёмсог чулуун цомыг “Шилдэг технологи” номинацийн эзэн
“Эрдмин” компанийн Үйлдвэрлэл эрхэлсэн дэд захирал Ц.Энхбаяр
хүндэтгэлтэйгээр гардан авлаа.
Үндэсний боловсон хүчний тусламжтайгаар шинэ технологийг эх орондоо нутагшуулснаараа бахархаж байна
“Эрдмин” компанийн Үйлдвэрлэл эрхэлсэн дэд захирал Ц.Энхбаяр:
Үндэснийхээ
боловсон хүчний тусламжтайгаар гадаадын халуун дулаан уур амьсгалд
зохицсон шинэ технологийг эрс тэс уур амьсгалтай эх орондоо нэвтрүүлж,
бүрэн нутагшуулснаараа бахархаж байна.
Бид сүүлийн гурван жилийн
хугацаанд зөвхөн катодын зэсээ эцсийн бүтээгдэхүүн гэж үзэлгүйгээр шууд
хэрэглэгчдийн гар дээр очих цэвэр эцсийн бүтээгдэхүүн буюу төрөл бүрийн
цахилгааны кабель утас үйлдвэрлэж байна. Мөн ахуйн хэрэглээний
цахилгааны уртасгагч утаснуудыг үйлдвэрлэж эхэлсэн. Манай компанийн
эцсийн зорилго бол эх орондоо нэмүү өртөг шингээсэн эцсийн бүтээгдэхүүн,
баялгийг бүтээх. Энэ зорилгын хийж хэрэгжүүлж буй ажлаараа Mining
Journal Awards арга хэмжээнд нэр дэвшин оролцлоо. Энэхүү ёслол
хүндэтгэлийн ажиллагааг зохион байгуулж байгаа Mongolian Mining
Journal-ын хамт олонд гүнээ талархснаа илэрхийлье.
Цэвэр зэс үйлдвэрлэж буй Монгол улсын анхны бөгөөд цорын ганц үйлдвэр
“Эрдмин”
ХХК нь 1994 онд байгуулагджээ. 1997 оноос катодын цэвэр зэс үйлдвэрлэж
эхэлсэн бөгөөд өөрийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээр нэмүү өртөг шингэсэн,
шинэ нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг зорьж ажилласны дүнд 2005
оноос зэс цувимал, 2007 оноос цахилгаан дамжуулах зэс гол, 2008 оноос
цахилгааны зэс утас үйлдвэрлэж дотоодын зах зээлд нийлүүлж байна.
“Эрдэнэт
үйлдвэр”-ийн олборлосон хүдэр буюу Эрдэнэтийн овоо ордын балансын бус
бага агуулгатай хүдрийн овоолгыг ашиглаж, катодын зэс, зэс утас
үйлдвэрлэхдээ олборлолт огт хийдэггүй мэт харагдаж байгаа боловч үнэн
хэрэгтээ хаягдал овоолгыг байран дээр нь уусгаж байгаа нь үүсмэл ордыг
ямар нэг бэлдэх процесс ашиглалгүйгээр боловсруулж буй шилдэг технологи
юм.
Өөрөөр хэлбэл, “Эрдмин” компани зэсийн исэлдсэн эрдэс бүхий
хүдрийг уусган баяжуулах аргаар боловсруулж, цэвэр зэс үйлдвэрлэж буй
Монгол улсын анхны бөгөөд одоогоор цорын ганц үйлдвэр.
Нөгөө
талаас Баяжуулах үйлдвэрийн хувьд фабрикт хүлээн авсан хүдрийн 2 орчим
хувийг баяжуулах аргаар боловсруулж, үлдсэн 98 хувь нь технологийн
хаягдал болдог бол “Эрдмин”-ий ашиглаж буй технологи хаягдалгүй, байгаль
орчинд үзүүлэх сөрөг нөлөө багатай, ашиглалтын зардал бага, авсаархан,
хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн эрсдэл бага зэрэг давуу
талуудтай.
2007 оны байдлаар дэлхий дээр жилд 18 сая тонн цэвэр
зэс үйлдвэрлэсэн бөгөөд үүний 43 хувийг Ази, 32 хувийг Америк, 19 хувийг
Европ, 4 хувийг Африк, 2 хувийг бусад орнуудад үйлдвэрлэж байжээ. Нийт
үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний 42 хувийг цахилгаан техникийн, 28 хувийг
барилгын, 12 хувийг зам тээврийн, 9 хувийг ахуйн хэрэглээ мөн 9 орчим
хувийг эмнэлгийн үйлдвэрлэлийн салбарт хэрэглэж байна гэсэн судалгаа
байдаг.
Тэгвэл Монгол оронд барилга, бүтээн байгуулалт эрчимтэй
өрнөж байгаа энэ цаг үед цахилгааны зэс утас үйлдвэрлэх сонголт нь зах
зээлд илүү ойр гэдэгтээ хэн ч маргахгүй биз ээ.
“Эрдмин” компани
жилд 2500 орчим тонн катодын цэвэр зэс үйлдвэрлэж экспортод гаргахын
зэрэгцээ, 2012 оны эхний арван сарын байдлаар 2,95 сая метр 41 төрлийн
цахилгаан монтажийн кабель утас үйлдвэрлэж дотоодын зах зээлд
борлуулжээ. Энэ хэмжээгээрээ импортыг орлосон сайн чанарын
бүтээгдэхүүнээр барилгын болон үйлдвэрлэлийн салбарыг хангаж ажиллажээ.
2012
оны хувьд 2011 оныхоос бүтээгдэхүүний нэр төрлийг есөөр нэмэгдүүлсэн нь
хэрэглэгчдийн шаардлагыг бүрэн хангасан бүтээгдэхүүнүүд болсны зэрэгцээ
Монгол улсад үйлдвэрлэж байгаа цахилгаан монтажийн утасны стандартыг
шинээр бий болгосон амжилт үзүүлсэн юм.