Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

Уул уурхайн салбарт хэрэгжүүлсэн ажлаа тайлагнав

Уул уурхайн салбарын институцийг бэхжүүлэх техникийн туслалцааны төслөөс “Уул уурхайн салбарт тулгамдаж буй асуудал” сэдвээр өнөөдөр уулзалт ярилцлага зохион байгуулав. “Corporate” зочид буудалд зохион байгуулсан хурлыг нээж Уул уурхайн яамны Стратегийн бодлого төлөвлөлтийн ахлах мэргэжилтэн Ч.Цогтбаатар үг хэлэв. Тэрбээр уул уурхайн салбарын өмнө тулгарсан асуудлуудыг “дэд бүтэц, ханган нийлүүлэлт, хөрөнгө оруулалт дахь тодорхойгүй нөхцөл байдал, мэргэжлийн ажиллах хүчний дутагдал, бичил уурхайчид” хэмээн тодорхойлсон юм. Түүнчлэн, уурхайн хаалт, нээлтийг тодорхой болгох заалтыг Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгад оруулах нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийллээ.  

Үүний дараа Уул уурхайн салбарын институцийг бэхжүүлэх техникийн туслалцааны төслийн зохицуулагч М.Энхбат төслийн тайлангаа тавьж, цаашид хийх ажлынхаа талаар танилцуулсан юм. Төслийн хувьд 2009 оноос манай улсад хэрэгжиж эхэлсэн бөгөөд энэ оны эцсээр дуусах аж. Техник, технологийн үндэсний чадавхийг бий болгож, хөгжүүлэх зорилготой уг төслийг Монгол Улсын Засгийн газар, Олон улсын хөгжлийн ассоциацитай хамтарч хэрэгжүүлдэг байна. Төслийн хүрээнд сургалт, семинар түлхүү зохион байгуулсныг тайлангаас харж болохоор байлаа. Дөрвөн жилийн хугацаанд нийт 639 хүнийг гадаад, дотоодод зохион байгуулсан сургалтад хамруулжээ.  

Э.Хулан