Өнгөрсөн оны Монголын уул уурхайн
салбарын онцлох үйл явдлын нэг нь яах аргагүй Оюутолгойн баяжуулах
үйлдвэрийн нээлт юм. 30 гаруй жилийн тэртээ Эрдэнэтийн зэс-молибдений
ордыг түшиглэн Эрдэнэт УБҮ-ийг байгуулснаас хойш Монголд төдийгүй
дэлхийд томд тооцогдох зэс баяжуулах үйлдвэр ашиглалтад орсноор Монголын
уул уурхай, аж үйлдвэрийн салбарын хөгжил нэг шат ахилаа хэмээн
салбарын мэргэжилтэн, инженерүүд үнэлж байна.
Оюутолгойн
баяжуулах үйлдвэр нь хоногт 100.000 тонн хүдэр, жилд 35 сая тонн хүдэр
боловсруулах хүчин чадалтай. Технологийн хувьд дэлхий нийтэд хүлээн
зөвшөөрөгдөж, батлагдсан эрсдэлгүй, орчин үеийн тоног төхөөрөмж бүхий,
бүрэн автоматчилагдсан үйлдвэр. 90-95 хувийн автоматжуулалттай учир
хүний гар ажиллагаа бага. Технологийн ихэнх процессыг автоматаар
хяналтын өрөөнөөс Delta V удирдлагын системээр удирдах бөгөөд Төвд нь
2-3 хүн ажиллана хэмээн мэргэжилтнүүд танилцуулав.
Үйлдвэрийг
маш богино хугацаанд буюу хоёр жил хагасын дотор ашиглалтад оруулсан нь
том амжилт хэмээн “Оюутолгой” компанийн Гүйцэтгэх захирал Макрей
онцолсон. Зарим тоон үзүүлэлтийг харьцуулж үзвэл уг баяжуулах үйлдвэрийг
барихад 62 мянган тонн бетон /4 орцтой, 9 давхар 346 орон сууц барих
хэмжээний бетон/, 581 км кабель шугам /УБ-Оюутолгой хүрэх зай/, 23
мянган тонн ган төмөр /3 ширхэг Эйфелийн цамхаг барих төмөр/ орж, 44
орны 18 мянган инженер техникийн ажилчид оролцсон томоохон бүтээн
байгуулалт юм.
Баяжуулах үйлдвэрийн технологи нь “Эрдэнэт”
үйлдвэртэй адилхан. Нунтаглалтын хоёр үндсэн шугамтай. Нунтаглалт дээр
11.6 метрийн диаметртэй, 7.3 метрийн урт, хагас өөрөө нунтаглах тээрэм
/SAG MILL/ байх бөгөөд цахилгаан хөдөлгүүрийн систем дээр үндэслэгдсэн,
Монголд байхгүй том цахилгаан хөдөлгүүртэй тээрэм. Өдөрт нэг тээрэм нь 50
мянган тонн хүдэр бутлах хүчин чадалтай, дэлхийд хамгийн томд тооцогдох
аж.
Эхний шатны нунтаглалт явагдсаны дараа нарийн ширхэгтэй
хүдэр дахин хөвүүлэн баяжуулалт руу шилждэг. Хөвүүлэн баяжуулалтаас алт,
зэс агуулсан ашигтай эрдсүүдийг баяжмалд ялгаж авдаг. Түүнийгээ шүүгээд
эцсийн баяжмал үйлдвэрлэдэг технологитой.
Үйлдвэр эхний
жилүүдэд ил уурхайгаас олборлосон хүдрийг баяжуулна. Ил уурхайн хүдрийн
зэсийн дундаж агуулга 0.6 хувь. Ийм агуулгатай хүдрийг баяжуулаад 25
хувийн зэсийн агуулгатай баяжмал болгон үйлдвэрлэх юм. Өөрөөр хэлбэл нэг
тонн хүдэрт 6 кг зэс орж байхад, баяжуулсны дараа нэг тонн баяжмалд 250
кг зэс болгож экспортолно гэсэн үг. 2016 оноос далд уурхайгаас олборлох
хүдрийг баяжуулна. Далд уурхайгаас 2 орчим хувийн зэсийн агуулгатай
хүдэр олборлож, ил уурхайн хүдэртэйгээ дундажлагдаад 1.8 орчим хувийн
зэсийн агуулгатай хүдрийг 2019 оноос баяжуулж эхлэх төлөвлөгөөтэй.
Оюутолгойн
баяжуулах үйлдвэрийг “Эрдэнэт” үйлдвэртэй харьцуулах хүн олон.
“Эрдэнэт” үйлдвэр анх 16 сая тонн хүдэр боловсруулах хүчин чадалтайгаар
үйл ажиллагаагаа эхэлж байсан бол, өнөөдөр 26 сая орчим тонны хүчин
чадалтай ажиллаж байгаа хэмээн Оюутолгойн мэргэжилтнүүд тайлбарлав.
Үүнтэй харьцуулахад Оюутолгойн үйлдвэр эхний ээлжинд жилд 35 сая тонн
хүдэр баяжуулах бөгөөд өргөтгөл хийгдэн бүрэн хүчин чадлаараа ажиллавал
жилд 56 сая тонн хүдэр баяжуулах боломжтой. Эрдэнэтээс хоёр дахин том
гэсэн үг.
Эхний үе шатанд өдөрт 100 мянган тонн хүдэр
боловсруулахад өдөрт 2000 тонн, жилд 730 мянган тонн баяжмал үйлдвэрлэх
юм. Харин далд уурхайг ашиглаж, бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлэх үед
жилд хоёр сая тонн баяжмал үйлдвэрлэж, экспортлох юм.
С.Болд-Эрдэнэ