Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Байр суурь

НИЙТЛЭГ ШАЛГУУР, ШААРДЛАГАД БИД ОЙРТУУЛСАН

Ярилцсан Н.Ариунтуяа

Ашигт малтмалын газрын Уул уурхайн хэлтсийн дарга, аж үйлдвэрийн гавьяат ажилтан, Монгол улсын зөвлөх инженер Ц.Даваацэрэнтэй ярилцлаа. Тэрбээр Ашигт малтмалын тухай хуулийг шинэчлэн найруулах Ажлын хэсэгт зөвлөхөөр ажилласан юм.

Уурхай жижгэрвэл нийгмийн хариуцлага ч жижгэрдэг

Та Ашигт малтмалын тухай хуулийг шинэчлэн найруулах Ажлын хэсэгт салбараа  төлөөлж, зөвлөмж өгч ажилласан хүний нэг. Хуулийг зайлшгүй шинэчлэн өөрчлөх шаардлага нь юу байв? 


Өнөөдөр үүсээд байгаа нөхцөл байдлаас харахад Ашигт малтмалын тухай хуулийг шинэчлэн найруулах зайлшгүй шаардлага нийгэмд бий болчихоод байна. Өнгөрсөн цаг хугацаанд болон одоо үйлчилж байгаа хуулийг шүүмжлэхээсээ илүүтэй цаашид уул уурхайн салбар, ашигт малтмал тойрсон асуудлуудыг яаж зохицуулах вэ гэдэгт анхаарал хандуулах нь чухал юм. Нийгэмд тэнцвэртэй байдал, ойлголт бий болгохын тулд уул уурхайн салбарын компаниудын хариуцлагын тогтолцоог сайжруулах шаардлага зайлшгүй бий болчихлоо.

Уул уурхайгаар хүмүүс их улстөржиж байна. Салбарын алдаатай үйл ажиллагаан дээр дөрөөлж, нэр хүндийг унагах, улс төрийн ашиг хонжоо хайх байдал ажиглагдаж байна. Уул уурхай манай улсын эдийн засгийн гол ачааг нуруундаа үүрч яваа салбар. Улсын эдийн засаг төдийгүй та бидний өдөр тутмын амьдралыг уул уурхайгүйгээр төсөөлөх аргагүй. Хамгийн энгийн жишээ, цахилгаан дулаан гэхэд нүүрсний хэдэн уурхайн ажилтай холбоотой. Иймээс уул уурхайн үйл ажиллагааг зөв гольдролд оруулах, гарсан алдаагаа давтахгүйн тулд хууль эрхзүйн орчноо зөв болгох, сайжруулах шаардлага бий.  Тухайн үед үүссэн нөхцөл байдалдаа тааруулаад эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих чиглэлээр 1994, 1997 онд Ашигт малтмалын тухай хуулийг өөрчилж байсан. Гэхдээ энэ хууль өнөөгийн нөхцөл байдал, шаардлагыг хангаж чадахгүй болчихлоо.

Хуулийн төслийн ерөнхий концепци, үзэл баримтлалын талаарх үнэлэлт дүгнэлтээ хуваалцаач?

Уул уурхайг хоёр том асуудал араас нь дагаж явдаг. Нэгдүгээрт, хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөө. Хүнд техник технологи ашигладаг учраас ажлын нөхцөл хүндэд орно. Янз бүрийн осол аваар гарах эрсдэл ихтэй. Хоёрдугаарт, байгаль орчинд сөрөг нөлөөтэй. Тиймээс сөрөг нөлөөллийг нарийн тооцож, нөхөн сэргээлтээ шинжлэх ухааны үндэслэлтэйгээр төлөвлөж, шаардагдах хөрөнгө мөнгийг бий болгож ажиллах шаардлага байдаг. Энэ хоёр асуудалд анхаараагүйгээс нийгэмд сөрөг нөлөө их үзүүлж байна. Хүний эрүүл мэнд хохирч байна. Мэргэжлээс шалтгаалах өвчлөл бий болж байна. Байгаль орчин хамгааллын ажлууд хаягдаж байна. Тиймээс хуульчилж өгөх шаардлагатай байгаа юм.

Өнөөдөр мөрдөж байгаа Ашигт малтмалын тухай хуулиар аж ахуйн нэгжүүд хүний эрүүл мэндэд нөлөөлөх байдлын үнэлгээ хийдэггүй мөртлөө байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийдэг. Хүн рүүгээ анхаарсан нь хаягдчихсан байгаа биз. Аж ахуйн нэгжүүд энэ ажлыг хийдэггүй биш, хийж байгаа. Хөдөлмөрийн аюулгүй байдалд анхаарч, олон дүрэм журам, хамгаалах хэрэгслийг бий болгож, тодорхой арга хэмжээ авч ажилладаг. Гэхдээ л салбарын үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийгээд үзэхээр хууль эрхзүйн орчныг чангатгах, хариуцлагыг сайжруулах шаардлага байна. Тиймээс Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгад Хүн амын эрүүл мэндэд нөлөөлөх байдлын үнэлгээний асуудлыг цоо шинээр оруулж ирсэн. 

Монгол улсын хэмжээнд 800 гаруй аж ахуйн нэгж 1200 гаруй ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг. Үүнээс 300 гаруй нь уул уурхайн үйлдвэрлэл эрхэлдэг. Нөөцөө нэмэгдүүлэх, тодотгох, хөрөнгө оруулалтаа шийдэх гээд янз бүрийн шалтгааны улмаас 800 гаруй аж ахуйн нэгж идэвхтэй үйл ажиллагаа явуулаагүй байна. Эдгээрийн дунд Монголын төрөөс зохион байгуулсан ганцхан аврах анги бий. “Оюутолгой”, “Тавантолгой”, “Энержи ресурс” Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэр гээд хэдхэн том аж ахуйн нэгж дэргэдээ аврах албатай. Зах хязгаарын жижиг уурхайд осол гарвал тэнд яаж аваар арилгах, хүмүүсийг аврах, хэвийн ажиллагаанд оруулах нь маш бүрхэг. Ганц аврах анги нь Налайхад байж байдаг. Баян-Өлгий дэх уурхайд осол гарвал Улаанбаатарт байгаа аврах анги тэнд яаж хүрч ажиллах нь ойлгомжгүй. Тиймээс Аваар устгах сангийн асуудлыг хуулиар зохицуулж бий болгох ёстой. Аваар устгах сантай байгаад, гэнэтийн аваар ослын үед сангаас тусламж авдаг, сангийн мөнгөөр аваар устгах ажлыг дэмждэг асуудлыг хуульчлахгүй бол хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны хэдэн дүрэм, нормын хувцас яриад асуудлыг шийдчихгүй. Хууль эрхзүйн үүднээс том харж шийдэх ёстой.
 
Нөхөн сэргээлттэй холбоотой асуудал нийгэмд маш их бухимдал төрүүлдэг. Зарим аж ахуйн нэгжийн хариуцлагагүй үйл ажиллагаанаас болоод уул уурхай байгаль орчин сүйтгэгч гэж ойлгогдоод байна. Нөхөн сэргээгддэггүй газар гэж бараг байдаггүй. Дэлхийн уул уурхай өндөр хөгжсөн орнуудад анхны төрх байдлаас нь илүү гоё сайхан болгосон газрууд зөндөө бий. Түүнчлэн манай одоогийн хууль эрхзүйн орчноор зөвхөн нөхөн сэргээлт л ярьж байгаа. Нөхөн сэргээлт ярихын тулд хаалт ярих ёстой. Хаалт дотроо нөхөн сэргээлт нэг хэсэг нь болж явах ёстой юм.

Уурхайг нээсэн бол буцаагаад хаах ёстой. Нээхээс эхлээд хаах хүртлээ явсан үйл ажиллагааны үр дүнд бий болсон бүтээн байгуулалт, дэд бүтцийн байгууламжуудыг цаашид улс ардын аж ахуй, нийгэм, хүний амьдралын сайн сайхны төлөө яаж ашиглах вэ. Уурхайг дагаж бий болсон жижиг бизнесийн орчнууд, ажилгүй болж байгаа хүмүүсийн нийгмийн асуудлыг яаж цогцоор нь шийдэх вэ. Дээрээс нь нөхөн сэргээлт байна. Нөхөн сэргээсний дараа ч гэсэн тэнд уулын ажил явагдсан болохоор эрсдэлийг тодорхой хэмжээнд хянах, мониторинг хийх ёстой. Эдгээрийг цогцоор авч үзэж, хаалтын томоохон ойлголтоор хуульд тусгаж өгч байгаа.

Ер нь Австрали, Америк, Канад зэрэг уул уурхайн өндөр хөгжсөн болон Европын орнуудад ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохдоо хаалтын төлөвлөгөөг нь баталж байж, хаалтад шаардагдах мөнгийг 100 хувь барьцаалж байж олгодог. Гэтэл манайд ашиглалтын тусгай зөвшөөрлөө эхлээд олгочихдог. Дараа нь ТЭЗҮ, нөхөн сэргээх төлөвлөгөөгөө боловсруул гэж араас нь шахдаг. Уул нь эхлээд нөхөн сэргээх боломж байна уу, ТЭЗҮ-ийн хувьд боломжтой юу, үгүй юү гэдгийг шинжлэх ухааны үндэслэлтэй тооцож үзээд боломжтой бол одоо ашигла гэх ёстой юм. Судалгаа шинжилгээний ажлын үр дүнгийн дагуу, ном журмаар нь сэргээгээрэй гэдэг шаардлагаа тавьдаг байх ёстой. Энэ асуудлыг хуульд цогцоор, зөв гольдрол руу  нь оруулж өгч байгаа.

Бас нэг зүйл нь, өнөөдрийн Ашигт малтмалын тухай хуулийн орчинд лиценз олголт, талбайтай холбоотой маргаан дагуулсан олон асуудал бий. Тухайлбал, талбайг хэсэгчлэн шилжүүлж болдог. Тэгсэн мөртлөө нэг компанийн нэр дээр байгаа залгаа хоёр талбайг нэгтгэж, нэг болгож болдоггүй. Хуулиараа ийм.

Ашиглалтын тусгай зөвшөөрлийг болж өгвөл хэсэгчлэн шилжүүлмээргүй байгаа юм. Хайгуулаар тогтоосон нөөцийг системтэй, нэгдсэн төлөвлөгөөтэй ашиглах ёстой. Гэтэл түүнийгээ хэдэн хэсэг хуваагаад зардаг, шилжүүлдэг. Улам л жижиглээд байдаг. Олон жижиг уурхай болоод ирэхээр нийгэмд үзүүлэх хариуцлагын асуудал улам жижигрээд явдаг. Нөхөн сэргээх санхүүгийн чадварын хувьд ч боломжууд буурдаг. Тиймээс уурхайг аль болох томоор харж, том үйлдвэрлэл явуулбал эдийн засгийн хувьд ч үр ашигтай. Нөгөө талаасаа нийгмийн өмнө хүлээх хариуцлага сайжирна.

Ашиглалтын тусгай зөвшөөрлийг хэсэгчлэн шилжүүлэхээр хэд хэдэн тусгай зөвшөөрөл үүсчихдэг. Гэтэл анхны геологи хайгуулын ажлаар тогтоогдсон нөөцийн ихэнх нь нэг зөвшөөрөл дээр нь гараад нөгөөд нь маш бага юм гарвал яах ёстой вэ. Нөгөө дээр нь үүссэн жаахан нөөц нөхөн сэргээлт, экологийн зардалдаа хүрэхгүй бол яах вэ. Үүнийг яаж тооцох, нөөцийг хэрхэн хуваарилах зохицуулалт өнөөдрийн хуульд байхгүй. Хайгуулын ажил хийж, нөөц тогтоогоод түүн дээрээ техник эдийн засгийн урьдчилсан үнэлгээ хийгээд дараа нь ТЭЗҮ хийж боловсруулсан юмаа дахиад хуваагаад зарвал нөгөө ТЭЗҮ-ээ хоёуланд нь тус тусад нь шинэчилж хийх, нөөцийг дахиж хуваарилах гээд зөндөө асуудал гардаг. Одоо бол нэг аж ахуйн нэгж хил залгаа гурван тусгай зөвшөөрөлтэй. Гурвууланд нь гурван өөр тайлан хийлгээд явж байна. Нэг орд дээр нэг л гарах ёстой зүйл шүү дээ. Энэ агуулгаар ашиглалтын тусгай зөвшөөрлийг хэсэгчлэн шилжүүлэхгүй байхыг анхаарсан.

Харин ч нэг орд дээрх хил залгаа тусгай зөвшөөрлүүдийг нэгтгэж, үйл ажиллагаа явуулах боломжийг хуулиар олгох ёстой юм. Нэгэнт л төр засгаас үйл ажиллагаа явуулах эрх олгож байгаа бол талбайн хэмжээнд зохицуулалт хийж болох гарцыг олох ёстой юм байна гэж харж байгаа. Одоо бол нэг хувь хүний өргөдөл гаргасан дөрвөн координатыг Ашигт малтмалын газар ч, Засгийн газар ч өөрчилж чадахгүй тийм л юм яваад байгаа. Яагаад түүнийг томсгоод, жижигсгээд зохицуулах боломж төрд байдаггүй юм бэ. Хүний гаргасан өргөдлийн хэмжээгээр талбай гэж нэрлэчихээд түүнийгээ хэзээ ч өөрчилж чадахгүй, тэр хэмжээгээр нь сонгон шалгаруулалт зарлах болдог. Хоёр гурван залгаа жижиг талбайг нэгтгэж том талбай болгоод сонгон шалгаруулалт зарлавал дараа нь үйл ажиллагаа явуулах боломж нь илүү болно. Энэ мэтээр кадастр чиглэлээр зохицуулалтын юм нэлээд орж ирсэн болохоор зөрчил арилах болов уу гэж бодож байна.

Мөн боловсруулах үйлдвэрийн асуудал байна. Монголын төрөөс уул уурхайгаас олборлосон түүхий эдийг нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн болгох бодлого барьж байна. Нэмүү өртөг шингээнэ гэдэг нь ажлын байр бий болгох, дотооддоо үйлдвэрлэлтэй болох, дотооддоо мөнгөн эргэлтүүд бий болгох асуудал. Боловсруулсан уул уурхайн бүтээгдэхүүн дэлхийн зах зээл дээр гарахдаа арай илүү үнэ өртөгтэй байснаар эргээд улс орныхоо эдийн засагт ч сайнаар нөлөөлнө. Төрөөс барьж байгаа бодлого ийм. Гэхдээ үүнийгээ бид хуульчилж чадаагүй. Өсөн нэмэгдэх роялтийн хууль гэж баталсан. Боловсруулах юм бол татвар арай багасах, түүхийгээр гаргавал өндөр байх хууль мөрдөгдөж байгаа. Гэхдээ энэ хууль нийгмийн сонирхол татахуйц хэмжээнд нөлөөлж чадахгүй байна.

Тиймээс боловсруулах үйлдвэрийг тусгай зөвшөөрөлтэй болгоё, тавигдах шаардлагыг нь ч өндөрсгөе гэсэн чиглэлээр хуулийн төсөлд тусгагдсан. Ашигт малтмал олборлох, боловсруулах чиглэлээр тусгай зөвшөөрлийг үе шаттай болгож, салгая. Олборлох үйлдвэрлэл эрхэлж байгаа тохиолдолд ашигт малтмалаа олборлоод түүнийгээ борлуулдаг байя. Дараагийн шат буюу боловсруулж байгаа аж ахуйн нэгжид боловсруулалтын тусгай зөвшөөрлийг олгодог байя. Нийгмийн хариуцлагыг сайжруулах талаасаа байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэдэг, ТЭЗҮ-ээр ашигтай ажилладаг, ашигт малтмалаа хаягдал багатай боловсруулдаг, орчин үеийн техник технологи оруулж ирдэг байх боломжуудыг төрөөс дэмждэг байя гэсэн санаагаар хуулийн төсөлд оруулсан. Тэгэхгүй бол байгаль орчинд сөрөг нөлөө ихтэй, ашигт малтмалыг хаягдал ихтэй боловсруулдаг технологиудыг тухайн улс орондоо хоцрогдоод хоригдонгуут манайх руу оруулж ирж барьдаг асуудал газар авч магадгүй байна. Энд төрөөс тавьдаг тодорхой шалгуур, хяналттай байя. Нөгөө талаасаа нэмүү өртөг шингээгээд үйлдвэрлэл явуулж байгаа учраас татвар талаасаа дэмждэг байя. Энэ агуулгаар боловсруулах үйлдвэрлэлд төрийн зохицуулалт зайлшгүй шаардлагатай. Үндсэн ийм хэдэн асуудал байгаа юм.

Стратегийн орд дээр төр татвараа л ахиу авах ёстой

Стратегийн орд дээр зарчмын том өөрчлөлт, түүнийг дагаад тодорхой зохицуулалт орж ирж байх шиг байна?  

Ашигт малтмалын тухай хуульд стратегийн орд гэж ямар ордыг хэлэх нь их маргаантай байдаг. Жилд Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 5 хувиас дээш хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа буюу үйлдвэрлэх боломжтой бол гэсэн тодорхойлолт бий. ДНБ-ий тодорхой хувь гэдэг нь тогтвортой тоо биш. Тиймээс шалгуур үзүүлэлт байж чадахгүй болчихдог. Түүнчлэн, орд нь том байгаад байдаг, үйлдвэрлэлээ 5 хувьд хүргэхгүйгээр жижгээр ажиллаад байвал яах вэ гэсэн ойлгомжгүй асуудал гардаг. Бас улсын болон бүс нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөхүйц бол гэж тодорхойлсон байгаа. Ажиллаж байгаа уурхайнууд бараг бүгдээрээ бүс нутгийнхаа үйлдвэрлэлд нөлөөлж байгаа. Их хэмжээний ажлын байр, тодорхой бизнесийн орчин бий болгож байна. Ашигт малтмал олборлосны татварууд төлж байна. Энэ бүхэн бүс нутгийн хөгжилд тодорхой нөлөөлөл үзүүлдэг. Энэ агуулгаар тооцвол бараг бүгд орчихмоор юм шиг.

Бидний санаа бол стратегийн ордыг УИХ-ын 27 дугаар тогтоолоор тогтоож өгсөн 15 ордын хэмжээнд байлгая. Цааш нэмэх асуудлыг орхиё гэсэн. Стратегийн орд дээр төр татвараа л ахиу авах ёстой. Түүнээс биш аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа, менежментэд хутгалдах нь зохистой биш. Стратегийн орд дээр төрийн эзэмшил хувь тогтоох нь аж ахуйн нэгжийн менежментэд хүндрэл учруулдаг. Нөгөө талаар нийгэмд ч ойлгомжгүй байдлуудыг бий болгодог. Стратегийн ордод төрийн хувь эзэмшил гээд тогтоочихдог. Араас нь төр менежментэд нь оролцоод томилгоонууд хийх хэрэгтэй болдог, шахаанууд бий болгох гээд байдаг. Дээрээс нь төрийн хувь эзэмшлийн хэмжээгээр аж ахуйн нэгжид мөнгө төлөх болно. Одоо Оюутолгой дээр гэхэд хүүтэй мөнгө зээлээд явж байна шүү дээ.  Иймэрхүү хүндрэлүүдийг бий болгох нь ямар хэрэгтэй юм бэ. 

Гэхдээ стратегийн орд ашиглаж байгаа бол төрөөс хэдэн том асуудал тавьдаг байх ёстой. Дэд бүтэц бий болгох ёстой. Зам тавь, өндөр хүчдлийн шугам тат, ажлын байр бий болго, ажилчдын нийгмийн асуудлыг шийд. Орон сууц барь, Эрдэнэт шиг хот байгуул гэдэг ч юм уу. Стратегийн орд дээр ажиллаж байгаа аж ахуйн нэгж нэгдүгээрт дэд бүтцийн ажил хийх үүрэг хүлээдэг, хоёрдугаарт татвар жаахан өндөр төлдөг байвал манай нийгэмд болчихоор байна шүү дээ. Би ингэж л харж байгаа.

Стратегийн ордын тухайд Засгийн газар хүсвэл Орд ашиглах гэрээ байгуулна гэж байгаа. Ямар тохиолдолд Засгийн газар хүсэх вэ? Ер нь Орд ашиглах гэрээгээр юуг зохицуулах гэж хичээгээд байгаа юм бэ?

Стратегийн гэж яриад байгаа 15 ордыг стратегийн болгох шалгуур үзүүлэлт гаргасны дараа стратегийн гэж нэрлээд төр оролцох юм уу. Эсвэл бүс нутаг, улс орны олон эрх ашиг хөндөгдөх томоохон нөөц бүхий, зах зээл дээр бүтээгдэхүүнээ их хэмжээгээр гаргахуйц хэмжээний аж ахуйн нэгжүүдтэй нь Орд ашиглах гэрээг байгуулах юм уу гэдгийг тодорхой болгох байх. Түүнээс биш аж ахуйн нэгж болгонтой гэрээ байгуулаад байх шаардлагагүй. Тавьдаг шаардлагаа өндөр тавиад л явчих зүйл.

Урт удаан хугацаанд хэрэгжих төсөл дээр төр оролцохоос аргагүй. Орд ашиглах гэрээгээр төрийн хувь эзэмшлийг зохицуулах гээгүй. Тэр ордыг ашиглахын тулд шороон замаар тээвэр хийж, байгаль орчныг бохирдуулан тоосжилт үүсгээд явахгүй шүү. Эхлээд дэд бүтцээ хий, байгаль орчинд сөрөг нөлөө бага үзүүл, орон нутагт ажлын байр бий болгож, нутгийн ард иргэдийг ажилтай болго, бичил, жижиг бизнес эрхлэгчдийг дэмж гэдэг асуудлыг л Төрийн зүгээс шахаж, аж ахуйн нэгжүүдээр хийлгэх хэмжээнд Орд ашиглах гэрээ хийх ёстой. Төрийн өмнө тодорхой хариуцлага хүлээлгэхгүй бол аж ахуйн нэгжүүд аль болох хэмнэхийн тулд зарах юмаа зарахгүйгээр явчих гээд байдаг. Хүний эрүүл мэндэд зарцуулах мөнгөө зарахгүй хэмнээд байвал хүмүүс л эрүүл мэндээрээ хохирно. Байгаль орчинд зарах мөнгөө хэмнээд дутуу зараад байвал байгаль орчин нөхөн сэргэхгүй ард түмэн л хохирно.

Зам тавьж, өндөр хүчдэл татах нь тухайн компанийн мөнгөөр босч байгаа ч эцсийн эцэст тэр дэд бүтэц байгуулсан мөнгийг ард түмний өмч болсон байгалийн баялгаар эргэн төлж байгаа. Дамаа түүгээр өөрийн хөрөнгөө нөхөөд авчихаж байгаа юм. Хөрөнгө оруулалтаа ямар хугацаанд эргэн төлөх юм бэ гээд асуудаг. Ямар нэг хугацаанд эргэн төлж байна гэдэг чинь тэр байгалийн баялгаар бий болсон дэд бүтцийн зардлыг төлж байна гэсэн үг. Ард түмний өмчөөр төлөгдөж байгаа хэрэг. Тэнд бий болсон дэд бүтцүүдийг компани хувиараа байгуулж байгаа ч ард түмний өмчөөр төлсөн учраас дараа нь хаалтын менежмент ярихад төр хүлээж авах ёстой. Тиймээс төр анхнаасаа энд ийм юм бий болгоод ордыг ашиглаач ээ гэж хэлдэг байх хэрэгтэй. Төрөөс стратегийн орд гээд нэрлэчихсэн юм бол түүнийхээ нөөцийг нэмэгдүүлж, урт удаан хугацаанд зөв хэрэгжүүлээсэй гэсэндээ төр засаг нь тодорхой хэмжээний бодлого барьдаг байх хэрэгтэй юм.

Орд ашиглах гэрээнд анхны хөрөнгө оруулалтаа нөхөх хугацааг ТЭЗҮ-тэй уялдуулсан нь үйлдвэрлэлийн ажил руу хуулиар хүчээр орж байгаа асуудал болох уу? Зарим хүмүүсийн байр суурь арай өөр байх шиг. Уул уурхайн бүтээгдэхүүн дэлхийн зах зээлийн үнэ ханшаас хамаарч хэлбэлзэж байдаг зүйл. Зэсийн үнэ өндөр байхад захын агуулгыг хэдээр тооцох вэ, бага байхад хэдээр тооцох вэ гэдэг нь зах зээлээс хамаардаг?

Хөрөнгө оруулалтыг эргэн төлөх нь зах зээлтэйгээ л уялдаж явдаг шүү дээ. Орд ашиглах гэрээ ТЭЗҮ-тэйгээ л уялдана. Хөрөнгө оруулалтын эргэн төлөгдөх нөхцөл, хугацаа, ямар ашигтай ажиллах, ямар хөрөнгө оруулалт хийх, юу бүтээх вэ гэдгээ ТЭЗҮ-дээ л сайн тооцох ёстой. ТЭЗҮ-ээр найман жил ажиллах ёстой байхад 10 жилийн хугацаагаар Орд ашиглах гэрээ хийж болохгүй. Энэ хоёр уялдах ёстой.

Зах зээл дээр бүтээгдэхүүн ямар үнэ ханштай байхаас хамаарч, тухайн ашигт малтмалын олборлох хэмжээ, захын агуулгын түвшин тогтоогдох нь зүйн хэрэг. Зах зээлд борлуулагдаж байгаа үнэ, өөрийн өртгөөс л хамаарна. Эргэн төлөгдөх хугацааг хөрөнгө оруулагчид аль болох богино хугацаанд авахыг боддог. Оруулсан хөрөнгөө урт удаан хугацаагаар байлгаад байх сонирхол байхгүй. Ямар ч хөрөнгө оруулагчид байдаг нийтлэг сонирхол бол ашигтай бизнест хөрөнгөө оруулна, оруулсан хөрөнгөө богино хугацаанд эргэн төлж авна, цаашдаа ашиг хүртэнэ гэсэн зорилго.

Монголын нийт ард түмний өмч болсон ашигт малтмалыг олборлуулж байгаагийн хувьд төр хяналтаа тавих ёстой. Тодорхой хэмжээний шаардлагаа ч тавих эрхтэй. Тэр нь тэнд ажиллаж байгаа хүмүүсийн эрүүл мэнд, орчны байгалийг хамгаал гэсэн зүй ёсны л шаардлага. Хоёрдугаарт, ашигт малтмалыг олборлож байгаа бол Монгол улсын хөгжил, эдийн засагт тодорхой хувь нэмрээ оруулах ёстой. Энэ хэдэн шаардлагыг тавих ёстой, түүнийгээ ч хянах ёстой. Ашигт малтмалаа олборлоод дуусахад улс орны эдийн засагт олигтой хувь нэмэр оруулсан юмгүй, байгаль орчноо ч хамгаалж чадсан юмгүй байвал араас нь мянга хашгираад яах юм бэ. Тиймээс  анхнаасаа шаардлагаа өндөр тавьж, тэр шаардлагад нийцэж бүгдээрээ ажиллах ёстой юм.

Манайх ганцаараа ийм асуудал тавиад байгаа ч юм биш. Уул уурхай ажиллуулдаг улс орнуудын нийтлэг тавьдаг шалгуур, шаардлагууд. Түүнд л бид ойртуулсан. Бүр их өндөр тавьдгийг бодвол харьцангуй гайгүй. Манайх хөгжиж байгаа улс учраас тодорхой хэмжээний боломж олгож ярихгүй бол хэт өндөр шаардлага тавьбал уул уурхайг хөгжүүлж чадахгүй. Улсын маань эдийн засаг уул уурхайгаас хамааралтай учраас энэ асуудлыг зөв тавих ёстой. Гэхдээ хөгжүүлж байгаа нь энэ гээд хариуцлагыг сул тавиад, хүмүүсийнхээ эрүүл мэнд, байгаль орчноор хохироод үлдэж болохгүй биз дээ. Хариуцлагын тогтолцоог зөв болгоод, улс орны эдийн засагт хувь нэмрээ оруулж чаддаг, байгаль орчин, хүний эрүүл мэндэд хал багатай нарийн технологийг ашиглаж чаддаг байж л хөгжил зөв явна. Зөвхөн ашиг олохын төлөө ажиллахыг хөгжил гэж хэлэхгүй.
 
Төрийн оролцоог багасгаж, хяналтыг чангатгана

Хуулийн үзэл баримтлал, концевци олон нийтэд таалагдах нь гарцаагүй. Харин үйлдвэрлэгчдэд таалагдахгүй л болов уу? Төрийн оролцоо хэтэрхий да¬вам­гайлчихлаа гэх хандлага байна л даа?

Баялгийн хараал гэж юуг хэлээд байгааг бид ойлгох хэрэгтэй юм. Хэн нэгний, тэнгэрийн ч юм уу хараал биш шүү дээ. Зөв бодлого, судалгаа шинжилгээгээр, шинжлэх ухааны үндэслэлтэйгээр төлөвлөж, хийж, хөгжүүлэхгүй бол уул уурхайн салбар эргээд нийгэмдээ маш сөрөг нөлөөтэйг хэлж байгаа хэрэг. Тиймээс уул уурхайн салбарт ажиллаж байгаа аж ахуйн нэгжүүдийн хариуцлага өндөр байх ёстой. Үүнд эмзэглэх ёсгүй. Ашигт малтмалыг нь олборлож байгаа бол тэр хэмжээгээр ард түмний өмнө, нийгмийн өмнө хариуцлага хүлээх ёстой. Зүгээр нэг үйлдвэрлэл биш шүү дээ. Газрыг нь ухаж, ашигт малтмал олборлож байна. Тэр хэмжээгээрээ хүний эрүүл мэндийг хамгаалах, байгаль орчныг нөхөн сэргээхэд хариуцлага хүлээж ажиллах ёстой. Би авсан юм чинь миний хэрэг гээд дураараа дургиад, сөрөг нөлөөтэй үйлдвэрлэл явуулаад байж болохгүй.          

Харин ч стратегийн ордыг аль болох нэмэхгүй байя гэдэг нь төрийн оролцоог бага болгоё гэсэн бодлого. Өнөөдөр байгаа хэдэн стратегийн орд дээрээ л төрийн оролцоог ярья. Цаашдаа энэ салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн менежментэд төр оролцож, дотор нь хутгалдахаа больё. Харин төрөөс тавьдаг хяналт шалгалтаа сайн байлгая. Хатуу байлгая. Эцсийн үр дүнд ард түмний аж амьдрал, байгаль орчин, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөг бага байлгая гэсэн л санаа. 

Байгаль орчин, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэйг мэдсээр байж, хариуцлагын тогтолцоог сулруулах юм бол өнөөдөр нийгэмд бий болчихоод байгаа уул уурхайг үзэн ядсан, үгүйсгэсэн ойлголтыг улам дэврээнэ. Уул уурхай хөгжих ёстой. Гэхдээ зөв гольдролоор хөгжих ёстой. Уул уурхайгүйгээр Монгол улс хөгжихгүй. Үүнийг би баттай хэлнэ. Тиймээс уул уурхайг зөв хөгжүүлж, ард түмнийхээ амьдралыг сайжруулж, улс орныхоо эдийн засгийг хөгжүүлэхийн төлөө явах ёстой. Түүний тулд шаардлага нь ч өндөр байх ёстой. Хариуцлага нь өндөр байх ёстой. Сул хяналтын дор хариуцлагагүй ажиллах юм бол нийгэм улам л бухимдана.

Сөрөг нөлөөллөө зөв судалж, тооцож, төлөвлөж ажиллах юм бол уул уурхайг маш гоё хөгжүүлж болно. Маш өндөр хариуцлагын дор ажиллах ёстой салбар. Аж ахуйн нэгжүүд үүнд эмзэглээд, ажиллаж болохоо болих нь, хэцүү болох нь гэж ойлговол буруу. Манайхаас өөр бусад улс оронд очоод уул уурхай явуулъя гэх юм бол ийм л шаардлага, үүнээс ч хэцүү, өндөр шаардлага тавигдана.

Талбайг, ордыг улсын нөөцөд авна гэсэн зохицуулалт дээр компаниуд их эмзэглэж байна. Баахан хөрөнгө зарж хайгуул хийдэг ч юм уу, үйл ажиллагаа явуулж байтал буцаагаад хураагаад авах нь гэж болгоомжилж байна. Ямар тохиолдолд, яагаад нөөцөд авах үндэслэл тодорхойгүй байгаа нь бүр ч эргэлзээ төрүүлж байгаа? Хуулийг бичихдээ цаана нь бодсон санаа байгаа л байх?

Өнөөдрийн үйлчилж байгаа хуулиар хэн түрүүлж   өргөдөл гаргасанд нь тусгай зөвшөөрөл олгодог. Гэтэл өргөдлөөр хүссэн тэр газарт дараа нь ямар нөхцөл байдал үүсэхийг хэн ч мэдэхгүй. Хүн хүссэн учраас л тэр газрыг олгож байгаа. Дараа нь түүхэн дурсгал олдох ч юм уу, Монгол улсын соёл, түүх гээд үндэсний эрх ашигт нөлөөлөхүйц онцгой нөхцөл байдал үүсвэл яах вэ. 

Харин ч шинэ хуулиар тийм нөхцөл үүсэх эрсдэл бага, бараг байхгүй гэж би ойлгож байгаа. Яагаад гэвэл төр өөрөө сонгон шалгаруулалт зарлана. Сонгон шалгаруулалт зарлахдаа тэр талбайгаа судлах ёстой. Ямар зорилгоор тэнд сонгон шалгаруулалт зарлаж байгаа юм. Ямар ашигт малтмал байна гэж үзэж байна вэ. Орон нутгаас саналыг заавал авах ёстой. Төр өөрөө судлаад, сонгон шалгаруулалт зарлан ажиллах эрхийг олгож байгаа учраас буцаагаад тусгай хэрэгцээнд авах тохиолдол гарахгүй болов уу гэж би харж байгаа. Үнэхээр явцын дунд археологийн үнэт олдвор олдох ч юм уу онцгой тохиолдол гарахад тусгай хэрэгцээнд авах асуудал гарч болзошгүй. Тэр тохиолдолд аж ахуйн нэгжүүдийг хохироохгүй.
Одоогийн хуулиар төрд нөөцөд авах эрх нь бий шүү дээ. Орон нутаг тусгай хэрэгцээнд авч байгаа. Бүр хэтэрхий дураараа авч байгаа. Улс төрийн зорилгоор ч авч байгаа.

Манайхаас олгосон тусгай зөвшөөрөл орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан газар хоёр кадастрын бүртгэлээр давхцаастай тохиолдол маш олон. Манай олгосон нийт тусгай зөвшөөрлийн бараг 60-70 хувь нь орон нутгийн тусгай хэрэгцээнд авсантай давхцаастай байгаа. Нөхөн олговор өгөхгүй мөртлөө тусгай хэрэгцээнд авчихаад үйл ажиллагааг нь явуулдаггүй. Ийм байдлыг нэг тийш нь цэгцлэх ёстой.

Яагаад давхцаж байна гэхээр орон нутаг тусгай хэрэгцээнд авсан бол нөхөн олговор олгох ёстой. Гэтэл олгодоггүй. Тэгсэн мөртлөө тусгай хэрэгцээнд авсан шийдвэр нь хүчинтэй байгаад байдаг. Манай олгосон тусгай зөвшөөрөл бас хүчинтэй байгаад байдаг. Манай тусгай зөвшөөрөл хэзээ хүчингүй болох юм гэхээр тусгай хэрэгцээнд авсан байгууллага нь нөхөн олговор олгож байж л хүчингүй болно. Нөхөн олговор өгдөггүй мөртлөө тусгай хэрэгцээнд авах эрх нь орон нутагт байгаад байдаг. Үүнийг л хязгаарласан. Хэрвээ тусгай хэрэгцээнд авч байгаа бол нөхөн олговрыг зайлшгүй олго. Олгож чадахгүй бол тусгай хэрэгцээнд авахгүй шүү гэж зохицуулсан. Засгийн газрын хэмжээнд нөөцөд авах үндэслэлүүд нь нэлээд сайн яригдаж, шүүгдэж байж авна гэдэг санаагаар орон нутаг авдгийг хязгаарлаж, Засгийн газарт эрхийг шилжүүлж байгаа.

Ер нь улс орон бүрт байгаа ашигт малтмалаа системтэй ашиглах бодлого байгаа.  Бүгдийг нэг дор зэрэг олборлоно, ашиглана гэж болохгүй биз дээ. Тиймээс улсын мэдэлд тодорхой хэмжээний нөөц байх ёстой. Түүнийгээ төр өөрөө мэдэж захиран зарцуулах эрх нь байх ёстой. Өнөөдөр хэрэгжиж байгаа Ашигт малтмалын тухай хуулиар төр өөрийн хэрэгжүүлэх бодлогоо хязгаарлачихсан. Засгийн газрын шийдвэрээр лиценз олголтыг зохицуулах ямар ч боломж өнөөдрийн хуульд байхгүй. Засгийн газар нэг зүйл яриад байдаг. Ашигт малтмал дээр хэрэгжиж байгаа хууль Засгийн газрын шийдвэр хоёр хоорондоо уялдаж өгөхгүй болохоор Ашигт малтмалын газрын нөхөд дураараа авирлаад байна гэж зарим нь ойлгоод байх шиг байдаг. Хууль нь өөрөө хязгаарлачихсан байдаг юм. Тиймээс шинэ хуульд төрийн бодлого, Засгийн газар шаардлагатай гэж үзвэл зохицуулалтаа хийдэг байх боломжийг тодорхой хэмжээгээр оруулж өгөх ёстой гэж үзсэн. Гэхдээ маш бага хэмжээгээр оруулсан.

Төрийн оролцоог багасгаж, хяналтыг чангатгах нь хуулийн төслийн гол концепци гэж Та ярилаа. Тэгвэл төрийн хяналт тавих чадавх хэр байна вэ? Бас нээлттэй байж чадах уу?

Хяналт гэдгийг ганц хянах шалгах талаас нь ойлгож болохгүй юм. Үйл ажиллагаа явуулахад төрөөс тавьдаг шаардлага өөрөө маш том хяналт байх ёстой. Хаалтын төлөвлөгөө хийсэн бай, хүний эрүүл мэндэд нөлөөлөх байдлын үнэлгээ хийсэн бай гэдэг нь тавигдах шаардлага, шалгуур. Хүн амын эрүүл мэндэд нөлөөлөх байдлын үнэлгээ хийгээгүй бол танд ажил явуулах эрх байхгүй. Том шалгалт болж байгаа биз. Харин гаргасан хуульдаа нийцэж ажиллаж чадаж байна уу, үгүй юү гэдгийг тодорхойлох нь тохируулагч агентлаг буюу мэргэжлийн хяналтын байгууллагын ажил. Үүнийгээ харин ил тод болгох ёстой.

Улсын байцаагч тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх эрхтэй. Энэ нь хүний хүчин зүйлээс хэт хамааралтай болчихгүй юу?

Өнөөдөр уул уурхайн салбарын  нэр хүнд ямар их уначихсан байгаа билээ. Яагаад унасан нь салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдэд тооцох хариуцлагын механизм султай холбоотой. Байгаль орчноо нөхөн сэргээхгүй, хүний эрүүл мэндийг хамгаалж чадахгүй байгаа нөхөртэй яаж хариуцлага тооцох ёстой вэ.

Хариуцлагатай уул уурхай, хариуцлагатай уул уурхайн найман зарчим гээд л яриад байна. Зарчмаар хариуцлагатай болчихдоггүй. Хариуцлагатай уул уурхай болгохын тулд хууль сайн байж, хуулийг хэрэгжүүлэх ёстой болохоос зарчим хэрэгжүүлнэ гэж байдаггүй. Зарчим хэрэгжүүлэхийг бид шаардаж чадахгүй. Тэр зарчмыг хуульчилж өгч байж л, түүнд нийцүүлж ажиллахыг бид шаардана.

Уул уурхайд хортой бодис хэрэглэж байна, түүнээсээ хамгаалж чадахгүй байна гээд л ярьдаг. Гэтэл технологийн хувьд зөвшөөрдөг шүү дээ. Технологи нь өөрөө байгаль орчинд сөрөг нөлөөтэй, хүний эрүүл мэндэд хортой бол зогсоохоос өөр арга байхгүй. Тэр механизм өнөөдөр манайд үйлчлэхгүй байгаа. Хариуцлагаа хүлээхгүй, байгаль орчныг нөхөн сэргээхгүй байгаа нөхөр төлбөрөө төлж л байгаа бол лиценз нь байгаад байдаг.  Хариуцлагагүй үйл ажиллагааных нь төлөө түүнтэй хариуцлага тооцох ёстой биз дээ. Тэр эрх бүхий хүн нь улсын байцаагч. Байцаагч хувийн сонирхлоор буруу шаардлага тавьсан бол дээд шатны байгууллагад нь асуудлаа тавьдаг, цаашаа шүүхээр шийддэг, байцаагчид хариуцлага тооцох механизм байж л байгаа шүү дээ.

Хөрөнгө оруулалтыг хязгаарлаагүй

Уул уурхайг хөрөнгө оруулалтгүйгээр төсөөлөх аргагүй. Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хууль хөрөнгө оруулагчдыг шокод оруулсан. Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хараад бүр ч болгоомжилж байна? 

Хуулийн төсөлд хөрөнгө оруулалтыг хязгаарлаагүй. Хүн айгаад болгоомжлоод байх юм байхгүй.

Олборлолтын тусгай зөвшөөрөл авах нөхцөлд заавал Монгол улсын иргэний хувь эзэмшилтэй байх тухай тоо заасан заалт бий. Энэ заалт хөрөнгө оруулагчдад мэдээж болгоомжлол төрүүлж байгаа?

Аливаа улс орон бүр дотоод бизнесийн орчноо дэмжих бодлого явуулдаг. Хятадад гэхэд л олборлолтын үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид экспорт юм уу, импортын эрх байдаггүй. Импортлогчийн эрх авсан аж ахуйн нэгж нь бүтээгдэхүүнээ нийлүүлдэг, экспортын эрх авсан компаниуд нь экспортын асуудлаа шийдээд явдаг. Өөрөөр хэлбэл, нэг компани дангаараа экспорт, импортыг хариуцаад ирвэл бусад аж ахуйн нэгж болон өөр бусад салбарыг дэмжих боломжгүй болдог. Тиймээс тодорхой хэмжээнд бусдын оролцоог бий болгох, тойрсон жижиг бизнесийн орчин үүсгэх, өөрөөр хэлбэл, нийгмийн өмнө тодорхой хариуцлага хүлээж ажилладаг тийм хэлбэр рүү л шилжүүлэх гэсэн санаа. Түүнээс биш гадаадын аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулалтыг хязгаарлах гээгүйг ойлгох хэрэгтэй.

Монгол хүний нэрийн цаана монгол хүний л эрх ашиг явж байгаа. Казахстан болон бусад Станы орнуудын хуулийг харахад заавал үндэсний компани болон иргэнтэй хамтарсан байх гэсэн шаардлага тавигддаг юм билээ. Тэр нь үндэсний компаниудаа дэмжих, иргэдийнхээ эрх ашигт нийцүүлэх, боломж олгох гэсэн л санаа шүү дээ. Хөрөнгө нь угаас манайх юм. Үүнийг олборлох боломжийг олгохдоо хэмжээ хязгаартай байх ёстой. Угаас манай ард түмний эрх ашиг гэж байна шүү дээ. Түүнийг л бид тодорхой хэмжээнд тусгасан. Мөнгөө гаргасан юм чинь би 100 хувь дураараа ашиглана гэдэг зарчим байж болохгүй. Гэхдээ хөрөнгө оруулсан бол үйл ажиллагаа явуулаад ашиг олох боломжийг хаасан юм байхгүй. Ер нь уул уурхай хөгжиж байгаа бусад улс орны эрхзүйн орчныг харахад үндэсний гэсэн агуулга зайлшгүй явдаг.

Тэгвэл хөрөнгө оруулагчдыг эрсдэлээс хамгаалсан зохицуулалт хуулийн төсөлд бий юү? 

Хөрөнгө оруулагчийн хөрөнгийг бид эрсдэлд оруулахгүй байх ёстой. Гэтэл өнөөдөр хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн үйл ажиллагааг орон нутгийнхан болон янз бүрийн иргэний хөдөлгөөнүүд маш ихээр саатуулж байна. Ашигт малтмалын газар Монгол улсын хэрэгжүүлэгч агентлаг. Өөрөөр хэлбэл, Ашигт малтмалын газраас олгож байгаа тусгай зөвшөөрөл Монгол улсын төрөөс, Засгийн газраас олгож байгаа зөвшөөрөл шүү дээ. Гэтэл Засгийн газар зөвшөөрөл олгочихоод байхад орон нутаг ажил хийлгэдэггүй. Засгийн газар сонгон шалгаруулалт зарлаад нэг газар олгодог. Орон нутаг нь зөвшөөрдөггүй. Орон нутгийн ард түмэн эрх ашиг зөрчигдлөө гээд босоод байвал үйл ажиллагаа явуулж байгаа ч биш, үгүй ч биш болчихдог. Орон нутаг, төрийн эрх мэдэл хоорондоо зөрчилдсөнөөр дунд нь аж ахуйн нэгжүүд хохирох асуудал маш их гарч байна. Тийм эрсдэлд оруулахгүй байх үүднээс хамгийн эхний тусгай зөвшөөрлийг олгохдоо орон нутгаас санал авах заалт оруулсан. Тусгай зөвшөөрөл олгохдоо заавал орон нутгаас зөвшөөрөл авч олгоно.

Хөрөнгө оруулагчийг эрсдэлд оруулахгүйн тулд орон нутагтай зохицож үйл ажиллагаагаа явуулах талаас нь бодож хийсэн шийдэл. Тусгай зөвшөөрөл олгохдоо биднийг сонсохгүй байна гэж орон нутгийнхан гомдоллодог. Ялангуяа ашиглалтын тусгай зөвшөөрөл дээр биднийг сонсохгүй давуу эрхээр олгож байна гэсэн асуудал яригддаг. Их хэмжээний хөрөнгө мөнгөний эрсдэл гарган, ашигт малтмал эрж хайж байгаа аж ахуйн нэгж хөрөнгөө гаргасны хувьд давуу эрхээр ашиглалтын тусгай зөвшөөрөл авах эрх байгаа.

Хуулийн төсөлд орон нутагтай байгуулах хамтын ажиллагааны гэрээнүүдийг нарийн хуульчлан оруулж өгсөн байгаа. Орон нутгийн удирдлага гэж хэнийг хэлэх вэ гэдэг нь өнөөдрийн хуулиар маргаантай байдаг. Сумын Засаг дарга нэгийг ярьдаг, аймгийн Засаг дарга өөрийг ярьдаг. Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд тусгай хэрэгцээнд авах эрх нь байдаг. Аймагт бас авах эрх нь байдаг. Нэг газрыг сум нь авч байхад, нөгөөг аймаг нь авч байдаг. Үүнийг арай тодорхой болгоё гэж л зорьсон. 

Гадаадын 100 хувийн хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж олборлолтын тусгай зөвшөөрөл авахын тулд 34 хувиа Монголын иргэн болон компанид зарах болж байна. Түүнийг авч чадах үндэсний компани цөөхөн. Тэгэхээр гарын таван хуруунд багтах хэдхэн том компани улам томрох талтай биш үү?

Үүнийг ингэж тайлбарлаж болохгүй. Нэг талаас нь ойлгоод байна. Монгол хүн болон үндэсний компанийн эрх ашгийн төлөө тодорхой хувь олгож байгаа нь заавал бэлэн мөнгөний асуудал биш шүү дээ. Ирээдүйн ашгаас төлөхөөр байж болно. Оюутолгойн 34 хувь гэхэд манайх шууд мөнгө төлөөгүй. Өөрөөс нь хүүтэй зээлээд авч байгаа. Түүнтэй  адил зээлээр байж болно. Хувьцаагаар байж болно. Хувь эзэмшүүлж болох олон арга бий. Заавал бэлэн мөнгө төлөөд ав, чадахгүй бол боль гэх юм бол бид үндэсний эрх ашиг яриад хэрэг алга. Ашигт малтмалаа олборлуулж байгаа  л бол ард нь Монголын аж ахуйн нэгж, монгол хүмүүсийн ажил, амьдрал сайжрах ёстой. Бид өөрсдөө сайхан амьдрах ёстой. Зөвхөн татвараар биш. Явуулж байгаа үйл ажиллагааных нь нөмөр нөөлөгт дагавар жижиг бизнесийн орчинд монгол хүмүүсийн эрх ашиг тодорхой хэмжээгээр явж байх ёстой.

Хувь эзэмшүүлэх янз бүрийн арга байж болно гэж ярилаа. Тэр нь дагалдаж гарах журмын тухай хуулиар зохицуулагдах уу? Эсвэл листэд компанийн хувьд биржийнхээ дүрэм журмаар явчих уу?

Биржийн журмаар ч зохицуулагдах нь байна. Хуулиар зохицуулах нь ч байна. Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль, Компанийн тухай хууль гээд бусад хуулиудаар зохицуулагдах боломжууд нь байж байгаа. Хууль гарсны дараа тодорхой журам гаргаад ч зохицуулж болно. Тусад нь хууль ч гарч болно. Бид ерөнхий санааг л хэлсэн. УИХ дээр ямар байдлаар хэлцэгдэхийг мэдэхгүй.

Орон нутагт ч бас уул уурхай явуулах сонирхол байгаа
 
Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөх тухайд зарчмын нэлээд өөрчлөлтүүд оржээ. Ямар учраас ингэж өөрчлөх болов?    


Өнөөдрийн үүссэн нөхцөл байдлыг харж байгаад хийсэн зохицуулалт. Ялангуяа алт олборлож байгаа аж ахуйн нэгжүүд улсын банкинд алтаа тушаахгүй байна. 10 кг нөөцтэй орд дээр орчихоод 2 кг-ыг нь тушаагаад, 8 кг нь алга болчихдог. Тэрийгээ ченжүүдийн гараар оруулаад яг нинжа нартайгаа адилхан буруу замаар явуулчихаад байна. Бид ингэж хардаж байгаа. Мөнгө зарж, геологи хайгуулын ажил хийгээд 10 кг байна гээд тогтоочихсон юм бол 10 кг-ын нөөц дээр роялти төлөх л ёстой.

Хайгуулын ажил эрсдэлтэй. Дээшээ доошоо болох юм байдаг. Зарим нөөц батлагдахгүй тохиолдол ч бий. Зарим нь өсдөг. 8 кг-ийн роялти төлөхгүй гэж байгаа бол та хайгуулын ажлаараа баталгаажуул л даа. Тэгээд авчраад өг. 10 кг гээд Улсын нэгдсэн санд бүртгүүлчихээд олборлосон чинь 2 кг гарлаа. 8 кг нь гараагүй шүү гэдгээ явцын дундах нарийвчилсан хайгуулын үр дүнгээрээ баталгаажуулах ёстой. 10 кг нөөцтэй орд дээр орчихоод 2 кг-ийг банкинд тушаачихаад үлдсэн нь байхгүй болчихоод байхаар бид яах ёстой вэ. Татвараар шахаж байж л геологи хайгуулын ажлаар хийгдсэн Улсын эрдсийн сангийн бүртгэл дээр байсан 10 кг алт байна уу, үгүй юу гэдгийг барьж авна шүү дээ.

Энэ нь нүүрсний болон бусад ашигт малтмалын компаниудад мөн л хамаатай юу?

Нүүрсэн дээр ч гардаг. Зарим нүүрсний компаниудын нүүрсний хэмжээ зөрөх асуудал байгаа шүү дээ. Газрын хөрсөн дор байгаа зүйлийг хайгуулын ажлаар тэнд төд байнаа гэж багцаалдаж байгаагаас биш жинлэж аваачаад газар дор булчихаагүй учраас мэдээж олборлолтын явцад өснө, буурна. Геологи хайгуулын ажлаар баталгаажсан нөөц баталгаажих эсэхийг ашиглалтын хайгуулаар тодорхойлдог. Үүнийгээ аж ахуйн нэгжүүд хийдэггүй. Хийлгэхийн тулд энэ заалтыг оруулж байгаа юм. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн аргаар ажлаа хий гэж л шахаж байгаа. Түүнээс биш эрсдэлд оруулаад байхгүй зүйлийг төлүүлэх гээд байгаа юм биш. Гэхдээ төрийн өмчийг олборлосон бол татварыг төлөх л ёстой. Олборлочихоод төлөхгүй гэх асуудал гарвал Эрдэс баялгийн зөвлөл байж байна. Анхны геологи хайгуулыг геологч буруу хийснийг эргээд шүүчихэж болох зүйл. 

Хоёр тусгай зөвшөөрлөөс дөрвөн тусгай зөвшөөрөл рүү шилжүүлэх шилжилт дээр ойлгомжгүй зүйлүүд бас байна. Хайгуулын энэ олон компаниудыг эрэл, хайгуулын тусгай зөвшөөрөл рүү шилжүүлэхдээ эрлийнх байна, хайгуулынх байна гэдгийг яаж зааглах юм? Хугацаагаар нь уу, хайгуулын үр дүнгээр үү, зарцуулсан хөрөнгө оруулалтаар нь шалгуур болгох юм уу?

Геологи хайгуулын ажил нь эрлийн, зураглалын, хайгуулын ажил гээд ялгаа бүхий үе шатуудтай. Хайгуулын тусгай зөвшөөрөл авангуутаа өрөмдөөд эхэлдэг компани гэж байхгүй. Юм байна уу, үгүй юү гэдгийг тандахын тулд эхлээд соронзон хайгуул, геофизикийн хайгуул гээд янз бүрийн аргуудаар геологи хайгуулын ажлууд явдаг.  Хайгуулын ажил хийх шатанд очиж байж хайгуулын ажилдаа орно. Тэр агуулгаар л явна.

Төрийн өмчийн компанид дэргэдэх сул талбайг нь сонгон шалгаруулалтгүйгээр шууд олгоно гэх нь хэтэрхий өрөөсгөл юм биш үү?


Хэн нэгний юмыг авах гээгүй шүү дээ. Сул талбайд төр сонгон шалгаруулалт зарлаж байгаа. Би түрүүн хэлсэн. Хуулиар төр өөрийн бодлогоо хязгаарлаад хаячихаж болохгүй. Төрийн бодлого юм уу ард түмний эрх ашгийн төлөө зохицуулах гэхээр зохицуулж чадахаа байчихдаг. Сая Багануур дээр асуудал гарсан. Багануурын орд нь УИХ-ын 27 дугаар тогтоолоор стратегийн гээд зарлачихсан орд. Орд нь хил хязгаар, хэм хэмжээтэй. Стратегийн ач холбогдолтой үйлдвэрийнхээ хэтийн төлөвийг бодоод ард түмний эрх ашигт нийцүүлэхийн тулд төслийг өргөтгөх сул талбайг өгч болох юм гэсэн гарцыг л гаргасан. 

Тэгвэл заавал төрийн эзэмшлийн компани гэхгүйгээр олборлолт явуулж байгаа аж ахуйн нэгж дэргэдээ байгаа сул талбайг сонгон шалгаруулалтгүйгээр авч болохгүй юу?

Тэгвэл олборлолт явуулж байгаа компани болгон дэргэдээ байгаа сул талбайг авах гээд дайрна шүү дээ. Жинхэнэ замбараагүй юм болно. Сонгоноор зарлахаас өөр аргагүй.

Төр ард түмний эрх ашгийн төлөө ганц нэг асуудлыг шийдэх юм байна. Том төслийг өргөтгөх шаардлага байвал төр ганц нэг удаад сонгон шалгаруулалтгүй өгч болно. Бусдаар бол дандаа сонгон шалгаруулалтаар явна. Улаанбаатар гэрэл цахилгаан, дулаантай байх нь Багануурын нүүрсний уурхайгаас 100 хувь хамааралтай. Багануурын уурхайг найдвартай, тогтвортой ажиллуулах бодлого хэний эрх ашгийн тулд вэ. Ард түмний эрх ашиг, үндэсний аюулгүйн байдалтай холбоотой учраас л үүнийг ярьж байгаа. Гэтэл тал дээр нэг товарищ зогсчихоод үүнийг ашиглуулахгүй гээд байвал хэн хэнийхээ нервийг барсан, төрийн бодлогыг ч унагасан ажил болж байгаа биз дээ.

Тухайн жилийн сонгон шалгаруулалтын талбайг зарлахдаа хамгийн эхний зөвшөөрлийг орон нутгаас авах болж байна. Уул уурхайн салбарын нэр хүнд нийгэм даяараа унасан энэ үед орон нутаг татгалзах магадлал их өндөр. Эргээд энэ нь салбарынхаа хөгжилд сөргөөр нөлөөлөх вий?


Зүгээр л шалтгаангүй гэдийгээд, хориглоод байна гэж байхгүй шүү дээ. Уул уурхайгаа дагаад орон нутаг хөгжинө. Зам, дэд бүтцийн асуудал шийдэгдэнэ. Ажлын байр бий болно. Орон нутагт тодорхой хэмжээний сонирхол байгаа. Замбараагүй их олголтыг мэдээж зөвшөөрөхгүй. Орон нутгаа системтэй хөгжүүлье, үүнийг дэмжие, энэ хавьд ийм юм хийж бүтээе гэсэн төлөвлөлт төлөвлөгөөнүүд байгаа. Орон нутгийнхан юмаа зохицуулаад зөв хөгжүүлэх гээд байдаг. Түүнийг нь эндээс нам цохиод, малаа бэлчээх гэхэд нь заавал уул уурхай байх ёстой гэж зөрж давхиад байж болохгүй. Өнөөдөр уул уурхай байгаа газраа маргааш нь нөхөн сэргээж бэлчээр болгочихоод, өнөөдөр бэлчээр байгаа газарт маргааш уул уурхай хийе гэвэл арай ойлгомжтой сонсогдоно. Гэтэл энд ч уурхай, тэнд ч уурхай хийнэ гээд байвал орон нутгийн эрх ашиг гэж бас бий. Төр засаг үүнтэй нь уялдуулах ёстой.

Нийгэмд бий болоод байгаа хамгийн том бухимдал нь орон нутгийн ард иргэдийн эрх ашгийг тоомсорлохгүй хэтэрхий муйхарласных. Аль аль талдаа ойлголцоод, энд эрэл хайгуул хийх ёстой, уул уурхай хөгжүүлэх ёстой гэдгийг хүлээн зөвшөөрсөн бол хэн хэндээ маргаангүй, аж ахуйн нэгжүүддээ ч дарамтгүй.

Сонгон шалгаруулалт зарлахыг аливаа этгээд эсэргүүцэх эрхтэй гэжээ. Орон нутгийнхан гэхээсээ элдэв хөдөлгөөнүүд байгуулагдан нөгөө л уул уурхайгаар улжтөрждөг явдал үргэлжилсээр л байх нь дээ? 


Баян-Өлгий аймагт очиж үзээгүй мөртлөө Улаанбаатарт жагсдаг нөхөд бий. Энэ бол зүгээр л улс төр. Гол нь орон нутгийн иргэдийн санал бодлыг сонсох хэрэгтэй юм. Тэдний эрх ашгийг хөндөх ёстой. Түүнээс биш Баян-Өлгийд нэг компанид өгчихжээ гээд Улаанбаатарын хүмүүс Улаанбаатарт жагсаад яах юм. Баян-Өлгийд нэг сайхан уурхайтай байя, тэнд байгаа ордыг ашиглая гэсэн төрийн бодлого нутгийн ард түмний эрх ашгийг хөндөөгүй л бол тэнд уул уурхай хийх л ёстой. Энэ улстөржсөн байдлаас жаахан хөндийрмөөр байгаа юм.

Жил бүр сонгон шалгаруулалт зарлаад явахаар ахиад л тусгай зөвшөөрөл хэтэрхий хавтгайрчихгүй юу?


Хайгуулыг зогсоож болохгүй л дээ. Тодорхой хэмжээнд системтэйгээр хийх ёстой. Хувийн хөрөнгөөр хайгуулын ажил хийхээс гадна төр төсвийн мөнгөөрөө танин мэдэхүйн хайгуул, эрлийн болон зураглалын ажлуудыг хийх ёстой.  Тэр талаасаа боломжуудыг гаргаж өгөх нь зүйтэй юм уу гэж харж байна. Цаашдаа төр өөрөө Монгол улсын нутаг дэвсгэр дээр хэдий хэмжээний, ямар ашигт малтмалууд байдаг юм, хаанаа, ямархуу баялаг байна гэдгийг нөөц тогтоох хэмжээнд үгүй юм гэхэд зураглалын хэмжээнд гаргаж авах л ёстой. Одоо бол 1:200,000-ны масштабтай геологийн зураглал хийгдсэн. 1:50,000-ны зураглал нутаг дэвсгэрийн 30-аад хувьд хийгдсэн. Энэ зураглалын ажлуудыг улам нарийвчлах ёстой.  1:50,000-ны зураглалыг 100 хувь хийх ёстой. Хувийн хөрөнгөөр зураглалын ажлууд бараг хийгддэггүй. Голдуу л орд олж, ашиглах зорилго тавиад явж байгаа. Улс орны нийтлэг эрх ашгийн үүднээс нутаг дэвсгэрээ бүрэн судлах, танин мэдэх чиглэлийн ажлууд хийгдэх ёстой. Түүндээ харин хувийн хэвшлийнхнийг яаж оролцуулах, яаж хамтарч ажиллахаа тодорхойлох хэрэгтэй юм.             
                                                                          
Дагаж мөрдөх журмын тухай хууль гарна гэж байгаа. Тэр нь хуулийн төсөлтэйгээ зэрэг гарч ирвэл илүү уялдаатай болохгүй юу?


Хуулийг хэлэлцэх, батлах нь УИХ-ын бүрэн эрхийн асуудал. УИХ Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах, шинэчлэн найруулах асуудлыг хүлээж авч, хэлэлцэх үү, үгүй юу гэдгийг мэдэхгүй байж бид өнөөдөр журам яриад яах юм бэ. Өнөөгийн нөхцөл байдалд Ашигт малтмалын хуулийг шинэчлэн найруулах, нэмэлт өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага байгааг л Ажлын хэсэг ярьж байна. Гарцаагүй батлагдана гэж бодож өнөөдөр журам хийдэг эрх бүхий хүмүүс бид биш шүү дээ. Батлагдахгүй бол яах юм. Тиймээс журмыг урьдчилсан байдлаар хийнэ гэх эрх, үүрэг алга.