“JPMorgan Chase & Co” компанийн
шинжээчдийн таамаглалаар 2013 онд дэлхийн зах зээл дэх төмрийн хүдрийн
дундаж үнэ 130 ам.доллар байх төлөвтэй байна. Төмрийн хүдрийн үнийн
өсөлт, бууралт Хятадын эрэлт хэрэгцээтэй шууд холбоотой байдаг. Тус улс
нь төмрийн хүдрийн нөөцөө нэмэгдүүлэх болсноор өнгөрсөн жилийн есдүгээр
сард уг түүхий эдийн үнэ 87 ам.доллараас 153 ам.доллар болтлоо өсч
байсан билээ. Одоо ч өсөлтөө төдийлөн алдаагүй байгаа бөгөөд 145-149
ам.долларт хэлбэлзэж байна.
Сүүлийн долоо хоногийн байдлаар
Хятадын компаниуд төмрийн хүдрийн худалдан авалтаа мэдэгдэхүйц багасгаж
байгаа нь уг түүхий эдийн үнийг зориудаар буурлгах гэсэн оролдлого
хэмээн зарим шинжээчид үзэж байгаа юм. Төмрийн хүдрийн экспортоор
дэлхийд тэргүүлэгч Австрали улсын баруун хойд эрэгт хүчтэй шуурга
дэгдэсний улмаас Rio Tinto, BHP Billiton, Fortescue Metals Group болон
Atlas Iron зэрэг томоохон олборлогчдын тээвэрлэлт хийдэг Хедленд боомт
хаагдахад хүрчээ. Шуурганы улирал дөрөвдүгээр сар хүртэл үргэлжилдэг
учир төмрийн хүдрийн үнэ буурах төлөвгүй гэж шинжээчид үзэж байна.
Э.Од